Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 338

 

М.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалтай, М.Б холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 104-75 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Мийн Б.

М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.О Бүгд найрамдах солонгос улс руу найдвартай виз гаргана хэмээн хуурч, түүнээс 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Б бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүнд 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 5,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Б гаргасан гомдолдоо “...Миний бие О учруулсан хохирлын үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаа шат шатны шүүхэд бодитой илэрхийлж байгаа бөгөөд надаас өөр төлж барагдуулах хамаатан садан байхгүй болно. Би айлын ганц хүүхэд бөгөөд одоо бага насны 2 хүүхэд болоод өндөр настай ээжийн хамт амьдардаг. Ээж асаргаанд байдаг. Анхан шатны шүүх хурлын өдрийг хойшлуулж хохирлыг бүрэн барагдуулж шүүх хуралд оролцох байсан боловч өмгөөлөгч Т.Баярцэнгэл нь шүүх хуралдаанд хувийн сахилга батгүй оролцож, харилцан тохиролцолгүй, шүүгчийн хурлыг хойшлуулах хүсэлтийг эсэргүүцэн миний эрх зүйн байдлыг дордуулсан. Өмгөөлөгч Т.Б нь өмгөөлөх эрхгүй байсныг мэдэж Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргахад шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Ийнхүү хоригдож байх хугацаанд миний явуулж буй ажлууд хэрхэн ажиллаж байгаа, эсвэл яаж зогссон нь одоог хүртэл тодорхой бус Т.Б нь нэг ч удаа өмгөөлөгчийн уулзалтаар ирж байгаагүй. Короно өвчин гарсантай холбоотой хөл хорио тогтоосноор миний бие дахин өмгөөлөгч авах, хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй болсон. 2020.02.04-нд шийтгэх тогтоол ирсэн өдрөөс эхлэн Хууль зүйн туслалцааны төвд өмгөөлөгч авах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч давж заалдах шатны шүүх хурал хүртэл нэг ч өмгөөлөгч ирж уулзаагүй. Хуралд ямар ч бэлтгэлгүй, хойшлуулах хүсэлтэй байсан боловч Д.Пүрэвдорж өмгөөлөгч оролцсон.

Давж заалдах шатны шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлсэн боловч техникийн саатлаас шалтгаалан намайг гэм буруу дээр маргасан гэж үзсэн байна. Д.Пүрэвдорж өмгөөлөгч сүүлд хорих анги дээр ирж уулзан бөгөөд хохирлын талаар ярилцахад томилолтын өмгөөлөгч нь зөвхөн тус хэрэгт л өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ, итгэмжлэлээр төлөөлөн ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Миний бие гэм буруугаа дахин хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгааг минь хүлээн авч, эрүүл мэндийн байдал болон урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч М овогтой Б гэм буруутайгаа ойлгож байгаа. Тэрээр анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамрагдаж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 50 хувь буюу 5 сая төгрөгийг төлсөн, үлдсэн хэсгийг нь даруй төлөхөө илэрхийлж байгаа, түүний биеийн байдал муу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч туйлаас харамсаж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн, тэнсэх эсхүл өөр төрлийн ялаар солих, мөн албадлагын арга хэмжээ хэрэглэж туслана уу. Шүүгдэгч М.Б нь өндөр настай ээж, бага насны 2 хүүхэдтэй болно” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо миний огт мэдээгүй зүйлсийг дурдаж бичсэн байна. М.Бийн дүү гэх залуу өөр өмгөөлөгч авсан гэж хэлсэн учир миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Бидний хооронд өөр үл ойлголцол гараагүй. Шүүгдэгчийн ээжийнх нь хүсэлтээр хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэж, шүүгдэгчийн ээжийн биеийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялаас үлдсэн ялыг тэнсэж өгнө үү. Үйлдсэн хэргийн талаар маргах зүйл байхгүй” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б холбогдох хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул гомдлуудыг хүлээж авах боломжгүй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн М.Б холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.О Бүгд Найрамдах Солонгос улс руу найдвартай виз гаргана хэмээн хуурч, түүнээс 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх М.Б холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН