Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0534

 

“З и б” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Т.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З и б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.5-43.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З и б” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “З и б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

Нэхэмжлэгч “З и б” ХХК давж заалдах гомдолдоо: “...тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул уг шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргахдаа “З и б” ХХК-д мэдэгдээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “Сонсох ажиллагааг” явуулаагүй гэж маргасан.

Хариуцагчаас “Сонсох ажиллагааг” явуулсан эсэх талаар шүүхэд тайлбар ирүүлэхдээ “...иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-28.1.3-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй” гэсэн.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд энэ тайлбараа үгүйсгэж “...сонсох ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаар өөрийн Ulaanbaatar.mn сайтад байршуулсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр маргаан бүхий актыг тус өдөрт нь мөн сайтдаа байршуулж, уг захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн...” гэж тайлбарлаж маргасан.

Харин нэхэмжлэгчийн зүгээс бид энэ сайтад байршсан мэдээллийн талаар мэдэхгүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй тул энэ сайтад үзлэг хийлгэж, тэрхүү мэдээллийг нотлох баримтаар бэхжүүлж үнэлэх талаар шүүгчид хүсэлт гаргасан боловч шүүгч “...сайтад байгаа мэдээлэл бол нийтэд илэрхий баримт учраас шууд шүүх хуралдаан дээр үзээд явж болно гэх агуулгатай тайлбар хэлж, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. /Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүний дахин нотлохгүй гэж заасан.

Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзээгүй байх гол нөхцөл байдаг. Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзээгүй байх нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлдог бөгөөд эдгээрт байгалийн үзэгдэл, онцгой үйл явдлууд, нийгэм, улс төрийн амьдралын үйл явдлууд хамаардаг.

Нэхэмжлэгч “З и б” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг 2018 оны 01 дүгээр сарын буюу 6 сарын дараа мэдэж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг мэдэгдээгүй, энэ талаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож маргаж байхад шүүгч сайтад байгаа мэдээлэл нь нийтэд илэрхий баримт, энэ талаар маргаангүй гэж үзээд шүүх хуралдаан дээр уг мэдээллийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Сайтад байгаа мэдээлэл нийтэд илэрхий үйл баримтын дээрх шинж, гол нөхцөлийг хангаж чадаагүй байгаа тул нийтэд илэрхий баримт гэж үзэх боломжгүй юм.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжаар нийт 98 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлаж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд эдгээрээс ихэнх нэхэмжлэгч компаниуд актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаж байгаа.

Нэхэмжлэгч нь сайтад байгаа мэдээллийг мэдэхгүй, энэхүү мэдээллийг үйл явдлын талаар хариуцагчтай маргаантай байхад шүүх хэргийг эргэлзээгүй шийдвэрлэх үүднээс энэхүү мэдээлэл байгаа сайтад хоёр талыг байлцуулан үзлэг хийж, нотлох баримтыг баталгаажуулах ёстой байсан.

 Гэтэл Ulaanbaatar.mn сайтаар дамжуулан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн гэх хариуцагчийн тайлбар, үндэслэл болгож байгаа сайтын мэдээллийг нэхэмжлэгчид харуулж, танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй боловч нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг шүүхээс зөрчиж хариуцагч байгууллагаас ирсэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Эвлэрлийн гэрээний тухай” албан бичиг, шаардлагыг “З и б” ХХК-д танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болж, хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар хойшилж, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болохоор товлогдсон.

Хариуцагчаас ирүүлсэн дээрх “Эвлэрэх гэрээний тухай” албан бичиг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирсэн байсан бөгөөд үүнээс 3 хоногийн дараа шүүх хуралдаан болоход энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж, танилцуулаагүй. Нэхэмжлэгч шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гардаж авахад шүүх энэхүү албан бичгийг танилцуулсан ба уг албан бичигт “...хувийг А.С шүүгчид” гэж хаягласан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

“З и б” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “З и б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий тус хэргийг анхан шатны шүүх Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэнд “З и б” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн эзэмшсэн Сонгинохайрхан дүүргийн “З” нэртэй газарт 27.23 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-........ дугаарт тусгай зөвшөөрөл хамрагдсан байна.

Нэхэмжлэгч уг захирамжийг өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-01/154 дүгээр хяналт шалгалтын удирдамжийн дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт, хайрга, дайрга олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 02-03-455 дугаартай танилцуулгыг үйлджээ.

Уг танилцуулгын “Арван нэг. Цаашид авах арга хэмжээний санал” гэсэн хэсэгт Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл аваад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гаргажээ.

Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын дарга нарын хамтран баталсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан байх бөгөөд уг аж ахуйн нэгжүүдийн судалгаанд нэхэмжлэгч “З и б” ХХК орсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болохоор зааж, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгох”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.4-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.3-д “аймаг нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл журмыг зааж хуульчилжээ.

Нэгэнт Нийслэлийн Засаг дарга А/609 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох эрх хэмжээг хэрэгжүүлэх хуулиар олгосон  бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуулийн зүйл, заалтыг үндэслэн “З и б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хүчингүй болгох боломжгүй байна.  

Анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/1721[1] дугаар албан бичгээр “З и б” ХХК 2015-2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулж, батлуулсан эсэх, түүнтэй холбоотой баримтууд, тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2012 оноос хойш ашиглаж байсан эсэх талаарх тайлбар, төлбөр төлсөн баримт, үйл ажиллагаа явуулж байсныг нотлох баримтуудыг шаардсан, нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “... ашиглалтын талбайд ашиглалт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ...үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбогдуулан шаардлагатай зөвшөөрөл, тайлан төлөвлөгөөг бэлтгэн батлуулах, ... батлуулахаар ажиллаж байсан ...”[2] гэсэн хариу тайлбарыг шүүхэд хүргүүлснээс үзвэл “З и б” ХХК 2013-2018 онуудад холбогдох тайлан, төлөвлөгөөг огт гаргаж байгаагүй, хянуулаагүй, батлуулаагүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш 4 жил гаруйн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэдэг нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн “хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж тодорхойлон маргасан хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...шүүгч сайтад байгаа мэдээлэл нь нийтэд илэрхий баримт, энэ талаар маргаангүй гэж үзээд шүүх хуралдаан дээр уг мэдээллийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, “Ulaanbaatar.mn сайтаар дамжуулан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн” гэх хариуцагчийн тайлбар, үндэслэл болгож байгаа сайтын мэдээллийг нэхэмжлэгчид харуулж, танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, ...нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг шүүхээс зөрчиж хариуцагч байгууллагаас ирсэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Эвлэрлийн гэрээний тухай” албан бичиг, шаардлагыг нэхэмжлэгчид танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй.

Учир нь, маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч “түгэмээл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуул байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хариуцагч өөрийн үйл ажиллагааг өдөр тутам мэдээлдэг вэбсайтаар олон нийтэд мэдээлж, маргаан бүхий акт гарсан талаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус сайтаар дамжуулан мэдээлж, маргаан бүхий актыг байршуулсан байна. Мөн Нийслэлийн Байгаль орчны газраас маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн боловч “хаяг тодорхойгүй, холбогдох утас ашиглалтад байхгүй, ...хаяг нүүсэн буюу тодорхойгүй байсан” гэсэн шалтгаанаар илгээгч рүү буцаажээ.[3]

Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар 27.2.2-т заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллагын үйл ажиллагааг өдөр тутам мэдээлдэг /Ulaanbaatar.mn/ вэбсайтад байгаа мэдээлэл нь хэргийн оролцогчид болон олон нийтэд илэрхий байх тул түүнийг заавал шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид харуулж, танилцуулах шаардлагагүй бөгөөд үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч гомдолдоо “хариуцагч байгууллагаас ирсэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Эвлэрлийн гэрээний тухай” албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирсэн байсан бөгөөд үүнээс 3 хоногийн дараа шүүх хуралдаан болоход энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж, танилцуулаагүй” гэжээ.

Уг захиргааны хэргийг анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэж, шийдвэр гаргажээ. Гомдолд дурдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Эвлэрлийн гэрээний тухай” 07/2996 дугаар албан бичгийг анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэсний дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн болох нь гомдлыг хүлээн авсан анхан шатны шүүхийн дардсаар тогтоогдож байна.

Гэвч уг албан бичгийн хүлээн авсан дардаст огноог “2017 оны 07 дугаар сарын 19” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд шүүх тэдгээрийг эвлэрүүлэх талаар арга хэмжээг авах үүргийг хүлээдэг. Анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан эхлэхэд шүүх хуралдаанд даргалагчаас шүүх хуралдаанд оролцогч нарын эрх, үүргийг танилцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж, тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй” гэдгээ илэрхийлсэн байхаас гадна давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, “Эвлэрлийн гэрээний тухай” 07/2996 дугаар албан бичиг нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний дараа ирсэн, түүнчлэн нийтэд илэрхий баримтыг шүүх дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч “З и б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З и б” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

 


[1] ХХ-ийн 43 дугаар хуудас

[2] ХХ-ийн 44 дүгээр хуудас

[3] ХХ-7,8 дугаар хуудас.