Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01197

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 181/ШШ2022/00763 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, 41,181,885 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 4,510,785 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б ХХК нь Э ХХК-тай 2019 оны 05 сарын 21-ний өдөр 00/-00-00 дугаартай Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ-г байгуулж, ... 50 айлын орон сууцны 340 м.кв вакум цонх, 62.5 м.кв шилэн хаалга, 198,7 м.кв вакум хаалтыг үйлдвэрлэх, суурилуулах ажлыг 2019 оны 05 сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай, нийт 94,671,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани гэрээт ажлыг 2019 оны 11 сарын 03-ны өдөр бүрэн гүйцэтгэж, ажил хүлээлцсэн акт үйлдэн хүлээлгэж өгсөн боловч захиалагч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ-ний 2.2.1-т Гүйцэтгэгч гэрээний үнийн дүнгийн 50%-ийг гүйцэтгэсний дараа захиалагч өөрийн мэдлийн ... 2 өрөө сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 104,500,000 төгрөгийг гэрээний үнийн дүнд тооцож гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заажээ. Тодруулбал, захиалагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 15 хоногийн дотор гэрээт ажлын төлбөрт орон сууцны эзэмшлийг бодитоор гуйцэтгэгч талд шилжүүлэн өгч, харин өмчлөлийг гэрээт ажлыг 50% гүйцэтгэсний дараа шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Түүнчлэн, гэрээний 4.6-д Гүйцэтгэгч нь захиалагч талаас ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээт ажпыг эхлүүлэхгүй байх эрхтэй гэж заасан боловч манай байгууллага нь захиалагч талд итгэж, хүлээцтэй хандаж гэрээт ажлын хөлснөөс нэг ч төгрөг аваагүй ажлаа бүрэн хийж дуусгасан. Гэтэл захиалагч нь гэрээнд заасан хугацаандаа хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2019 оны 12 сарын 27-ны өдөр гэрээт ажлын хөлсөнд 2012 онд үйлдвэрлэгдсэн 00-00 улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ загварын автомашиныг 53,489,215 төгрөгт тооцон шилжүүлж өгсөн. Улмаар үлдэгдэл 41,181,885 төгрөгийг гэрээний 5.1-д заасны дагуу 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 41,181,885 төгрөг болсон тул нийт гэрээт ажлын хөлснөөс хасч тооцсон гэж захиалагч тал тайлбарлаж төлбөрийг бүрэн төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Дээрх алдангийг захиалагч тал тооцоолохдоо гэрээт ажлын нийт хөлс болох 94,671,100 төгрөгөөс хоног тутам 0.3 хувь буюу 284,013*145=41,181,885 төгрөгийн алданги тооцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д Хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно гэж заасны дагуу захиалагч талаас 2019 оны 08 сарын 30-ны өдрийн 0000/00 тоот албан бичиг, 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 0000/000 тоот албан бичгээр тус тус гэрээт ажлыг 2019 оны 09 сарын 15-ны өдрийн дотор дуусгах нэмэлт хугацааг гүйцэтгэгч талд тогтоож өгсөн. Захиалагч тал гэрээгээр тохиролцсон хугацаандаа хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, эхэлж гэрээний үүргээ зөрчсөнөөс болж манай байгууллагад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилт дутаж ажил гүйцэтгэх материал, ажилчдын цалин, хөлсийг тухай бүрд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байсан. Түүнчлэн захиалагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу анз болох алданги авах эрхээ алдсан гэж үзэж байна. Улмаар манай байгууллагаас удаа дараа үлдэгдэл ажлын хөлсөө төлөх талаарх шаардлагыг 2019 оны 11 сарын 27, 28-ны өдрийн албан бичгээр хүргүүлж байсан. Иймд Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс болох 41,181,885 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Манай компани болон нэхэмжлэгч нарын хооронд 2019 оны 05 сарын 21-ний өдөр Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ байгуулагдсан нь үнэн. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал 2019 оны 05 сарын 21-ний өдрөөс 06 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 340 м.кв талбайд вакум цонх, 62.5 м.кв талбайд шилэн хаалга, 198.7 м.кв талбайд вакум хаалт хийх үүрэг хүлээсэн. Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч тал ажлаа эхлүүлэх ёстой хугацаандаа эхлүүлэхгүй байсан тул бид Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт ...Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасныг үндэслэн орон сууцаа шилжүүлж өгөөгүй. Энэ тухайгаа нэхэмжлэгчид хэлэх үед нэхэмжлэгч тал ...гэрээт ажлаа дуусгасны дараа тооцоо нийлээд, байраа авья гэх хариуг өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд дунд орон сууцтай холбоотой шаардлага гаргаж байгаагүй нь харагдана. Мөн хэргийн оролцогч нарын маргаан болоод буй гэрээг 2019 оны 12 сарын 16-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэх акт үйлдсэн тул одоо тухайн дуусгавар болсон гэрээтэй холбоотой ямар ч шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Э ХХК болон Б ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 21-ний өдөр байгуулагдсан 00/-00-00 дугаартай Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ-ний дагуу Б ХХК нь хариуцагч компанийн хэрэгжүүлсэн төсөл болох Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 50 айлын орон сууцны төслийн вакум цонхыг үйлдвэрлэж, угсарч, суурилуулж, бидэнд актаар хүлээлгэн өгсөн. Түүнээс одоо баригдаж байгаа төсөл биш юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан үйл явдал болоогүй. Э ХХК төлбөрөө төлсөн, харин нэхэмжлэгч тал 2019 оны 12 сарын 16-ны өдөр үйлдэгдсэн Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэх №0 дугаартай актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ор сураггүй алга болсон. Нэхэмжлэгч нь 00/-00-00 дугаартай гэрээний 1.6-д ...Ажил эхлэх хугацаа: 2019 оны 05 сарын 21 гэж, 1.7-д ...Ажил гүйцэтгэж дуусах хугацаа 2019 оны 06 сарын 11 гэж тус тус үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох 2019 оны 11 сарын 03-ны өдөр үйлдсэн Цонх суулгасан акт-аар нотлогдоно. Нэхэмжлэгч тал 2019 оны 11 сарын 03-ны өдөр үйлдсэн Цонх суулгасан акт-ыг үйлдэх хүртэл 1 ширхэг ч цонх хүлээлгэж өгөөгүй бөгөөд гэрээт ажлыг 100 хувь хүлээж авсан цорын ганц акт нь 2019 оны 11 сарын 03-ны өдөр үйлдэгдсэн болно. Талууд 00/-00-00 дугаартай Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ-г 2019 оны 12 сарын 16-ны өдөр дүгнэж, №0 дугаартай актыг үйлдсэн. Уг актаар нэхэмжлэгч тал 41,181,885 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх, 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 Улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг гэрээний төлбөрт тооцож авах, Улсын комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөх, холбогдох ажилтанд шалгуулж, хүлээлцэх, 10 гологдол цонхны шилийг засаж түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд гэрээний төлбөрийн зөрүү болох 4,510,785 төгрөгөөс чөлөөлүүлэх, хариуцагч тал 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 Улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг гэрээний төлбөрт шилжүүлж өгөх, 10 гологдол цонхны шилийг засаж түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд гэрээний төлбөрийн зөрүү болох 4,510,785 төгрөгөөс нэхэмжлэгч талыг чөлөөлөх. Э ХХК дээрх актын дагуу 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 Улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг гэрээний төлбөрт шилжүүлж өгсөн буюу нэхэмжлэгч өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Түүний дараагаар Улсын комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөлгүй ор сураггүй алга болсон. Нэхэмжлэгч тал Улсын комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөх, холбогдох ажилтанд шалгуулж, хүлээлцэх үүргээ биелүүлэлгүй ор сураггүй алга болсон тул бид 4,510,785 төгрөгөөс чөлөөлөхөөс татгалзаж улмаар энэхүү мөнгөн дүнг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа болно. Иймд Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б ХХК-аас 4,510,785 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: 10 цонх гэдэг нь 2019 оны 11 сарын 03-ны өдрийн акт, улсын комисс хүлээж авсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх гэрээний дагуу нэг ч төгрөг авахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэсэн байхад Э ХХК санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ашиглан машин ав, үлдэгдэлд нь тооцьё гэсэн акт байгуулсан. Энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас нийт 23,267,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдэх 17,914,025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч Б ХХК-аас нийт 4,510,785 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 363,859 төгрөгийг, хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 87,123 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 274,289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Талуудын хооронд 2019 оны 05 сарын 21-ний өдөр "Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ байгуулагдсан. Талууд уг гэрээг 2019 оны 12 сарын 16-ны өдөр дүгнэж №0 дугаартай актыг үйлдсэн. Уг актаар талууд тус бүр дараах эрх эдэлж үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч тал 41,181,885 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх, 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 Улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг гэрээний төлбөрт тооцож авах, Улсын комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөх, холбогдох ажилтанд шалгуулж, хүлээлцэх,

10 гологдол цонхны шилийг засаж түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд гэрээний төлбөрийн зөрүү болох 4,510,785 төгрөгөөс чөлөөлүүлэх, хариуцагч тал 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 Улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг гэрээний төлбөрт шилжүүлж өгөх, 10 гологдол цонхны шилийг засаж түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд гэрээний төлбөрийн зөрүү болох 4,510,785 төгрөгөөс нэхэмжлэгч талыг чөлөөлөх. Манай компани дээрх актын дагуу 58,000,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 Улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг гэрээний төлбөрт шилжүүлж өгсөн буюу хариуцагч өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Түүний дараагаар Улсын комиссын шалгалтаар илэрсэн 10 гологдол цонхны шилийг засаж өгөлгүй ор сураггүй алга болсон.

6.б. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар гаргах эрх, үүргээ биелүүлээгүй. Тухайн үед буюу 2019 оны 12 сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэх үед тулган шаардсан мэтээр худал тайлбар гаргасан буюу тооцоо нийлэх, акт үйлдэх үед манай компанийг тулган шаардсан мэтээр худал тайлбар гаргасан. Бидний зүгээс хүчээр энэ машиныг ав гэх мэтээр тулган шаардсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал гүйцэтгэх ёстой ажлаа хугацаандаа биелүүлж, хүлээлгэн өгөөгүй буюу 145 хоног хэтэрсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт ...Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гэж заасны дагуу бидний хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д заасан заалт нь дээрх хуулийн заалттай нийцсэн. Нэхэмжлэгч тал гэрээт ажлыг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байтал 11 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн. Үүнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд үүргээ гүйцэтгээгүй бол хэрхэх тухай тохиролцсон заалтын дагуу алданги тооцож, нэхэмжлэгч тал алдангаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэв дээрх алданги нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэн бол тэр даруй шүүхэд хандах эрх нь ч нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч тал бидэн рүү харж гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй, танай алдангийг хүлээн зөвшөөрч байна гэсэн атлаа 2021 оны 09 сард шүүхэд хандаж, биднийг гүтгэж байгаад гомдолтой байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч алдангиа хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон тул 41,181,885 төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхгүй юм. Иймд Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б ХХК-аас 4,510,785 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2019 оны 11 сарын 03-ны өдрийн цонх суулгасан акт, 2020 оны 01 сарын 02-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай Улсын комиссын дүгнэлт зэргээс үзвэл 10 ширхэг гологдол шилний тухай дурдаагүй. Мөн хариуцагчаас 10 гологдол шилийг завсарлахад нийт 4,510,785 төгрөгийн зардал гарсан гэх тайлбар хэлдэг. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Б ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэж 2019 оны 11 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн. Энэхүү хугацаанд Э ХХК-аас урьдчилгаа төлбөр болон гэрээний гүйцэтгэлийн төлбөрийг аваагүй. 2019 оны 11 сарын 03-нд ажлаа хүлээлгэн өгөхдөө хариуцагч гэрээнд заасан төлбөрөө огт төлөхгүй байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаны эцэст 2019 оны 12 сарын 06-ны өдөр вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх актыг байгуулсан. Гэрээний төлбөрт Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг 58,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлж, 145 хоногийн алдангид 41,188,885 төгрөгийг тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6.1-д заасныг зөрчсөн. Учир нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3% алданги тооцох гэж заасан боловч хариуцагч Э ХХК нь гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсон нь Иргэний хууль болон гэрээний заалтыг зөрчсөн. Мөн хугацаа хэтэрсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.3 дахь хэсэг болон 2.2.4 дэх хэсэгт заасан заалтыг биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 41,181,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний төлбөрийн зөрүү 4,510,785 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.   Талууд 2019 оны 05 сарын 21-ний өдөр №00/-00-00 тоот Вакум цонх захиалгаар үйлдвэрлэх, суурилуулах гэрээ байгуулж, Б ХХК нь өөрийн материалаар Баянгол дүүрэг, 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын 50 айлын орон сууцны вакум цонх /340 м.кв/, шилэн хаалга /62.5 м.кв/, вакум хаалтны /198.7 м.кв/ ажлыг 2019 оны 06 сарын 11-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсөнд ... 47.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож /нийт 104,500,000 төгрөг/ шилжүүлэн өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 6-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.

 

4.   Дээрх ажлыг Б ХХК хийж гүйцэтгэн 2019 оны 11 сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн, Э ХХК гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 00-00 улсын дугаартай Лексус Ар Икс 455 Эйч /LEXUS RX455H/ маркийн автомашиныг 58,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Харин талуудын үйлдсэн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн №00 тоот Вакум цонхны ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх акт-д тусгагдсан 145 хоногийн алданги гэх 41,181,885 төгрөг үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5.   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн-гээс тооцохоор зохицуулжээ.

Гэтэл Б ХХК ажил гүйцэтгэх хугацааг 145 хоногоор хэтрүүлсэн гэх үндэслэлээр нийт үүргийн үнийн дүн-гээс алданги тооцож /94,671,100 х 0.3% х 145/, ажлын хөлснөөс 41,181,885 төгрөгийг суутгаж, гэрээний төлбөрийн зөрүү 4,510,785 төгрөг гэж тооцоолол гаргасан нь хуульд заасан дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийг 41,181,885 төгрөгөөр тооцож ажлын хөлснөөс 17,914,025 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэл муутай байх боловч энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир хариуцагчаас 23,267,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

6.   Гэрээний төлбөрийн зөрүү 4,510,785 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд, өмнө дурдсанчлан уг дүнг гаргасан тооцоолол үндэслэлгүй, мөн Э ХХК-аас 10 ширхэг цонхны гологдлыг арилгахад 4,510,785 төгрөг зарцуулсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 181/ШШ2022/00763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 450,981 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР