Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 307

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

 хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын

 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Х.Батсүрэн,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0156 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч М.М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулж,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0156 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “XV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “нэхэмжлэгч “Э” ХХК-ийн XV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгахыг хүссэн захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагчаас хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар бүхий дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “Э” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн. Энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй...” гэж давж заалдах гомдол гаргасан.

5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ “Э” ХХК-ийн эзэмшлийн XV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд хайгуул эрэх хайх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой гэж зөв дүгнэлт хийжээ гэж үзсэн байна.

6. Хэргийг тодруулбал, төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 426 дугаар шийдвэр гарсан болно.

7. Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр тус аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.

8. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар бүхий дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “Э” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй.

9. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

10. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

12. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

13. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр “Алтандорнод” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Э” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд тус Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ...Ажлын хэсгийн 2019/12 дугаар дүгнэлтээр “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаж шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий энэхүү шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар дүгнэлтээр, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн, “Э” ХХК-ийн эзэмшдэг ...тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж дүгнэжээ.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: ...56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичигт “...ашигт малтмалын хайгуулын XV-006219 дугаар, тусгай зөвшөөрөл бүхий “Э” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаа тул ...тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэснээс өөрөөр, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх ямар хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасныг тогтоосон талаарх баримтыг ирүүлээгүй, өөрөөр хэлбэл тус компанийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байна. Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, түүний гаргасан зөрчлийг шалгаж тогтоолгүй, 2019/12 дугаар дүгнэлтийг гаргасан нөхцөл байдал тогтоогджээ. 

16. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дээрх дүгнэлтийг үндэслэн, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

17. Харин, “ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдэл зөв боловч “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах эс үйлдэхүй тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл, дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай. Учир нь, шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчлэл сэргэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй юм.

18. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА