Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 5

 

2019        12          23                                   2020/ШЦТ/05

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг,

шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хачит овгийн М.Б д холбогдох эрүүгийн 1911015961077 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хачит овгийн М.Б , 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 104-75 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянбүрдийн тойргийн ойролцоо иргэн Б.Оюунбилэгт Бүгд найрамдах солонгос улсруу найдвартай виз гаргана хэмээн хуурч, Б.Оюунбилэгээс 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, Б.Оюунбилэгээс авсан мөнгөнийхөө 5.600.000 төгрөгийг визний материалд зарцуулсан. Миний хувьд залилсан зүйл байхгүй. Хохирогчид үлдсэн мөнгийг төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Оюунбилэг хүнээс хүүтэй мөнгө зээлээд виз гаргуулахаар М.Б д өгсөн. Уг мөнгөнөөс урьд нь 1 сая төгрөг, дараа нь таван зуу, таван зуугаар өгсөн. Өнөөдөр хурлын өмнө 3 сая төгрөг өгсөн. Одоо үлдэх мөнгө болох 5 сая төгрөгийг нэхэмжилж байна. Одоо ч хүнээс зээлсэн мөнгөний хүүг төлж байгаа. Б.Оюунбилэг нь гадаадад байгаа учраас шүүх хуралд орж чадахгүй, надад итгэмжлэл хийж өгөөд явсан. Мөрдөгч уг итгэмжлэлийг үндэслээд намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Хохирогч Б.Оюунбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Анх Базаррагчаа гэх хүнтэй фейсбүүкээр дамжуулан танилцаж байсан ба танилцах болсон шалтгаан бол Базаррагчаа нь Бүгд найрамдах солонгос улсын виз найдвартай гаргана хэмээн зарлал тавьсан байсны дагуу би түүнтэй холбоо барьсан. Зараар Базаррагчаатай 99482053 дугаараар холбогдоход надад “...чи манай ажил дээр ирээд өөрийн биеэр уулзаарай...” гэж хэлсэн бөгөөд түүний ажил нь Сүхбаатар дүүргийн Хоймор Төвийн 14 давхарт 1403 тоотод оффис түрээслэдэг байсан ба тухайн өдөр ажил дээр нь очиж уулзахад надад “...би ийм том компаний танил хүн бөгөөд, би Бүгд найрамдах солонгос улсын элчингийн 2 дахь том захиралтай хамтран ажиллаж байсан ба би өөрөө ч мөн элчин сайдын яаманд ажилладаг байсан...” гэж хэлж байсан. Надад Бүгд найрамдах солонгос улсын визинд ороход гадаад пасспорт, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл зэргийг 10 сая төгрөгийн хамтаар авчраарай гэж хэлсэн тэгээд 21-14 хоногийн дотор виз гарна гэж байсан. ...Ингээд би зөвшөөрөөд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түүний оффист уулзаж бичиг баримтаа өгсөн бөгөөд түүний оффисоос гараад нотариатын газарт орж зээлийн гэрээ хийсэн. Мөнгөө харин Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргийн орчимд Базаррагчаагийн 60-92 УМП улсын дугаартай машин дотор нь мобайл банкаар Хаан банкны 5753495910 дугаарын данснаас Базаррагчаагийн Голомт банкны 3205102956 дугаарын данс руу нийт 10 сая төгрөг шилжүүлэн өгч байсан. Тухайн үед Базаррагчаа бид 2 хамт байсан намайг эмчилгээний шугамаар Бүгд найрамдах солонгос улс руу явуулна гэж байсан. ...Миний бие маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Турк улс руу явахаар болсон бөгөөд эгч Батцэцэг маань уг асуудалд намайг төлөөлөх бөгөөд бид хоорондоо итгэмжлэл хийлгэсэн гадаад улс руу явах болсонтой холбоотойгоор өөрийн биеэр очиж оролцож чадахгүй болоод байна...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дүү Б.Оюунбилэг нь Бүгд найрамдах солонгос улс руу явах зорилгоор өөрийн фейсбүүк цахим хаягаар зар хайж байтал “...Бүгд найрамдах солонгос улс руу богино хугацаанд буюу 14-21 хоногийн дотор эмчилгээний шугамаар хүн гаргана...” гэсэн утга бүхий зар тавьсан байсан ба уг зарын дагуу дүү маань 99482053 гэсэн дугаараар холбогдоход “...12 сая төгрөгөөр виз гаргана, урьдчилгаа 10 сая төгрөгийг эхлээд өгчих, харин виз гарсаны дараа 2 сая төгрөгийг нь авна...” хэмээн ярьж байсан бөгөөд тухайн үед би дүүгийнхээ дэргэд, түүний яриаг сонсож байсан. Тэрхүү зараар холбогдсон хүн нь өөрийгөө “...Солонгосын элчин сайдын яамны 2 дахь захирлыг нь таньдаг, хамтран ажиллаж байсан” гэж дүүд маань утсаар хэлж байсан бөгөөд дүүг маань өөрийн биеэр түүний ажлын байр гэх Хоймор төвийн 14 дүгээр давхарт ирж уулзахыг санал болгосон. ...Ингээд дүү маань тэрхүү хүнтэй уулзсаны дараагаар Солонгос явуулах хүнийг М.Б  гэдэг юм байна, надад нэрийн хуудсаа өгсөн, энэхүү нэрийн хуудсан дээр бичсэн компаний захирал нь гэнэ, нилээд нөлөө бүхий хүн юм шиг байна. Намайг маргааш өдрийн дотор 10 сая төгрөг олоод урьдчилгаа өгчих гэж байна, цаг хугацаа алдаад хэрэггүй, хурдан байвал сайн байна гэж хэлсэн ба тухайн үед би дүүгээ хурдхан Бүгд найрамдах солонгос улс руу яваасай гэж бодсондоо өөрийн танилаасаа 1 сарын хугацаатай, 10 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр түр зээлж дүү Оюунбилэгтээ өгсөн. Гэтэл тэрхүү Базаррагчаа нь дүүгээс маань миний зээлж олж өгсөн 10 сая төгрөгийг Бүгд найрамдах солонгос улс руу явуулна гэж хэлж авчихаад одоог хүртэл мөнгөө ч эргүүлж өгөөгүй. ...Дүү маань хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ойролцоогоор 2 жил орчим хугацаанд Турк улсад ажиллаж амьдрах байх. Базаррагчаа нь өмнө нь надад 1 удаа 1.000.000 төгрөг, 2 удаа 500.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд нийт 2 сая төгрөгийг шилжүүлсэн, одоогоор 8 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд оролцоно...” гэх мэдүүлэг /хх 30-32/,

Гэрч Б.Анхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Базаррагчаа гэх хүнийг би огт танихгүй. Манай уг 2 компанид ямар ч Базаррагчаа гэх хүн ажилладаггүй. Манай торгоны зам ХХК-д одоогоор ямар нэгэн албан ёсны лого байхгүй бөгөөд миний хувьд бодохдоо уг хүн нь манай компанийн логог өөрөө зохиож хийсэн байна хэмээн үзэж байна. Торгоны зам ХХК-ийн захирал Базаррагчаа гэх хүн байдаггүй...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч А.Энхтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг нэрийн хуудаснуудыг М.Б  өөрөө хийлгэж байсан байх. Яагаад гэвэл намайг Хятадруу явахаас өмнөхөн надаас “...офист чинь суухдаа би өөртөө нэрийн хуудас хийж болох уу...” гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

Шүүгдэгч М.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний бие анх 2019 оны 03 дугаар сард өөрийн фейсбүүк цахим хаяг болох “...Солонгос улсруу визны зөвлөгөө өнгө...” гэсэн нэртэй групп дээр “...Бүгд найрамдах солонгос улсын элчинд визны марериал бүрдүүлнэ...” гэсэн утгатай зарлал байрлуулсан бөгөөд уг зарын дагуу Оюунбилэг гэх эмэгтэй нь надтай чатаар холбогдож эхэлсэн, надаас “...хэрхэн ямар шугамаар Бүгд найрамдах солонгос улсын визэнд оруулах юм, ямар баримт бичиг, материал бүрдүүлэх юм бэ...” гэж асуухад нь би түүнд “...Бүгд найрамдах солонгос улсын визэнд чамайг эмчилгээний шугамаар оруулна, бүрдүүлэх материалд гадаад пасспорт, гэрлэлтийн лавлагаа оршин суугаа хаягийн тодорхойлолт, эмнэлэгт үзүүлж байсан өвчний түүх, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг аваад, надтай Хоймор төвийн 14 дүгээр давхар 1403 тоотод өөрийн биеэр ирж уулзаарай, визэнд орох нийт төлбөр нь 10 сая төгрөг болно...” гэж хэлсэн. Ингээд маргааш өдөр нь санагдаж байна Оюунбилэг нь ганцаараа өөрийн гадаад пасспорт болон 10 сая төгрөгөө дансандаа хийсэн байдалтай надтай ирж уулзсан бөгөөд би түүнээс “...бусад баримт бичгүүд нь хаана байгаа юм бэ...” гэж асуухад надад “...би маргааш эхлээд бусад баримтуудаа бүрдүүлээд аваад ирнэ, харин одоо гадаад пасспорт, мөнгөө өгчихье...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс паспорт болон 10 сая төгрөгийг нь авах гэтэл Оюунбилэг нь гэнэт “...би зүгээр ингээд мөнгөө чамд өгмөөргүй байна аа, ямар нэгэн баримт бичиг хиймээр байна, хоёулаа хамт гарч гэрээ хийе, тэгээд би мөнгөө шилжүүлье...” гэхээр нь би зөвшөөрөөд бид хамтдаа Баянбүрдийн ойролцоо ирээд нэгэн нотриатын газар байхаар нь орж 10 сая төгрөгийг миний бие Оюунбилэгээс зээлэн авч байгаа зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан. Ингээд гэрээ хийсний дараа бид тус нотариатын газраас гараад машиндаа суусан бөгөөд Оюунбилэг нь миний Голомт банкны 3205102956 дугаарын дансанд 10 сая төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Мөнгө хүлээн авсаны дараагаар би түүнд үлдэгдэл матриалуудаа хурдан бүрдүүлж өгөөрэй, материалаа бүрдүүлж өгсөний дараа визэндээ орно...” гэж хэлээд Оюунбилэгийг гэрт нь хүргэж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх 44-47/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 57/, шүүгдэгч М.Б гийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 52-59, 71-90/, хохирогч Б.Оюунбилэгийн Хаан банкны депозит дансны хуулга /хх 11, шүүгдэгч М.Б гийн Голомт банкны дансны хуулга /хх 18-20/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 16-17, 22/, зээлийн гэрээ, итгэмжлэл /хх 13-14/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгт хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянбүрдийн тойргийн ойролцоо иргэн Б.Оюунбилэгт Бүгд найрамдах солонгос улсруу найдвартай виз гаргана хэмээн хуурч, Б.Оюунбилэгээс 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хохирогч Б.Оюунбилэгийн “...Надад Бүгд найрамдах солонгос улсын визинд ороход гадаад пасспорт, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл зэргийг 10 сая төгрөгийн хамтаар авчраарай гэж хэлсэн тэгээд 21-14 хоногийн дотор виз гарна гэж байсан. ...Ингээд би зөвшөөрөөд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түүний оффист уулзаж бичиг баримтаа өгсөн бөгөөд түүний оффисоос гараад нотариатын газарт орж зээлийн гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх 24-25/, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн “...тухайн үед би дүүгээ хурдхан Бүгд найрамдах солонгос улс руу яваасай гэж бодсондоо өөрийн танилаасаа 1 сарын хугацаатай, 10 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр түр зээлж дүү Оюунбилэгтээ өгсөн. Гэтэл тэрхүү Базаррагчаа нь дүүгээс маань миний зээлж олж өгсөн 10 сая төгрөгийг Бүгд найрамдах солонгос улс руу явуулна гэж хэлж авчихаад одоог хүртэл мөнгөө ч эргүүлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх 30-32/, гэрч Б.Анхбатын  “...Базаррагчаа гэх хүнийг би огт танихгүй. Манай уг 2 компанид ямар ч Базаррагчаа гэх хүн ажилладаггүй...” гэх мэдүүлэг /хх 36-37/, гэрч А.Энхтөрийн “...Уг нэрийн хуудаснуудыг М.Б  өөрөө хийлгэж байсан байх. Яагаад гэвэл намайг Хятадруу явахаас өмнөхөн надаас “...офист чинь суухдаа би өөртөө нэрийн хуудас хийж болох уу...” гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх 38-39/, шүүгдэгч М.Б гийн “...би түүнээс паспорт болон 10 сая төгрөгийг нь авах гэтэл Оюунбилэг нь гэнэт “...би зүгээр ингээд мөнгөө чамд өгмөөргүй байна аа, ямар нэгэн баримт бичиг хиймээр байна, хоёулаа хамт гарч гэрээ хийе, тэгээд би мөнгөө шилжүүлье...” гэхээр нь би зөвшөөрөөд бид хамтдаа Баянбүрдийн ойролцоо ирээд нэгэн нотриатын газар байхаар нь орж 10 сая төгрөгийг миний бие Оюунбилэгээс зээлэн авч байгаа зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан. Ингээд гэрээ хийсний дараа бид тус нотариатын газраас гараад машиндаа суусан бөгөөд Оюунбилэг нь миний Голомт банкны 3205102956 дугаарын дансанд 10 сая төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 44-47/, хохирогч Б.Оюунбилэгийн Хаан банкны депозит дансны хуулга /хх 11, шүүгдэгч М.Б гийн Голомт банкны дансны хуулга /хх 18-20/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 10.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 5.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Б гаас гаргуулан иргэний нэхэмжлэгч Баасайн Батцэцэг /рд: ПЖ82040101/-д  олгуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хачит овгийн М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б гаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баасайн Батцэцэг /рд: ПЖ82040101/-д олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН