Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01173

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М , Х.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/01055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М , Х.Х нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, түрээслэж байсан талбайн засварын зардал 13,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 54,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.М нь 1999 оноос хойш  Х худалдааны төвд лангуу түрээслэн хүнсний ногоо худалдаалж, ахуй амьдрал, гэр бүл нөхөр, бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэсээр өдийг хүрсэн. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд одоогийн байшин ажиллаж байгаа буюу Х худалдааны төвд байрлах 51 м.кв талбайг Х ХХК-ийн захирлаар Б.Ч ажиллаж байх үеэс сарын 500,000 төгрөг, 800,000 төгрөгийг төлж түрээслэдэг байсан. Улмаар 2013 оны 10 сард тус компанийн захирал Т.С Д.М г дуудаж ...чиний ажиллаж буй тээш лангууг сарын 3,000,000 төгрөгөөр урт хугацаагаар түрээслэнэ, чи өнгө үзэмжээ дээшлүүлээд энэ саналаар түрээслэ, үгүй гэвэл өөр хүнд өгье гэж хэлсэн. Д.М гийн зүгээс ...олон жил ажилласан ажлын байраа алдахгүйн тулд 10 жилийн хугацаанд ямар нэг байдлаар түрээс нэмэгдэхгүй гэх нөхцөл тусгаад гэрээ хийе гэж санал тавихад Т.С захирал ...чамаас орсон мөнгийг захын барилгад өргөтгөл шинэчлэл хийж буй барилгын компани руу байцаагч Ж.Д оор дамжуулж хувь хүн хоорондын гэрээгээр авч, шилжүүлмээр байна гэж хэлсэн тул түүний саналыг хүлээн авч, 10 жилийн хугацаанд буюу удаан хугацаагаар түрээслэх тул эхний жилүүдэд ашиггүй ажиллах хэдий ч урт хугацаандаа ашигтай ажиллах байх гэж тооцоод зөвшөөрсөн. Ингээд өөрийн найз В ХХК-ийн захирал Х.Х ын нэрээр Х ХХК-д удаа дараа шаардлага, хүсэлт тавьсны үндсэнд 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г тус зохион байгуулагч Ж.Д той 1 жилийн хугацаатай, түрээсийн нэг сарын төлбөрийн хэмжээг 1,000,000 төгрөгөөр тохиролцож байгуулсан. Үүний дараа 2015 оны 02 сарын 10-ны өдөр мөн Ж.Д той Түрээсийн гэрээ-г 10 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш тус компанийн зохион байгуулагч Ж.Д ...талбайгаа суллаж өг, засвар хийнэ гэж элдвээр доромжилж, дарамтлан, хэвийн худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөл боломжийг алдагдуулж, талбайгаа суллаж өгөхийг хууль бусаар шаардаж эхэлсэн. Д.М гийн зүгээс ...засвар хийх гэж байгаа бол засварын ажил дууссаны дараа намайг буцаагаад энэ талбайдаа оруулах баталгаа өгвөл би суллана, ажлын байраа алдмааргүй байна гэсэн зүй ёсны шаардлага тавьсан. Мөн энэ асуудлаар тус компанийн захирал Т.С тэй уулзья, ярилцья гэхээр Ж.Д нь ...уулзуулахгүй, чи уулзах шаардлагагүй, би мэднэ, захирал өвчтэй байгаа гэх зэргээр элдвийн шалтаг тоочин дарамталдаг. Д.М нь өнгөрсөн хугацаанд Т.С захиралтай анх тохиролцсоны дагуу 2014 онд өөрийн түрээслэж буй талбайн дээврийн төмөр сольсон, гадна дотно эмульс, шавар, шохойн ажил, шалны халаалт, 4 ширхэг хаалга, тусгаарлах вакум хаалт, камержуулах гээд нийт 13,000,000 төгрөгийн засвар хийж, орчноо тохижуулж, засварласан. Мөн өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрт сар бүр 1,500,000 төгрөг илүү төлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд өөрийн найз Х.Х ын нэрээр 2 удаа гэрээ байгуулахаас өмнө ямар нэгэн байдлаар тус компанитай бичгээр гэрээ байгуулж байгаагүй, бичгээр гэрээ байгуулах санал тавихад захын удирдлагуудын зүгээс дургүйцдэг бөгөөд сар бүр тогтмол түрээсийн төлбөрөө төлөөд л талбайгаа түрээслэж ирсэн. Х.Х ын нэрээр гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрийг сар бүр түүнд бэлнээр өгч түүний В ХХК-ийн дансаар дамжуулан захын зохион байгуулагч Ж.Д ын дансанд бэлэн бусаар сар бүрийн 20-ны дотор шилжүүлдэг байсан. Хариуцагч түрээслэж байсан талбайг авсан тул талбайн засварт зарцуулсан 13,000,000 төгрөг, 2013 оны 10 сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх 36 сарын түрээсийн төлбөрт илүү төлсөн 45,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан 51 м.кв талбай бүхий ажлын байр нь Х ХХК-ийн эзэмшлийн газарт байрладаг бөгөөд тухайн үед тус компанид ажиллаж байсан иргэн Б.Ч өөрийн хөрөнгөөр барьж тохижуулан бусдад түрээслэж орлогоо өөртөө авдаг байсан. Иргэн Б.Ч Х ХХК-д ажиллахаа больж тэтгэвэртээ гарсан тул компанийн зүгээс шинэ ажлын байр барихаар болж газар чөлөөлж өгөх шаардлага тавьснаас үүдэн энэхүү маргаан гарсан болно. Иргэн Д.М нэхэмжлэлдээ дурдсанаар уг ажлын байрыг 18 жил иргэн н.Ч тай түрээсийн гэрээ байгуулан түрээслэж байсан бөгөөд улмаар иргэн Б.Ч Х ХХК-аас тэтгэвэртээ гарахдаа уг ажлын байрыг иргэн Ж.Д т хүлээлгэн өгсөн. Иймд түрээслэгч нар үргэлжлүүлэн түрээслэхдээ иргэн Ж.Д той гэрээ байгуулан 2016 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл гэрээгээр тохирсон сарын 3,000,000 төгрөгийг Ж.Д т тушааж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд Х ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан хэмээн 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г нотлох баримтаар гаргаж өгсөн тул энэ гэрээг хуурамч эсэхийг тогтоолгохоор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан болно. Мөрдөн байцаалтын явцад иргэн н.Ч , Ж.Д , гэрээг бичсэн гэх н.О болон нэхэмжлэгч нараас мэдүүлэг авсан бөгөөд уг ажлын байрыг Б.Ч түрээслэж байсан, улмаар Ж.Д т хүлээлгэн өгсөн, Ж.Д үргэлжлүүлэн түрээслэж төлбөрийг нь авч байсан тухай тодорхой мэдүүлсэн байдаг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор нягтлан бодогчоор ажиллаж байсан н.О нь компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй, Х.Х нотлох баримтыг хуурамчаар үйлдээгүй байх бөгөөд харин түүний үйлдэл нь хууль ёсны шаардлагад нийцээгүй гэрээг мэдсээр байж шүүхэд гаргасан гэж үзэхээр байна. Х ХХК уг түрээсийн гэрээг байгуулаагүйг тогтоосон. Х.Х тендерт орохын тулд дээрх гэрээг хийсэн ба түрээсийн төлбөрийг 3,000,000 төгрөг байхад 1,000,000 төгрөг гэж бичүүлсэн байдаг. Иймд Х ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нартай дээрх ажлын байртай холбоотойгоор түрээсийн гэрээ байгуулаагүй тул шаардаж буй 67,000,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Х ХХК нь Х.Х тай 2014 оны 04 сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээг байгуулж байгаагүй, уг гэрээний асуудлыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэргийн журмаар шалгуулахад түрээсийн гэрээнд Ж.Д гарын үсгээ зураагүй, харин нягтлан бодогчоор ажиллаж байсан н.О бичиж Ж.Д ын дардсыг дарсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Х.Х ын үйлдэл нь хууль ёсны шаардлагад нийцээгүй гэрээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдсээр байж гаргасан. Гэвч 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд Х.Х ын дээр дурдсан үйлдэл нь хожим бий болсон нөхцөл байдал буюу гэмт хэрэгт шинээр тооцогдохоор байна гэж дүгнээд, холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Х ХХК-тай байгуулсан гэх 2014 оны 04 сарын 25-ны өдрийн огноо бүхий Ажлын байр түрээслэх гэрээ-г дараах хууль зүйн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг нэмж тодруулж байна. Үүнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.

Иргэн Х.Х болон Х ХХК нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тухайд Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т ...энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Х.Х нь Х худалдааны төвд байрлах хүнсний ногоо худалдаалдаг 51 м.кв талбайг түрээслэдэггүй бөгөөд Батлан хамгаалах яамны энхийг сахиулах ажиллагаанд явах албан хаагчдын хүнсний ногоо бэлтгэн нийлүүлэх тендерт оролцох бичиг баримт хуурамчаар бүрдүүлэхийн тулд 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г дүр үзүүлэн хийсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Х.Х ын 2016 оны 10 сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтод Д.М гийн гуйлтаар Х ХХК-тай 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ, 2015 оны 02 сарын 10-ны өдөр Түрээсийн гэрээ-г байгуулсан нь үнэн болно. Түүнчлэн, тус захад талбай түрээслэн албан ёсоор худалдаа эрхэлдэггүй бөгөөд түрээсийн гэрээний төлбөрийг Д.М гаас бэлнээр авч өөрийн В ХХК-ийн дансаар дамжуулан Ж.Д ын дансанд бэлэн бусаар шилжүүлдэг байсан гэж шүүхэд мэдүүлсэн. Х.Х ын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт манай хуурай эгч М 1998 оноос хойш Х захын ногооны 14 дүгээр павильоныг сарын 500,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг байсан. Манай компани Батлан хамгаалах яамны энхийг сахиулах ажиллагаанд явах албан хаагчдын хүнсний ногоо бэлтгэн нийлүүлэх тендерт оролцох болсон учраас Ж.Д эгч, нягтлан бодогч нартай уулзаад ...манайх тендерт оролцох гэж байгаа юм, тэгэхээр түрээсийн гэрээ байгуулсан байх шаардлагатай гэж хандахад 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өгсөн. Бид хэтэрхий өндөр түрээстэй гэж байгаа бол 1,000,000 төгрөгөөр түрээслэдэг гэсэн гэрээ байгуулаад өгөөч гэж гуйхад нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийг байцаасан тэмдэглэлд ...Х.Х бид 2 найзууд, бид 2 хамтран ажилладаг. Би 1999 оноос хойш Х захад ногоо зарж байгаад 2004 оноос одоогийн маргаан үүсээд байгаа газрыг түрээслэн хүнсний ногоо худалдаалдаг байсан. Би Х.Х аас хүнсний ногоогоо авч Х дээр худалдаалдаг. Гэрээ байгуулах явцад биечлэн байгаагүй. 2014 оны 04 сарын 25-ны өдрийн гэрээг Ж.Д өөрөө бичсэн юм уу сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн.

Тодруулбал, Х худалдааны төвд байрлах хүнсний ногоо худалдаалдаг талбайг бодитоор түрээслэж, түрээсийн төлбөрийг төлж байсан этгээд нь Д.М бөгөөд харин Х.Х нь түрээсийн харилцааг үүсгэх ямар нэгэн хүсэлт зориг илэрхийлж байгаагүй, түрээсийн харилцаанд оролцож байгаагүй.Зөвхөн Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт оролцохын тулд зориуд хуурамчаар 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулжээ. Иймд Х.Х болон Х ХХК-ийн хооронд байгуулсан гэх ажлын байр түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэн Х.Х болон Х ХХК нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тухайд нэхэмжлэгч нарын зүгээс дээрх гэрээг Х ХХК-ийг төлөөлж Ж.Д хийсэн гэж тайлбарладаг. Харин Х ХХК энэ гэрээг байгуулаагүй, мөн Ж.Д компанийн өмнөөс Х.Х тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй байдаг. Харин нягтлан бодогчоор ажиллаж байсан н.О нь бичиж, Ж.Д ын дардсыг дарсан болох нь нотлогддог бөгөөд н.О нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ба компанийг төлөөлж маргаан бүхий гэрээг хийх зөвшөөрлийг компанийн гүйцэтгэх удирдлага олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэн Х.Х болон Х ХХК-ийн хооронд байгуулсан гэх 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ нь 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тухайд Х.Х ын гэрээ байгуулсан сэдэл, хүсэл зориг, гэрээ байгуулсан процесс нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн, үүнийгээ өөрөө мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа үйлдэл нь шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэг болж байгаа. Х.Х болон Х ХХК нарын хооронд байгуулсан гэх Ажлын байр түрээслэх гэрээ нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд бүхэлдээ нийцээгүй, гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх тул түүнийг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Дээр дурдсан 3 үндэслэлээр Х.Х болон Х ХХК нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.М нь Х ХХК-тай ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч олон хариуцагч нарын хооронд түрээсийн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч Д.М нь Х.Х аар төлөөлүүлэн түрээсийн гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч түүнийг төлөөлж түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Д.М гаас Х.Х аар төлөөлүүлсэн гэж тайлбарлах боловч түүнийг төлөөлж түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдсон итгэмжлэл хавтаст хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн 2014 оны 04 сарын 25-ны өдөр Х ХХК-тай байгуулсан гэх Ажлын байр түрээслэх гэрээ, мөн 2015 оны 02 сарын 10-ны өдрийн Ж.Д той байгуулсан гэх Түрээсийн гэрээ-ний эхний болон төгсгөлийн хэсэгт Д.М г төлөөлж Х.Х гэрээ байгуулж байгаа гэсэн үг үсэг, тэмдэглэгээ байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Д.М нь түрээсийн төлбөрөө Ж.Д ын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлан, түүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байх ба ямар нэгэн түрээсийн төлбөрийг Х ХХК-ийн дансанд шилжүүлсэн тухай ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, түрээсийн төлбөрийг Х ХХК авч байгаагүй. Түүнээс гадна Д.М гийн түрээслэж, хүнсний ногоо худалдаалдаг талбай нь Х ХХК-ийн хөрөнгө биш, харин иргэн н.Ч ын өөрийн хөрөнгөөр битүүлж барьсан, засаж тохижуулсан түр обьект ба тиймээс түүний өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэл байхгүй байна. Уг түр обьектын эзэмшигч нь иргэн Б.Ч байсан бөгөөд энэхүү өөрийн эзэмшлээ Ж.Д т шилжүүлсэн, энэ талаар ямар нэгэн ашиглах, эсхүл түрээслэх асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэж, түрээсийн төлбөрийг дансаараа, хувьдаа авдаг байсан тухай шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг.

Х ХХК нь нэхэмжлэгч Х.Х тай түрээсийн гэрээ байгуулаагүй, Х.Х тай ямар нэгэн түрээсийн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Нэхэмжлэгч нар нь түрээст илүү төлсөн 54,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байгаа тухайд нэхэмжлэгч Д.М нь түрээсийн төлбөрт сарын 3,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрөөд, уг төлбөрөө Ж.Д ын хувийн дансанд шилжүүлж байсан байна. Нэхэмжлэгч Д.М нь өөрийн хүсэлт зоригийн дагуу түрээсийн төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн ямар гэрээ болон баримтын үндсэн дээр шаардаж байгаа нь тодорхойгүй, нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нар түрээслэж байсан талбайн засварт зарцуулсан 13,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна. Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Д.М , Х.Х нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-аас 9,521,100 төгрөгийг гаргуулж Д.М , Х.Х нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,478,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан Х ХХК, Х.Х нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 167,288 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх ...талуудын хооронд гэрээний эрх харилцаа үүсээгүй байхад анхан шатны шүүх 10-аас дээш жил түрээслэж, тэргүүн ээлжинд түрээслэх буюу худалдан авах давуу эрхтэй болсон хун түрээсийн талбайд салгаж үл болох засан сайжруулалт хийсэн, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар засвар хийснээс 2 жилийн дараа гэрээ цуцлагдсан тул засварын зардалд гаргасан 9,521,100 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.а. Анхан шатны шүүх шийдвэртээ ...Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө өөрт нь хамааралгүй, Ж.Д хувиараа гэрээ хийж, түрээсийн төлбөрийг өөрөө авдаг гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, Д.М г Х ХХК-тай гэрээтэй байсан гэж дараах зүйлүүдээр үндэслэнэ, дээрх байдлуудаас Д.М Х ХХК-ийн түрээсийн талбай павильоныг гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байна гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, эрүүгийн хэрэг бүрггэлтийн явцад өгсөн гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа 2004 оноос хойш одоогийн маргаан үүсээд байгаа газрыг түрээслэн хүнсний ногоо худалдаалж байгаа. Анх уг павилионыг 500,000 төгрөгөөр түрээслэдэг байхдаа Б.Ч гэж хүнд түрээс төлдөг байсан хэмээн Б.Ч тай түрээсийн харилцаатай байсныг өөрөө зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг, Б.Ч эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ...хонгил газар байсныг нь битүүлж байшин барьсан юм, түүнийг ногооны бөөний худалдааны зориулалтаар ашиглах болсон юм. Уг газар нь компанийн эзэмшлийн газар боловч би өөрийн зардлаар байшин барьсан учраас ногооны худалдаа эрхэлдэг хүмүүст павильоноо түрээслэж, түрээсийн мөнгөө өөрөө авдаг байсан, өөрийн хувийн хөрөнгөөр барьж бий болгосон, өөрөө Д.М д түрээслэдэг байсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Д ын Б.Ч гэдэг хүнээс шилжүүлэн авч 2013 оноос би хариуцах болсон, хувийн буюу миний павилион, н.Ч надад өгсөн, 3,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг авдаг байсан гэх мэдүүлэг, Д.М түрээсийн төлбөрөө Ж.Д т төлдөг байсан, түүний хувийн дансанд шилжүүлсэн гэх түүний шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтууд, Д.М гийн түрээслэж байсан гэх түрээсийн талбай нь хариуцагч Х ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэлгүй болох талаар Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн албан бичиг, Дэнжийн мянга Ш худалдааны төвд байрлах 14 тоот, 51 м.кв талбай бүхий лангуу /павильон/-ы тухай мэдээлэл өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байна гэх нотлох баримт, Д.М түрээслэж байсан гэх талбайг Б.Ч өөрийн хувийн хөрөнгөөр бий болгож, хожим Ж.Д т шилжүүлсэн, эдгээр хүмүүс нь өөрсдөө хувиараа энэ хөрөнгөө Д.М д түрээслэдэг байсан, Ж.Д түрээсийн төлбөрөө өөрөө хувиараа авч, хувьдаа зарцуулдаг байсан, Д.М төлсөн гэх түрээсийн төлбөрийг Х ХХК авч байгаагүй, түрээсийн төлбөр Х ХХК-д шилжүүлсэн гэдэг ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гэх хариуцагчийн шүүхэд гаргасан, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, улмаар Д.М болон Ж.Д нарын хооронд үүссэн түрээсийн эрх зүйн харилцааг Д.М болон Х ХХК нарын хооронд түрээсийн эрх зүйн харилцаа үүссэн, байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргаан бүхий эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг зөв тодорхойлж шийдвэрлээгүйн улмаас түрээсийн талбайн засварын зардлыг Х ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.б. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ Д.М талбай, павильоныг бодитоор эзэмшиж ашиглан, түрээсийн төлбөрийг төлж байсап бөгөөд түрээсийн гэрээ нь эд хоропго хөлслөх гэрээний онцгой хэлбэр болох тул Д.М эд хөронгө хөлслөх гэрээний дагуу талбай павшьоныг ашиглаж байсан гэж бас үзэх боломжтой. Эд хөрөнгө хөлслөх гэрээ амаар байгуулагдаж болдог, түрээсийн талбайд салгаж үл болох засан сайжруулалт хийсэн тул засварын зардалд 9,521,100 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д ...талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах, 289.2.6-д ...хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах гэж тус тус заасны дагуу хөлслүүлэгчийн зөвшөөрөл, салгаж үл болох засан сайжруулалт буюу хөрөнгө засагдаж сайжран, үнэ цэн нэмэгдсэн байх, зайлшгүй зардал гэсэн 3 нөхцөл бий болсон тохиолдолд засварын зардлыг хөлслүүлэгчээс гаргуулах хууль зүйн зохицуулалттай байна.

Гэтэл анхан шатны шүүх Д.М гаас гарсан гэх засварын зардлууд нь зайлшгүй зардлууд байсан эсэх, эдгээр засварын зардлууд нь тухайн эд хөрөнгийг засан сайжруулахад зарцуулагдсан эсэхийг нотолсон нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй байхад Х " ХХК-аас тус зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр засварын зардлыг Х ХХК-аар төлүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ бүрэн биелүүлээгүй, түүний гаргаж өгсөн нотлох баримтууд шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх түүнийг үнэлсэн, хавтаст хэрэгт цугларсан бусад гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч засвар хийсэн нь шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтаар нотлогдож байгаа гэдэг боловч эдгээр баримтууд нь:

-Баримтууд дээрх худалдагч, худалдан авагчийн нэр байхгүй, тодруулбал худалдан авагч гэдэгт Д.М гэсэн нэр байхгүй. Тиймээс үүнийг Д.М гаас гаргасан зардал гэж нотлогдохгүй байхад шүүх хүчээр түүнтэй холбож шийдвэрлэсэн.

-Баримтууд дунд тавиур, хаяг, гэрлэн чимэглэл гэсэн засварын зардалтай ямар ч холбоогүй баримтууд, мөн хятадаар бичсэн, үнийн дүн тоо хэмжээ нь зөрүүтэй баримтууд бас байсан.

Дээрх шаардлага хангаагүй зарлагын баримтууд нь түрээсийн талбайд хийсэн засварт орсон материал, түүнд шингэсэн. Ингэснээр тухайн обьектыг засан сайжруулсан гэдгийг нотлохгүй байхад анхан шатны шүүх салгаж үл болох засан сайжруулалт гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд гэрч Ц.Д оос баримтуудад дурдагдаж буй элс, хайрга. прус, шруд, лампир, хаалт гэх зэрэг нь М гийн түрээслэж байсан талбайн засварт орсон уу ашигласан уу гэж тулгасан асуулт асуугаад түүний ганцхан тийм гэсэн хариултыг гагцхүү үнэн зөв мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхэд мэдүүлэг өгсөн бусад гэрчийн мэдүүлэг буюу гэрч А.Н ийн М тай нийлээд 3 хүн суудаг байсан. Намайг гэнэт зогсоохоо больсон. Би тохижуулсан учир явахдаа шилэн хаачтаа аваад явсан. Шүүгчээс та яаж тохижуулсан бэ гэж асуухад шал хулдааслаад шилэн хаалт хийсэн. Мэргэжлийн хяналтаас хүнсний ногоо, жимс хамт байж бо.юхгүй гээд тусгаарласан гэх мэдүүлэг, гэрч Ж.Д ын Би шалны халаалтыг хийж, хуучин байсан паарны шугамыг шинэчилж сольж гадна талыг бор эмульсээр будаж байсан, хаалгыг сольсон гэх мэдүүлгүүд, 2022 оны 03 сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд Ж.Д ын Шалны халаалтыг би хийлгэсэн. Цахилгааны монтажийг би хийсэн. Дотор талын вакум хаалгыг явахдаа өөрөө хуу татаад аваад явсан. Анх тээш байхад нь засвар хийгээд Д.М г оруулсан. Дотор хана нь ДСП биш зүгээр хулдаасан реклам байсан. Дээврийн төмрийг Д.М сольсон, гэхдээ бүтэн хийгээгүй, хэсэг газар л сольсон. Хаалганы хувьд манай хаалга. Дотор талд давхарлаж хийлгэсэн. Д.М хаалга болон өөрийн хийсэн бүхнээ гарахдаа эвдээд аваад явсан гэх тайлбарыг үнэлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Дээр дурдсаныг үндэслэн түрээсийн талбайн засвар зардалд гарсан гэх 9,521.100 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж, Д.М , Х.Х нарт олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 9,521,100 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж Д.М , Х.Х нарт олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,478,900 гөгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, 2 дахь заалтын ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан Х ХХК болон Х.Х нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай гэснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагч талаас өмнө нь гарч байсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг иш татаж тайлбарлаж байна. Энэхүү хэргээр нийт 6 жилийн хугацаанд маргаж байна. Хариуцагч талаас газар нь манай компанийнх, дээр нь барьсан обьект н.Ч ых, Б.Ч нь Ж.Д т шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулсан, бүрдүүлсэн. Тухайн обьектыг түр байгууламжийн хэлбэрээр барьсан болохоор өмчлөх эрхийн албан ёсны гэрчилгээ байхгүй. н.Ч , Ж.Д ынх гэж үзэж байвал баримтаа гаргаж өгөөч гэхэд, тухайн баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд Х захад 17 жилийн хугацаанд лангуу, павильон түрээслэж хүнсний ногоо худалдаалж байсан. Тус маргаж буй павильоныг 2002 оноос хойш 2016 он хүртэл түрээслэсэн. Гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Ч гэх хүн Х захын анхны үүсгэн байгуулагчийн 1, тухайн компанийн захирлаар ажиллаж байсан этгээд юм. Б.Ч нь ...би тэтгэвэртээ гарах болсон, захын удирдлагын зүгээс надад олон жил ажилласан, өрх толгойлсон, зохион байгуулагч гэх утгаар Ж.Д т тус байгууламжийг хариуцуул гэсэн гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн хувьд Ж.Д буюу захыг төлөөлөх, зохион байгуулах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан. Хэрэгт хариуцагчийн өмнө нь төлөөлж байсан төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар авагдсан. Хэргийн 72 дугаар талд Х ХХК-ийн зүгээс албан ёсоор ямар гэрээ байгуулж ажилладаг талаар н.Д гэх хүний нэрээр байгуулсан гэрээг өгсөн гэх тайлбар авагдсан. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д гэрээ байгуулах эрхтэй, түрээслэгчээс төлбөр авдаг гэж тайлбарласан. Хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын хэлсэн захын зохион байгуулагч, захыг төлөөлөх этгээдтэй гэрээ байгуулсан, төлбөрийг өгсөн. 2013 оны 10 дугаар сард Х ХХК-ийн захирал Т.С нэхэмжлэгчийг дуудаж уулзаад өнөөдрөөс эхэлж түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг болно, тус нөхцөлөөр түрээслэхгүй бол талбайгаа чөлөөлж өг гэх асуудал ярьсан. 3 жил буюу 36 сарын хугацаанд 108,000,000 төгрөг төлсөн. Гэтэл 7 жилийн өмнө гэрээгээ цуцалсан учир тус талбайг 1,500,000 төгрөгөөр түрээслэх ёстой гэх агуулгаар 108,000,000 төгрөгийн талыг нь нэхэмжилсэн. Анхан шатны шүүх түрээслэж байх хугацаандаа төлсөн учир тус мөнгийг шаардах эрхгүй гэх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Т.С захирал 10 жил тогтвортой түрээслэх, засан сайжруулах зөвшөөрөл өгсөн. Засан сайжруулалтаар таазыг янзалсан, шалыг янзалсан, дотор гадна хаалга, гадна эмульс хийсэн. Өөрөөр хэлбэл, түрээслэхээ болилоо гэхэд нь тухайн обьектоос салгаж авах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхээс газар дээр нь очиж хэргийн оролцогч нарыг байлцуулан үзлэг хийсэн. Гэрч Ж.Д Д.М дээвэр, шалыг янзалсан, тодорхой хэмжээний засварууд хийсэн гэж мэдүүлсэн. Д.М тай тухайн үед хамтарч ажиллаж байсан Ш.А , Я.И нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Эдгээр гэрч нар Д.М Х захын талбайг түрээслэж байсан, засварын засан сайжруулалт хийсэн гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч талаас засварын зардлыг 13,000,000 төгрөг гэж тодорхойлоход, анхан шатны шүүх 9,500,000 төгрөгийн баримт шаардлага хангаж байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн учир хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Д.М , Х.Х нар хариуцагч Х ХХК-д холбогдуулан түрээсэлж байсан талбайн засварын зардал 13,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 54,000,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.   Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт илүү төлсөн 54,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 04 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

4.   Харин 1-р хавтаст хэргийн 28-р талд авагдсан 2015 оны 02 сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ-г зохигчид байгуулсан эсэх, Х ХХК нэхэмжлэлд заасан хариуцагч мөн эсэх, түрээсэлж байсан талбайн засварын зардал 13,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

4.а. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заажээ.

Дээр дурдсан 2015 оны 02 сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний 2.1-д Гэрээний зүйл нь ... Х ХХК-ийн Ш хүнсний захын талбай павилион байна гэж бичсэн байдал /1хх 28/, эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх явцад Ж.Д ын өгсөн ...Би 1996 оны 09 сарын 18-наас эхэлж Х ХХК-д захын байцаагчаар ажилд ороод ... түрээслэгч нартай гэрээ хийгээд түрээсийн төлбөрөө авдаг байсан... гэсэн мэдүүлэг /1хх 161/, ...Би 600-700 гаруй хүнтэй гэрээ хийдэг... хурдан шуурхай хийхийн тулд ... өөрийн гарын үсгийн нэрийн дардасыг дардаг юм... гэсэн мэдүүлэг /1хх 174/, мөн М.М ын өгсөн ...Х захыг төлөөлж Д эгч гэрээ байгуулдаг байсан. Д эгчээс өөр хүн гэрээ байгуулдаггүй байсан... гэсэн мэдүүлэг /1хх 162/, Ш худалдааны төв-өөс ногооны лангуунд эрүүл ахуйн, ариун цэврийн дүгнэлт гарган баталгаажуулсан байдал /2хх 119-121/, Ш хүнсний захаас Д.М д Бөөний ногооны худалдаа эрхлэгч гэсэн үнэмлэх олгосон байдал /2хх 131/, мөн нэхэмжлэгч нарын түрээсэлж байсан ногооны павилион Х ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрладаг /2хх 26-27, 3хх 173/ зэрэг үйл баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нарыг хариуцагч Х ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байх тул ...Х ХХК нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээний харилцаанд ороогүй, Х ХХК уг маргааны хариуцагч биш... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.б. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт ...түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2 дахь хэсэгт Хөлслөгч нь дараахь эрхтэй гээд 289.2.5-д ...хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гаргасан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах гэж заажээ.

Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх явцад Ж.Д ын өгсөн ...Т.С захиралтай тохиролцсоны дагуу ... Х.Х тусгаарлах хаалт, хаалга зэргийг хийсэн. Харин дээврийн төмрийг Д.М солиулж байсан... гэсэн мэдүүлэг /1хх 174/, шүүхээс үзлэг хийж, засан сайжруулалт хийсэн болохыг тогтоосон нөхцөл байдал /4хх 84-90/ зэргээс дүгнэвэл ...2013 оны 10 сард Т.С захирал намайг дуудаж, лангууг урт хугацаагаар түрээслүүлнэ, чи өнгө үзэмжээ дээшлүүлээд түрээсэл... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар буюу түрээсийн зүйлд засан сайжруулалт хийж, зардал гаргасан гэх тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.

Иймд түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр түрээсийн талбайд хийсэн засан сайжруулалтынхаа зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5.   Давж заалдах шатны шүүхээс 1-р хавтаст хэргийн 65-71-р талд авагдсан Зарлагын баримт-ууд, түрээсийн талбайд засан сайжруулалт хийсэн этгээд Ц.Д ийн /гадна, дотор ханын будаг, эмульс, тусгаарлах вакум хаалт, лампир, хаалга г.м/ гэрчийн мэдүүлэг /4хх 125-127/, түүний бичсэн тодорхойлолт /1хх 64/ зэргийг харьцуулан үнэлээд хариуцагчаас нийт 5,409,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. /480,000 + 1,540,000 + 60,000 + 122,100 + 1,400,000 + 187,200 + 360,000 + 2,800,000/

Харин Худалдан авагчийн нэр хэсэгт нэр нь бичигдээгүй, гадаад хэл дээр бичигдсэн Зарлагын баримт-уудаар засан сайжруулалтын зарим зардал нотлогдохгүй гэж үзлээ.

 

6.   Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/01055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Х ХХК-аас 6,949,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х , Д.М нарт олгож, үлдэх 60,050,700 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...167,288 төгрөг... гэснийг ...126,139 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 167,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР