Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01151

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01079 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох, 2021 оны 10 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гв, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 06732 дугаар захирамжаар Ч.Б ээс 561,499,250 төгрөг гаргуулж У ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н аас 2019 оны 01 сарын 22-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх 0000000/00 дугаар тогтоол, мөн өдрийн Эд хөрөнгө хураах 00000000/00 дугаар тогтоол, 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 65 дугаар Шинжээч томилох тогтоолыг үйлдэн М ХХК-ийг шинжээчээр томилж, 2019 оны 03 сарын 12-ны өдөр 00/0 дугаар шинжээчийн дүгнэлт ирүүлснийг 03 сарын 14-ний өдөр Н аас мэдэгдсэний дагуу 03 сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж, шүүхэд уг хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, гурван шатны шүүхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Н аас 2021 оны 01 сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаа зарлаж, Ч.Б ийн өмчлөлийн ... 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өргөтгөлийн 96 м.кв талбайтай үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө, 948 м.кв талбайтай газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар зарлаж, энэ анхны албадан дуудлага худалдааг Ч.Б д мэдэгдэлгүй явуулж, мөн үнэлгээний талаар 460,150,000 төгрөгөөр үнэлсэн байхад энэ үнэлгээг бууруулсан нь ойлгомжгүй болсон тухай гомдлыг 2021 оны 02 сарын 10-ны өдөр Н т гаргасан байхад төлбөр төлөгчид мэдэгдэлгүй 2021 оны 02 сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсныг 02 сарын 25-ны өдөр мэдээд шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 01 сарын 22-ны өдөр явуулснаас хойш 10 сарын дараа буюу 2021 оны 10 сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан байна. Уг тохиолдолд хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг явуулснаас хойш 30 хоног өнгөрсөн тул 2021 оны 01 сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин анхны албадан дуудлага худалдаа явуулах ёстой байсан. Гэтэл 10 сарын дараа хоёр дахь дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хүчингүй болгуулахыг хүсэж байна.

 

2.   Хариу тайлбарын агуулга: 2021 оны 01 сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч Ч.Б ийн үл хөдлөх хөрөнгүүдийг оруулахад худалдан борлогдоогүй тул 2021 оны 02 сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулснаар 236,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Ч.Б ийн зүгээс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01452 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус газраас зохион байгуулсан 2021 оны 02 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт хариуцагчийн гаргасан гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 1190 дугаар магадлалаар гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Бид уг магадлалд гомдол гаргалгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч 2021 оны 09 сарын 01-ний өдөр барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө, газрыг бусдад худалдан борлуулах боломж олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан бөгөөд төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгчид боломжит хугацааг олгож, албадан дуудлага худалдааг 2021 оны 10 сарын 01-нийг хүртэл хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Төлбөр төлөгч дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, барьцааны үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан борлуулаагүй тул уг хөрөнгийг тус газраас 2021 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар 10 сарын 14-ний өдрийн мэдэгдлийг 10 сарын 12-ны өдөр 00/00 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, тус хуулийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу утсаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, газрыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 235,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд төлбөр төлөгчид 2021 оны 11 сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Ч.Б тухайн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлж барагдуулахаас зайлсхийх зорилгоор удаа дараа төрийн байгууллага албан тушаалтан болон шүүхэд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна.

 

3.   Гуравдагч этгээд У ХХК-ийн тайлбарын агуулга: Ч.Б нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгөө 300,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой гэсэн хүсэлтийг гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу төлбөр авагчаас 09 сарын 01-ний өдрийн 08/400 дугаартай албан тоотоор Ч.Б ийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч.Б ийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хугацааг 2021 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Манай хүсэлтийн дагуу албадан дуудлага худалдааг хойшлуулсан боловч Ч.Б нь энэ хугацаанд өөрийн хөрөнгөө худалдан борлуулаагүй байсан учир У ХХК-ийн зүгээс 10 сарын 01-ний өдрийн 00/000 дугаар албан тоотоор албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу Ч.Б ийн Дорноговь аймагт байрлах хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа шийдвэр гүйцэтгэх газраас 10 сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 0/00 дугаартай тогтоол гарган, бидэнд мэдэгдсэн ба Ч.Б ийн хөрөнгө 235,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан. Иймд Н ын зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасан хугацаандаа зохион байгуулагдсан гэж үзэж байна. У ХХК-ийн бизнесийн ашиг орлого олох ёстой байсан орлогыг хааж, компанид их хэмжээний буюу 561,499,250 төгрөгийн хохирол учруулж, төлөхгүй байгаа үйлдэл нь төлбөр авагчийн эрхийг урт хугацаанд хохироож, хуульд заасан төлбөр авагчийн эрхийг зөрчиж, сөргөөр нөлөөлж байна.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт зааснаар Н аас Ч.Б ийн өмчлөлийн ...  талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар зэргийг албадан худалдсан 2021 оны 10 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б д олгосон.

 

5.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан зохицуулалт нь албадан дуудлага худалдаа явуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гаргасан үед хийгдэх ажиллагаанд хамаарах тул маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, тогтоол гараагүй байхад албадан дуудлага худалдааг хойшлуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт зааснаар 59 хоногийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр тус газраас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөр авагч У ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж заасны дагуу 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг олгохыг хүссэн хүсэлт гаргасан бөгөөд тус зүйлийн 67.2 дахь хэсэгт энэ хуулийн 67.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй гэж зааснаар 2021 оны 10 сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах талаар хүсэлт ирүүлснээс төлбөр авагч өөрийн эрх үүргийг бүрэн ухамсарлаж хүсэлт гаргасан бөгөөд хэрэв шийдвэр гүйцэтгэх байгууллага хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хариуг албан бичгээр хүргүүлэх уг шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах шийдвэрлүүлэх боломжтой байсан. Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт энэ хуулийн 67.2 дахь хэсэгт заасан тохиолдолд дуудлага худалдаа явуулах тухай тэмдэглэлийг хасуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасны дагуу тогтоол гаргах ёстой байсан мэтээр хуулийг тайлбарласан бөгөөд уг тогтоол нь тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар хүргэгдэж буй албадан дуудлага худалдааны тогтоол болохоос албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай тогтоол биш бөгөөд хуульд дуудлага худалдаа явуулах тухай тэмдэглэл гэж тодотгож өгсөн бөгөөд шүүхээс уг тогтоол улсын бүртгэлийн байгууллагад хүргэгдсэн эсэхийг шүүхийн шатанд нотлох баримтаар гаргуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудаас гаргаж буй хүсэлт бүр тогтоол гаргах үр дагавар бий болгохгүй бөгөөд дээрх тохиолдолд албадан дуудлага худалдаа зарлагдаагүй тогтоол үйлдэгдээгүй байхад талуудаас хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг үндэслэн төлбөр авагчийн эрхийг ханган шийдвэрлэсэн тохиолдол. Иймд үйлдэгдээгүй тогтоолыг хүчингүй болгож албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай тогтоол гаргах боломжгүй юм.

5.б. Шүүхээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь зааснаар эхний албадан дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулах ёстой байсан гэж үзэж хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон. Төлбөр төлөгч Ч.Б ийн зүгээс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01452 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус газраас зохион байгуулсан 2021 оны 02 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 1190 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасан хугацаанд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж зааснаар 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 00/00 тоот тогтоол гарган хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

6.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 01079 дугаартай шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг явуулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар тухайн эд хөрөнгө борлуулагдаагүй учир 2021 оны 02 сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан. Шүүхээс тухайн хөрөнгийн өмчлөгчид хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэх үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхны албадан дуудлага худалдаанаас хоёр дахь албадан дуудлага худалдаа хүртэл 30 хоногийн хугацаа тоологдоно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлаагүй, хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол гараагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Хөрөнгийн өмчлөгч Ч.Б ийн зүгээс тухайн өөрийн өмчлөлийн хөрөнгийг өөр хүнд худалдан борлуулахаар тохиролцож, тохиролцооны дагуу тус мөнгийг шилжүүлж өгөх талаар хүсэлт гаргасан болохоос дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй. У ХХК-аас 2021 оны 09 сарын 01-ний өдөр дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт гаргахад шийдвэр гүйцэтгэгчээс зарлагдаагүй дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 29-ний өдөр хүртэл нийт 59 хоног хэтэрсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй маргаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол гараагүй байхад хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 59 хоног хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй. Шүүхийн шийдвэрт 59 хоногийн хугацаа хэтэрсэн гэж дурдсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хоёр дахь дуудлага худалдааг явуулах тогтоол гараагүй гэж үзсэн. У ХХК-ийн зүгээс 2021 оны 09 сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааг 1 сараар хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргасан. Уг хугацаа дуусахад У ХХК-ийн зүгээс албадан дуудлага худалдааг зарлаж өгөх талаар хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 сарын 29-ний өдөр дуудлага худалдааг явуулахаар зарласан нь хуульд нийцсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н т холбогдуулан 2021 оны 10 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага хоёр дахь албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулах журмыг зөрчиж явуулсан... гэх агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...төлбөр авагчийн хүсэлтээр хоёр дахь албадан дуудлага худалдааны хугацааг хойшлуулсан учир хууль зөрчсөн гэж үзэхгүй... гэх агуулгаар тайлбарлан маргасан байна.

 

4.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/06732 дугаар захирамжаар Ч.Б ээс 561,499,250 төгрөгийг гаргуулж У ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хх 14/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2018 оны 06 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх 56/, төлбөр төлөгч Ч.Б ийн нэр дээр бүртгэлтэй ... тоот хаягт байрлах 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 сарын 22-ны өдөр битүүмжилж /хх 63-64/, хураан авчээ /хх 65-66/.

 

5.   Нэхэмжлэгч Ч.Б өмнө нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэр /хх 71-76/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлал /хх 78-85/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00555 дугаар тогтоолоор /хх 86-89/ тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01452 дугаар шийдвэр /хх 109-112/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 01190 дугаар магадлалаар /хх 113-116/ тус тус 2022 оны 02 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлсэн, анхны албадан дуудлага худалдаа явуулсан зэрэг ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иймд ...хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг явуулснаас хойш 30 хоног өнгөрсөн тул 2021 оны 01 сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин анхны албадан дуудлага худалдаа явуулах ёстой байсан... гэх тайлбар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

6.   Хариуцагч байгууллагаас явуулсан 2022 оны 02 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал 2022 оны 09 сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон /хх 109-112, 113-116/, мөн өдөр төлбөр авагч компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу дуудлага худалдааг 2021 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан /хх 118/ байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацааг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Учир нь анхны албадан дуудлага худалдааг явуулсан 2021 оны 01 сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд төлбөр төлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шүүхэд гомдол гаргасан, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд төлбөр авагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасантай холбоотойгоор хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч Н ыг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад ахлах шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааг товлож, тогтоол гаргасны дараа төлбөр авагч хүсэлт гаргана гэх агуулга тусгагдаагүй байх тул ...ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, тогтоол гараагүй байхад 1 сарын буюу 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдрийг хүртэл ямар нэг шийдвэргүйгээр хойшлуулсан нь хуульд нийцээгүй... гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

7.   Өмнө дурдсанчлан 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацааг тоолоход 2021 оны 11 сарын 01-ний өдөр дуусаж байх тул хариуцагч байгууллагаас 2021 оны 10 сарын 12-ны өдөр тогтоол гаргаж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 сарын 29-ний өдөр явуулахаар товлосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн гэж үзнэ.

 

8.   Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01079 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н т холбогдуулан гаргасан 2021 оны 10 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР