Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Золбадрах даргалж, шүүгч Б.Саранчимэг, шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар “Урд хутлаг уул” ХХК-ний нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын *******д холбогдох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч “Урд хутлаг уул” ХХК-ий захирал *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч ******* ХХК-ий захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн ******* аймгийн ******* сум, Увс аймгийн Зүүнхангай сумын “Урд хутлаг уул” нэртэй газарт орших 628.26 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-018029 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан болно. Ашигт малтмалын газраас анх олгохдоо энэхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь ******* дугаартай байсан бөгөөд тусгай зөвшөөрлөө хаяж үрэгдүүлэн дахин олгохдоо ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай зөвшөөрлийг өгсөн болно. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлөө тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг эдэлнэ” гэж заасны дагуу 3 дахь удаагийн 3 жилийн хугацааг сунгахдаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө бүрдүүлэх зорилгоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ******* сумын *******д батлуулахаар хүргүүлсэн” болно. Гэвч ******* сумын Засаг даргын орлогч ******* нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/131 тоот албан бичгээр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот албан бичигт тусгасан санал, 2012, 2013 онуудад хайгуулын ажил явуулаагүй, 2014 онд үйл ажиллагаа явуулахаар ирсэн боловч багийн иргэдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж үл ойлголцол үүсч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй тул 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд буюу ******* аймгийн *******д гомдлоо гаргасан боловч тус хуулийн 8 дугаар зүйлд заасан аль нэг шийдвэрийг гаргалгүйгээр 2015 оны 1/538 тоот албан бичгийг манай компанид өгсөн. Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалт “хайгуулын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад буюу Ашигт малтмалын газарт хүргүүлнэ” гэж зааснаар ******* аймгийн ******* сум, Увс аймгийн Зүүнхангай сумын Урд хутлаг уул нэртэй талбайд 2012, 2013, 2014 онуудад хийгдэх төлөвлөгөө, жилийн тайлангаа Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлэн мөн онуудын геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан болно.  

          Манай байгууллага 2012-2014 оны төлөвлөгөө болон эдгээр онуудад хийсэн ажлынхаа тайланг Ашигт малтмалын газар хүргүүлсэн. Мөн 2012-2014 онуудын зардлын тооцоог хянуулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалт нь тойм судалгааны талаарх заалт байгаа. “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн этгээд тойм судалгааг тусгай зөвшөөрөлгүй явуулж болох бөгөөд судалгаа явуулах талбай, түүний байршил, өөрийн нэр, хаягийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж бүртгүүлнэ” гэсэн. Манай компани нь тойм судалгаа хийсэн аж  ахуйн нэгж биш, энэ бол улсын компани. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл. Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, 12.1 Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.2 харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, Манай компани өнөөдрийн байдлаар ямар ч зөрчил гаргаагүй. Энэ нь ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7/148 тоот албан бичигт зөрчил гаргаагүй талаар дурьдсан байгаа. Мөн Дооно багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоолын хувьд авч үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харьцах гэсэн заалт байгаа мөн хуулийн 42.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана хуулийн 42.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болно гэсэн заалт байгаа. “Хэлэлцүүлэг зохион байгуулан иргэдийн саналыг үндэслэн Геологийн судалгааны ажил явуулахыг хориглосугай” гэсэн тогтоол гаргаж байгаа  Иргэдийн Нийтийн Хурал нь өөрт байхгүй эрхийг хэтрүүлэн компанийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн тус сумын ******* нь дээрх илт хууль бус, утга агуулгын алдаатай, захиргааны акт буюу ******* сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2/131 тоот албан бичгийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй Аж ахуйн нэгж байгууллагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн тогтоолуудыг үндэслэж манай компаний Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ******* сумын ******* нь баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм. Цацтай агуй нь байгалийн цогцолбор газар гэж хариу тайлбартаа бичсэн байдаг. Энэ нь тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1998 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 87 тоот тогтоол нь өөрөө тус сумын нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх *******ийн голын дагуух шугуйг байгалийн нөөц газар гэж үзэн тусгай хамгаалалтанд авах тухай саналыг дээд байгууллагад уламжлах тогтоол байсан. Гэтэл тогтоолын 3 дахь хэсгийг буюу "Доонын өврийн Урд хуйлагын өвгөдийн нутаглуулдаг оршуулгын газрыг, түүх соёлын дурсгалт газар Цацтай агуй хүн малын мөртэй чулуутай холбогдох судалгааг гарган дээд байгууллагад уламжилсугай" гэж, мөн хавсралт хэсэгт зөвхөн *******ийн голын шугуйг хамгаалалтанд авах үндэслэлийг дурдсан байхад 5 дахь заалтыг тус тус өөр өнгийн балаар нэмж оруулсан байдаг. Энэхүү нэмж оруулсан заалтууд нь үндсэн тогтоолын утга агуулгатай зөрчилдсөн, бичгийн хэв нь өөр байх бөгөөд төрийн байгууллагын албан бичгийг хуурамчаар үйлдэж, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нь нотариатчийн эрх хэмжээгээ хэтрүүлэн баталгаажуулсан гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газарт авах гэж байгаа. 14.1.Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэсэн заалт байдаг. Энд тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд, .тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа, тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна. Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж байдаг. Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан байдаг. Хэрвээ нэг жилийн дотор төлөхгүй бол тусгай хэрэгцээнд авсан тогтоол автоматаар хүчингүй болдог. “*******” ХХК нь 2012, 2013, 2014 онд хайгуулын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлж, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ баталгаажуулж, 2012, 2013, 2014 онд хайгуулын ажил эрхэлж, жилийн тайлангаа хүргүүлсэн нь Ашигт малтмалын газрын Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна.

         Хариуцагч ******* сумын ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын нутаг дахь “Урд хутлаг уул” нэртэй дугаар бүхий лиценз эзэмшигч “” ХХК нь 2012, 2013 онуудад хайгуулын ажил явуулаагүй 2014 онд үйл ажиллагаа явуулахаар ирсэн боловч багийн иргэд, багийн иргэдийн Нийтийн Хуралтай ойлголцож зөвшилцөж чадаагүй учраас геологи судалгааны ажил хийгдээгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоотыг үндэслэн “Урд хутлаг уул” ХХК-ний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй хариуг тус компанид удаа дараа тоотоор хүргүүлсэн болно гэжээ. Мөн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүд ирүүлж байсан байна.

        Иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ: “Урд хутлаг уул” ХХК-ний үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн  мэдүүлснээр тус компани нь тайлангаа жил жилд нь тайлагнаж байсан байна.  ******* сумын байгалийн олдвор нь тус компаний хайгуулын талбайд хамаарагдахгүй гэсэн тайлбар хэлж байсан. Жилийн ажлын тайлангаа сумын удирдлага, ард иргэдэд танилцуулж, ажиллаж байх шаардлагатай байна.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн Урд хутлаг уул ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         ******* аймгийн ******* сумын ******* Урд хутлаг уул ХХК-ний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй үндэслэлээ тайлбарлахдаа 2012, 2013 ондуудад хайгуулын ажил явуулаагүй, 2014 онд ... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй тул 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэжээ.

        Иймд Урд хутлаг уул ХХК хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан эсэх, өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж байсан эсэх, хариуцагч байгаль орчны төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих”, хуулийн 35 зүйлийн  35.2.3-д “төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвөлгөө” гэж зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланд хяналт тавих,  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөтэй байхаар заасан байна.  Урд хутлаг уул ХХК-ний тухайд 2012, 2013 онуудад Ашигт малтмалын газрын геологийн албаны мэргэжилтэн, Улсын Мэргэжлийн Хяналтын газрын БОГУУЦХУА-ны улсын байцаагч нарын хянасан ******* аймгийн ******* сумын нутагт орших “Урд хутлаг уул” нэртэй талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө гарган үйл ажиллагаа явуулж, 2012, 2013 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг АМГ-ын геологийн алба, Улсын Мэргэжлийн Хяналтын газрын БОГУУЦХУА-ны улсын байцаагч нар хянаж хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна./1 дүгээр хавтаст хэргийн 74-120 хуудас/

        Урд хутлаг уул ХХК 2012, 2013 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012, 2013 онуудад хайгуулын ажил явуулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

2. Урд хутлаг уул ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 05 дугаар сарын 01-ний Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 292 тоот шийдвэрээр 2015 оны 04 дүгээр сарын 18 хүртэл сунгасан нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /дугаар ХV-018029/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын 009-ЕЕ /хөдөлгөөний код/ хөдөлгөөний тайлбарт бүртгэгдсэн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 6, 70 хуудас/

        Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн *******д батлуулахаар хүргүүлнэ” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын газарт тухайн хайгуулын талбай байрших сумын *******ар батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баримт бичигт хавсаргаж хүргүүлэхээр байна.

        Урд хутлаг уул ХХК 2012 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа 2012 оны 04 дүгээр сарын 18-наас 2015 оны 04 дүгээр сарын 18 хүртэл хайгуулын лицензийн талбайн эрэл, хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ******* аймгийн ******* сумын ******* Н.Батбаяраар батлуулж, ******* аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч хянасан байгаа нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс ирүүлсэн нотлох баримт, Н.Батбаярыг шүүх гэрчээр асуусан тэмдэглэлээр тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 134-142 хуудас/

         Өөрөөр хэлбэл Урд хутлаг уул ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 18-наас 2015 оны 04 дүгээр сарын 18 хүртэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байгаа хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул 2014 онд байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлуулаагүй гэж үзэх боломжгүй юм.

3. ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 87, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолуудаар Урд хутлагийн цацтай агуй, хүн малын мөртэй чулуу, өвөгдийг нутаглуулдаг оршуулгын газрыг тусгай хэрэгцээнд авсан эсэхийг шийдвэрлэсэн тухайд:  ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 87, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолуудын доод талд нэмэлт өөр өнгийн бэхээр Урд хутлагийн цацтай агуй, хүн малын мөртэй чулуу, өвөгдийг нутаглуулдаг оршуулгын газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж байсан баримт хавтас хэргийн материалд /153-160 хуудас/ авагдсан байна.

        ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны бичиг хэрэг, архивт үзлэг хийсэн тэмдэглэлд “...87 дугаар тогтоол эх хувиараа байхгүй ...45 дугаар тогтоол төрийн архивт байгаа..”, аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны А/583 тоот  “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 87 дугаар тогтоол ... архивт шилжигдэн ирээгүй, ...2001-2008 оны ...баримтаа хүлээлгэн өгөөгүй байна” гэсэн албан бичиг, 87 дугаар тогтоолд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга нарын гарын үсэг зурагдаагүй, өөр өнгийн бэхээр бичигдсэн байгаагаас үзэхэд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 87, 45 дугаар тогтоолуудаар уг газруудыг тусгай хэрэгцээнд авсан эсэх нь эргэлзээтэй төдийгүй шүүх уг нотлох баримтийг үнэлэх боломжгүй байна.

         Хэрэв тусгай хэрэгцээнд авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн газрын тусгай  хэрэгцээнд авсан бол хуульд заасны дагуу 10 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар уг тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авсан газруудыг зураг зүйн бүртгэл оруулахаар байна.

         Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...1998 болон 2001 оны гадагшаа явсан бичгийн бүртгэл тус баримтуудад байхгүй байна”, аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ний А/565 тоот албан бичигт “...явуулсан бичгийн бүртгэлийг ... төрийн архивт шилжүүлэхгүй тухайн байгууллагад 10 жил хадгална”, Ашигт малтмалын газрын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 1/664 тоот “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 87, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолыг тус тус ирүүлээгүй болохыг үүргээр мэдэгдэж байна” гэсэн албан бичиг зэргээс ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн уг маргаан бүхий газруудыг тусгай хэрэгцээнд авсан гэх шийдвэрүүдийг холбогдох байгууллагад хүргүүлээгүй байна гэж үзлээ.

          Иймд Урд хутлаг уул ХХК-ний Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 “Сум, дүүргийн ******* энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хонгийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгаж шийдвэрлэлээ.

         Мөн Шинжлэх ухааны академи Палеонтологийн төвөөс ******* аймгийн ******* сумын нутагт орших Урд хутлаг уул нэртэй XV-012400, /628,26 га/ ашиглалтын талбайд явуулсан палеонтлогийн судалгааны тайланд “Палеонтологийн судалгаа, ажиглалтын үр дүнд “Урд хутлаг уул” талбайд эртний амьтан, ургамлын үлдэгдэл ирээгүй болно, тайланг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэх боломжтой” гэсэн дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.12-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус баримтлан “Урд Хутлаг уул” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч ******* аймгийн ******* сумын *******д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ 

                                     ШҮҮГЧ                            Б.САРАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧ                            Г.ЯНЖИНДУЛАМ