Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0142/З |
Дугаар | 298 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 298
Д.Оын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Төрийн
албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “1. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, 2. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 3. Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0098 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0098 дугаар шийдвэрээр: Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.1, 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Оын ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 10-аас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор 25,496,467 /хорин таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж Д.Оад олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Иргэн Д.Оын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
5. Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, түүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэгчийн шаардлагын тухайд “...Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, уг хуралдаан дээр Д.Оыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх ямар үндэслэл хэлэлцсэн, түүнтэй холбоотой шаардлагатай нэмэлт баримт цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тогтоож, тухайн асуудлыг зохицуулсан хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг.
6. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалттай зөрчилдөж, захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэнэ. Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох үүднээс томилох эрх бүхий этгээдийг хууль зөрчих, шүүхийн шийдвэр хууль ёсны байх нөхцөлд хүргэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй тул “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
7. “Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд “...Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/210 дугаар тушаалаар байгуулагдсан дээрх нээлттэй мэс засал хийсэн багийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг Д.Оад хариуцлага тооцуулахаар дүгнэлт гаргасан боловч уг мэс засал амжилтгүй болсон шалтгааныг юу гэж үзсэн, Д.Оыг юунд буруутгасан талаар дэлгэрэнгүй дүгнэлт, тэмдэглэл, баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн “... техник технологийн боломж нөхцөл бүрдээгүй байхад мэс засал хийхийг зөвшөөрсөн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Энэхүү шаардлагын тухайд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 29- ний өдрийн хурлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний нээлттэй мэс заслын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд “Эрүүл мэндийн дэд сайд Л.Б, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О нарт хариуцлага тооцсугай.” гэж шийдвэрлэсэн баримт хавтаст хэрэгт авагдсаныг анхан шатны шүүх үндэслэсэн болно.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримт бүрэн цугларсан, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй үнэлсэн гэж үзэж болохоор байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
9. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл бүхий байна.
10. Нэхэмжлэгч Д.О нь “Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Маргаан бүхий Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн, Өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулан Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаал, Монгол Улсын “Зүрхний төрөлхийн гажиг, тосгуур хоорондын таславчийн цоорхой, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS 6384-2:2013” стандарт, Монгол Улсын “Гол судасны хавхлагын нарийсал гажиг, оношилгоо, мэс заслын эмчилгээ MNS 6384-10:2013” стандарт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/210 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн, Д.Оыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас халсан байна.
12. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолын тухайд; нэхэмжлэгч Д.Оаас уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...албан үүргээ хангалттай биелүүлж ирсэн, өөр албан тушаалд томилогдох хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг үндэслэж албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус” гэж маргасан бол, хариуцагчаас “...албан тушаалын үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй, албан тушаалын чиг үүргийг мэдэхгүй, төсвийн алдагдалтай ажиллаж байсан, хүний нөөцийн чадвар сул, албан үүргээ хангалттай биелүүлээгүй тул үйлчилгээний албан тушаалд томилсон...” гэсэн тайлбар гарган маргажээ.
13. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, маргаж буй захиргааны актын үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Д.Оыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл, шалтгааныг, өөрөөр хэлбэл түүнийг албан ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд томилсон, эсхүл албан үүргээ хангалтгүй биелүүлсэн шалтгаанаар чөлөөлсөнийг тодруулж, магадлалд дурдсанчлан, холбогдох нотлох баримт /Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэл г.м холбогдох/-ыг цуглуулж, мөн хариуцагчаас гаргаж өгсөн гэх илтгэх хуудас, аудитын дүгнэлт, албан шаардлага зэрэг болон бусад нотлох баримтуудад дүгнэлт өгөх шаардлагатай юм.
14. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, уг тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ....Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/210 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн, Д.Оыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас халжээ. Нэхэмжлэгчээс “...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан, ...хариуцагчийн өөрийнх нь шийдвэрээр эмчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдсон АНУ-ын эмч нараар хагалгааг удирдуулсан, ...мэргэжлийн эмч, сувилагчийн багийн гүйцэтгэсэн хагалгаа амжилтгүй болсонд байгууллагын захирлыг буруутгаж буй нь хууль бус” гэж маргасан байна. Хэрэгт маргаан бүхий энэхүү захиргааны актын үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт, тус яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэл, баримт зэрэг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бүрэн авагдаагүй, иймд шүүхээс эдгээрийг цуглуулж, тус ажлын хэсгээс Д.Оад хариуцлага тооцуулахаар дүгнэлт гаргахдаа мэс засал амжилтгүй болсон шалтгааныг юу гэж үзсэн, нэхэмжлэгчийн ямар буруутай ажиллагаа нөлөөлсөн зэргийг тодруулж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг дүгнэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцнэ.
15. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, маргаан бүхий актуудын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэстэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА