Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2022/00022

 

 

 

 

 

                                                         

 

 

    2022         05             11                                          223/МА2022/00022

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00277 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлтэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 80.000.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг Төв аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Нэргүйн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, прокурор Д.Нэргүй, гуравдагч этгээд ........./цахим сүлжээгээр/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөг эцэг Нанзадын Туваан нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазын ял авсан юм. Хожим Улсын дээд шүүхийн 1992 оны 98 дугаар магадлалаар цагаатгагдсан. Өвөг эцэг .........цагаатгалын нөхөн олговрыг миний аав .........авахаар материал бүрдүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Зууны мэдээ” сонины 82 дугаарт нийтэд мэдээлсэн. Аав .........маань нэхэмжлэлээ Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө нас барсан юм. Ингээд тус шүүхээс 1 жилийн дараа нэхэмжлэх эрх үүснэ гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн дараа Нийслэлийн тойргийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, 0038 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр авсан.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу миний аав .........нь эцэг Н.Туваантай холбоотой бүх материалыг бүрдүүлсэн боловч өөрөө авч чадалгүй нас барсан. Миний хувьд Х.Санжаагийн ганц охин бөгөөд миний аав Багануур дүүрэгт амьдарч байсан тул

харьяаллын дагуу Багануур дүүрэгт өв нээгдсэн учир нөхөх олговор авах нэхэмжлэлийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Улсын Дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 62 дугаар тогтоолын 6, 7, 8, 9, 10 дахь заалтад нөхөх олговор авах дарааллыг баримталж, Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 19-д “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барсны дараа түүний эрхийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан дарааллын дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ” гэснийг үндэслэн нас барсныг нотолсон баримт, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэсэн болно. Иймд 60.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн шүүхэд миний аав болох .........нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Би уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа ......... эгч өвлөх эрх авч нэхэмжлэл гаргасан. Мөн ......... эгч цагаатгалын нөхөн олговроос 60.000.000 төгрөг, би 20.000.000 төгрөгийг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Би 1978 онд, намайг 3 настай байхад миний аав болох .........нь миний ээж болох Л.Цэрэнхандтай гэр бүл болж Төв аймгийн Архуст суманд амьдарч байгаад 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай ээж нас барж, аав бид хоёр Багануур дүүрэгт шилжиж очин манай гэрт хамт амьдарсан. Багануур дүүрэгт манай ах нар амьдардаг байсан учир тэд нар дээрээ ойрхон байхаар нүүсэн. Би тухайн үед 25 настай байсан. Түүнээс хойш хамт амьдарч байгаад аав минь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний гар дээр нас барсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч .........ын өвөг эцэг болох Нанзадын Туваан нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж цаазын ял авсан. Хожим Улсын дээд шүүхийн 1992 оны 98 дугаартай магадлалаар цагаатгагдсан. Өвөг эцэг болох .........нөхөн олговрыг одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэгч .........ын аав болох .........гэх хүн нөхөн олговор авахаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд материал бүрдүүлэн өгч нэхэмжлэл гаргасан байдаг. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдаан товлон зарласан. Шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө нэхэмжлэгч .........гэх хүн нас барсан. Улмаар 1 жилийн дараа дахин нэхэмжлэх эрх үүснэ гэсний дагуу одоогийн нэхэмжлэгч ......... нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэлийг үргэлжлүүлэн гаргасан. Энэ хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 0038 дугаартай өв залгамжлах эрхийг гаргуулж авсан. Энэ хэрэг нь Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч нарыг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл хэсэг заалтыг тайлбарлах тухай 62 дугаар тогтоолын 7, 8, 9, 10 дахь заалтад нөхөн олговор олгох дарааллыг тайлбарласан. Мөн Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 19-т хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барсан, сураггүй алга болсон бол эдгээрийг нотолсны дараа түүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч тэдгээрийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ гэснийг үндэслэж нас барсныг нотолсон баримт болон өв залгамжлах эрхийг хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгч ......... нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох .........тай харилцан тохиролцож ......... 60.000.000 төгрөг, .........нь 20.000.000 төгрөг авахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .........ын нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжин оролцож байна. Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад .........гэх хүн хэлмэгдсэн гэдэг нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Түүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харамсалтай нь шүүх хуралдаан болохоос өмнө .........нас барсан. Ингээд өв залгамжлалын асуудал яригдаж нэг жилийн дараа өвлөх эрх үүсэж өвлөх эрхийн гэрчилгээ авч түүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Санжааг 2020 он хүртэл хамт байж Х.Санжааг асарч байсан гэдгийг нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартай санал нэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т энэ зүйлийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байх хугацаанд эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлал шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн охин .........ад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2-т заасан заалтуудад нөхөн олговрын хэмжээг зохицуулсан. Түүнийг прокурор үндэслэсэн байдаг. Уг хэрэгт өв залгамжлалын асуудал яригдаж хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 215, 218 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлал шилжиж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 9 дэх заалтад мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т ач, зээ гэдгийг хэлмэгдэгчийн хүү буюу охиноос гарсан хүүхдийг хамааруулна гэж заасан байдаг. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нас барах сураггүй алга болсон бол түүнийг нотолсны дараа түүний эрхийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дараагийн өв залгамжлагчид шилжүүлнэ гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр ......... нь хэлмэгдэгчийн хүүгийнх нь хүүхэд буюу ач охин нь бөгөөд нэхэмжлэл гаргах өв залгамжлах эрх бүхий этгээд мөн гэдгийг хэлмээр байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Нэргүй анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хуульд заасан эрх үүргийнхээ дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримт болон өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс харахад .........хилс хэрэгт хэлмэгдсэн, түүний хүү .........шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнийг миний бие үгүйсгэхгүй. Өмнө энэ нөхцөл байдлаар өв залгамжлах эрх нээгдэж цагаатгалын нөхөн олговор гаргуулсан шүүхийн шийдвэр гарсан шүүх хуралдаанд орж миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдсэн. Энэ хэргийг хянан хэлэлцэх явцад Улсын ерөнхий прокурорын газраас прокурор оролцож байсан. Түүний дараа Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж түүний дагуу аймгуудын Прокурорын газарт мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд цагаатгалын асуудалд буруу ойлголттой явж байсан талаар дурдсан байсан. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Иймд .........ад тухайн нөхөн олговрын олгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл хангасан хүнд өвлөх эрх шилжинэ гэсэн байдаг. Харин 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан өвлөх эрх нээгдэхгүй. Бид өнгөрсөн хугацаанд хуулийн зүйл заалтыг шууд утгаар нь ойлгож буруу шийдвэр гаргаж байсан байдаг. Нэгэнт хуулийн үзэл баримтлалыг агуулгаар нь тайлбарлаж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн учир миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн байр сууриас оролцож байна. Иймд нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргаж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уянга анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Нанзадын Туваан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагаатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн. Түүнд холбогдсон баримтуудыг дурдвал хэлмэгдэгч Н.Туваанд холбогдуулж Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас авсан лавлагаанд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяа 1938 онд хэлмэгдэх үедээ 50 настай байсан. Тухайн үеийн мэдүүлэгт эхнэр н.Алтангэрэл нялх хүүхдийн хамт амьдардаг байсан гэх лавлагаа, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор хэлмэгдэгч .........өргөмөл хүүхдээр Х.Санжааг тогтоосон баримтуудыг үндэслэн түүнд 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр 1.000.000 төгрөгийн нөхөн олговор олгосон баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн .........нь улсын комисст 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн. Түүний баримтад үндэслэж улсын комиссоос нэхэмжлэгч Х.Санжаагийн нэрийг Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 82-т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заагдсан 80.000.000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй болохыг олон нийтийн сонин мэдээлэлд мэдээлсэн байгаа. Энэхүү нийтлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд улсын комисст нэхэмжлэлийн маргаан үүсгэсэн баримт бүртгэгдээгүй байгаа.

 

.........нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барж түүний хууль ёсны өв залгамжлагчаар .........ад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Эдгээр баримтуудыг үндэслэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т энэ зүйлийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нь хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж буй хугацаандаа эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан бол түүний эрх хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ гэж зааснаар нөхөн олговор өгөхөд татгалзах зүйлгүй, түүнийг дэмжиж оролцож байна.

 

Улсын дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоолд улсын комисст ирж байгаа зарим практикийг харахад нэхэмжлэлийн маргаан нэлээдгүй гардаг. Хэрэв нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд харилцан тохиролцвол шүүх түүнийг үндэслэж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг үндэслэж манай зүгээс нэхэмжлэгч нарын тус бүхийн данс руу нөхөн олговрыг олгох боломжтой гэжээ.

 

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д тус тус заасныг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговрын 80.000.000 төгрөгөөс 60.000.000 төгрөгийг Буриад овогт Санжаагийн .........ад, 20.000.000 төгрөгийг Боржигин овогт .........д нарт тус тус олгож,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг улсын төсвөөс зохих журмын дагуу гаргуулах, түүнд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст үүрэг болгож,

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар ......... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Нэргүйн гаргасан давж заалдсан гомдолдоо: Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэн .........ын нэхэмжлэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох 80.000.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасныг тус тус баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд олгох нөхөн олговрын 80.000.000 төгрөгөөс 60.000.000 төгрөгийг .........ад, 20.000.000 төгрөгийг .........д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзлээ. Учир нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлнө” гэж зохицуулан заажээ.

 

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2-т нөхөх олговрын талаарх зохицуулалт байхын зэрэгцээ гэр орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц эсхүл орлох мөнгө аваагүй байх нөхцөл шаардаагүй, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгахаар зохицуулсан байна.

 

Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаан болж 27 дугаар магадлалд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-д тус тус заасан Үндсэн Хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд уг маргаан нь Үндсэн Хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо гэж дүгнэсэн байна.

 

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу ойлгож хэрэгжүүлсэн бөгөөд Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “нэхэмжлэгч нас барсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарчээ.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

 

Иймд Монгол Улсын Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

 

Х.Санжаагийн хууль ёсны эрх залгамжлагч .........аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч .........цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний аав .........улс төрийн хэрэгт хэлмэгдэн цаазын ял шийтгэгдсэн эцэг .........нөхөх олговрыг авахаар Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан боловч шүүх хуралдаанаас 2 хоногийн өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйл, уг хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоолын 6, 7, 8, 9, 10 дахь заалт, Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 19-д заасныг тус тус үндэслэн 60.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү гэж,

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр .........ыг татан оролцуулсан байх ба тэрээр бие даасан шаардлагынхаа үндэслэлийг хойд эцэг нас барснаас хойш нэг жилийн дараа эгч ......... өвлөх эрхийн гэрчилгээ авч нэхэмжлэл гаргасан тул бидний байгуулсан эвлэрлийн гэрээнд заасны дагуу 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн тус тус тодорхойлжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөх олговрыг хоёр үндэслэлээр олгохоор зохицуулсан.

 

Дээрх хуулийн 10 дугаар зүйлд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхийг хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, дээрх хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээд нь олгосон байдаг. 

 

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т хэлмэгдэгч нь цаазаар авхуулах ял шийтгүүлсэн бол 80.000.000 төгрөгийг, хорих ял шийтгүүлсэн бол 40.000.000 төгрөгийг хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан, түүнийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл улс төрийн хэрэгт хэлмэгдэгч .........нь 1938 оны 03 дугаар сарын 14-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлүүдэд зааснаар хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж[1], БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар “Магадлал”[2]-аар Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар хурлын тогтоолоос .........болон нэр бүхий нийт 37 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг нь ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Мөн Үндэсний төв Архивын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/2639 тоот лавлагаанд[3] Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 135 дугаар хуудсанд .........эрэгтэй, 42 настай, эхнэр .........42 настай гэж бүртгэгдсэн байх ба, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 64 дүгээр “Шийдвэр”-ээр[4] улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан Нанзадын Тувааны өргөмөл хүүхдээр Хандын Санжааг тогтоон шийдвэрлэж уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хэлмэгдэгч .........өргөмөл хүү .........Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлэн “Зууны мэдээ” сонины[5] 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 82 /6307/ дугаарт нийтлэгдсэн “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын 4-т нэрээ зарлуулж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан тул шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д /зохигч болох хүн нас барсан.../ зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.[6]

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа асуудал биш бөгөөд шүүх мөн хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг хэлэлцэх үед тогтоогдсон буюу маргааныг тус шүүх хуралдаанаараа шийдвэрлэх үндэслэлгүй болсныг илэрхийлсэн ажиллагаа тул энэ талаар эрх бүхий этгээд дахин шүүхэд хандан нэхэмжлэлээ гарган маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй байдаг болно.

Энэ үүднээс Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...” гэж заасны дагуу Х.Санжаагийн охин ......... 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д заасны дагуу Нотариатаас 0038 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ” авч, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.  

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэлмэгдэгч .........хүү .........нас барсан 0000229014 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдсон. Хэлмэгдэгчийн өргөмөл хүү .........нь нөхөх олговрын нэхэмжлэлээ шүүхэд гаргасны дараа нас барсан тул түүний өв залгамжлагч ......... цагаатгалын нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдан дээр дурдагдсан болон бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгч болон Х.Санжаагийн өргөмөл охин болох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .........нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу .........ад 60.000.000, .........д 20.000.000 төгрөгийг олгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий зөв болжээ.

 

Иймд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцсон прокурорын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Давж заалдах гомдол гаргасан этгээд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Д.Нэргүйн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Давж заалдах гомдол гаргасан этгээд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

                                                                                М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 15-р тал, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/4267 тоот лавлагаа

[2] хх-ийн 16-17, 113-119-р тал

[3] хх-ийн 14-р тал

[4] хх-ийн 110-р тал

[5] хх-ийн 11-р тал

[6] хх-ийн 95-р тал