Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

 

 2020              04           09                                        2020/ДШМ/437                        

 

 

Т.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор Н.Дуламсүрэн,

            шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, М.Амарбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Э-т холбогдох 1806031170598 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Т-ын Э, Ховд аймгийн Ховд суманд 1980 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Чулуут 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Шинэ хотхоны 0-00 тоотод оршин сууж байсан, /регистрийн дугаар: 000000000/

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Т.Э- нь 2012 оны 8 дугаар сар, 2014 оноос 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд эхнэр С.Баяржаргалыг эд хөрөнгө, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ оруулж байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т.Э-ыг гэр бүлийн харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Санжаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Э.Элбэгсайхан, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Э.Өсөх-Ирээдүй, 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Э.Урангоо нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалуулахаар зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллах дүгнэлт үйлдэхдээ хэт нэг талыг барьсан, гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ хайнга хандсан, мөрдөн шалгах ажиллагаа хууль бус явагдсан /байнга зодож, дарамталдаг байсан гээд хэлээд өгөөч, цагдаа манай талын хүн хэмээн гэрчүүдээс хохирогчийн тал гуйсан/ гэж үзэж байна.

Бидний хувьд хоорондоо ярилцаад 2017 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтын боомтод том оврын автомашины дугуй зарахаар очсон. Хол учир сардаа нэгээс хоёр удаа гэртээ ирдэг байсан. 2017 оны 5 дугаар сард хадам ээж  нас барсны дараа эхнэр маань үргэлж уйлах, хоол ундаа идэхгүй байх, фэйсбүүктээ ээжийгээ санасан сэтгэгдэл бичих зэргээр сэтгэл санаа нь хямралд орсон байгаа нь ажиглагдсан. 2018 оны цагаан сарын дараа нойргүйдэж, илт турж эцэн сэтгэл санаа нь хүчтэй хямарч эхэлсэн. Тухайн үед миний хийж байсан ажил зогсонги байдалд орж, бид их хэмжээний өрөнд орсон нь нөлөөлсөн гэж бодож байна. 3 дугаар сараас хойш над руу “... үхмээр байна, хэцүү байна ...” гэсэн утгатай мессеж бичих болсон. Ээжийнхээ үхэлтэй эвлэрч чадахгүй байгаа тухай, өөрт нь маш хэцүү байгаагаа үргэлж бичих болсон учир би ажлаа орхиж гэртээ ирсэн. Миний хувьд аль болох сэтгэл санааг нь засах, тайван байлгах гэж тоглолт үзүүлэх, хөдөө гэр бүлээрээ салхинд гарах, гэр бүлийн зураг авахуулах зэргээр өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийж байсан. Бидний хооронд ойр зуурын, гэр бүлийн хэрүүл маргаан байсныг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь 2012, 2017 онуудад үл ойлголцон гар хүрсэн асуудал байгаа боловч тухайн үедээ шийдээд өнгөрсөн асуудал юм. Миний хувьд эхнэрээ гарцаагүй амиа хорлох байдалд хүргээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх “... шүүгдэгч Эрдэнэбаатар болон амь хохирогч С.Баяржаргал нарын гэр бүлийн хамаарал бүхий харилцаа нь биенээ үгүйсгэсэн, хэн хэнийгээ үл тоосон гэж үзэж тунирхсан, харилцан ойлголцоогүй, хүлээцтэй хандаагүй, шүүгдэгч нь ажиллаж байгаа гэх шалтгаанаар гэр бүлээсээ тусдаа амьдрах, эхнэр болон хүүхдүүдэдээ хайр халамж үзүүлээгүй, хайхраагүй, өөрийн амиа хорлоно гэх байдлыг удаа дараа гаргасан зэргээс гэр бүлийн таагүй орчин бий болж, үүнээс шалтгаалж хоорондох харилцаанд маргаан үүсэж, сэтгэл санааны дарамтыг их хэмжээгээр учруулж, зарим тохиолдолд бие махбодид нь халдаж өөрийнхөө амийг хорлоно гэх зэргээр тамлан зовоож, айлган сүрдүүлсний улмаас амь хохирогч сэтгэл санааны дарамтанд орж амиа хорлоход гарцаагүй хүргэсэн ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, зөвхөн нэг талыг барьж яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн дүгнэж үзсэнгүй.

Т.Э-ын үйлдлээс болж эхнэр нь амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх хангалттай нотлох баримтуудад үндэслэж шүүх шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Гэр бүлийн маргаанаас болж ам зөрж, муудалцаж байсныг шууд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх нь учир дутагдалтай. Эхнэрээ нас барахаас өмнөх хэдэн сарын хугацаанд ямар нэгэн таарамжгүй харьцаатай байгаагүйг цахим хаяг болон гар утсанд хийсэн үзлэгээр нотлогддог. Эдгээр захидлуудад дүгнэлт хийхэд гэр бүлийн гишүүдийн хооронд маргах, бие биедээ хатуу, зөөлөн үг бичиж байсан зүйлүүд байсан хэдий ч үүнээс болж амь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал гэж дүгнэх үндэслэлгүй.

Амь хохирогч 2017 онд ээж Д.Бадгарыгаа нас барснаас хойш сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон нь Т.Э-ын удаа дараагийн мэдүүлэг, гэрч М.Оргилсайханы мэдүүлэг /хх-ийн 193-р тал/, хэрэгт авагдсан захидлууд, бичлэгүүд /амьдрах хүсэлгүй байгаа тухай/ зэргээс болон амиа хорлох үйлдэл хийх үедээ Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 961 дугаартай сэтгэцийн оношоор “Стресст үзүүлэх хожуу буюу унжирсан хариу урвал”-тай зэргээр тогтоогдсон болно. Мөн амь хохирогч нь нойргүйтлийн хам шинж өвчнөөр өвчилж шөнө унтахаа больсон талаар “Манба дацан” Эмнэлэгийн карт /хх-ийн 209-р хуудас/-д тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь Т.Э-ын үйлдлийн улмаас амь хохироогүй, өөр шалтгаанаар буюу стресс, сэтгэл зүйн тогтворгүй байдлын улмаас золгүй тохиолдлоор амиа хорлосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн обьектив шинж нь эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Тэгвэл Т.Э-ын үйлдлийн хувьд дээрх шинжүүд үгүйсгэгддэг. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогч талын ашиг сонирхол бүхий гэрчүүдийн 2012, 2014, 2017 оны үеийн 2 удаагийн зодсон гэх асуудал нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, өөр өөр байдлаар мэдүүлсэн ба амь хохирогчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амиа хорлосон үйлдэлтэй шалтгаант холбоогүй. Т.Э-ын хувьд 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Ганц модны боомтонд ажиллаж байсан ба сардаа 2-3 удаа гэртээ ирж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог. Австрали Улсаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бизнесийн түншээс нь урилга ирж гэр бүлээрээ явахаар сүүлийн 6 сарын банкны дансны хуулга авахаас болж эхнэр, нөхрийн дунд үл ойлголцох байдал үүссэн байдаг. Амь хохирогчийн хувьд гэр бүлийн санхүүгээ барьж, санхүүгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй байсан нь түүний ХААН банкны 5028237193 тоот дансны гүйлгээгээр нотлогддог.

2013 онд төрсөн хүү Эрдэнэбаатарын Элбэгсайхан, 2011 онд төрсөн хүү Эрдэнэбаатарын Өсөх-Ирээдүй, 2008 онд төрсөн охин Эрдэнэбаатарын Урангоо нарын насанд хүрээгүй хүүхдүүдээ асран хамгаалах, харгалзан дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Эрдэнбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч М.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний үйлчлүүлэгч гомдол гаргахдаа хэт нэг талыг барьсан гэж үзсэн. Уг гомдолд хууль зүйн үүднээс дүгнэлт хийхэд талийгаач 04 дүгээр сарын 10-ны өдөр олдохдоо ямар нэг гадны нөлөөтэй, эсхүл өөр шалтгаанаар амиа хорлосон гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй. Гэтэл мөрдөгч 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэдгийг шууд тогтоосон. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүс гадны нөлөөтэй нас барсан, эсхүл амиа хорлосон гэх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр уг асуудал яригдах ёстой. Нөгөө талын хохирогчид өгөх мэдүүлгийг нь зааж, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайн хэргийг шалгасан нөхцөл байдлаас үзэхэд хавтаст хэргийн 59-81 дүгээр талд авагдсан 6 шинжээчийн дүгнэлт бүгд 5 дугаар сард гарсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх талд байгаа 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд хэргийг шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд бүх зүйлийг нарийвчлан шалгаж, бусад гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж тогтоосны үндсэн дээр зүйлчлэх ёстой болохоос нэг цогцос олдонгуут маргааш нь шууд нөхрийг нь амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болно. Т.Э-ын 2012-2017 оны зөрчлийн тухайд, гэр бүлд сайндах, муудах үе байдаг. Хэрэгт цугларсан баримтыг үзэхэд Т.Э-ын гэр бүлд байнга дарамт байсан, эсхүл байнга тамлан зовоосон гэх нөхцөл байдлыг нотолсон баримт байхгүй. 5-6 удаагийн үйлдэл гаргасныг үгүйсгэхгүй. Гэтэл гэр бүл болсон хойно бие биедээ туних, гэр бүлийн нандин харилцаа зэрэг бусад нөхцөл байдал байжээ. Тухайлбал, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хохирогч, шүүгдэгч нарын хоорондын “би чамдаа хайртай шүү, сэтгэл санаа хэцүү байна, чамайг хөдөө явна гэхээр миний уур хүрч, сэтгэл давчидаад байна” гэх захидал байдаг. /хх 216-217/ Энэ нь эхнэр хүний хувьд нөхөртөө өөрийнхөө сэтгэлийг илчилсэн зүйл. Хэдийгээр гэр бүлийн маргаан, зөрчил байсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн гэх шинж байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт баримтаар нотлогдохгүй байна. Амь хохирогчийн бага насны 3 хүүхэд үлдсэн байдаг. Хүүхдүүд нь “миний ээжийг миний аав алсан” гэх нөхцөл байдлыг одоо мэдэх боломжгүй гэхэд ухаан суугаад мэднэ. Хэрэгт цугларсан баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гарцаагүй шинж нь нотлогдон тогтоогдоогүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэж байгаа нь хүүхдүүдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг бодож үзээгүй шийдвэр болсон. Амь хохирогч нь бага насны 3 хүүхдээ үлдээж амиа хорлосон нь тэвчихээс өөр сонголт байхгүй нөхцөл байдлыг шаардана. Тухайн ирж буй дарамт нь гарцаагүй амиа хорлохоос өөр нөхцөл байдлаар даван туулах боломжгүй байна. Ямар нэг тэвчиж үл болох зайлшгүй байдал үүссэн амиа хорлох хязгаараас давж амиа тэвчих гэх үндсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаас харагддаггүй. Тухайн гэр бүлийн үл ойлголцол байгаа боловч дээр дурдьсан амиа хорлох гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн объетив шинж хангагдахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Н.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан, гэрчүүдэд нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн, үүнийг шалгаагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан гэрчүүд нь хохирогч болон шүүгдэгч нарын гэр бүлийн найзууд, зуслангийн хөршүүд, талийгаачийн хажуугийн орцонд амьдардаг, ээжтэй нь найз хөршүүд, шүүгдэгчийн эх зэрэг хүмүүс байдаг. Гэрч Мишигсүрэн, Батболд нарын “2017 оны өвөл цагаан сараар найзындаа очиход хохирогч маш их айсан байдалтай гэрээсээ гарахгүй хаалгаа хурдан түгжчих гээд, маргааш өглөө явж чадахгүй цагдаа дуудсан” гэж мэдүүлдэг. Муудалцаад зоддог, эргээд уучлал гуйдаг, дахин зоддог амьдрал байсан. Ингэж амьдарсаны эцэст амиа хорлоход гарцаагүй хүргэх нөхцөл байдал бий болсон. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Хэнтий аймаг руу эгч, дүү нарын хамт явж байхдаа “Цагаан мах эргээд ванны өрөөнд халуун усанд сууж байхад Т.Э- ирж толгойг нь усанд дүрээд амьсгал хураахын наана гаргасан. Чих, хамар руу ус орж чих дүнгэнээд байна” гэж яриад уйлсан байдаг. Мөн тухайн өдөр найз Ариунтуяатайгаа ярьсан байдаг. Ариунтуяаг  “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаад юм ярьж чадахгүй уйлж байгаад тасалсан. Хэсэг хугацааны дараа тайвширсан байх гэж бодоод залгахад намайг усанд дүрж ийм байдалд хүргэсэн. Би 5 давхарын тагтнаас үсэрч амиа хорлох гэсэн боловч хүүхдүүд нүдэнд харагдаад чадсангүй гэж ярьсан” гэж мэдүүлдэг. Хэдийгээр айл гэрт муудалцах үе байх боловч хутга мэс хэрэглэж, ийм байдалд оруулсан асуудлыг гэр бүлд байх гэж үзэж болохгүй. Мөн зуслангийн найз гэрч Цэрмаагийн “талийгаачийн ээж нь “миний охин энэ хүний гарт үхэх нь, хүүхдэдээ санаа зовоод байна” гэж ярьж байсан ... Энэ ярианы дараа ажиглаад байхад сардаа нэг удаа зоддог байсан. 2017 оны зун талийгаачийн охин “аав ээжийг зодоод байна, туслаач” гээд гүйж орж ирсэн. Гэрт нь ороход Т.Э- талийгаачийг багалзуурдсан байдалтай байсан ба би татаж байж салгасан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн эхийн “санаа зовж байна, эхнэрээ битгий зодоорой” гэсэн гар утасны захианаас харахад байнга муудалцаж, зоддог гэх нөхцөл байдал тогтоогдсон. Хөршүүдээс асууж мэдүүлэг авах гэхэд “бид нар орцонд таардаг, юу болдог талаар мэдэхгүй” гээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Талийгаач 2012-2017 оны хооронд байнгын дарамтаас болж сэтгэцийн хямралд орсон. Шүүгдэгчийн үйлдлээс болж 3 хүүхэд нь өнчирч үлдсэн. Иймд үйлдсэн хэрэгтээ ял шийтгэл хүлээх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хуульчилжээ.

Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;” гэж заасны дагуу дүгнэлт хийхээр байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хөнгөн ялыг сонгон хэрэглэхдээ “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал ...” зэргийг харгалзан үзсэн хэмээн дурьдсан байх боловч эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг авч хэлэлцээгүйн гадна шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдлуудыг шийдвэр гаргахдаа анхаарч үзсэн, хохирол, хор уршгийн шинж чанарыг хэрхэн үнэлж дүгнэсэн зэрэг нь тодорхой бус болжээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцлүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байдалд хүргэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Эрдэнбаатарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Т.Эрдэнбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН