Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 362

 

Г.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Ж.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Г.Налжилмаад холбогдох 1832001300121 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц, Д.Ө нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Оргиочийнхан овогт Гын Н нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Г.Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Нгаас 4.592.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Цэд, 9.914.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Өд тус тус олгуулах, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шүүгдэгч Г.Нгийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Нгийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтыг “4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Нгаас 1.196.680 төгрөг гаргуулан хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, 45-р байрны 1-12 тоотод оршин суух /ВИ:58082409,утас:89608856/ Боржигон овогт Ггийн

Цэд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 636.610 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.Нгаас нийт 5.750.334 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг 16-21 тоотод оршин суух. /ВИ:83050709/ Боржигон овогт Д.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42.160 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл эмчилгээтэй холбоотой хохирлоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Н гаргасан гомдолдоо: “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 4 тоот шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Дээрх шүүхийн шийдвэрээр 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт буй болсон тээврийн ослын гэм буруутайд дан ганц намайг тооцсонд гомдолтой байна. Учир нь:

1.Уг ослын талаарх анхны үзлэгийг хийхдээ Зам тээврийн хөдөлгөөний ослын бодит байдлыг тогтоох гол үндэслэл болсон “А” цэгийг тогтооход намайг оролцуулаагүйгээр тогтоосон байхад;

2.Намайг өөрийн эгнээгээр явж байсан тээврийн хэрэгслийн урсгалыг гүйцэт түрүүлээгүй, зөвхөн машины урд хэсгийг цухуйх төдий байсан гэж анхан шатны шүүх хуралд улсын яллагч дүгнэн, мөн хэргийн газрын анхны зураглал дутуу дулимаг хийсэн үнэн гэж хүлээн зөвшөөрсөн байхад;

З.Зам тээврийн осол гарах үед Дархан чиглэлд зорчиж байсан тээврийн хэрэгсэл их байсан байхад ослын талаарх бодит байдлыг тодорхойлохын тулд хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг тухайн үед болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж тогтоон авах арга хэмжээ авах ажиллагааг хийгээгүй байхад;

4.Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, тухайлбал Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалай “Хэргийн газрын анхан болон нөхөн үзлэгээр авагдсан “А” цэг хэргийн фото болон схем зураглалаас харахад зам орчин дээр үлдсэн мөрүүдийг нарийвчилж харуулаагүй учир мөргөлдсөн газрын байрлал үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн байхад Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь анхны хийгдсэн үзлэгийн зураг  дээр үндэслэн дүгнэлтээ гаргасан гэсэн атлаа бусад асуултыг бүгдийг нь тогтоох боломжгүй гэж хариулсан байж ганц “А” цэгийг “боломжтой” гэж дүгнэлт гаргасан нь эрс зөрүүтэй байхад;

5.Зам тээврийн ослын газарт анхны үзлэг хийсэн ахмад Мөнхсүлд нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгийн бичлэгийг огт гаргаж өгөөгүй явсаар анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцохдоо авчирч үзүүлсэн бөгөөд бичлэгт Г.Н миний тээврийн хэрэгсэл болох Аллион маркийн 10-65 УНЛ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл маань замын эсрэг урсгал руу ороогүй зураглал юм. Үүнийг шүүгч үнэлэн дүгнээгүй байхад;

6.Уг зам тээврийн осол гарахад гол нөлөө үзүүлсэн Хөвсгөл аймгаас ирж байсан “Соната 6” маркийн 15-85 ХӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч Тулга нь Замын хөдөлгөөний дүрмийн саад аюул тохиолдох үед тормос авч зогсох арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан, мөн өөрийнх нь явж байсан урсгалд тээврийн хэрэгслийн ямар ч хөдөлгөөн байгаагүй байхад ямар ч зогсоох арга хэмжээ аваагүйгээр их хурдтайгаар шууд ирээд намайг мөргөсөн. Энэ талаар улсын яллагч шинжээчийн дүгнэлт гаргасан Г.Насанжаргалаас “15-85 ХӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл зогсох боломж байсан уу?” гэж асуухад Г.Насанжаргал “Тормос аваад тэр дороо зогсох боломжтой” гэж хариулсан. Энэ нь дээр дурдсанчилан улсын яллагч Г.Н учиргүй гүйцэж түрүүлээд давхиад байгаагүй, дөнгөж урд хэсэг нь цухуйж явж байсан байна гэсэн тайлбар, мөн хэрэв би гүйцэж түрүүлж явсан бол миний баруун талд байх тээврийн хэрэгсэл бас л энэхүү осолд өртөх байсан. Үүгээрээ намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрсөн гэсэн дүгнэлт нь үгүйсгэгдэж байхад;

Тэгээд ч миний эгнээнд тээврийн хэрэгслийн цуваа их биенээ гүйцэж түрүүлэх боломжгүй байсан. Энэ бүгдээс үзэхэд ЭХХШТухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7.1; 1.7.2; 1.7.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул нягтлан үзэж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц, Д.Ө нар хамтран гаргасан гомдолдоо: Иргэний нэхэмжлэгч Д.Ө, Г.Ц бид Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Н гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэнд гомдолтой, ял хөнгөдсөн байна. Хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан байна.

Тухайлбал, Г.Цэд гэм хорын хохиролд 4.592.000 төгрөг нэхэмжилснээс хүнд гэмтэл аваад хагалгаанд ороход Баянхонгор аймгаас ирсэн охин А, хүү С нарын хот хоорондын зорчигч тээврийн 259.500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зүүн хараагийн Цагдаагийн хэлтсээс хэргийн газрын нөхөн үзлэг хийнэ гэж дуудаж машиндаа 159.240 төгрөгийн газ хийж явсан зэрэг нотлох баримтын мөнгийг хэрэгсэхгүй болгож, 4.592.000 төгрөгийн хохирлоос 1.196.680 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, иргэний нэхэмжлэгч Д.Ө надад болон гэр бүлийн гишүүн Д.Гд учирсан гэм хорын хохиролд нийт 9.914.000 төгрөг нэхэмжилснээс 5.750.334 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хохирогч бидний эрүүл мэнд, санхүү эдийн засаг, цаг хугацааг хохироосон шийдвэр гаргасан тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж шүүгдэгч Г.Нд тохирсон ялыг оногдуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг үнэн зөвөөр нь гаргаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бадамханд хэлсэн саналдаа: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалай “Хэргийн газрын анхан болон нөхөн үзлэгээр авагдсан “А” цэг хэргийн фото болон схем зураглалаас харахад зам орчин дээр үлдсэн мөрүүдийг нарийвчилж харуулаагүй учир мөргөлдсөн газрын байрлал үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь анхны хийгдсэн үзлэгийн зургийг үндэслэн дүгнэлтээ гаргасан гэсэн атлаа бусад асуултыг бүгдийг нь тогтоох боломжгүй гэж хариулсан бөгөөд ганц “А” цэгийг боломжтой гэх дүгнэлт гаргасан нь эрс зөрүүтэй. Г.Нг учиргүй гүйцэж түрүүлж давхиагүй болохыг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрдөг. Мөн шинжээч Г.Насанжаргалаас “15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсох боломж байсан уу” гэж асуухад Г.Насанжаргал “Тоормос аваад тэр дороо зогсох боломжтой” гэж хариулсан. Тухайн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах зам тасралтгүй цуваатай, хөдөлгөөн ихтэй, харин Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хөдөлгөөн бага байсан. Зам тээврийн ослын талаар бодит байдлыг тогтоохын тулд хөндлөнгийн гэрч огт асуугаагүй, гэрчийг олж тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хэрэв бодит байдал огт тогтоогдохгүй байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой байсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Н нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдсан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байхад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц, Д.Ө нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.Нд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.Нг 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “Toyota Allion” маркийн 10-65 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 10.1 заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан “Hyundai Sonata-6” маркийн 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Г.Цийн биед хүнд хохирол, Д.Гантулгын биед хүндэвтэр хохирол, Д.Содномцэрэнгийн биед хөнгөн хохирол, Б.Оюугийн биед хөнгөн хохирол, Б.Сувдын биед хөнгөн хохирол, Д.Өы биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц, Д.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нь дээрх үндэслэлээр иргэний нэхэмжлэгч Д.Өы гаргасан гомдлын дагуу шүүгдэгч Г.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааны талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Иймд энэ талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц, Д.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Г.Нгийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН