Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2022/00037

 

                                                          

 

 

 

 

 

 

    2022         06             23                                       223/МА2022/00037

 

 

............ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 151/ШШ2022/00480 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ............ад холбогдох,

Өвөлжөөний газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч ............ын өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч ............, хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ нь Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамжаар Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газрыг өвөлжөөний зориулалтай 700 мкв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшиж байна.

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж 15 жилийн хугацаатай, ............ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно. Тус өвөлжөөний газрыг ............ нь 2008 оноос 2012 он хүртэл өвөлжөөний зориулалттай эзэмшиж, ашиглаж байсан ба 2012 оноос өөр газар өвөлжиж байсан.

Гэтэл ............ нь 2012-2013 онд ............ийн зөвшөөрөлгүй, түүний өвөлжөөний газарт бууж ашиглаж ирсэн. ............ нь 2019 оноос өөрийн эзэмшлийн өвөлжөөний газартаа өвөлжих, газраа ашиглах гэтэл ............ нь өвөлжөөний газарт нь хашаа, саравч барьж, өвөлжөөний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад хэл амаар доромжлох, өвөлжөөний газраас хөөж, туух зэрэг үйлдэл гаргаж өвөлжөөний газрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна. ............ийн өөрийн эзэмшлийн газрыг ашиглах эрхэд ............ нь санаатай саад учруулж, шударгаар ашиглах эрхэд нь ноцтой халдаж байна. Энэ асуудлаар Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад хандсан бөгөөд сумын газрын даамлаас өргөдлийг шийдэх боломжгүй талаар хариу өгөх мэдэгдлийг өгсөн.

Иймд Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газар байрлах 700 мкв өвөлжөөний газрыг ............аас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ............ анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь 2010 оноос манайх өвөлжиж байгаа, энэ өвөлжөө нь Хавцгайн зүүн хар толгойн өвөлжөө бөгөөд Чимэдийн Тогос гэдэг хүний нэр дээр 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар 40 жилийн хугацаатай олгогдсон, ............ тоот гэрчилгээтэй, ............ тоот нэгж талбарын дугаартай өвөлжөө болно. Энэ өвөлжөөн дээр Ч.Тогос нь 2010 он хүртэл өвөлжиж байгаад нас нөгчсөн тул түүний охин Т.Дашмаа сумын төвд ажиллаж амьдардаг тул өвөлжөөгөө ............ надад ашиглуулахаар гэрчилгээгээ өгсөн тул манайх энэ өвөлжөөнд хашаа саравч барьж тохижуулж олон жил өвөлжиж байгаа болно. Энэ талаар Т.Дашмаа болон 3 дугаар багийн Засаг дарга Д.Батдоржийн тодорхойлолтыг хавсаргав. Манай өөрийн 000092837 тоот гэрчилгээтэй хар толгойн тэмээний хашаа гэх өвөлжөө нь одоо манай өвөлжиж буй өвөлжөөнөөс 200 метр зайтай ойрхон байдаг. Эдгээрээс үзэхэд ............ийн нэхэмжилж байгаа өвөлжөөнд манайх өвөлждөггүй болох нь тодорхой байна.

Иймд ............ нь энэ өвөлжөөнд 2008 оноос 2012 онд өвөлжиж байсан гэдэг нь үндэслэлгүй худлаа болохыг багийн ард иргэд сайн мэдэх билээ гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөлжөөний газар албадан чөлөөлүүлэх” шаардлага гаргасан. Тодруулбал нэхэмжлэгч ............ гэх хүн Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамжаар Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн “Номтын хар толгой зүүн урд” гэх газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон ба 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж тус газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, 92801 дугаар бүхий гэрчилгээ авсан. Ингээд улсын бүртгэлд гэрчилгээгээ бүртгүүлсэн.

Дээрх газрыг ............ нь 2008 оноос эзэмшиж байсан бөгөөд 2012 оноос хойш өөр газар руу нүүсэн тул уг газар нь эзэнгүй үлдсэн. Улмаар ............ нь өөрийн эзэмшлийн буюу “Номтын хар толгой зүүн” гэх газарт буух гэтэл Л Отгонбат гэх хүн аль хэдийн хашаа, саравч барьчихсан эзэмшиж байсан. Эхэндээ ............ нь уг газар нь миний эзэмшлийн газар гэж тайлбарлаж, талууд хэл амаараа ярилцаж байсан ч сүүлдээ хэрүүл тэмцэл, маргаан үүсэж, өнөөдөр шүүхээр шийдүүлэх асуудал болж хувирсан. Ингээд талууд энэ газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр Засаг даргад хандсан боловч, Засаг дарга албан бичгээр хариу өгөөгүй, газартай холбоотой маргаан тул газрын албаар шийдүүл гэсэн байдаг. Гэтэл газрын албанаас уг маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Ийм учраас өвөлжөөний газраа албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Тэгэхээр Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн “Номтын хар толгой зүүн урд” гэх өвөлжөөний зориулалттай 700 мкв газрыг иргэн ............аас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ............ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ газартаа амьдраад 12 жил болж байна. “Хавцгайн зүүн хар толгой” гэдэг нь Т.Дашмаагийнх, “Тэмээний хашаан хар толгой” гэдэг нь миний газар, энэ хоёрын хоорондын зай 200 метр л байгаа. 2008-2012 он хүртэл би байсан гэж ............ яриад байгаа юм. Би ............ гуайнхыг мэднэ. Өмнө Ч.Тогос гэж хүн байж байгаад, охин нь танайх манай газарт ойрхон юм байна, чамд би гэрчилгээгээ өгчихье гэсэн. Тэр гэрчилгээг нь бас ............ гуай Т.Дашмаагаас “надад өгчих” гэж хэлж байсан юм билээ. Одоо би Т.Дашмаагийн газар дээр амьдарч байж, ............ гуайд хөөгдөөд байж байдаг. ............ гуай “Номтын хар толгой” гэх газраа газрын зураг дээр үзтэл манайхаас хэд дахин 1 км 500 метр газар гээд Засаг даргын захирамж нь гарсан байдаг. Ингээд захирамжаар “Номтын хар толгойн зүүн” талд гэж авсан хэр нь газарт оруулахдаа “Номтын хар толгойн зүүн урд” гэж 2 өөр газар болгоод авчихсан. Ингээд ............ чив чимээгүй байж байснаа энэ жил гараад ирсэн. Намайг мал олонтой болохоор хавчаад л, ийш тийш нь явуулах гээд байдаг. Өөрөө тэр “Номтын хар толгой” гэх газраа эзэмшихгүй мөртлөө яагаад зүүн урд тал руу газар эзэмших гээд байгаа юм бэ. Тэрнээс би ............ гуайн газарт буусан зүйл байхгүй, нэртэй, гэрчилгээтэй Т.Дашмаагийн газарт л буусан.

Өнөөдөр ............ тэр газраа өөрөө ч сайн мэдэхгүй, бууж байсан бууцаа ч мэдэхгүй байгаа. Хэрэв энэ газарт бууж байсан л юм бол бууж байсан бууцаа хүн мэднэ шүү дээ. Ингээд Номтын хар толгойноос намайг хөөгөөд байдаг. Тэрний хажууханд манай бууц байгаа. Надад 40 жил эзэмших гэрчилгээ нь байж л байгаа. ............ хөдөө байж үзээгүй хүн. Хэрэв байсан бол би юу гэж хүний газарт буухав, ийм л зүйл болоод байна гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч эзэнтэй газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл ............ “Номтын хар толгойн зүүн” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар авсан. Энд газар авсан талаар хариуцагч тал маргаад байх зүйл байхгүй. Харин маргаад байгаа газартаа үзлэгээр очихдоо ............ыг манай газар дээр буучхаад байгаа юм гээд, маргаад байгаа болохоос нотлох барим нэг ширхэг ч байхгүй. Өнөөдөр шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Гэтэл Засаг дарга “............ нь Халцгайн зүүн гэх газарт 2012 оноос хойш өвөлжиж байгаа нь үнэн” хэмээн тодорхойлж, газрын байршлыг маш тодорхой заагаад өгсөн. Тэрнээс “Номтын хар толгой” гэх газар буусан гэсэн албан бичиг хэрэгт байхгүй.

Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............ийн эзэмшлийн Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд өвөлжөө хаягт байрлах, нэгж талбарын дугаар 4102030658 дугаар бүхий, 700 мкв талбай өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч ............ын эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ............ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............д олгож шийдвэрлэжээ. 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батцэцэг гаргасан давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй. Нэхэмжлэгч ............ нь Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар “Газар эзэмшүүлэх тухай захирамж”-аар тус сумын 3 дугаар багт “Номтын хар толгойн зүүн урд” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар 700 мкв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшиж байна. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж 15 жилийн хугацаатай ............ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Тус өвөлжөөний газрыг ............ нь 2008-2012 он хүртэл өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаад өөр газар өвөлжиж байсан. 2012 оноос ............ нь уг газарт хашаа саравч барьж ............ийн зөвшөөрөлгүй уг газрыг эзэмших болсон. 2019 онд өөрийн эзэмшлийн газраа ашиглах гэтэл ............ өвөлжөөг чөлөөлж өгөөгүй тул албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд ............ нь өвөлжөөний газраа 2012 оноос хойш эзэмшиж ашиглаагүй, ............ын хашаа саравч барьж эзэмшиж байгаа газрыг манай газар гэж гэнэт 2019 онд маргаан үүсгэсэн тухай бичжээ.

............ нь хашаа саравч барьж ашиглаж байгаа газар нь сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар захирамжаар сумын 3 дугаар багт “Хавцгайн зүүн хар толгой” гэх газарт иргэн Ч.Тогост өвөлжөөний зориулалтаар олгогдсон газар юм. ............ нь тус газраас баруун урд зүгт 510 метр зайд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/157 дугаар захирамжаар өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. ............ нь олон малтай байсан учир Ч.Тогос сумын төвд сууршихаар болж нэгэнт танай өвөлжөө ойрхон учраас гээд газрын гэрчилгээгээ өгөөд явсан байдаг. Үндсэндээ 10 гаруй жил тус газарт ............ малаа бэлчээж, эзэмшиж, ашиглаж байхад ямар нэгэн маргаан гараагүй.

............ ............ийн газар эзэмших эрхийн акттай маргаагүй. Учир нь ............ нь “Номтын хар толгойн зүүн” гэх газар нэгж талбарын дугаар 4102030658 эзэмших эрхтэй, харин ............ нь “Хавцгайн зүүн хар толгой” гэх газар нэгж талбарын дугаар ............ хашаа саравч барин 10 гаруй жил эзэмшиж ашиглаж байгаа. Газрын нэршил болон нэгж талбарын дугаарууд өөр, өөр байгаа тухай шүүхийн шийдвэрт тусгасан. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс маргаан үүсгэж байгаа газар нь хашаа саравч барьсан байгаа газар. ............ийн эзэмшлийн газар буюу “Номтын хар толгойн зүүн урд” нэгж талбарын дугаар 4102030658 мөн эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнийг шинжээчээр томилуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өдий хүртэл гаргахгүй явсан учир хүлээж авахгүй гэж хэрэгсэхгүй болгосон. ............ийн эзэмшлийн өвөлжөөний гэх газар буюу ............ хашаа саравч барин эзэмшиж байгаа газар нь “Номтын хар толгойн зүүн” гэх газар мөн эсэхийг тогтоогоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй маргаан бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад иргэн ............ыг ............ийн өвөлжөөний газрыг чөлөөл гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

9. Нэхэмжлэгч талаас хариуцагч ............ад холбогдуулан Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багт байх “Номтын хар толгойн зүүн урд” гэх өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ.

10. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

11. Анхан шатны шүүхэд хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлтийг нь ханган 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн байх боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт тодруулж чадаагүй, мөн хөндлөнгийн гэрчээр К.Цолмон, Л.Лхагважаргал гэх этгээдүүдийг оролцуулсан хэмээн тэмдэглэгдсэн хэдий ч эдгээр этгээдүүд нь тухайн хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3 дугаар зүйлүүдэд тус тус заасантай нийцээгүй байна.

12. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдааны явцад маргаан бүхий газрын байршлыг нарийвчлан тогтоолгохоор шинжээч томилуулах, н.Алтангэрэл, Т.Дашмаа гэх хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүхээс шүүгчийн захирамж гарган хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх-ийн 77-р тал/

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...38.9..., ... дэх хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно...” хэмээн тус тус заасныг зөрчсөн, шүүхээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхгүйгээр хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

13. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс залруулах хуулийн боломжгүй болно.

Талууд өөрсдийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзсэн тохиолдолд хэргийг шийдвэрлүүлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлдөг учиртай.

14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 151/ШШ2022/00480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                     

                      ДАРГАЛАГЧ,­

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                                    М.МӨНХДАВАА