Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 339

 

Т.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 437 дугаар магадлалтай, Т.Э холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 6-12 насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхоны 6-88 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Харчин овогт Түмэнжаргалын Эрдэнэбаатар.

Т.Э нь эхнэр С.Быг 2012 оны 08 дугаар сар, 2014 оноос 2018 оны 03 дугаар сар хүртэл эд хөрөнгө, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Эыг гэр бүлийн харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэж хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Э.Ө, Э.У нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Э холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн эрх зүйн зарчмын хүрээнд шүүх тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүгчийн дотоод итгэл үнэмшил, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодит байдлыг тогтоон, хэргийг тал бүрээс нь бие даан хянан шийдвэрлэдэг билээ.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу “ноцтой зөрчил” гэж үзэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн анхан шатны шүүхээр ял оногдуулахдаа хөнгөдсөн гэсэн агуулгаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг ноцтой зөрчих гэдгийг тусгайлан журамласан бөгөөд анхан уатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй юм.

Давж заалдах шатын шүүхээс хэргийг хянан хэлцэхдээ өмгөөлөгчдийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих 5айдлын 1.1, 1.3 дахь хэсэгт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Т.Э холбогдох хэргийг мөрдөн шалгах явцдаа хэт нэг талыг барьж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байдаг. Мөрдөгч амиа хорлосон, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэдгийг өөрөө шууд тогтоон мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж явуулж, нөгөө талын хохирогчид өгөх мэдүүлгийг нь зааж, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тодруулбал, мөрдөн байцаагч нь мэргэжлийн хүмүүс шинжилгээ хийж гадны нөлөөтөй, нөлөөгүй эсэх дүгнэлтийг гаргаагүй байхад гадны нөлөөгүй гэж шууд үзэн хэргийг мөрдөн шалгасан байна. Хэргийн нөхцөл байдпыг тогтоохын тулд бүх зүйлийг нарийвчлан шалгаж, бусад гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж тогтоосны үндсэн дээр зүйлчлэх ёстой болохоос нэг цогцос олдонгуут маргааш нь шууд нөхрийг нь амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн гэж дүгнэсэн нь энэ хэрэг анхнаасаа хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхээс Т.Эыг 2012-2017 оны хооронд гэр бүлдээ үргэлж дарамттай, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэж, үүний улмаас талийгаач амь насаа гарцаагүй хорлоход хүргэсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн.

Гэр бүл болсон хойно бие биедээ туних, үл ойлголцох, гэр бүлийн нандин харилцаа зэрэг хэнд ч мэдэгдэхгүй нөхцөл байдал байдаг билээ. Түүнийг гагцхүү гэр бүлийн гишүүд л мэдэх боломжтой. Талийгаач болон Эын хооронд нарийн нандин харилцаа байсан болохыг хэрэгт цугларсан нотлох баримт тэдний хооронд бичиж байсан чатнаас тодорхой харж болно. Тухайлбал, 2018 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн хохирогч, шуүгдэгч нарын хоорондын “би чамдаа хайртай шүү, сэтгэл санаа хэцүү байна, чамайг хөдөө явна гэхээр миний уур хүрч, сэтгэл давчдаад байна ” гэх захидал байдаг /хх-ийн 216-217/ бөгөөд энэ нь эхнэр хүний хувьд нөхөртөө өөрийнхөө сэтгэлийг илчилж хайртай, санаж байснаа илчилсэн, 3 сарын сүүлчээр Өмнөговь аймгаас ирэхдээ гэр бүлийн зураг авахуулж байсан байдаг. Ийм гэр бүлийн харилцаанд “байнга дарамталсан, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн,” гэж үзэж болох уу. Энэ мэт гэр бүлийн нарийн нандин харилцааг тэдний хоорондох чатнаас тодорхой харагдаж байхад амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж хэргийг хянан шийдввэрлэсэн. Тэгээд ч Э нь талийгаачийг амь алдахаас сарын өмнө хөдөө тусдаа амьдарч байсан билээ.

Хэдийгээр гэр бүлийн маргаан, зөрчил байсан боловч Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “амиа хорлох нөхцөл байдалд гарцаагуй хургэсэн” гэх шинж байхгүй, түнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй байхад шүүхээс ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх гэмт хэргийн обьектив шинж тогтоогдоогүй байхад ял халдаан хорих ял оногдуулсанд өмгөөлөгч би гомдолтой байна. Тухайн гэр бүлийн үл ойлголцол байгаа боловч дээр дурдсан амиа хорлох гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн обьектив шинж тогтоогдоогүй.

Гэмт хэргийг бүрэн дүүрэн нотлож тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч Т.Э ял оногдуулсан бөгөөд амь хохирогчийн бага насны 3 хүүхэд үлдсэн байдаг. 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүүхдүүдийн асран хамгаалагч тогтоогдоогүй, бага насны 2 хүүхэд нь бэтгэрсэн, сэтгэл санааны хүнд дарамтанд орсон үнэхээрийн хэцүү, хүнд байдалтай байна. Хүүхдүүд нь “миний ээжийг миний аав алсан”-ы улмаас шоронд орсон гэж ухаан суусан хүүхдүүд ойлгож эхэлсэн бөгөөд хүүхдүүдийн сэтгэл санаа хямарсан, эрүүл мэндийн хувьд, сэтгэл санаа, нийгмийн харилцааны хувьд ямар үр дагавар гарах, хүүхдүүдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг шүүх анхааарах ёстой билээ.

Талийгаач нь амь насаа алдахын өмнө сэтгэл санааны хувьд гүн хямарсан болох нь нөхөр Эын дарамт, үйлдэлтэй холбоотой байв уу эс бөгөөс жилийн өмнө нас барсан ээжийгээ санан дурсаж сэтгэлийн зовлон шаналалаас болсон уу. Үүнийг гэмт хэргийг мөрдөн байцаах явцад огт шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл талийгаач нь амь насаа алдахаас өмнө ээжийг санаж, тодорхой хэмжээний сэтгэл санааны хямралд автсан байсан нь амиа хорлоход хүргэх үндсэн шалтгаан болсон эсэхийг гэмт хэргийг мөрдөн шалгах явцад тогтоогоогүй бөгөөд нөхөр Эыг буруутгаж гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийг тал бүрээс бүрэн дүүрэн нотлох энэ мэт эргэлзээтэй олон нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй Эрдэнбаатарт ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс дээрх бодит байдлыг тогтоох нотлох баримтыг, үндэслэлүүдийг харгалзан үзэлгүйгээр хэргийн бодит байдалд илт нийцээгүй, эргэлзээтэй гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж өрөөсгөл дүгнэлт хийн, хэргийг шийдвэрлэсэн байна.

Хуульчид бид хүний эрхийг дээдлэн, эрх зүйн зарчмыг хүндэтгэн, бодит мэдээлэлд хууль зүйн дүгнэлт өгч Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөв хэрэглэж гэмт хэргийн бодит байдалд мэргэжлийн дүгнэлт өгч, хууль дээдлэх ёсыг хамгаалан ажиллах ёстой билээ.

Иймд миний үйлчлүүлэгч Т.Эын үйлдсэн гэх гэмт хэргийн нотолбол зохих байдпыг бүрэн дүүрэн нотлоогүй байх тул Эрүүгийн хэрэг хнан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Т.Эыг гэм буруугүйд тооцож өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Т.Эын үйлдлээс болж эхнэр нь амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх хангалттай нотлох баримтуудад үндэслэж шүүх шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Гэр бүлийн маргаанаас болж ам зөрж, муудалцаж байсныг шууд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх нь учир дутагдалтай. Эхнэрээ нас барахаас өмнөх хэдэн сарын хугацаанд ямар нэгэн таарамжгүй харьцаатай байгаагүйг цахим хаяг болон гар утсанд хийсэн үзлэгээр нотлогддог. Эдгээр захидлуудад дүгнэлт хийхэд гэр бүлийн гишүүдийн хооронд маргах, бие биедээ хатуу, зөөлөн үг бичиж байсан зүйлүүд байсан хэдий ч үүнээс болж амь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал гэж дүгнэх үндэслэлгүй.

Амь хохирогч 2017 онд ээж Д.Бадгарыгаа нас барснаас хойш сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон нь Т.Эын удаа дараагийн мэдүүлэг, гэрч М.Оргилсайханы мэдүүлэг /хх-ийн 193-р тал/, хэрэгт авагдсан захидлууд, бичлэгүүд /амьдрах ^үсэлгүй байгаа тухай/ зэргээс болон амиа хорлох үйлдэл хийх үедээ “Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв”-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 961 дугаартай сэтгэцийн оношоор “Стресст үзүүэх хожуу буюу унжирсан хариу урвал”-тай зэргээр тогтоогдсон болно. Мөн амь хохирогч нь нойргүйдлийн хам шинж өвчнөөр өвчилж шөнө унтахаа болисон талаар “Манба дацан” Эмнэлгийн карт /хх-ийн 209-р хуудас/-д тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь Т.Эын үйлдлийн улмаас амь хохироогүй, өөр шалтгаанаар буюу стресс, сэтгэл зүйн тогтворгүй байдын улмаас золгүй тохиолдлоор амиа хорлосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн обьектив шинж нь эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүнийг хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Тэгвэл Т.Эын үйлдлийн хувьд дээрх шинжүүд үгүйсгэгддэг. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогч талын ашиг сонирхол бүхий гэрчүүдийн 2012, 2014, 2017 оны үеийн 2 удаагийн зодсон гэх асуудал нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, өөр өөр байдлаар мэдүүлсэн ба амь хохирогчийн 2018 оны 4-р сарын 10-ний өдөр амиа хорлосон үйлдэлтэй шалтгаант холбоогүй. Т.Эын хувьд 2017 оны 8-р сараас 2018 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Ганц модны боомтонд ажиллаж байсан ба сардаа 2-3 удаа гэртээ ирж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог.

Австрали улсаас 2018 оны 4-р сарын 4-ний өдөр бизнесийн түншээс нь урилга ирж гэр бүлээрээ явахаар сүүлийн 6 сарын банкны дансны хуулга авахаас болж эхнэр, нөхрийн дунд үл ойлголцох байдал үүссэн байдаг. Амь хохирогчийн хувьд гэр бүлийн санхүүгийн барьж , санхүүгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй байсан нь түүний Хаан банкны 5028237193 тоот дансны гүйлгээгээр нотлогддог.

2013 онд төрсөн хүү Эын Э, 2011 онд төрсөн хүү Эын Ө, 2008 онд төрсөн охин Эын У нарын насанд хүрээгүй хүүхдүүдээ асран хамгаалах, харгалзан дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Т.Э холбогдох хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэрэгт 4 удаагийн яллах дүгнэлт үйлдэгдсэн бөгөөд захирамжийн заалт биелэгдээгүй үндэслэлээр шүүхээс удаа дараа прокурорт буцаж байсан. Шүүгдэгч нь амь хохирогчийг дарамталж байсан үйл баримт хангалттай тогтоогдсон. С.Б нас барсан хэдий ч талийгаач нь “Стресст үзүүлэх хожуу буюу унжирсан хариу урвал” өвчтэй байсан гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан байдаг.

Давж заалдах шатны шүүхийн “анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байдалд хүргэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Э холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Т.Э нь эхнэр С.Быг 2012 оны 08 дугаар сар, 2014 оноос 2018 оны 03 дугаар сар хүртэл эд хөрөнгө, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл бойдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Т.Э холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг байна.

 

Шударга ёс гэдэг нь өөртөө эрх зүй, гүн ухаан, ёс суртахууны зэрэг нийгмийн харилцааны олон хүчин зүйлсийг агуулсан өргөн ойлголт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнтэй уялдан эрүүгийн эрх зүй дэх шударга ёсны зарчим нь бусад суурь зарчмууд, юуны түрүүнд хууль ёсны, эрх тэгш байдал, хүнлэг энэрэнгүй зарчмын үзэл санааг өөртөө давхар агуулж байдаг.  

 

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Тиймээс анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, Г.Наранбаатар нарын гомдолд дурдсан давж заалдах шатны шүүхийн магадлалын талаарх хүсэлтийг хүлээн авч харин эдгээр гомдлын “...хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 437 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч М.Амарбаяр, Г.Наранбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН