Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01127

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01127

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01179 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.А, Г.Ө нарт холбогдох

4,170,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжсэн эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Г.Ө, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэнджав, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай ЗГ-У-18/1-792 автомашин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 8,200,000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлээд уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй өдийг хүрсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусах байсан ба зээлдэгч М.А, Г.Ө нар нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уг зээлийн гэрээний барьцаа болох 00-00 УНК улсын дугаартай 000 528 автомашиныг хүлээлгэн өгсөн боловч эдэлгээ чанар муудсанаас болж машин зарагдахгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйл заалт болон зээлдэгчтэй байгуулсан ЗГ-18/1-792 тоот зээлийн гэрээний 3.2.6 дахь хэсэгт зээлдэгчийн үүргийг заасан. Мөн фидуцийн гэрээний 2.5.3-т фидуцийн зүйлийн зах зээлийн үнэлгээ буурах, өнгө үзэмж муудсан тохиолдолд фидуцийн гэрээний 4.2.4-т өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад үлдээсэн тохиолдолд түүний бүрэн бүтэн, байдал хадгалалт, хамгаалалт, өнгө үзэмж, чанар, зориулалтыг хэвээр хадгалах, үнэлгээг бууруулахгүй байх, хэвийн ашиглалтын горим, засвар үйлчилгээ, арчилгаа, даатгал, татвар, холбогдох бусад хураамж зэрэг зардлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Хэрэв энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх хохирол учирсан, үнэлгээ нь алдагдсан, уг фидуцийн зүйлтэй холбоотой ямар нэгэн хууль эрх зүйн зөрчил маргаан илэрсэн бол үүсэх хохирлыг үүрэг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр арилгах, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хөрөнгө нэмэх, өөр хөрөнгөөр солих эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга сонгох зэрэг тус тус зааснаар хариуцагч М.А, Г.Ө нь барьцаанд гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Иймд М.А, Г.Ө нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ЗГ-У-18/1-792 тоот зээлийн гэрээний 3.2.6, фидуцийн гэрээний 2.5.3, 4.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлдэгчийн ашиглах явцад гарсан машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн талууд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 281, 282, 285 дугаар зүйлд заасан заалтыг тусгасан. Фидуцийн гэрээгээр харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэл хангуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Зээлийн гэрээгээр унаж ашиглах эрх нь тухайн үед хариуцагч нарт байсан. Тухайн эд хөрөнгөө өөрсдөө нотлох эрх нь М.А, Г.Ө нарт байсан учраас хохирлыг нэхэмжилж байгаа гэжээ.

2. Хариуцагч М.А, Г.Ө нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г ХХК-тай ЗГ-У-18/1-792 тоот гэрээ байгуулж 8,200,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Г ХХК нь зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмаар бид нартай зээлийн гэрээ байгуулж зээл олгох байсныг тухайн үед бидэнд тайлбарлаж мэдэгдэлгүйгээр дээрх гэрээнүүдийг байгуулж улмаар автомашиныг хууль зөрчиж байгуулсан гэрээгээ үндэслэл болгон хураан авч захиран зарцуулчихаад зээлдэгчийн ашиглах явцад гарсан автомашины гадна эвдрэлийн үнэлгээ болон үйлчилгээний хөлс, оношилгооны хөлс гэж 4,170,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд зээлийн гэрээний дагуу зээл олгож байгаа бол зээлдэгч нь буцааж төлөх үүрэг үүснэ. Үүний дагуу хариуцагч тухайн зээлийг зохих ёсоор биелүүлээгүй, энэ дээр ямар нэгэн байдлаар маргаан байхгүй. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тухайн зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг фидуцийн гэрээний дагуу 0409 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 285 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гэсэн. Энэ нь тухайн эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай шаардлага болохоос биш фидуцийн гэрээний дагуу шаардлага биш юм. Барьцаа нь өөрөө фидуцийн зүйл байх боломжгүй юм. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл гэж хэлээд байгаа бол фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлж авах ойлголт байхгүй. Бодит хохирлыг тодруулалгүйгээр засаж сайжруулсан зардал гэдэг хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуульд тодорхой заасан, хуулиар хориглосон бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус. Тэгэхээр барьцаалах барьцааны зүйлийг шаардаж болохоос биш барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд авдаг зүйл огт биш. Машиныг анх авахдаа хуучин, эдэлгээнд орсон, чанар муудсан гэж хүлээн авсан. Нэгэнт анхнаасаа л ийм байсан юм бол сүүлд нь эвдрэл гэмтлийг өөрсдөө учруулсан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй. Ердийн ашиглалтын явцад гарсан элэгдэл хорогдол бол учирсан хохирол гэж үзэхгүй. Энэ бол тухайн эд хөрөнгийн онцлогоос шалтгаалдаг байгаа. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ...М.Аын өмчлөлийн УНК 0409 улсын бүртгэлийн дугаартай авто машиныг талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот зээлийн гэрээний барьцаанд, Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Г ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг БГД-ийн ЗДТГ-аас өгсөн зөвшөөрлөөр явуулдаг нь харагдаж байна. Гэтэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор М.А нь өөрийн өмчлөлийн автомашиныг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан аргуудаас Иргэний хуулийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байна. Энэ тохиолдолд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хуулиар тусгайлан олгосон эрх байхгүй. Учир нь Иргэний хуулийн 286.1-д зааснаар автомашиныг барьцаанд авахыг шаардах болохоос биш өмчлөлийг нь шилжүүлэхээр шаардах эрхгүй. Энэ бол фидуцийн гэрээгээр тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авах хуульд зааснаар олгогдоогүй эрхийг хэтрүүлсэн гэж үзэж байгаа учраас анхнаасаа зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус байна. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүссэн харилцаа өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус тул тухайн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авах нь үндэслэлгүй. Үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж буюу хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авахаар гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус бөгөөд дээрх шаардлагыг хангасан байгаа нь харагдаж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тухайн гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгахаар сөрөг шаардаж байна. Мөн хуулиар хориглосон буюу хуулиар эрх олгогдоогүй хэлцлийг талууд тохиролцож хийсэн хэлцэл өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлбэрээр шаардлага гаргаад байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар үндэслэлгүй. Иймд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр гэдэг хэлбэрээр тооцогдох учраас энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулах, зээлдэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байршуулахыг шаардах эрхтэй. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангуулах буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээгээр барьцаанд авсан харилцаа юм. Фидуцийн зүйл гэдэг хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга. Энэ аргыг хуульчилж өгсөн учраас хуулийн дагуу хэрэглэсэн. Иймд хууль зөрчөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Манайх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаат зээлийн гэрээ байгуулах эрхтэй, мөн фидуцийн зүйл болох барьцааны зүйлээр хуульд заасан үйл ажиллагаа явуулж байгаа. Эд хөрөнгөө унаж эдэлж болно, гэхдээ өмчлөл нь манайд барьцаанд байна гэдэг арга хэрэглэсэн. Манайх авто машины зээлд тухайн зах зээлийн ханшийн 70 хувьд тооцож зээл олгодог. Тухайн үед авто машиныг фидуцийн үүрэг хангуулахад чанар байдлын хувьд манай зээл олгох дотоод журмын дагуу зээлдэгчтэй үнийн саналыг харилцан тохиролцон 16.357.278 төгрөг гэж тооцсон. Байгууллагын зээл олгох дотоод журам байгаа, хэрэгт өгөөгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 199 дүгээр зүйлийн 199.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч М.А,Г.Ө нарт холбогдуулан гаргасан, фидуцийн зүйл болох машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болох, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 676 төгрөг, хариуцагчаас төлсөн 146150 тьөгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч Г.Өы давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгож зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хууль зүйн үндэрлэлтэй дүгнэлт хийсэн боловч талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан нь хүсэл зоригийн идэвхтэй үйлдэл, сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг барьцаа гэж дүгнэхдээ эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авсан байгааг анхаараагүйгээс гадна барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсгийг хэрэглээгүй. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааны талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаас үзвэл тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа, хөрөнгөөр хангуулах арга, журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж зааснаас үзэхэд барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, аргыг сонгож хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх эрх зүйн өөр өөр үр дагавартай үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу хөдлөх эд хөрөнгийн барьцаа болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах /фидуци/ аль ч аргыг барьцаалан зээлдүүлэх газар хэрэглэж болно гэж хууль тогтоогчийн үзэл баримтлалаас өөрөөр тайлбарлах нь зүйд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрт талууд тохиролцсон зээлийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 792 дугаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан гэж тусгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч өөрийн 00-00 УНК улсын дугаартай автомашины өмчлөлийг Г ХХК-ийн нэр дээр сайн дурын үндсэн дээр улсын бүртгэлийг өөрчлүүлэн шилжүүлсэн үйлдэл нь өмчлөгчийн хүсэл зоригийн идэвхтэй үйлдлийн үр дагавар болох тул сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэстэй. Зээлдэгч нар тохирсон зээл, хүүг хариуцан төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний хугацааг дуусгасан, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2019 оны 2 сарын 11-ий өдөр хариуцагч М.А өөрийн эзэмшлээс автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Г ХХК автомашиныг зээлийн төлбөрт тооцон хүлээн авсан, хэрэгжсэн хэлцэл болох ба талууд зээлийн өр, төлбөр төлөлтийн талаар маргахгүй байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх хүлээсэн үүргийг биелүүлсэн сайн дурын үйлдэл гэж үзэхээр байна. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө зээлийн үүргээ гүйцэтгэхээ амласан, хөдлөх хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зориг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд энэхүү амлалт зөвшөөрөлд нь тулгуурлан автомашиныг зээлийн төлбөрт тооцон авч шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэс болно. Харин үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрлөө бичгээр мэдэгдэх, хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг талууд тохирсон хэлбэрээр буюу бичгээр байгуулж байж үүрэг гүйцэтгэгчийн амлалт, хүлээн зөвшөөрсөн үүргээ гүйцэтгэх хүсэл зориг хэрэгжих үндэслэл болохыг хуулиар зохицуулсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй хэлцэл нь зээлдэгчийн зээлийн төлбөр барагдуулах нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх, нэг тал үүрэг хүлээсэн, хүлээн зөвшөөрсөн хэрэгжиж биелсэн харилцааны агуулга бүхий хүчин төгөлдөр хэлцэл тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй, үүргийн гүйцэтгэлд сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн эд зүйлийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М.А, Г.Ө нарт холбогдуулан 4,170,40 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 81,676 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжсэн эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн автомашины гаднах эвдэрлийн үнэлгээ 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, оношилгооны зардал 50,000 төгрөг, нийт 4,170,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г ХХК нь М.А, Г.Ө нар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-У-18/1-792 зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 8,200,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, зохигчид мөн өдрөө ЗГ-У-18/1-792 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулжээ. /хх. /хх.13-17/

6. Хэрэгт Улсын бүртгэлийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 000004411 тоот гэрчилгээ авагдсан байх бөгөөд Г ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй байгууллага байна. /хх.21-22/

7. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Талууд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Автомашин хүлээлцсэн акт үйлдэж, автомашиныг хүлээлгэн өгсөн, Г ХХК 0409 УНК улсын дугаартай 000 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь болсон бичгийн баримтыг шүүхэд гаргасан байна. /хх.19/

9. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэлд сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн эд зүйлийг буцаан гаргуулах хууль зүйн үндэсгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

10. Учир нь, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан ба уг заалт нь барьцаалан зээлдэх газраас зээл олгохтой холбоотой тусгайлсан зохицуулалт юм. Гол онцлог нь хуулийн энэ заалтад /286.1/ барьцаалан зээлдэх газарт зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхийг хуульчилж өгсөн.

11. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан.

12. Нэхэмжлэгч Г ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

13. Иймд Г ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд фидуцийн гэрээ байгуулах эрхгүй этгээд байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

14. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Г ХХК нь автомашиныг хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэгтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

15. Дээрх үндэслэлээр Г ХХК-ийн хариуцагч М.А,Г.Ө нарт холбогдуулан гаргасан, фидуцийн зүйл болох машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, хэлцлийн дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

16. Харин нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01179 дугаар шийдвэрийн хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч М.А,Г.Ө нарт холбогдуулан гаргасан, фидуцийн зүйл болох машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн 00-00 УНК улсын дугаартай 000 528 автомашиныг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Г ХХК-д даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 676 төгрөг, хариуцагчаас төлсөн 146150 тьөгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 146,150 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Өд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 146,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО