Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00375

 

“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05600 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 296 дугаар магадлалтай,

“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Даваажавт холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 1.117.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Даваажавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Даваажав нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээс”-ийн 021 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж сарын 410.000 төгрөг төлөхөөр тохирсон. Манай зүгээс түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх үүднээс 2015 оны 1-3, 5-12 дугаар сарууд, 2016 оны 1-3 дугаар саруудад төлбөрийг 130.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 112.666 төгрөг болгон бууруулсан. Гэтэл Ж.Даваажав нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх заалтыг зөрчин 2015 оны 7, 8, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 4 дүгээр саруудын нийт 7 сарын төлбөрийг төлөөгүй. Түрээслэгч нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар дангаар гэрээ цуцлах эрхтэй ба гэрээ цуцлах саналаа 1 сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу мэдэгдэж байгаагүй. Мөн түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм. Манай зүгээс “үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө үү” гэсэн бичгийг оршин суух хаягаар нь явуулж байсан боловч хариу өгөөгүй, төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй. Иймд гэрээ цуцалсан тул хариуцагчаас  түрээсийн төлбөр 1.117.666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Даваажав шүүхэд гаргасан тайлбартаа: “Скайтел” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед  Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2 дугаар давхар нь Мобиком-Теди үйлчилгээний төвийн 2 дугаар давхар луу шууд ордог гарцтай байсан. Тухайн үед үйлчлүүлэгч нар боломжийн орж гардаг, лангууг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж болохоор байсан. Гэтэл “Скайтел” ХХК, “Мобиком” ХХК-иуд нь талбайн асуудлаар хоорондоо маргалдаж гол үйлчлүүлэгч орж гардаг байсан хаалгыг тагласан. Тэр үед маргаантай орц гарцтай талбайг бидэнд түрээслүүлснийг мэдсэн. Тэр хаалгыг хааснаас хойш үйлчлүүлэгч орохоо больж, санхүүгийн хүндрэлд орсон. Хаалга хаасны дараа “Скайтел” ХХК-ийн удирдлагуудтай уулзахад “удахгүй нээгдэнэ, санаа зоволтгүй” гэсэн. Хаалгыг хаах байсан бол би эхнээсээ гэрээ хийхгүй байсан. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй хөрөнгийг шилжүүлж түрээслэгчийг хохироосон. Хаалга нээж өгөхийг гэрээний 6.3.2-т зааснаар санал тавьсан боловч “Мобиком” ХХК-тай маргаантай байгаа гээд ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн “Скайтел” ХХК нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн хааж 18-8 тоот лангуунд компьютерийн ажилчдаа суулган үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээсийн гэрээ байгуулахад бүртгэлийн хураамж гэж 450.000 төгрөг хууль бусаар авсан. “Скайтел” ХХК-ийн буруугаас болж лангуугаа ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05600 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Даваажаваас 1.117.666 төгрөг гаргуулахыг хүссэн “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 296 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05600 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Даваажаваас 1.117.666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Ж.Даваажаваас улсын тэмдэгтийн хураамжид 31.373 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.373 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 296 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойших 14 дэх хурал гэж мэдэгдсэн боловч тухайн өдрийн 12.30 минутын үед хариуцагчийн “'итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд намайг шүүхэд очиход Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаан 8 дахь хурал болж орчихсон байсан ба төлөөлөгч намайг оролцуулахаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шүүх хуралдаан 2 зааланд явагдах талаар шүүхээс мэдэгдээгүй нь дээрхи хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл болсон.

Шүүх хариуцагчийн эзгүйд товлосон шүүх хуралдааны дарааллыг зөрчин хэлэлцүүлсэн шүүх хуралдаанд шүүх илт нэг талыг барьсан нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ИХШХШТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хуульд нийцүүлэн зөв шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг барьж гэрээ нь хүчин төгөлдөр байна гэсэн байх бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн дээрх заалтанд Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээлгэсэн. Гэтэл хариуцагч зорилгоо биелүүлэх боломж олдоогүй байхад хуулийг буруу хэрэглэсэн. Гэрээг байгуулахдаа хугацааг нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон талаар маргаагүй бөгөөд гэрээнд заасан зөрчил дутагдал, доголдол гараагүй тохиолдолд дахин 12 сараар сунгана гэж заасан байгааг шүүх ойлгоогүй зөрчил дутагдал гаргаагүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн үндсэн шаардлагыг хангаагүй шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргасан байх тул Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны өдрийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх  бүрэлдхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ж.Даваажаваас 1.117.666 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг түрээсийн төлбөр гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2-р давхраас Мобиком-Теди үйлчилгээний төвийн 2-р давхар луу ордог хаалгыг хааснаас орлого хаагдсан, хууль бусаар бүртгэлийн хураамж авсан” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглах түрээсийн гэрээ”гээр нэхэмжлэгч нь “Скайтел-Теди” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 18-8 тоот лангууг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 1 жилийн хугацаагаар шилжүүлэх, хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлсөнд сар бүр 410.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжтэй байх ба энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Түрээслүүлэгч түрээсийн төлбөрийг бууруулсан, хариуцагч 2015 оны 1-6, 9, 10 дугаар сар, 2016 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлсөн, энэ талаар маргаагүй, харин 2015 оны 7, 8 дугаар сар болон гэрээний хугацаа дууссанаас хойшх 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 4 дүгээр сарын төлбөрийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо түрээсийн гэрээний хугацаа дууссан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” талаар заасан, хариуцагч гэрээний хугацаа дуусахад лангууг хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох бөгөөд гэрээний 3.2-т “хэрэв талуудын аль нэг нь гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно” гэжээ.

Хариуцагч түрээсийн гэрээг цуцлах санал гаргаагүйгээс гадна 2016 оны 3 дугаар сарын төлбөрийг төлж байсан нь гэрээг сунгасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээ сунгагдсан гэж үзэж хариуцагчаас түрээсийн төлбөр гаргуулсан нь зөв боловч бүртгэлийн хураамжийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Гэрээний 1.3-т “бүртгэлийн хураамж 450.000 төгрөг” заасан боловч гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-т “гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин” гэж заасан, нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа хариуцагчаас 450.000 төгрөг авсан нь дэнчингийн агуулгагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 8:30 цагт болохыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх тул “...шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 296 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.117.666” гэснийг “667.666” гэж, “31.373” гэснийг “20.574” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.373 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ