Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01153

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.У ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00799 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.У ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, Н.У ээс 41,081,225 төгрөгийг гаргуулан П.Ц д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгч Б.З нь ... тоот орон сууцыг үнэлүүлэхдээ Н.У ийн саналыг аваагүй ба уг хөрөнгө нь зах зээлийн ханшнаас хэт багаар буюу 72,499,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байтал энэ ажиллагааг хийлгүйгээр шууд албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн ханшаас илтэд доогуур байгаа нь миний эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд орон сууцны үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Н нь төлбөр төлөгч Н.У т холбогдох гүйцэтгэх хуудсыг 2020 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч Н.У нь төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.У ийн өмчлөлийн ...  2 өрөө орон сууцыг 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 00000000/00 тоот битүүмжилсэн акт дээр үндэслэж 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 0-000/00000 тоот, 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 0-000/00000 тоот мэдэгдлүүдийг түүний оршин суух хаяг болох ...  тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 06 сарын 28-ны өдөр Н.У ийн 00000000 дугаар утсаар шийдвэр гүйцэтгэгчийн 00000000 дугаар утсаар холбогдож, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд би өөрийн хөрөнгөө өгөхгүй ээ. Зээл хөөцөлдөж байгаа, шинжээч томилуулахгүй гэсэн тайлбарыг өгсөн тул төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу тус газраас хөрөнгийн үнэлгээний С ХХК-г шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр уг эд хөрөнгийг 72,499,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Н.У т хуульд заасан хугацаанд нь мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжаар 40,900,000 төгрөгийг Н.У ээс гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Гэтэл тэрээр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, Н шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.У нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал гаргахгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэхгүй зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулж байсан. Одоо бас үнэлгээнд гомдол гаргаж байгаа нь П.Ц намайг хохироож байна.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.У ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.У ээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсэн.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан хуулийн заалтын анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй. Учир нь маргаан бүхий ...  2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар даруй хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт байхад хэргийг шийдвэрлэхдээ хэрэглээгүй байна.

5.б. Үнэлгээний тайланг хүргүүсэн гэх баталгаат шууданг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй. Баталгаат шууданг гардаж авсан эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6.   Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. Гэвч дээрх хуулийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэгч хүсэлт гаргаснаар хэрэгждэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдэгдлийг шуудангаар хүргүүлэхээр зохицуулсан бөгөөд 2021 оны 07 сарын 09-ний өдөр үнэлгээ хийлгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар хүргүүлснийг хүлээн аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Н т холбогдуулан ... хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 72,499,000 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 50/

 

3.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02460 дугаар захирамжаар хариуцагч Н.У ээс нийт 41,081,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ц д олгож, хэрэв хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд улсын эрхийн бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 6-7/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2020 оны 12 сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 54/, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 2021 оны 04 сарын 06-ны өдөр битүүмжилж /хх 55-57/, 2021 оны 06 сарын 15-ны өдөр хураан авчээ. /хх 54, 55-57, 60-62/

Улмаар төлбөр төлөгч, өмчлөгч Н.У т үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 06 сарын 18-ны өдөр, 2021 оны 06 сарын 24-ний өдөр тус тус баталгаат шуудангаар хүргүүлж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн байх ба Н.У нь Мэдэгдэл хүлээн авлаа. Манайх төлбөрт өөрийн хөрөнгөө өгөхгүй ээ. Зээл хөөцөлдөж байгаа. Зээлээ хаана. Шинжээч томилуулахгүй гэсэн тайлбарыг өгсөн тухай тэмдэглэгдсэн байна. /хх 66, 68-70/

Иймд нэхэмжлэгч талын гаргасан үнийн санал аваагүй гэх тайлбар, баталгаат шууданг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Төлбөр төлөгч, өмчлөгч Н.У нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээг тохиролцоогүй гэж үзэх тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас С ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 69, 72/

С ХХК-ийн үнэлгээчин Г.О нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин Г.О т хуульд заасан эрх, үүргийг 2021 оны 06 сарын 29-ний өдөр тайлбарлан өгчээ. /хх 72, 73-75, 103/

Шинжээчээр томилогдсон С ХХК, үнэлгээчин Г.О нь Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /ашиглалтад орсон он, бүтээц, төвийн шугамд холбогдсон байдал, талбай, зориулалт, байршил г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. /хх 76-104/

 

4.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2021 оны 07 сарын 08-ны өдрийн байдлаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг шинжээч 72,499,000 төгрөг гэж тогтоосныг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 07 сарын 09-ний өдөр төлбөр төлөгч, өмчлөгч Н.У т хүргүүлсэн байна. /хх 105, 106/

Иймд нэхэмжлэгч Н.У нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2021 оны 07 сарын 16-ны өдрийн дотор гаргах байжээ.

 

5.   Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч тал уг тайлбараа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

6.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч талуудын хүсэлтээр хийхээр зохицуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд холбогдох хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хуулийн заалтыг үнэлж үзээгүй, хэрэглээгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00799 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР