Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2022/00020

 

                                                          

 

 

 

      2022         05              11                                             223/МА2022/00020

 

 

Т.А сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2022/00237 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.А сангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Д.П-ид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,865,410.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А сангаас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээ Д.П-той байгуулж 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан.

Гэвч иргэн Д.П нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа утсаар ярьж шаардсан боловч төлбөрөө төлж барагдуулахгүй өнөөдрийг хүртэл 08 жил 03 сар 01 хоног өнгөрсөн байгаагаас Сум хөгжүүлэх сангийн эрх ашиг зөрчигдөж хохирол учирсаар байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.П миний биед 2008 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас олгогдсон 11 000 000 төгрөг бүхий 20х6 хэмжээтэй хүлэмж-1 ширхэг, жижиг оврын трактор 1 ширхэг, 30 тн багтаамжтай зоорь барих 6,000,000 төгрөг, эдгээр нийлээд 11,000,000 төгрөг юм. Гэтэл хүлэмж, трактор хоёр нь ирээд 6,000,000 төгрөг нь ирэлгүй 2011 он болсон. Тууштай хөөцөлдөж байж 5,000,000 төгрөгийг авч зоорь барьсан. 1,000,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй. 5,000,000 төгрөг авсан юм чинь гарын үсэг зурсан. Энэ төсөл эргэн төлөгдөхгүй, хүүгүй мөнгө байсан. Төв аймгийн 27 суманд агро хүлэмж зориулалтаар олгогдсон. Одоо болохоор Сум хөгжүүлэх сангаас авсан мөнгө гээд байгаа. Би Сум хөгжүүлэх сангаас төлөвлөгөө, төсөл, өргөдөл гаргаж зээл хүсээгүй. Үүний учир зүйг олж өгч тусална уу. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл 5,000,000 төгрөгийг төлөх ёсгүй гэж бодож байна. Учир нь гэвэл 2008 онд Төв аймгийн 27 суманд 11,000,000 төгрөгийн төсөлд хамрагдаж жижиг трактор, хүлэмж, 30 тонны зоорь босгох 6,000,000 төгрөг бэлнээр ирэх байсан боловч ирээгүй юм. Тухайн үед сумын Засаг дарга дээр очиж уулзахад надад бэлнээр 5,000,000 төгрөг өгөөд 1,000,000 төгрөгийг удалгүй өгнө гэж хэлээд 5,000,000 төгрөг авсан гээд гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурсан юм. Түүний дараа надаар сум хөгжүүлэх сангийн зээлийн хүүтэй мөнгө гарын үсэг зуруулж өгсөн болж таарсан юм. Би сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Энэ нь миний алдаа юм. Миний өмнө хэлсэн төсөл нь эргэн төлөгдөхгүй төсөл байсан. Хэрэв би сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол миний бичиж өгсөн төсөл байх ёстой. Энэ талаар сумын Засаг даргад тайлбар бичиж өгсөн. Одоо тухайн үеийн сумын Засаг дарга нас барчихсан. Нэгэнт миний бие мэдэлгүй сум хөгжүүлэх сангийн зээлд гарын үсэг зурчихсан тул өмнөх миний хүлэмж, тракторын эргэн төлөлтгүй төслийн 6,000,000 төгрөгийг надад өгөх юм бол энэ 5,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байгаа юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 182 дугаар зүйлийн 182.2.1-т заасныг баримтлан хариуцагч Д.П-оос 7,865,410.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Асанд олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 140,797 төгрөгийг хариуцагч Д.П-оос гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.П давж заалдах гомдолдоо: 2008 онд Төв аймгийн сумуудад сургалтын агро паркийн зориулалтаар комлекс ирсэн юм. Уг төсөлд хүлэмж 20х6 хэмжээтэй 1 ширхэг, жижиг оврын трактор 1 ширхэг, зоорь 3 тн барихад зориулж 6,000,000 төгрөгийн төсөл миний нэр дээр олгогдсон юм.

 

2008 оны 10 дугаар сард уг төслийн жижиг оврын трактор хүлэмжийн хамт хүлээж авснаар уг төсөл хэрэгжиж эхэлсэн. 2009 оны хавраас би зоориныхоо ажлыг эхэлж сумын удирдлагад хандан төслийн нэг хэсэг болох 6,000,000 төгрөгөө шаардаж удаа дараа хөөцөлдсөн юм.

 

3 хэртэй хөөцөлдсөний үр дүнд тухайн үеийн М.Бнамайг өрөөндөө дуудаж 2011 оны 05 дугаар сард нярав Б.Сайнзаяагаар 5 000 000 төгрөгийг бэлнээр авчруулж надад өгсөн билээ. Би тэр мөнгийг төслийн мөнгө гэж бодоод авсан. Үүнээс хойш сумын М.Б өрөөндөө дуудаж нөгөө авсан мөнгөнийхөө баримт дээр гарын үсгээ зур гээд зурсан. Би тухайн үед учрыг нь ухаж ойлгоогүй гарын үсэг зурснаа хожим хойно ойлгосон юм. Надад төслийн мөнгө гэсэн ойлголт бүрэн суусан учраас эргэж төлөгдөх юм гэж бодолгүй зоорио барихыг яаравчилсан нь алдаа болж одоо намайг өр төлбөрт унагаж байна.

           

            Асуудал үүсэж өр төлбөр болоод ирэхээр учрыг нь магадлан үзвэл намайг ум хөгжүүлэх сангийн мөнгөөр хуурч, төслийн мөнгийг өөр аргаар залилж хэрэглэсэн болж таарч байна. Сум хөгжүүлэх сан бол олон шатны комисс, ажлын хэсгээр шүүгдэж шалгардаг учиртай юм билээ. Сум хөгжүүлэх сангийн зээлийг ямар ч шалгаруулалтад оруулалгүйгээр бэлнээр өгөх учир огт байхгүй.

 

  1. Банкаар гүйлгээ хийх ёстой гэж үзэж байна.
  2. Өргөдөл гаргаагүй.
  3. Төсөл тооцоо хийгээгүй, хуурамч материал байна лээ.
  4. Комиссоор ороогүй

           

Миний итгэл үнэмшил, мэдлэг нимгэнийг ашиглан луйвар болсныг сүүлд мэдлээ. Би төслийн зориулалтыг хэлцэл ёсоор гүйцэтгэсэн. Одоо би хууль цагдаагийн газраар энэ луйвар, залиланг шалгуулж байгаа. Бүх л юм хуурамч сумын сангийн нэрээр луйвар болсныг би батлах болно. Би шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Асуудал тодорхой болох байх. Төслийн бичиг баримт болох “Шаргал төмс” төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хуурамч байна. Надад нотлох баримтууд байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч Д.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Т.Асан нь хариуцагч Төв аймгийн Борнуур сумын  2 дугаар багийн иргэн Боржигон овогт Д.П холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5,000,000 төгрөг, хүү 552,710.96 төгрөг, алданги 2,312,700 төгрөг, нийт 7,864,410.96  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.П нь “2008 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас олгогдсон 11,000,000 төгрөг бүхий 20x6 хэмжээтэй хүлэмж-1 ширхэг, жижиг оврын трактор 1 ширхэг, 30 тн багтаамжтай зоорь барих 6,000,000 төгрөг, эдгээр нийлээд 11,000,000 төгрөг юм.

 

Гэтэл... 6,000,000 төгрөг нь ирэлгүй... хөөцөлдөж байж 5,000,000 төгрөгийг авч зоорь барьсан... Энэ төсөл эргэн төлөгдөхгүй, хүүгүй мөнгө байсан. Төв аймгийн 27 суманд агро хүлэмж барих зориулалтаар олгогдсон. Одоо болохоор Сум хөгжүүлэх сангаас авсан мөнгө гэж байгааг гайхаж байна. Миний бие Сум хөгжүүлэх сангаас төлөвлөгөө, төсөл, өргөдөл гаргаж зээл хүсээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлд хариу тайлбар гаргажээ.

 

Т.А нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Сан байгуулах, зарцуулах журам”-ын хүрээнд тус сумын иргэн Д.П-той тохиролцон 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 5,000,000 төгрөгийг 24 сар буюу 2 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу 2013 оны 06 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээжээ. /хх-н 35/    

 

Дээрх гэрээнд зээлдэгч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдүүлэгч тал нь Т.А-г төлөөлж тус сумын Н.М, зээлдэгч тал нь тус сумын иргэн Д.П нар хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан, сумын Засаг дарга тамга дарж гэрээг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлагуудад нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн үүргийн биелэлт болох зээл, хүү, гэрээгээр тохирсон нэмэгдэл үүрэг буюу хариуцлага болох алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар тус тус шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа гэж тодорхойлж, хууль хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны зарим хэсэг болох зээлийг хүүг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар  шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2.1 гэж шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 гэж зөвтгөн өөрчлөлт оруулав.

 

Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгууль тооцохоор тохирсон гэж анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

 

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй талын төлөх анзыг хууль болон гэрээ байгуулахдаа урьдчилж тодорхой хэмжээгээр заасан эсхүл үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон байдаг бол мөн зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын /торгууль, алданги/ хоёр төрлөөс алдангийг хэрэглэхээр бичгээр гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч Д.П нь Т.А-гийн зээлийг 2008 онд Төв аймгийн сумуудад сургалтын агро паркийн зориулалтаар ирсэн төслөөс хүлэмж 1ш /20х6/, жижиг оврын трактор 1ш, 30 тн зоорь барихад зориулж 6,000,000 төгрөгийн төсөл олгогдсон. Үүнээс хүлэмж 1ш, трактор 1ш хүлээж авсан. 6,000,000 төгрөгийг 3 жилийн турш хөөцөлдөж байж 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгийг төслийн мөнгө гэж бодож байсан чинь “Сум хөгжүүлэх сан”-ийн мөнгөөр хуурч төслийн мөнгийг өөр аргаар залилж хэрэглэсэн болж таарч байна. Би шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, татгалзаж буй үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.    

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.П-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2022/00237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 182 дугаар зүйлийн 182.2.1-т заасныг баримтлан хариуцагч Д.П-оос 7,865,410.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Асанд олгосугай” гэснийг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.П-оос 7,865,410.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Асанд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Д.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.П-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                          ШҮҮГЧИД                                           Н.ЭНХМАА

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ