Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2022/00036

 

                                                          

 

 

 

  2022         06             23                                       223/МА2022/00036

 

............-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00548 дугаар шийдвэртэй,

............-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч ............д холбогдох,

 

Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-45, 33-06-46, 33-06-48, 33-06-49, 33-06-51, дугаар актуудын төлбөрт нийт 3,033,452 төгрөг,

Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаар албан шаардлагын дагуу 1,932,000 төгрөг,

Төв аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаар актын төлбөрт 1,110,099 төгрөг, нийт 6,075,551 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагч ............, Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны  улсын байцаагчийн акт 2021 оны 04 дугаар сарын 28-ний өдрийн 33-06-42, 33-06-44, 33-06-45, 33-06-46, 33-06-47, 33-06-48 дугаар актаас 324,022 төгрөг, 33-06-49, 33-06-50, 33-06-51, 33-06-52 дугаар актын төлбөр болох нийт 15,166,915 төгрөгийг гаргуулах, 2020 оны 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулсан татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан нийт 1,221,000 төгрөгийн баримтыг гаргуулах тухай. ............ нь Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/385 дугаар тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Төв аймгийн Татварын хэлтэст нягтлан бодогчоор томилогдон 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл тус хэлтэст нягтлан бодогчийн ажил эрхэлж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа өдөрт ажлын 8 цаг ажиллахаар тусгагдсан ба ажиллаж байх хугацаандаа 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.3.10 дахь "... данс бүртгэл будлиантуулж, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг шалтгааны улмаас ажил олгогчын ажлын үнэлгээ, нэр төрийг доройтуулсан, санхүүгийн хохирол учруулсан", 8.3.17 дахь "... ажилдаа хариуцлагагүй хандсан нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон ..." заалтыг тус тус зөрчсөн.

 

............ нь Төв аймгийн Татварын хэлтэсийн даргын гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, тушаалд дурьдагдаагүй албан хаагчид үр дүнгийн шагнал бодсон, тушаал болон ээлжийн амралтын хуудсанд заасан хугацаанаас илүү хугацаагаар амралтын мөнгө бодсон, нийгмийн даатгалын шимтгэл хувь хүний орлогын албан татвар суутгалгүй цалин олгосон, хувь хүний орлогын албан татварыг буруу хувь хэмжээгээр бодсон, нийгмийн даатгал суутгасан цалинг нийгмийн даатгалын тайланд тусгалгүй орхиогдуулсан, удирдлагыг хууран мэхлэх замаар байгууллагын ажлын үнэлгээ, нэр төрийг доройтуулсан, санхүүгийн хохирол учруулсан нь Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн актууд болон хавсаргасан баримтаар илэрсний улмаас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Татварын хэлтэс нь Төрийн байгууллага учир Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан байдаг болно гэжээ.

 

Хариуцагч ............ хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актын төлбөр 15 166 915 төгрөг болон 1 221 000 төгрөгийн баримт гаргуулахыг хүсэж надад холбогдуулан гаргасан Төв аймгийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй танилцлаа.

 

Миний бие татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

 

1.Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус байгууллагын 2019-2020 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, төлбөр барагдуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 33-06-42- 33-06-52 дугаартай нийт 10 төрлийн акт тавигдсан байх бөгөөд хэлтсийн дарга ............, нягтлан бодогч Р.Мөнхбаяр нарт илэрсэн зөрчлийг арилгах, актаар тавигдсан төлбөрийг нөхөн төлүүлэхийг даалгасан байна.

 

Миний бие тус байгууллагад 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл тооцооны нягтлан бодогчоор туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан нь үнэн. Гэвч хэлтсийн дарга ............нь тус албанаас өөртөө даалгагдсан зөрчил арилгах, актаар тавигдсан төлбөрийг нөхөн төлүүлэх үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээг байгуулахын оронд төлбөрийг бүхэлд нь надаар нөхөн төлүүлэхээр  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь мөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгийн бүрэн хариуцлага" хүлээлгэх үндэслэл болон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтад тус хэлтсийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага огт хамаарахгүй юм. Нөгөөтэйгүүр актаар тавигдсан төлбөр, зөрчлийн ихэнхи нь төсөвтөө үлдсэн бөгөөд буцаан олгохоор заагдсан байна. Тухайлбал, 33-06-52 дугаартай актаар 4.714.786 төгрөгийг, 33-06-44 дугаартай актаар 370.500 төгрөгийг, 33-06-50 дугаартай актаар 823.447 төгрөгийг, 33-06-42 дугаартай актаар 1.014.933 бүгд 6.923.466 төгрөгийг холбогдох ажилтнуудад буцаан олгохыг даалгажээ. Бусдыг холбогдох ажилтнуудаас суутган төлүүлэхийг даалгасан байна.

 

2.Татвар төлөгчдийн өдрүүдийг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан нийт 1.221.000 төгрөгийн баримтыг гаргуулах нь байгууллагын дотоодын асуудал бөгөөд надад энэ талаар байгууллагын захиргаанаас өмнө ямар ч шаардлага тавиагүй. Энэ нь шүүхээр хэрэг үүсгэн шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш гэж үзнэ. Энэ талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй байна. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд уг баримтыг бүрдүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч ............гаас Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаар актаар тогтоогдсон 1,110,099 төгрөгийн шаардлагаас 638,138 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5,392,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ............гаас 683,138 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,945 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ............давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00548 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн 6,075,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоосон 1,110,099 төгрөгийн үндсэн төлбөр 853,922 төгрөгийн тал хувь 426,961 төгрөгийг, мөн тухайн актад тогтоогдсон алданги 256,177 төгрөгийг хариуцагч ............ хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,392,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т тус тус заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дээрх хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах талаарх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож ямар үйл баримт тогтоогдож байгаа болох, үүнээс талуудын маргаагүй үйл баримт нь юу болох, маргаж байгаа үйл баримт юу болох, эдгээр нь ямар баримтаар тогтоогдож байгаа болох, ямар баримтаар тогтоогдохгүй байгааг тодорхойлсны үндсэн дээр маргаж буй үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй 5,392,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс "хариуцагч ............г ажилдаа хариуцлагагүй хандсан хэдий боловч шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж өгөх зүйтэй, энэ нь түүний үүрэг болохыг дүгнэсээр байтал түүний дүгнэлтийг буруутгах боломжгүй ч гаргасан зөрчлийн хэр хэмжээнд тохирсон хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй" гэж тусгасныг зөвшөөрөхгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-т "Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ" гэж заасан байна.

 

Гэтэл иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтэд дурдсан санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж өгөх нь зохистой гэдгийг хэрхэн, ямар баримтаар үгүйсгэж, 1,932,000 төгрөгийн санхүүгийн баримтыг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь ойлгомжгүй байна. Учир нь 2019 оны 6 дугаар сард татвар төлөгчдийн өдөр тэмдэглэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 20-нд 1,221,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 900,000 төгрөг, нийт 2,021,000 төгрөгийг ХААН банк ХХК-ийн тус татварын хэлтсийн данснаас авсан боловч уг мөнгөний зарцуулалтын талаарх санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж өгөөгүй бөгөөд үүнээс 189,000 төгрөгийн баримтыг нэхэмжлэгч бид өөрсдөө олж бүрдүүлсэн тул үүнийг дээрх 189,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 1,932,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч ............ нь тус татварын хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажилласан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.1-т Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна" гээд 20.1.1-т "нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах", 14 дүгээр зүйлийн 14.4-т "Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ", 14.1.1-т аж ахуйн бүх ажил, гүйлгээ; 14.4.2-т бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага; 14.4.3-т бүх өр төлбөр;14.4.4-т аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр; 14.4.5-т бүх орлого; 14.4.6-т бүх зардал; 14.4.7-т нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс" гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд ............ нь нягтлан бодогчийнхаа хувьд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэлийг бий болгох бөгөөд эдгээр зүйлсийг заавал бүртгэх нь түүний хуулиар болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч ............ нь шүүх хуралдаанд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-45, 33-06-46, 33-06-48, 33-06-49, 33-06-51 дугаар актын төлбөрт нэхэмжилсэн 3,033,452 төгрөг гаргуулах шаардлагын талаар өөрийнх нь тооцоолсноор 647,033 төгрөгийн зөрүү гарсан талаар өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа дурдсан. /Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байгааг анхаарахыг хүсье/ Гэтэл шийдвэрт энэ талаар тусгаагүй, түүний зөвшөөрсөн энэхүү хэмжээг хэрхсэн талаар шийдвэрлээгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Үүнийг шүүх талуудын маргахгүй байгаа зөвшөөрч байгаа үйл баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзнэ.

 

Дээрх 6 актын дагуу 3,033,452 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлогын дансанд төлөөгүй нь хуульд заасны дагуу шаардах эрх үүсээгүй, харин төлснөөр шаардах эрх үүснэ гэжээ. Дээрх акт тавигдах болсон шалтгааныг хариуцагч ............ нь цалин бодохдоо ехсеl программд томъёогоо буруу өгч алдаа гарсантай холбоотой гэх боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хэрэв программд томъёогоо буруу өгч алдаа гаргасан бол нягтлан бодогчийнхоо хувьд санхүүгийн тооцоололоо хянах, уг тооцоолол нь алдаа, мадаггүй гарч буй эсэхэд хяналт тавих үүрэг нь түүнийх болно. Мөн удирдлагын зүгээс ээлжийн амралтын хуудсанд амралтын мөнгө бодох хоногийг хянаад гарын үсэг зурсан байхад заасан хоногоос илүү хоногоор бодож амралтын мөнгө олгосон нь нягтлан бодогчийн санаатай үйлдэл байхаар байна.

 

Түүнээс биш нягтлан бодогчийн санхүүгийн тооцоололд алдаа гарсан эсэхийг өөр хэн нэгэн этгээд хөндлөнгөөс хянах боломжгүй. Харин төрийн аудитын байгууллага болон байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрэх боломжтой байсан. Удирдлагын зүгээс байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд дотоод хяналт хийх ажлын хэсэгт ............гийн ажиллах байх үеийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх хүсэлт гаргасан. Тухайн үеийн дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч нь хяналт шалгалтын шалгалтын тасгийн дарга байсан. Шалгалтаар 2,121,000 төгрөгийн анхан шатны баримт байхгүй байсан болон 2019-2020 оны албан хаагчдын цалин бодоход гаргасан алдааг илрүүлэх бүрэн боломжтой байсан боловч зөрчил дутагдал илрээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь дүгнэлтийг удирдлагын нөлөөлөлгүй гаргадаг бөгөөд удирдлагын зүгээс ............гийн буюу санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

 

Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 тоот албан шаардлагын дагуу 1,932,00 төгрөг гаргуулах шаардпагыг ............гийн гэм буруутай болохыг шууд нотолсон зүйл биш бөгөөд зөвлөн тусалсан, зөрчил илэрснийг арилгахыг шаардсан байхад гэм буруутай гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ.

 

Гэтэл энэхүү улсын байцаагчийн актаар кассын орлого, зарлагын падаангүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлгүй, мөнгө хүлээн авагчийн хүлээж авсан гарын үсэггүй буюу анхан шатны бүртгэлгүй, мөнгөн кассын тайлан гаргаагүй гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, тэдгээрийг заавал бүртгэх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан бодогчийн үүрэг байна. Ийнхүү хуульд тодорхой заасан байтал дээрх актыг зөвлөн тусалсан, зөрчил арилгахыг шаардсан байгааг ............гийн гэм буруутай огтхон ч хамааралгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, түүнээс илт зайлсхийсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00548 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч нь Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-45, 33-06-46, 33-06-48, 33-06-49, 33-06-51, дугаар актын төлбөр нийт 3,033,452 төгрөг, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаар албан шаардлагын дагуу 1,932,000 төгрөг, Төв аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаар актаар тогтоогдсон үндсэн төлбөр 852,922 төгрөг, алданги 256,177 төгрөг нийт 1,110,099 төгрөг, нийт 6,075,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ............ эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас 6,275,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныгаа анхан шатны шүүх хуралдааны үед анхан шатны санхүүгийн баримт олсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 189,000 төгрөгөөр багасган 6,075,551 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. /2хх 68/

            Төв аймгийн Татварын хэлтсийн 2019, 2020 онуудын үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу санхүүгийн хяналт, шалгалт хийгээд Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн

- 33-06-42 дугаар актаар цалингаас суутгасан ХХОАТ-ыг татварын өглөг дансанд бүртгэлгүй зардалд бичиж тайлагнасан 1,014,933 төгрөг /1хх 40-41/,

- 33-06-44 дүгээр актаар ажиллагсдын ээлжийн амралт бодохдоо тушаалд дурдагсан хоногийг бууруулан нийт 3 ажиллагсдад 370,500 төгрөг дутуу тооцоолон олгосон /1 хх 42-43/,

 - 33-06-45 дугаар актаар 3-н ажиллагсдаас 2019 онд 680,000 төгрөгийн, 2020 онд 4-н ажиллагсдаас 100,000 төгрөгийн нийт 1,680,000 төгрөгийн цалингийн урьдчилгааг суутгаагүй /1хх 44-46/,

- 33-06-46 дугаар актаар 2019 онд нэр бүхий 3-н ажиллагсдад 273,000 төгрөгийн цалинг ээлжийн амралтын нөхөн олговортой давхардуулан олгосон /1хх 47-48/,

- 33-06-47 дугаар актаар 2019 оны 12 дугаар сард сахилгын шийтгэлтэй хүнд 199,031 төгрөгний үр дүнгийн мөнгөн урамшуулал олгосон /1хх 50-51/,

- 33-06-48 дугаар актаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 тоот байгууллагын даргын тушаалаар ажиллагсдын ээлжийн амралт бодохдоо тушаалд дурдагдсан хоногийг нэмэгдүүлэн 4 ажиллагсдад нийт 395,886 төгрөгийг илүү олгосон /1хх 52-54),

- 33-06-49 дугаартай актаар 2020 онд нэр бүхий ажиллагсдын цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварт нийт 196,149 төгрөгийг дутуу суутгасан /1хх 55-56),

- 33-06-50 дугаар актаар 1 хүнд 2019 оны 1 дүгээр улирлын мөнгөн урамшуулал 143,447 төгрөгийг дутуу олгосон, 2 хүнээс 2019 онд 480,000 төгрөг, 2020 онд 200,000 төгрөгний цалингийн урьдчилгааг илүү суутгасан /1хх 57-58/

            - 33-06-51 дүгээр актаар 2019 оны 05 дугаар сарын урьдчилгаа цалин олгохдоо нэр бүхий 30 ажиллагсдад 5,571,047 төгрөгийг илүү олгосон /2хх 33-35) гэх үндэслэлээр,

   - Төв аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаар актаар тооцооны алдаа гаргасан 3,558,009 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод 853,922 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн ногдуулж 256,177 төгрөгийн алданги нийт 1,110,099 төгрөгийг төлж барагдуулах /1хх 115) үндэслэлээр тус тус акт тавигдсан,  

            Мөн Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №33-06-14 дугаар албан шаардлагаар 2019 онд ХААН банкны 5721504956 тоот дансаар чекээр 5,442,000 төгрөг, 2020 онд 467,960 төгрөг, нийт 5,909,960 төгрөг гаргаж зарцуулсан боловч кассын орлого, зарлагын падаангүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлгүй, мөнгө хүлээн авагчийн хүлээж авсан гарын үсэггүй буюу анхан шатны бүртгэлгүй мөнгөн кассын тайлан гаргаагүй гэж үзэн зөвлөмж хүргүүлсэн /2хх 47-48/ талаар нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

            Үүнээс нэхэмжлэгч нь Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42 дугаар актын төлбөрөөс 1,014,933 төгрөгийг, 33-06-45 дугаар актын төлбөрөөс 480,000 төгрөгийг, 33-06-46 дугаар актын төлбөрөөс 53,034 төгрөгийг, 33-06-48 дугаар актын төлбөрөөс 169,969 төгрөгийг, 33-06-49 дугаар актын төлбөрөөс 43,888 төгрөгийг, 33-06-51 дугаартай актын төлбөрөөс 1,271,628 төгрөгийг 6 актад тавигдсан төлбөрт нийт 3,033,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх 6 актыг үндэслэн нэхэмжилсэн 3,033,452 төгрөгийг Төв аймгийн татварын хэлтэс нь Төв аймгийн Засаг даргын Тамгын Газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлогын дансанд төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүсээгүй байна байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №33-06-14 дугаар албан шаардлагаар 2019 онд ХААН банкны 5721504956 тоот дансаар чекээр 5,442,000 төгрөг, 2020 онд 467,960 төгрөг, нийт 5,909,960 төгрөг гаргаж зарцуулсан боловч кассын орлого, зарлагын падаангүй, мөнгө олгохыг хүссэн өргөдөлгүй, мөнгө хүлээн авагчийн хүлээж авсан гарын үсэггүй буюу анхан шатны бүртгэлгүй мөнгөн кассын тайлан гаргаагүй гэж үзэн зөвлөмж хүргүүлсэн байна. (2хх 47-48)

Анхан шатны шүүх уг албан шаардлага нь тухайн хохирол учруулагчийн гэм буруутай гэдгийг шууд нотолсон зүйл биш бөгөөд зөвлөн тусалсан, зөрчил илэрснийг арилгахыг шаардсан байдлаар шаардлага хүргүүлснийг хариуцагч ............г гэм буруутай гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй гэж үзэн 1,932,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэх үндэслэлгүй байна.

Мөн Төв аймгийн татварын хэлтэсийн 2019 оны Санхүүгийн тайлан, Татварын ТТ-11 тайлан, Нийгмийн даатгалын НД-7, НД-8 тайлан, цалин хөлсний анхан шатны баримтанд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтөд шалгалт хийхэд даатгуулагчдад олгосон 3,558,009 төгрөгийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шшимтгэл суутган тооцсон боловч тооцооны алдааны улмаас Нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй даатгуулагчийг хохироосон үндэслэлээр Төв аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаар актаар нийт 1,110,099 төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгосон. (1-р хх-н 115)

Дээрх актад дурдагдсан үйл баримтын талаар зохигчийн хэн аль нь маргаагүй байна.

Анхан шатны шүүх нийгмийн даатгалын шимтгэл 853,922 төгрөгний тал хувь болох 426,961 төгрөг, актаар тогтоосон алданги 256,177 төгрөг нийт 683,138 төгрөгийг хариуцагч ............гаас гаргуулж, нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хөдөлмөрийн гэрээ болон хуульд зааснаар ............д хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд үүрэг нь үүссэн, Татварын хэлтэсийн дарга ............байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд нягтлан бодогч ............д шууд хяналт тавих эрх үүрэгтэй хувьд байгууллагад учирсан хохирлыг арилгахад харилцан үүрэг хүлээх этгээд мөн байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч ............гаас Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаар актаар тогтоогдсон 1,110,099 төгрөгийн шаардлагаас 638,138 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5,392,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч ............ нь Төв аймгийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/606 дугаартай тушаалаар албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх 65/

Хариуцагч ............гийн хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр  улсын төсөвт гэм хор учруулсныг улсын байцаагч тогтоон акт тавьж улмаар байгууллага төлж барагдуулсан тул байгууллага өөрт учирсан хохиролыг гэм буруутай этгээд болох ............гаас шаардаж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шийдвэртээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой бичсэн, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр 647,033 төгрөгний талаар “нийт нэхэмжилсэн мөнгө нь хасагдахаар 647,033 төгрөг болж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн цалинд нь илүү нэмэгдээд орсон мөнгө болохоос би авсан зүйл байхгүй. Надаас биш эдгээр хүмүүсээсээ нэхэмжлэх хэрэгтэй” /2хх 71/ гэж мэдүүлснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн энэ тайлбарын талаар шүүх шийдвэртээ тусгаагүй боловч шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх болон анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйл 168.1-т зааснаар хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 1.2-т “Албан шаардлага нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг шалгагдагч этгээдэд хариуцуулж даалгасан, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид “Албан шаардлага” гэнэ” гэж заасан. Үүнээс үзэхэд албан шаардлага нь  байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг таслан зогсоох, зохих арга хэмжээ авахыг шалгагдагч этгээдэд даалгасан, ямар нэгэн төлбөрийг төлүүлэхэд чиглээгүй шинжтэй үйл ажиллагаа юм.

            Иймд Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №33-06-14 дугаар албан шаардлага нь тухайн хохирол учруулагчийн гэм буруутай гэдгийг шууд нотолсон зүйл биш бөгөөд зөвлөн тусалсан, зөрчил илэрснийг арилгахыг шаардсан байдлаар шаардлага хүргүүлснийг хариуцагч ............г гэм буруутай гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, түүнээс ил зайлсхийсэн үйлдэл гаргасан гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч ............гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,­ ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

                         ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ