Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/20

 

Г.Н-д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                               Б.Батзориг

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                               Оролцогчид

                                      Прокурор                                     Г.Э

                                      Шүүгдэгч                                         Г.Н

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ж.Б

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г-ын Н-д холбогдох эрүүгийн 1832001300121 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нэхмэл сүлжмэлийн инженер технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр охины хамт амьдрах, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 9-р гудамжны №370 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Г-ын Н /РД: ШЕ84011902/

 

Холбогдсон хэргийн талаар: Г.Н нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “Тoyоta allion” маркийн “10-65" УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан "Hyundai sonata-6" маркийн “15-85” ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч Г.Ц-ийн биед хүнд хохирол, Д.Г-ын биед хүндэвтэр хохирол, Д.Со-гийн биед хөнгөн хохирол, Б.О-гийн биед хөнгөн хохирол, Б.С-ын биед хөнгөн хохирол, Д.Ө-ы биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Н-д холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 4 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. О овогт Г-ын Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-гаас 4592000 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 45-р байрны 1-12 тоотод оршин суух. /ВИ:58082409, утас:89608856/ Б овогт Г-ийн Ц-эд, шүүгдэгч Г.Н-аас 9914000 /есөн сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг 16-21 тоотод оршин суух. /ВИ:83050709/ Б овогт Д-ийн Ө-д тус тус олгосугай.

5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

...9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Шүүхийн 2020 оны 1-р сарын 2-ны өдрийн 4 тоот Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1рт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.7 дахь хэсгийн 1.7.1 дахь заалтын дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүйгээс гадна Зам тээврийн хөдөлгөөний ослын бодит байдлыг тогтоох гол үндэслэл болох “А” цэгийг тогтоосон анхны үзлэг хийсэн тэмдэглэл эргэлзээтэй байсныг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоолгохоор томилогдсон шинжээч Г.Насанжаргал, С.Батболд, Г.Энхтүвшин нар нь Н-гийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралд өөрсдийн гаргасан 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй болно. Тухайлбал: Шинжээч Г.Насанжаргал нь хавтаст хэрэгт авагдсан анхны ослын газрын зураглал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн “А" цэгийг тогтоосон гэж байхад, шинжээч С.Батболд нь хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн тогтоосон гэж, шинжээч Г.Энхтүвшин нь санахгүй байна гэж өөр. өөр байдлаар “А” цэгийг тогтоосон эх үүсвэрээ нотолж чадаагүйгээс гадна Шинжээчийн дүгнэлтдээ мөрдөгчөөс асуусан асуултуудад хариулах боломжгүй гэж хариулсан атлаа “Хэргийн газрын анхан болон нөхөн үзлэгээр авагдсан “А” цэг хэргийн газрын фото болон схем зураглалаас харахад үндэслэлтэй гэж үзсэн нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч буюу авто инженер мэргэжилтэй мэргэжлээрээ 7 дахь жилдээ ажиллаж байгаа шинжээч С.Мөнхдалай “Хэргийн газрын үзлэгт тухайн зам орчин дээр үүссэн мөрүүдийг нарийвчилж харуулаагүй тул хэргийн газрын үзлэг болон нөхөн үзлэгээр анхны мөргөлдсөн газрын байрлал үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн байхад бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт бодит бус, анхны эргэлзээтэй зураглалыг үндэслэн тогтоосон гэдэг нь харагдаж байхад;

2рт: Зам тээврийн осол гарсан үед Дархан чиглэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгсэл их байсан байхад ослын талаарх бодит байдлыг тодорхойлохын тулд хөндлөнгийн гэрчүүдийг олж тогтоон, гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2 дахь заалтын дагуу ослын нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байхад:

3рт: Улсын яллагч шүүх хурлын хурлын хэлэлцүүлэгт: - “Ослын газрын анхны үзлэг хийсэн зураглал болон үзлэгийг хангалтгүй хийгдсэн” гэдгийг хүлээн зөвшөөрч байна. - "Н-г учиргүй гүйцэт түрүүлээд давхиад байсан гээгүй дөнгөж тээврийн хэрэгслийн урд хэсэг нь цухуйсан гэж үзэж байна" гэж дүгнэлтээ гарган хэлсээр атал Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.3 дахь “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасан байхад зөвхөн 29 тоот Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Т.Н-г гэм буруутайд тооцсон байна. Мөн шүүх хурлын хэлэлцүүлгийн үед: Шинжээч Г.Насанжаргал нь: Улсын Яллагчийн “15-85 ХӨҮ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркын тээврийн хэрэгслийг Аюул саад боллоодоо гэхэд аюул саадыг мөргөхгүй зогсох боломжтой эсэх талаар асуухад “Тормос гишгэсэн байх ёстой. Тэр дороо зогсоно” гэж хариулж байснаас дүгнэлт хийхэд дан ганц Г.Н-г гэм буруутайд тооцох бус хохирогч гэгдэх 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г аюул саадыг мөргөхгүйгээр зогсох арга хэмжээг аваагүй, тормос гишгээгүйгээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.3 дахь хэсгийг зөрчсөн болох нь шинжээчийн хариултаас тогтоогдож байна. Гэсэн атал Шинжээч Г.Н өөрөө 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлтдээ: Хьюндай Соната 6 загварын 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн байдлыг тусгаагүй байна. Ингэснээр 2019 оны 10-р сарын 8-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлт буюу Г.Н-г гэм буруутайд тооцох үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь бодит үнэнд нийцэхгүй байна.

 4рт: Шүүгч Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ: 1. Хохирлын хэмжээг тогтоож шийдвэрлэлдээ хохирлын хэмжээний талаар хэлэлцүүлэг явуулалгүй улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн шууд тогтоосныг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж үзэж байна. Учир нь: Шүүгч Г.Н-гаас:

- 4,592,000 төгрөг гаргуулж Г.Ц-д

- 9,914,000 төгрөг гаргуулж Д.Ө-д гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэсэн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар: 2018 оны 12-р сарын 19-ны өдөр 2 удаа

- 159,240 төгрөгийн газ авсан /х/х 205/ 27,000 төгрөгийн баримт хэнийх тодорхойгүй, Баяндалай. Алдаржавхлан, Сумъяабазар гэсэн хүмүүсийн баримт (х/х 98) Нарлаг дэлгүүрээс Пиво-20 лааз чихэр, ундаа авсан баримт (х/х 102, 104) зарим баримтуудын НӨАТ-ийн баримт, түүнийг (картаа) уншуулахад гарч ирдэг талонуудыг ижил дүнтэйг давхардуулан тооцсон. Ялангуяа их дүнтэй баримтуудыг орлого, зарлагын баримтыг хамтруулан тооцсон зэргийг хэлэлцүүлээгүйгээс хасагдаж тооцоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас дээрх тооцоонуудыг хийхэд:

- Хохирогч Ц-ийн нэхэмжилсэн 4.592,000 төгрөгөөс баримтаар 1,276,051 төгрөг

- Хохирогч Ө  689,045 төгрөг (баримтаар)

- Хохирогч Г - 4.200,000 төгрөг (баримтаар) Нийт нэхэмжилсэн буюу шүүхээс тогтоосон 14,506,000 төгрөгөөс баримтаар хохирлын хэмжээ 6,638,110 төгрөг болж байгаа болно. Эцэст нь дүгнэж үзэхэд:

1. Шүүгдэгч Г.Н-г гэм буруутайд тооцсон үндэслэлүүд нь бодит бус, эргэлзээтэй, дутуу дулимаг хийгдсэн байхад;

2. Хохирогч Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн байхад;

3. Улсын яллагч нь Зам тээврийн ослын үзлэг дутуу дулимаг хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байхад:

4. Бүрэлдэхүүнтэйгээр хийгдсэн 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нарын мэдүүлэг зөрүүтэй, дүгнэлтээ хамгаалж чадаагүй байхад

5. Хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй атлаа шүүгдэгч Г.Н-г гэм буруутайд тооцож үндэслэлгүй нэхэмжилсэн дүнгээр хохирол барагдуулахыг тогтоосон Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 1-р сарын 02-ны өдрийн 4 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч буй тул дээрх нөхцөл байдлыг нягтлан үзэж 4 дугаартай Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Иргэний нэхэмжлэгч Д.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэгч Д.Ө миний бие 37 настай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 12-16 тоотод оршин суудаг бөгөөд Г.Н нь надаас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, миний нэхэмжилсэн 9.914.000 төлөөгүй байхад шүүхээс Г.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна Бидний хувьд Г.Н-гийн буруутай байдлаас  болж эрүүл мэнд. санхүү, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсонд гомдолтой байна. Холбогдох баримтуудыг хэрэгт бүгдийг гаргаж өгсөн тул хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна гэжээ.

Хохирогч Г.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогч Г.Ц миний бие 64 настай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 45 дугаар байрны 1-12 тоотод оршин суудаг бөгөөд Г.Н нь надаас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, миний нэхэмжилсэн 4 592 000 /Дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянган төгрөг/ төлөөгүй байхад шүүхээс Г.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.1 дэхь хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна Гэтэл Г.Н-ийн өмгөөлөгч Ж.Б-ын гаргасан гомдлыг уншаад хөгшин настай би үнэхээр их гомдож байна учир нь энэ ослоос болж хөл хугарч Улаанбаатар хотод очиж эмчлүүлэн хэвтэрт гам сахиж их цаг хугацаа зарцуулсан боловч одоо хүртэл бүрэн эдгэрээгүй, байнгын үр хүүхдийн хараа хяналтад байна. Миний бие 2019 оны хавар хөлийн шруп, 2019 оны намар хадуулсан төмрөө авхуулсан энэ үед нааш цааш явсан зардал, эмчилгээний мөнгийг нэхэмжлээгүй зах яахав хүний охин үрийг зовоогоод яахав дээ гэж бодсон. Гэтэл миний нэхэмжилсэн мөнгийг багасгана гэсэнд гомдолтой байна. Иймд та бүхнээс энэ хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Г.Н-г дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Г.Н-д холбогдох эрүүгийн 1832001300121 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Г.Н нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Г /1-р хх-ийн 20-22-р ху/, Г.Ц /1-р хх-ийн 24-26-р ху/, гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Ө /1-р хх-йн 27-30, 207-208-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн шинжээчийн №29 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 83-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8700 тоот дүгнэлт /1-р хх-ийн 45-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын №8699 тоот дүгнэлт /1-р хх-ийн 48-р ху/, “Бан Хас” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 75-77-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн гаргасан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №13 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 40-р ху/,  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчөөгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар нь өөрсдийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон  эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бусад байдлуудыг шинжлэн судалсны үндсэнд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан  байх тул анхан шатны шүүх эдгээр дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг баримтлан шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг гэсэн заалт нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчөлт оруулах байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Хохирогч Г.Ц гэм хорын хохиролд нийт 4.592.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан хот хоорондын зорчигч тээврийн 61.000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 98-р ху/, “Нил Фарм” маркетын НӨАТ-ын 50,350 төгрөгийн баримт /1-р хх-ийн 116-118-р ху/, “Нил Фарм” маркетын 51.150 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 119-р ху/, хот хоорондын зорчигч тээврийн 30000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 120-р ху/, “Агар шим” ХХК-ийн эмийн сангийн НӨАТ-ын 3100 төгрөгийн баримт /1-р хх-ийн 120-р ху/, “Хийморь” дэлгүүрийн 8500  төгрөгийн баримт /1-р хх-ийн 124-р ху/, хот хоорондын зорчигч тээврийн 55000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 125-126-р ху/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хагалгаа хийсэн 110000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 127-р ху/, “Мон-Арго” ХХК-ий  218,500 төгрөгийн тооцооны хуудас /1-рр хх-ийн 127-р ху/, Монос Энхжин эмийн сангийн 140,600 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 131-р ху/, Монос Улаанбаатар эмийн сангийн 1550 төгрөгийн баримт /1-р хх-ийн 132-р ху/, Монос Улаанбаатар эмийн сангийн 157,330 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 134-р ху/, “Фармалогик” эмийн сангийн 65,100 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 139-р ху/, “Хос Эүтэн” эмийн сангийн 26,500 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 141-р ху/, “Нил Фарма” эмийн сангийн 12000 төгрөгийн орлогын баримт /1-р хх-ийн 149-р ху/, “Долоон Отог” ХХК-ийн 180.000 төгрөгийн зарлагын баримт /тэргэнцрийн үнэ/ /1-р хх-ийн 152-р ху/, “Нил Фарм” эмийн сангийн 26.000 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 158-р ху/ зэрэг нийт 1.196.680 төгрөгийн нэхэмжлэлийг ханган иргэний нэхэмжлэгч Г.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  өөр хүмүүсийн нэр бүхий хот хоорондын зорчигч тээврийн 259.500 төгрөгийн, давхардуулж тооцсон “Нил Фарм” маркетын 40.500 төгрөгийн, Монос Энхжин эмийн сангийн 2 удаа давхардуулж тооцсон нийт 140600 төгрөгийн, Монос Улаанбаатар эмийн сангийн 1550 төгрөгийн баримтыг 15500 төгрөг гэж буруу бодсоны зөрүү 13950 төгрөгийн, Монос Улаанбаатар эмийн сангийн 155.780 төгрөгийн баримтыг 105.790 төгрөг гэж буруу бичсэн, мөн зарлагын 157.330 төгрөгийн баримтыг давхардуулж бичсэн, Монос Улаанбаатар эмийн сангийн 12730, 12000 төгрөгийн баримтыг даврхардуулж бичсэн зэрэг үндэслэлээр нийт 636,610 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Мөн Иргэний нэхэмжлэгч Д.Ө нь гэмт хэргийн улмаас  өөрт болон гэр бүлийн хүн хохирогч  Д.Г-д  учирсан гэм хорын хохиролд нийт 9.914.000 төгрөг нэхэмжилснээс өөрт нь учирсан хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан “Мед Траума” эмнэлгийн дүрс оношлогооны  120.000 төгрөг /1-р хх-ийн 111-р ху/, шатахууны үнэ 413,040 төгрөг /1-р хх-ийн 205-р ху/, хот хоорондын зорчигч тээврийн 158.500 төгрөгийн баримт /1-р хх-ийн 205-р ху/, хот хоорондын зорчигч тээврийн 149.500 төгрөг /1-р хх-ийн 98-р ху/ нийт 841.040 төгрөг, хохирогч Д.Г-ын эмнэлэгт хэвтсэн зардал 90.000 төгрөг /1-р хх-ийн 97-р ху/, Дуб эмнэлгийн дүрс оношлогооны үнэ болох 120.000 төгрөгийн баримт /1-р хх-ийн 100-р ху/, “Тэрмэстийн өгөөж” ХХК-ийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 110.000 төгрөг /1-р хх-ийн 105-р ху/,  “Энхжаргалант”, “Тэрмэстийн өгөөж” ХХК-ийн 175.400 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 106-р ху/, “Фармалогик” эмийн сангийн 24.800 төгрөгийн зарлагын баримт /1-р хх-ийн 110-р ху/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 76.194 төгрөг, 87.900 төгрөг /1-р хх-ийн 112-113-р ху/, “Бан Хас” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №18/01/01543 тоот авто машин техникийн үнэлгээний тайлангаар  автомашинд учирсан эвдрэл хохирол 4.225.000 төгрөг, хохирогч Д.Г-д учирсан хохирол нийт 4.909.294 төгрөг нийт 5.750.334 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Ө-д олгож, гэм хорын хохиролд хамааралгүй пиво, хүнсний бүтээгдэхүүний үнэ 42.160 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч хохирогч нар нь хагалгаа, эмчилгээний зардал болон бусад зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг өөрийн гэр бүлийн гишүүн иргэний нэхэмлэгч Д.Ө-д олгосоны дагуу Д.Ө-д хохирлыг олгосон болно.

Цаашид анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэж байх шаардлагатай  гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  4 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтанд өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

4 дүгээр заалтыг:

“4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Н-гаас 1.196.680 төгрөг гаргуулан хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 45-р байрны 1-12 тоотод оршин суух /ВИ:58082409, утас:89608856/ Б овогт Г-ийн Ц-эд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 636.610 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.Н-гаас нийт 5.750.334 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг 16-21 тоотод оршин суух. /ВИ:83050709/ Б овогт Д-ийн Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42.160 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үлдэгдэл эмчилгээтэй холбоотой хохирлоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчлөн найруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ