Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 340

 

А.Р.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, К.Бауиржан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 415 дугаар магадлалтай, А.Р.А-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч К.Бауиржан, Г.Оюунцэцэг, О.Сарантуул нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Оросын Холбооны Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Украйн улсад төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, номлогч мэргэжилтэй, “Эрдэнэт дэлхийн гэрэл сүм” шашны байгууллагад захирал, номлогч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-3-3 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А.Р.А

А.Р.А-ч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр интернет сайтад нэвтрэн онлайн худалдан авалтын захиалга хийсний дагуу, 2018 оны 12 дугаар сарын 13, 2018 оны 12 дугаар сарын 16 болон 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” 1 дүгээр жагсаалтад багтсан Каннабидиол бодисын агууламж бүхий, мөн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Natural health oils CBD Drops”, “Raw Cannabis oils 3000 mg”, “Broad spectrum hemp extract” гэсэн нэртэй 3 ширхэг шилэн савтай, шингэн бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А овогт Р.А-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А овогт Р.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “...Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргуулахаар анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А. Р.А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Р.А гаргасан гомдолдоо “...Намайг мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисын эргэлтэнд тавих тухай Монгол улсын хуулийн 2 дугаар бүлгийн 4.2 дахь заалтын дагуу миний бие эмчийн зааврын дагуу дээрх нэр төрлийн эм бэлдмэлийг өөртөө авч явах ба хэрэглэх эрхтэй бөгөөд үүнийг эмчээс олгогдсон жор батална.

Эмчилгээний зорилгоор миний биед байсан уг эм бэлдмэлийг би хадгалсан бус харин эмчийн зааврын дагуу хэрэглэж байгаа болно.

Уг бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын хилийг нэвтрэх үед уг эм бэлдмэлийн баглаа боодол нь задархай байсан бөгөөд гаалийн ажилтан бүрэн шалгаж оруулсан нь уг эм бэлдмэлийг хууль бусаар тээвэрлэсэн гэх заалттай зөрчилдөж байна.

Миний захиалж оруулж ирсэн, хэрэглэж байсан уг эм бэлдмэл нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлд хамаарахгүй. Уг бэлдмэлийн агууламжид 1961 ба 1971 онд гаргасан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид бүртгэлтэй бодис байхгүй тул эдгээр нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл биш болно.

Мөрдөн байцаах явцад хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй бөгөөд НҮБ-ын конвенцийн агуулгыг яллагч тал өөрийн сонирхолд нийцүүлэн буруу тайлбарлан дүгнэсэн.

Яллагч талын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт болон мэдүүлгүүд нь бодит баримт нотолгоогүй бөгөөд тэдний дүгнэлт нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Мансууруулах бодисын хамаарлын талаарх бие даасан шинжээчдийн хорооноос хийгдсэн шинжлэх ухааны судалгаанууд, эдгээр судалгааны үр дүнд тулгуурлан гаргасан шинжээчдийн дүгнэлттэй зөрчилдсөн,

Миний үйлдлийг дүгнэхдээ эрүүгийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилгыг нотлоогүй,

Шүүхийн зүгээс цагаатгах нөхцөл байдлыг харахаас илүүтэй буруутгах хандлагыг баримтлан ажилласан.

Өмгөөллийн талаас гаргаж тавьсан шинжилгээ болон мэргэжилтнүүдийн дүгнэлтийг, яллах талын баримттай нэгэн адил авч үзээгүй, хүлээн авч хэрэгт хавсаргаагүй. Эдгээр баримтыг яллах дүгнэлтэнд оруулалгүй орхигдуулсан.

Уг хэргийн шийдвэрлэлтэнд онцгой ач холбогдол бүхий мэдээлэл өгөх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаанд урд нь оролцож байсан, голлох гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар гаргасан өмгөөлөх талын хүсэлтийг шүүхийн зүгээс татгалзаж шийдвэрлэсэн.

Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа гэм буруугүйд тооцох зарчмыг ноцтой зөрчсөн. Уг эм бэлдмэлийн агууламжид мансууруулах төрлийн бодис байхгүйг 5 мэргэжилтэн баталсан бөгөөд 1 мэргэжилтэн мансууруулах бодисын агууламж байж болно гэж тодорхойлсон ч түүний тун хэмжээ, найрлагын харьцааг тодорхойлох боломжгүйг мэдүүлсэн.

Яллах тал мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн, хадгалсан болохыг нотлох үүргээ биелүүлээгүй, гагцхүү уг эм бэлдмэлийн агуулгад мансууруулах бодис агуулагдаж байгаа гэдгийг шүүхэд итгүүлэхэд л хангалттай гэх байдлаар хандсан.

Дээр дурдснаар, яллаж буй нотлох баримтууд нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцэхгүй байгаа тул миний бие шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв тийм биш байсан бол, миний бие, болгоомжгүй үйлдлийн улмаас хуулийн зөрчил гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байсан бөгөөд яллах талын дүгнэлтүүдэд үндэслэл бүхий эргэлзээ гарч байгаа тул намайг  яллаж байгааг  болон гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс ОХУ-ын иргэн А.Р-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдааг залруулаагүй, арилгаагүй мөн шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байхад давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг залруулаагүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ОХУ-ын иргэн А.Р.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн байдгаас зарим нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй байхад үнэлсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, ОХУ-ын иргэн А.Р.А-ийн биеэс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгах зорилгоор биологийн дээж авах ажиллагааг хийсэн (1 хх-35-36) байдаг ба энэхүү ажиллагааг хийхдээ "хойшлуулшгүй тохиолдол" гэж үзэн прокурорт “урьдчилан мэдэгдээгүй" нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийг зөрчсөн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26 дахь хэсэгт "хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах,хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгоно" гэж заасан байхад мөрдөгчийн зүгээс ямар бодит аюул байгааг тодруулаагүй, тогтоогоогүй байж хойшлуулшгүй тохиолдол гэж үзсэн, мөн прокурорт даруй мэдэгдэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй нь эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна гэж үзэхэд хүргэж байгаа ба улмаар шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн явдал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэж заасан. Гэтэл эрүүгийн хэргийг шалгаж буй мөрдөгч Б.Мандухай нь ОХУ-ын иргэн А.Р-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байхад татсан мэтээр тэмдэглэл үйлдэж, хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр асууж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлсэн явдал гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Мөрдөгчийн зүгээс хэргийг мөрдөн шалгах явцдаа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эд зүйлд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар удаа дараалан шинжээч томилсон, мөн хэрэгт холбогдсон этгээдийн сэтгэцийг шалгуулахаар шинжээч томилсон байдаг ба эдгээр тогтоолыг танилцуулахдаа орчуулагч огт оролцуулаагүй байдаг нь хэргийн оролцогч болох гадаад улсын иргэний эрхийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, ... улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана" гэж заасныг зөрчсөн, улмаар мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцох, шинжээчийг татгалзан гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжилгээ хийхэд байлцах зэрэг эрхийг нь хязгаарласан, эрхийг эдлүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхүүд дүгнэлт өгөөгүй байна.

Шүүхээс ОХУ-ын иргэн А.Р-д холбогдуулан ЭХТА-ийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байдаг.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйл, 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь шууд санаатай буюу тухайн гэмт хэргийг хүсч үйлдсэн, үйлдлийн улмаас гарах үр дагаврыг зориуд бий болгоход чиглэгдсэн байдаг нь тухайн гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилсан байдаг. Гэтэл ОХУ-ын иргэн А.Р-ны хувьд юуны өмнө шууд санаатай буюу "гэмт хэрэг" гэдгийг мэдсээр байж хүсч үйлдээгүй болох нь түүний өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр эд зүйл хураалгасан нөхцөл байдал, шуудан илгээмжээр хүлээн авсан эд зүйл, сав баглаа боодлыг цагдаагийн байгууллагад сайн дураар гарган өгсөн байдал, сайн дураар шинжилгээ хийлгүүлэх тухай удаа дараагийн хүсэлтүүд зэргээр нотлогдоно.

Шүүх ОХУ-ын иргэн А.Р-ыг НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай нэгдсэн" конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай болон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж буруутгадаг.

Ялангуяа Монгол улсын хилээр хууль бусаар эд зүйлс нэвтрүүлсэн гэж буруутгахдаа олон улсын шуудан илгээмжийг ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлт бөгөөд хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдөж, хил хязгааргүй интернет хэрэглээтэй болж, цахим сайтуудаар бүх төрлийн худалдааг гэрээсээ хийдэг болсон энэ цаг үед тэрээр гадаад улсаас (АНУ, Их Британи зэрэг) өөрт шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан авах тухай захиалга өгсөн болох нь хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой болсон бөгөөд энэ нь түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (1 хх-44)-ээр нотлогдоно.

Нөгөө талаар улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь "хууль бус" гэж үзэхийн тулд хууль зөрчсөн, идэвхтэй үйлдэл байгаа эсэхийг шалган тогтоох, уг үйлдлийг хэний захиалгаар хэн үйлдсэн болох, ямар баримтаар тогтоогдож байгаа эсэхийг тодорхойлох шаардлага зүй ёсоор урган гарна. Ингэхийн тулд тухайн бараа бүтээгдэхүүнийг савлаж, илгээсэн этгээдээс эхлээд илгээмжийн үйлчилгээг улс дамнуулан (АНУ-БНХАУ-Монгол Улс г.м) явуулсан этгээдийг олж тогтоох, улмаар сэдэлт санаа зорилгыг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулах ёстой байсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба энэ талаар өмнө мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийг тайлбарласан УДШ-ийн 2003 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 7 дахь хэсэгт “улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар энэ зүйлд тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “...гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно" гэсэн заалтад хамаарах гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбар болон одоо мөрдөж байгаа хуулийн үг хэллэгийг шууд утгаар нь ойлговол хууль зөрчсөн этгээдийн өөрийн идэвхтэй үйлдэл, сэдэл, санаа зорилго нь илэрхий байх мөн энэ нь баримтаар нотлогдсон байх шаардлагыг хуульчилж өгсөн. Гэвч энэ талаар ямар нэг мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй, нотолж тогтоогоогүй болно.

Анхан шатны шүүхээс ОХУ-ын иргэн А.Р-ны үйлдлийг буюу НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай нэгдсэн" конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай болон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэхдээ шинжилгээний дүн, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тус тус нотлогдсон гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Ингэхдээ Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторын 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 0024912 итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, ШШҮХ-ийн шинжээч Б.Ламчингийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 466 дугаартай дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч А.Батбаярын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаартай дүгнэлт, МХЕГ-ын Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2019-1469, 2019-1470, 2019-1471 дугаартай шинжилгээний дүн, шинжээч Б.Ламчин, Б.Мөнхцацрал, Б.Хувьтавилан нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна гэж үзсэн.

Гэвч шинжээч нарын гаргасан дүгнэлт, шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй байдгийг (каннабидиол, СВD, ТНС буюу дельта-9 тетрагидроканнабинол, гүнждийн тос, маалингын тос, коксын тос г.м) өмнө шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас удаа дараалан тайлбарлаж байсан, мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн тайлбар мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байна. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Мөнхцацрал нь "СВD болон ТНС гэх бодисуудын үйлчлэл харилцан өөр байдаг" тухай тайлбарласан бол шинжээч Б.Ламчин "СВD-г 1961 оны конвенцийн жагсаалтад каннабисын давирхай, буйлмал гэх нэрээр орсон байдаг, SBN, CBD, ТНС болон каннабидиолын үйлчлэл ижилхэн байдаг" гэсэн өөр тайлбар, мэдүүлгийг өгсөн байдаг.

Ийнхүү шинжээч нарын гаргаж буй дүгнэлт болон шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй байхад дахин шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийлгэх талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй байгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчөөс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах тухай хүсэлтийг орчуулан хүргэхгүй байгаа, “Natural health oils CBD Drops” бичигтэй шилэн савтай тос мэт зүйл, “Raw Cannabis oils 3000 mg” бичигтэй шилэн савтай зүйл, “Raw Cannabis oils 3000 mg” бичигтэй шилэн савтай зүйлийн орц найрлагыг одоо ч бүрэн дүүрэн тогтоогоогүй, эдгээр бүтээгдэхүүн байх каннабидиол, СВD, ТНС, дельта-9 тетрагидроканнабинол, гүнждийн тос, коксын тос, маалингын тос зэргийг орц, хэмжээг нарийн тодорхойлох нь хэргийг хянан шийдвэрлэх, гэм буруугийн асуудлыг нэг мөр тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

А.Р.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд дурдагдсан шилэн савтай эд зүйлсийг зөвхөн нэмэлт бүтээгдэхүүний хувьд захиалсныг тогтвортой мэдүүлж ирсэн. Түүний захиалан оруулж ирсэн хуванцар, шилэн савтай тосон болон шингэн бодисуудад хийсэн шинжилгээний дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй.

Мөн шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын албаны хүнсний лабораторын шинжилгээний дүн зөрүүтэй учир эргэлзээ төрүүлж байгааг анхааран үзнэ үү. /сэтгэцэд нөлөөт бодис ТНС, эрүүлжүүлэх үйлчилгээтэй СВD байгаа талаар зөрүүтэй дүгнэлт гарсан./ Анхан шатны шүүх шүүхийн шинжилгээний дүгнэлтийг яллах талын баримт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар тайлбарлаагүй. Мөн давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хоёр шатны шүүх миний үйлчлүүлэгчийг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвецийн 1 дүгээр жагсаалтад багтсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн хэсэг болох Каннабидиол бодисын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус олон улсын шуудан илгээмжийг ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж ерөнхий заалтаар л буруутгасан.

Гэтэл А.Р.А-ийн хилээр оруулж ирсэн шингэн, тосонд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэхэд шинжээчдийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Монгол улсын Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг” мөрдөгч, прокурор гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй. Иймд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч хэргийн холбогдогчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэж байна..

Анхан болон давж заалдах шатны шүүх НҮБ-ын дээрх хоёр конвенцийг зөрчсөн гэж дүгнэхдээ 1961 оны “мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенц болон уг конвенцид 1972 онд протоколоор оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг үндэслэл болгон харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Уг конвенци, протоколоор “каннабис” гэж юу болохыг, ерөнхий нэр томъёогоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж хавтгайруулан ойлгож болохгүйг тодорхой зааж өгсөн.

Манай улс дээрх Олон услын гэрээ, конвенцид нэгдэн орсон тул тус конвенцид тусгагдсан заалт бүрийг биелүүлэх үүргийг хүлээж байгаа бөгөөд дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ, конвенцийг сахих үүрэг хүлээх, түүнд нийцүүлэн шийдвэрлэх ёстой.

Их Британи улс, Америкийн нэгдсэн улс дээрх конвенцийн заалтыг ягштал биелүүлж өөрсдийн хил, гаалиар шийтгэх тогтоол болон магадлалд дурдагдсан тос, шингэнийг хянаад нэвтрүүлсэн.

НҮБ-ын 1961 оны конвенцид CBD гэх зүйлийг хориглоогүй, хориглосон жагсаалтанд оруулаагүй. Мөн 1971 оны конвенцид ч гэсэн ижил нэртэй хориглосон бодис тусгагдаагүй болохыг харгалзан үзнэ үү.

Гомдолд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нөхцөл байдлуудыг анхааран үзэж шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорын хяналтанд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...А.Р.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцохдоо ГЕГ-ын төв лабораторын сорилын дүн (ХХ71) Cannabis oils бүтээгдэхүүнд хийсэн, шинжээчийн 712 тоот дүгнэлт, 2019.01.28-ны өдөр авсан мэдүүлэг, шинжээч Мөнхцацралын мэдүүлэг, шинжээчийн 2019.9.20-ны өдрийн 5096 тоот дүгнэлт (2 хх 91-93) шинжээч Б.Хувьтавилангийн мэдүүлэг (2 хх 109-111) зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Дээрх нотлох баримтуудыг улсын яллагч хууль ёсны ач холбогдолтой гэж үзэж ялласан.

Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралд ШШҮХ-ийн шинжээч Лхамчингийн дүгнэлт мөн СBD болон ТНС, Д9ТНС бодисууд хоорондоо ялгаатай, эдгээр бодисуудын хүнд үзүүлэх нөлөө өөр, ДЭМБ-с гаргасан зөвлөмж, ДЭМБ-ын шинжээчдийн хорооны үүрэг, ДЭМБ-с НҮБ-ын ерөнхий захиралд бичсэн албан захидал зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгон, мөн дахин нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлтэй талаар санал дүгнэлтээ тависан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, шууд гэм буруутай гэж тогтоосон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй.

Яагаад СВD болон ТНС нь өөр төрлийн бодис болохгүй байгаа, ДЭМБ-ийн шинжээчийн хорооноос гаргасан зөвлөмж, болон шийдвэр захидлуудыг хэрхэн дүгнэн үзсэн, мөн яагаад ШШҮХ-ийн шинжээч Лхамчингийн дүгнэлтийг зөв гэж тооцох болсон, бусад СВD гэж гарсан дүгнэлтийг юугаар няцаасан зэрэг үндэслэлийг тусгаж өгөөгүй.

Мөн МУ-ын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 14д заасан ...нотлох баримтыг шалгуулах.., хэргийг зөрчсөн байтал шүүхээс хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно гэсэн нь үндэслэлгүй байгаа. ДЗШ-ны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан., оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хасаж хязгаарлаагүй гэм буруутайд тооцсон нь хэргийн байдалтай нийцсэн, ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал гэм буруутайд тохирсон гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан нотлох баримтын зөрүүтэй байдал, ОУ-ын конвенц болон, ДЭМБ-ийн гаргасан зөвлөмж шийдвэр, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаар баримт болон 3 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн баталгаа баримтын талаар анхаарч үзээгүй. Эдгээр бүгдээс үзэхэд Андрейченко Р.А-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг МУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдах зорилгогүй хууль бусаар хадгалсан, гэм хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохдоо нотлогдвол зохих байдлууд эргэлзээгүй, хангалттай тогтоосон байх (нотолгооны хэмжээ хязгаар) шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэж, тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангасан дүгнэлтийг хийсэнгүй. Улсын яллагчийн дүгнэлтэд шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгосон, хамааралттай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн нотлох баримтуудад хийсэн дүгнэлтийг, яагаад үндэслэлтэй гэж үзэх болсон.

Өмгөөлөгчийн санал болгосон нотлох баримтуудыг дахин нэмэлт шинжилгээ хийлгүүлэх, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжилгээний үр дүн байхгүй, шинжээчийн дүгнэлт байгаа гэж үзэж буйг ШШҮХ-ний шинжээч Лхамчингийн 2019.9.20-ны өдрийн шинжээчийн 5096 тоот 2019.01.10-ны 466 тоот дүгнэлтүүд нь нотлох баримт болохын тухайд хууль ёсны байж чадахгүй байна. Энэ шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйл шинжээчийн дүгнэлтийн агууллагад байх 18.1.6 шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц 18.1.7 шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл 18.1.8 шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, үндэслэлийг асуулт тус бүрээр 18.11-т заасан.

Дахин шинжилгээ хийхэд анхны дүгнэлт гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэсэн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчиж гаргасан дүгнэлт тул нотлох баримтын хувьд хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэрэгт хураагдсан эрүүл мэндийн 3 бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс гаргасан баталгаанд шинжээч Ламчингийн дүгнэлтээр гаргаад байгаа нь Д9ТНС гэдэг бодис байхгүй болох нь харагддаг. ШШҮХ-ийн 5096, 466 тоот дүгнэлтүүд нь эргэлзээтэй байсан тул бид нэмэлт болон давтан шинжилгээг хийлгэж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан.

Нэгэнт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлт нь нотлох баримт болохын тухайд хууль ёсны шаардлага хангаагүй, зохих журмыг зөрчсөн байгаа тул дээрх нотлох баримтыг үндэслэн А.Р.А-ийг гэм буруутай гэж тооцох үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтуудыг агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэсэн нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн. Хэрэв агуулгыг хэт илүүд авч үзвэл хууль хэрэглэх зарчим алдагдана. Шүүхээс ШШҮХ-ийн 5096, 466 тоот дүгнэлтүүдийг зөв тодорхойлж чадаагүй.

Шүүхээс нотлох баримтаар хийсэн дүгнэлт нь хэлбэр төдий үндэслэлтэй байгаа нь хангалттай үгүйсгэлийн хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа.

Нэгэнт хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж авсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргасан шүүхийн дүгнэлт өөрөө алдаатай болж байгаа. Шинжээчийн дүгнэлтийн талаарх шүүхийн хийсэн дүгнэлтэнд шинжээч юунд тулгуурласан, шүүхээс тавигдсан асуулт бүрт хариу өгөгдсөн эсэхийг тусгаагүй. Дээрх нөхцөл байдлууд нь хэрэг шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн тогтоол, магадлал нь шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “А.Р.А-д холбогдох хэрэгт прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Гаалийн ерөнхий газарт сэжигтэй илгээмж ирсэн учир сорил хийхэд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зохих ажиллагаануудыг хийсэн. Шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээтэй, зөрүүтэй зүйл байхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчингийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 466 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хүрэн шилтэй тосорхог шингэнд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн...” гэсэн байдаг. Энэ бодис нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг.

Мөн “А.Р-аас авсан 2019-01-05” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн” гэх дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “...тослог шингэнээс каннабидиол илэрсэн. Каннабидиол нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад багтсан” гэх дүгнэлт гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаагаар түүний биеэс биологийн дээж авсан, мөн Орхон аймаг дахь гэрт нь үзлэг хийж эд зүйлсийг авсан.

Дээрх ажиллагаанууд нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцогдсон. Анхан шатны шүүх “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй болно” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзсэн. Хоёр шатны шүүх А.Р.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч К.Бауиржан, Г.Оюунцэцэг, О.Сарантуул нарын гаргасан гомдлуудыг үндэслэн А.Р.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос ОХУ-ын иргэн А.Р.А-ийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр онлайн худалдан авалтын захиалга хийсний дагуу, 2018 оны 12 дугаар сарын 13, 2018 оны 12 дугаар сарын 16 болон 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” 1 дүгээр жагсаалтад багтсан Каннабидиол, мөн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Natural health oils CBD Drops”, “Raw Cannabis oils 3000 mg”, “Broad spectrum hemp extract” гэсэн шошго бүхий 3 ширхэг хуванцар, шилэн савтай, тосон болон шингэн бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “Natural health oils CBD Drops” гэсэн шошго бүхий шилэн савтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ОХУ-ын иргэн А.Р.А-ийг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хориглосон бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр болон түүнийг хянаад хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд А.Р.А нь 2016 онд осолд орсны улмаас биеийн эрүүл мэнд муудаж байсан тул дархлаа дэмжих болон эмчилгээний зориулалтаар хэрэглэх зорилгоор олон улсад чөлөөтэй худалдаалагддаг, байгалийн гаралтай нэмэгдэл бодис болох 3 төрлийн нэр, шошго бүхий тосон болон шингэн бодисыг, цахимаар худалдан авах захиалга хийсэн, уг захиалгын дагуу олон улсын шуудангаар ирсэн бодисыг хэрэглэж байсан, сүүлд ирсэн тосон дусаагуурыг гаалийн ажилтан шалгаж нягтлаад олгосны дагуу хүлээн авч хэрэглэж байсан тухай тогтвортой мэдүүлэг өгч байсан. Түүнчлэн уг бодисуудын агууламжид хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн эсэх талаарх шинжилгээний дүгнэлтүүд зөрүүтэй байгааг дурдан өөрийн захиалж авсан зүйлсэд хориглосон бодис байхгүй, гарал үүсэл, зориулалт нь өөр байгаа гэж тайлбарлан, өөрийн мэдүүлэгт хамаарах баримтат мэдээллүүдийг хэрэгт хавсаргуулсан байна.  

Мансууруулах бодис нь гэмт хэргийн эд зүйл болохын хувьд өөрийн гэсэн тун хэмжээ, жин зэргээр илэрхийлэгддэг, өөрөөр хэлбэл, тоо-чанарын онцлог шинж байдал бүхий тодорхой төрлийн материаллаг объект байдаг. Гэмт үйлдлийн талаар хууль зүйн үнэлгээ өгөхөд мансууруулах бодисын хэмжээ чухал ач холбогдолтой байдаг. Тодруулбал, мансууруулах бодисын хэр хэмжээ, эсхүл өөр бодисын найрлага дахь мансууруулах бодисын эзлэх хувь, эдгээр нь хүний бие, сэтгэхүйд нөлөөлөх идэвхжилтийн түвшинг шинжээчийн тусламжтайгаар тогтоосноор тухайн хүн тодорхой бодисыг мансуурах зорилгоор хэрэглэж байгааг эсхүл эмчийн жороор олгогддог зөвшөөрөгдсөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, түүнтэй адилтгах эмийн зүйлсийг хэрэглэж байгаа зорилгыг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчигдсөн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

А.Р.А-ийн хувьд түүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хэрэглэж байсан гэх шингэн болон тосон бүтээгдэхүүнүүдийн гарал үүсэл, зориулалт, олон улсын хэмжээнд чөлөөтэй худалдаалдаг эсэх, тухайн бүтээгдэхүүнүүд нь хориглосон мансууруулах эм, бодисын жагсаалтанд багтдаг эсэхийг нарийвчлан тогтоох, түүнчлэн хэрэв тэдгээр бодисын найрлагад хориглосон мансууруулах бодис агуулагдаж байгаа бол ямар эзлэхүүн, тун хэмжээнд байгаа, нэр бүхий дээрх бүтээгдэхүүнийг ямар хэмжээ тунгаар хэрэглэсэн тохиолдолд хүний бие, сэтгэхүйд мансууруулах нөлөөлөл үзүүлдэг болох, А.Р.А уг бодисыг хэрхэн, ямар хэмжээгээр хэрэглэж байсныг мөрдөн байцаалтаар тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримтат мэдээллүүдийн албан ёсны орчуулгыг хийлгээгүй, эсхүл хагас дутуу хийгдсэн, хэрэгт холбогдсон гадаад улсын иргэний гаргасан хүсэлт, гомдлыг албан ёсны орчуулга хийлгэсэн гэх боловч эдгээр нь бүрэн бус, хууль зүйн агуулгын хувьд илтэд алдаатай хийгдсэн зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, оролцогчийн хууль ёсны эрхийг хангах талаарх шаардлагуудыг бүрэн хангаж чадаагүй байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм бурууд энэ удаа эцэслэн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийг нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах” агуулгатай гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 415 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч А.Р.А-ч болон түүний өмгөөлөгч К.Бауиржан, Г.Оюунцэцэг, О.Сарантуул нарын гаргасан гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН