Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01064

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01064

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00729 дугаар шийдвэртэй

А.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б Б ТБАГУТҮГ-т холбогдох

2020.07.29-ний өдрөөс 2021.10.14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,548,353 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1679 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.Быг Б Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөнд 3,331,790 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2096 дугаар магадлалаар хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байдаг. Бид хариуцагч талд шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж олгосон боловч биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлтийг гаргаж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Үүний үр дүнд хариуцагчтай харилцан ярилцаж, тохиролцсон учир, шүүхийн шийдвэрт заасан ажилд биш ч гэсэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/42 дугаар А-ийн жижүүрээр ажилд орсон учир шийдвэрийг биелэгдсэн гэж үзсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ч дуусгавар болсон.

Ийнхүү хариуцагч ажилд эргүүлэн томилогдох хүртэл ямар ч цалин хөлсгүй 15 сар, 14 хоног хохирсон, хэрэв ажилд нь хурдан авсан бол цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ. Иймд хариуцагч Б Засаг даргын тамгын газраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 15 сар, 16 хоногийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,548,353 төгрөгийг хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхгэрэлийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Б Засаг даргын тамгын газрын дарга болон А.Б нарын хооронд 2020.01.15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь Б Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд томилогдсон. Нэхэмжлэгчийн ашиглаж байсан Kai Opirus автомашин нь эвдрэл гэмтэлтэй байсан учир ашиглах боломжгүй болж А.Быг дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдоржийн жолоочоор ажиллуулсан. Ингээд 2020.03.12-ны өдрийг хүртэл Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдоржийн жолоочоор ажилласан. Үүний дараа А.Быг HYUNDAI STAREX тээврийн хэрэгслийг хариуцсан жолоочоор томилох болсон боловч D ангилалгүй байсан учир уг атвомашиныг жолоодох боломжгүй болсон. Тухайн үед бол А-ийн харуулаар ажиллах саналыг тавьж байсан боловч нэхэмжлэгч хүлээн авч байгаагүй. Хариуцагчийн зүгээс бол нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалах бүх талын шаардлагатай арга хэмжээг авч ажлын байруудыг санал болгосон. Нэхэмжлэгч 2020.03.12-ны өдрөөс хойш тодорхой хариу өгөхгүй явсаар нэг сарын хугацаа өнгөрсөн тул 2020.04.07-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Шүүх дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэхдээ хариуцагчийг ажлаас халсан үндэслэлээ буруу хэрэглэсэн байна гэж дүгнэсэн.

Уг хэрэг маргаан 2020.10.07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч А.Быг ажлаас халахдаа ажлаас халах үндэслэлээ буруу тодорхойлсон ч гол шалтгаан нөхцөл арилаагүй буюу нэхэмжлэгчийн анх ажилд авсан ажлын байр хасагдсан нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хариуцагч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-р зүйлд заасны дагуу Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасны дагуу HYUNDAI STAREX тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор ажиллах эсхүл Аийн харуулаар ажиллах орон тоо байгаа гэдгийг удаа дараа тайлбарласан боловч нэхэмжлэгч үүнийг санаатайгаар хүлээж аваагүй гэж үзэж байгаа. Ингээд 2021 оны 10 сар хүргэж Аийн харуулаар ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч хэрэв ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй байсан бол анхнаасаа уг ажлын байранд томилогдож цаг алдалгүй ажиллах бүрэн боломж байсан. Гэвч нэхэмжлэгч санаатайгаар саналыг хүлээн аваагүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Б Засаг даргын тамгын газраас 14,019,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,528,873 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч А.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Б Бт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б Засаг даргын тамгын газраас 228,047 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч нь нэхэмжлэгч А.Быг ажлаас халахдаа ажлаас халах үндэслэлээ буруу тодорхойлсон ч гол шалтгаан нөхцөл арилаагүй буюу нэхэмжлэгчийн анх ажилд авсан ажлын байр хасагдсан нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хариуцагч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор ажиллах эсхүл А-ийн харуулаар ажиллах орон тоо байгаа гэдгийг удаа дараа тайлбарласан боловч хүлээж аваагүй санаатайгаар 2021 оны 10 дугаар сар хүргэж А-ийн харуулаар ажиллаж эхэлсэн. Хэрэв ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй байсан бол анхнаасаа уг ажлын байранд томилогдож цаг алдалгүй ажиллах бүрэн боломж байсан. Гэвч нэхэмжлэгч санаатайгаар саналыг хүлээн авахгүй, тохиролцоонд хүрэхгүй удаж, тодорхой хариу өгөхгүй зайлсхийж өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж хариуцагчаас 15.548.353 төгрөгийг цалин хөлс нэрийдлээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч санаатайгаар ажлын саналыг хүлээн аваагүй байх талаар авч хэлэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр хэргийг шийдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдсэн учир санаатайгаар ажиллаагүй гэх үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б Б ТБАГУТҮГ-т холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,548,353 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна. /хх.1-2, 26/

4. Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01676 дугаар шийдвэрээр Б Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/94 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Быг Б Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 331 790 /гурван сая гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч А.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Б Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх.5-6/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2096 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр А.Бын урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг сард 951,940 төгрөгөөр, нэг өдрийн цалинг 43,270 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм.

5. Нэхэмжлэгч А.Б Б А ОНӨТҮГ-т 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жижүүрээр ажилд орсон үйл баримт тогтоогдсон байна.

6. Анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 14 сар, 16 өдрийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 14,019,480 төгрөгийг хариуцагч Б Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч ...тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор ажиллах эсхүл А-ийн харуулаар ажиллах орон тоо байгаа гэдгийг удаа дараа тайлбарласан боловч хүлээж аваагүй санаатайгаар ажлын саналыг хүлээн аваагүй гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00729 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО