Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01100

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01100

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01122 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, гуравдагч этгээд А.О, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Гансүх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэрээр хариуцагч Г ХХК болон Д.М нараас 441,658,556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүүлэх ажиллагааны явцад хариуцагч Н нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай орон сууцыг шинжээч томилуулан үнэлүүлэхэд хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 150,266,000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч хариуцагч байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн жилийн дараа албадан дуудлага худалдааг зохион байгуулж, дээр дурдсан орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 150,266,000 төгрөгөөр оруулсан байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ асар хурдан өсөж, 2020 оны үнэлгээ бодитой бус болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг үндэслэн орон сууцыг дахин үнэлүүлэхээр шинжээч томилж өгөхийг Н, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус тус хүссэн боловч татгалзсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр авагч Тинд төлөх ёстой 444,024,798 төгрөгийг бүрэн төлж дуусгасан, төлбөр авагч банк 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах хүсэлтээ Нт хүргүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай орон сууцыг худалдсан хэсгийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуслахын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэрээр Г ХХК, Д.М нараас 444,024,798 төгрөг гаргуулан Тинд олгож шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19270528/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19270528/ 11 дугаар тогтоолоор хураан авч , 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилон дээр дурдсан хөрөнгийг үнэлүүлж, үнэлгээний тайланг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, талуудад танилцуулахад төлбөр төлөгч Г ХХК шүүхэд үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийнг 739 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1042 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 256 тоот, 168 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 84 м.кв талбайтай, эзэмших эрх бүхий газрыг 152,475,417 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсэн. Анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/50 тоот тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-218/19550 дугаар мэдэгдлийг талуудад танилцуулж, гарын үсэг зуруулан, тэмдэглэлээр баталгаажуулсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/13 тоот тогтоолоор дуудлага худалдааны ялагч болсон А.Од өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үнэлгээ хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн 2021 оны 7 дугаар сараас хойш нэхэмжлэгч нь дахин үнэлгээ хийлгэх хүсэлт өгөөгүй, дуудлага худалдаа явагдаж ялагч тодорсны дараа төлбөрөө төлж дуусгасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд А.О, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Албадан дуудлага худалдааны ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, энэхүү ажиллагааны талаар нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байгаа. Би дуудлага худалдаанд оролцож, зохих журмын дагуу өмчлөх эрхтэй болсон ч эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна. Нэхэмжлэгч шүүхэд хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан, мөн урьд нь үнэлгээний талаар шүүхэд номдол гарган шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.4, 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн Нт холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдааны эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын давж заалдах гомдлын агуулга: ... Б ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11- р хороо, Ц, З гудамж, 50-р байрны 0 тоотод байрлах, 80,14 мкв талбайтай орон сууцыг 150,266,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээгээр Н нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн 1 жил 1 сарын дараа албадан дуудлага худалдаа зохион байгуулж худалдсан байна. Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны үнэ ханш 2021оны 04 дүгээр улирлын байдлаар, өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна. Төлбөр төлөгч Г ХХК-ийн зүгээс дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хүсэлтийг хүлээж авалгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээгээр худалдсанд гомдолтой байна. Г ХХК-ийн захирал Э.Гансүх нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дуудлага худалдаа болохоос өмнө удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаж, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргаж байсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж, хариу ирүүлсэн байдаг. Анхан шатны шүүх нь Г ХХК-аас Нт хандан гаргаж байсан хүсэлт, уг хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол зэрэг нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр, талууд хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг дахин үнэлүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Төлбөр төлөгч Г ХХК, Д.М нар нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, 444,024,798 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2019/01669 дугаартай гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамжийн дагуу гүйцэтгэж буй төлбөр гаргуулах ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдаа Хан-уул дүүрэг, 11-р х Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 мкв талбайтай, 3 орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуудлага худалдаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан явуулсан ажиллагаа хүчингүй болох ёстой гэсэн үндэслэл гаргасан боловч анхан шатны шүүх уг үндэслэлийн талаар анхаарч үзээгүй, дүгнэлт хийгээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа, гуравдагч этгээд М.Оын шилжүүлсэн төлбөр 115,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ган нүүдэлчин ХХК-д олгохоор дурдсан байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Энэ хэсгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуслах давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Гуравдагч этгээд А.О, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Нт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдааг буюу Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргасан байна. /хх.1-2, 22-23/

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн жилийн дараа албадан дуудлага худалдааг зохион байгуулж, орон сууцыг 150,266,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр авагч Тинд төлөх ёстой 444,024,798 төгрөгийг бүрэн төлж дуусгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж тайлбарлажээ.

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэрээр Г ХХК, Д.М нараас 425,249,304 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож, шийдвэрт барьцаанд тавьсан ...нэрлэн заагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх.34-35/

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19270528/2 тоот, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 19270528/11 тоот тогтоолуудын дагуу Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хураажээ. /хх.37-42/

6. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Нт холбогдох ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00739 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1042 дугаар магадлалаар ...нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүрэг, 11 хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206006000 дугаарт бүртгэлтэй, 80.14 м.кв талбайтай орон сууцыг 150 266 000 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх.72-80/

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Н нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаа явуулах 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/59 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Г ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-128/21331, 4-128/21332, 4-128/21333 тоот мэдэгдлүүдээр Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ц, З гудамж, 50 дугаар байр, 0 тоот, 80,14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц 115,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар тус тус мэдэгдсэн байна. /хх.111-116/

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, 71.13 дахь хэсэгт Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж тус тус заасан бөгөөд дуудлага худалдааг явуулж, ялагч тодорсоноос хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлсан тохиолдолд эд хөрөнгөө буцаан авах боломжтой байх бөгөөд төлбөр төлөгч хуульд заасан дээрх хугацаанд төлбөрөө төлсөн баримт тогтоогдоогүй байна.

10. Харин төлбөр төлөгч нар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр авагч Тинд шүүхийн шийдвэрээр төлөх 444,024,798 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр авагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан 01/05 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулахаар хүсэлт гаргажээ. /хх.121/

11. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийн Нт холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

12. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО