Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 105/2016/0139/Э |
Дугаар | 741 |
Огноо | 2016-11-22 |
Зүйл хэсэг | 215.2., 216.1., |
Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 741
Б.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
хохирогч Г.Батбаяр, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
ялтан Б.Эрхэмбаярын өмгөөлөгч А.Ганбат,
иргэний хариуцагч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Эрхэмбаярт холбогдох 201524000914 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөх тайж овгийн Батцэнгэлийн Эрхэмбаяр, 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ95122338/,
Б.Эрхэмбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн урд талын уулзварт Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас Г.Батбаярын жолоодон явсан 00-16УБ улсын дугаартай КТМ загварын мотоциклтой мөргөлдөж, Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл, КТМ загварын 00-16УБ дугаартай мотоциклийн эзэмшигч Г.Батбаярт 85.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх ослын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Б.Эрхэмбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эрхэмбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж осол гарган, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн КТМ-530 загварыг мотоциклийг хохиролд тооцон төлүүлэхээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Б.Батцэнгэлээс 4.415.213 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батбаярт, Б.Эрхэмбаяраас мөн хохирлыг гаргуулж, иргэний хариуцагч Б.Батцэнгэлд тус тус олгож, хохирогч Г.Батбаяр цаашид гаргах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.Эрхэмбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг А/В ангиллын 953172 тоот үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, Б.Эрхэмбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Эрхэмбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний бие тухайн өдөр аавын эзэмшлийн мотоциклтой, хохирогч Г.Батбаяр ах КТМ загварын мотоцикл унаад тэрэлж рүү явж байсан. Ингээд Хууль сахиулахын их сургуулийн урд талын уулзвар дээр улаан гэрэл ассан ба намайг зогсоход хохирогч Г.Батбаяр араас ирж мөргөн, өөрийн биедээ хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед миний баруун зүүн гар талаар мотоцикл явах хангалттай зай байсан. Мөн хохирогчийг хурдаа тохируулж яваагүй гэж үзэж байгаа. Гэвч миний буруу байхгүй боловч би хүний биед хүнд гэмтэл учирсанд харамсаж, эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг өгсөн. Би хэн, хэний санамсар болгоомжгүйгээс болж хүний биед хүнд гэмтэл учирсанд маш их харамсаж байна. Би эмэг эх, эцэг, хүүхдийн хамт амьдардаг. 2 настай хүүхэд маань миний асрамжид байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.Эрхэмбаярын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эрхэмбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан боловч уг хэргийг шийдвэрлэх үедээ анхаарвал зохих зарим асуудлууд байсан гэж үзэж байна. Үүнд:
1. Б.Энхбаярын анхны мэдүүлгээс үзэхэд уулзвар дээр улаан гэрэл дохион дээр зогсох үйлдэл хийхэд Г.Батбаяр араас ирээд мөргөсөн гэж тогтвортой мэдүүлдэг. Хохирогч Г.Батбаяр нь “Б.Эрхэмбаяр намайг ардаа явж байгааг харсан” гэж тодорхой мэдүүлдэг. Тэгэхлээр Б.Эрхэмбаярын ард Г.Батбаяр замын хөдөлгөөнд оролцож байсан нь батлагдаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг Г.Батбаяр зөрчсөн гэж үзэхээр байна. Шинжээч Н.Шинэбаатарын хувьд урдаа яваа тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Эрхэмбаяр тухайн мотоциклийг чухам яаж зогсоосныг тооцоололгүйгээр “Г.Батбаярыг Б.Эрхэмбаярын араас мөргөх боломжгүй” гэж дүгнэлт өгсөнд туйлын харамсалтай байна. Мотоцикл өрөөлдөн шарвасан байдалтай зогссон байхыг ч үгүйсгэхгүй.
2. Шинжээчийн дүгнэлт, Г.Батбаяр, Б.Эрхэмбаяр нарын мэдүүлэг зэрэг нь уг хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна. Б.Эрхэмбаяр, Г.Батбаяр нарын мэдүүлгээр Б.Эрхэмбаярын ард Г.Батбаяр явж байсан нь харагддаг. Замын хөдөлгөөний дүрэмд “ард яваа тээврийн хэрэгслийн жолооч аюулгүй байх зайг барьж явна” гэж заасан. Б.Эрхэмбаяраас “Би гэнэт зогссон байж болно. Гэтэл Г.Батбаяр араас ирж мөргөсөн” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд “араас ирж мөргөх боломжгүй” гэсэн. Ямар үндэслэлээр ийм дүгнэлт гаргасан нь тодорхойгүй тул эргэлзээ төрж байна. Ийм тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэх ёстой байтал хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэн.
3. Б.Эрхэмбаярын хүүхэд болох Э.Алдар нь одоо 2 нас 3 сартай, эх нь Э.Алдарыг 1 настай байхад нь аавд нь орхиод явсан. Б.Эрхэмбаяр нь хүү Э.Алдартай хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн хорих ялыг биечлэн эдэлж байгаа нь хохирол төлөхөд саад болж байна. Б.Эрхэмбаяр нь өөрийн буруутай эсэх нь тогтоогдохгүй байхад санаачлагаараа 5.000.000 төгрөгийг хохиролд төлсөн. Иймд Б.Эрхэмбаярт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг нь 13.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Нийт эмчилгээний зардал 28.000.000 төгрөг гарсан. Тухайн үед баримт аваагүй учир сүүлд гарсан 13.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс Б.Эрхэмбаяр 5.000.000 төгрөгийг манай гэрийнхэнд өгсөн байсан. Ингээд би үлдэгдэл хохирлоо нэхэмжилсэн. Гэтэл шийтгэх тогтоолд 4.000.000 төгрөг төлүүлэхээр заасан байсныг ойлгохгүй байна... Гэхдээ би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа...” гэв.
Хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эрхэмбаярын давж заалдах гомдолдоо Г.Батбаярыг араас ирж мөргөсөн, мөн бага насны хүүхэдтэй учир хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Хохирогч нэг хөлгүй болсон бөгөөд 7 удаа хагалгаанд орсон. Г.Батбаярын 3 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шүүгдэгчийн талаас хохирол төлбөрөө төлөх асуудлыг тавьдаггүй байж одоо ийм зүйл ярьж байгаа нь ойлгомжгүй байна... Монгол Улс баруун гарын дүрэмтэй. Нэгдүгээр эгнээгээр явж байгаа бол баруун гар талаа шахаж, өөрөөр хэлбэл баруун талдаа зай гаргахгүйгээр зорчих ёстой. Б.Эрхэмбаяр, хохирогч Г.Батбаярын мэдүүлгүүдэд тухайн үед хохирогч Г.Батбаяр баруун талаар нь, зүүн талд нь Б.Эрхэмбаяр явж байсан нь харагддаг. Үүнийг тухайн үед Г.Батбаяртай сундалдаж явсан гэрч Мөнхжаргал тогтвортой мэдүүлэг өгдөг. Хохирогчийн мэдүүлэгт “Б.Эрхэмбаяр зүүн талд 3-4 метрийн зайд явж байсан. Тэгээд гэнэт баруун тал руугаа шахаж зогсох үйлдэл хийснээс болж би Б.Эрхэмбаярын мотоциклийн дугуйн талаас нь очиж мөргөсөн” гэсэн. Б.Эрхэмбаярын мотоциклийн баруун талын яндан зурагдаж хонхойсон. Мөн домкрат нь салсан байсан. Энэ ул мөр эгц араас нь мөргөөгүйг харуулж байна. Шинжээч Н.Шинэбаатар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Батбаяр нь Б.Эрхэмбаярын араас мөргөх боломжгүй” гэсэн. Дээрхээс үзвэл өмгөөлөгч А.Ганбатын мотоцикл өрөөлдөж харсан байснаас хэрэг гарсан байж болзошгүй гэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Ганц бие эцэг гэдгийг “Дүүргийн Засаг даргын тамгын газраас ганц бие эцэг гэдгийг тогтоосон байх, эсхүл шүүхээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон байх, гэрлэлтээ цуцлуулан асран хамгаалагчаар нь тогтоогдсон байх” зэрэг баримтуудаар тогтоогдох ёстой. Иймд ял шийтгэлийг хойшлуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Б.Эрхэмбаярт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Иргэний хариуцагч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Эрхэмбаярын өмгөөлөгчтэй санал нэг байна. Б.Эрхэмбаяр нь хүүхэдтэй боловч бидэнтэй амьдардаггүй байсан. Гэтэл хүүхдийн эх хүүхдийг 1 нас өнгөрч байхад нь авчирч өгсөн. Одоо Б.Эрхэмбаярын эмээ бид хоёр ажлынхаа завсраар хүүхдийг харж байгаа... Хохирлын үнийн дүн дээр маргаан байхгүй...” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлтэй гарсан. Хэрэв Б.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчөөгүй бол мөн дүрмийн 8.11 дэх заалт зөрчигдөхгүй байх байсан. Б.Эрхэмбаярын үйлдлийн улмаас хохирогч Г.Батбаярт хүнд зэргийн гэмтэл учирсан. Б.Эрхэмбаяр өөрийн асрамжид 2 нас 6 сартай хүүхэд байдаг талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өмнө нь мэдүүлж байгаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд мэдүүлж байгаа нь үндэслэлгүй. Мөн хүүхдэд асран хамгаалагч тогтоосон шийдвэр, захирамж болон гэрлэлтийн баталгаа, гэрлэлт цуцалсан баримт байхгүй байна. Иймд хорих ялыг хойшлуулах боломжгүй байна. Яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын төлбөрийг 9.215.213 төгрөгөөр тооцож бичсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хэмжээг яаж тооцсныг би сайн нягталж үзээгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хэмжээг үндэслэлтэй бол өөрчлөх боломжтой. Оногдуулсан ялын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд Б.Эрхэмбаярын үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Эрхэмбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн урд талын замын уулзварт Б.Батцэнгэлийн эзэмшлийн КТМ загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас хөдөлгөөний чиглэлээ гэнэт өөрчилж, замын баруун тал руу шахах үйлдэл гаргаж, Г.Батбаярын жолоодон явсан 00-16УБ улсын дугаартай КТМ загварын мотоциклтой мөргөлдөж, Г.Батбаярын биед хүнд гэмтэл, Г.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл, КТМ загварын 00-16УБ дугаартай мотоциклийн эзэмшигч Г.Батбаярт 85.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх ослын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Батбаярын “... 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед би гэртээ байж байхад миний танил Б.Эрхэмбаяр над руу яриад “1 дүгээр хороололд манай гэрт хүрээд ир, хоёулаа өнөөдөр мотоциклтой гадуур явъя” гэж хэлсэн. Би мотоциклоо унаад Б.Эрхэмбаярын гэрт очсон... Би найз Мөнхжаргал руу утсаар яриад “Тэрэлж ороод ирье, чи машин бариад өгөөч” гэхэд тэр зөвшөөрсөн. Эрхэмбаяр бид хоёр тус тусын мотоциклоо унаад би Мөнхжаргалыг сундлаад Тэрэлж рүү явсан. Тэгээд 19 цагийн үед Хууль сахиулахын их сургуулийн уулзвар дөхөж байхад Эрхэмбаяр миний урд гарч явсан. Харин би араас нь явж байсан. Уулзвар дөхөж байхад улаан гэрэл ассан тул уулзвар дээр зогсохоор болсон. Тухайн үед Эрхэмбаяр бид хоёр зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан ба би 1 дүгээр эгнээний баруун гар тал руу шахас хийгээд явж байхад Эрхэмбаяр миний зүүн талд, гэхдээ надаас урд 20-30 метр зайд явсан. Би уулзвар дөхөөд зогсохдоо хашлага шахаж зогсоно гэж бодоод явж байтал Эрхэмбаяр бас хашлага шахаж зогсох гээд миний урдуур ороод ирсэн. Эрхэмбаярыг ороод ирэхэд нь би тоормослосон боловч гулгаж очоод араас нь мөргөөд замын хажуу тал руу шидэгдсэн...” /хх 1-н 21-23/,
гэрч Г.Мөнхжаргалын “... Би Г.Батбаярын мотоциклийн ард сундлаад, нөгөө залуу нь мотоциклтойгоо араас дагаж явсан. Ингээд Амгалангийн зам буюу Хууль сахиулахын их сургуулийн урд талын 3 замын уулзвар дээр дөхөж ирсэн. Тэгтэл яагаад ч мэдэхгүй, замын урагшаа буюу хашлага тал руу мотоцикл унаад, би явган хүний зам дээр уначихсан. Би босож ирээд хартал Г.Батбаяр замын хажуу талын ус зайлуулах хоолойн дээр хэвтэж байсан... Тухайн үед Г.Батбаяр бид хоёр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан. Харин нөгөө мотоциклтой залуу хойно, урд хоёрын аль хэсэгт явж байсныг мэдэхгүй байна...” /хх 1-н 29-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Батбаярын биед зүүн гуяны доод 1/3 хэсгээр тайрсан мэс заслын дараах байдал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал, баруун хөлийн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.103.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 12471 тоот акт /хх 1-н 44/,
Улаанбаатар хотын Цагдаагийн газар Замын цагдаагийн газрын “...Улсын дугааргүй “КТМ” загварын мотоциклийн жолооч Б.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг... тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн техникийн шинжээчийн 793 тоот дүгнэлт /хх 2-н 18-19/,
Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 48/, Хууль сахиулахын их сургуулийн баруун урд уулзварын гэрлэн дохионы горим /хх 1-н 94/, өвчний түүхийн хуулбар /хх 1-н 116-134/, мотоциклийн эвдрэл хохирлын үнэлгээ /хх 1-н 55-57, 2-н 13/, хохирлын талаарх баримтууд /хх 2-н 33-50, 82-89/, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 3-н 10-12/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Б.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Б.Эрхэмбаярыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ял хэрэглэн, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.
Ялтан Б.Эрхэмбаяр “...хохирогч Г.Батбаяр хурдаа тохируулж яваагүйгээс миний баруун зүүн гар талаар мотоцикл явах хангалттай зай байхад миний мотоциклийн араас ирж мөргөсөн гэж үзэж байна. Миний асрамжид 2 настай хүүхэд байдаг зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж,
ялтны өмгөөлөгч А.Ганбат “... шинжээч Н.Шинэбаатарын хувьд урдаа яваа тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Эрхэмбаяр яаж зогсоосныг тооцоололгүйгээр Г.Батбаяр араас нь мөргөх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, урд явсан Б.Эрхэмбаярын мотоцикл өрөөлдөн шарвасан байж болох талтай. Хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй тул Б.Эрхэмбаярт ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг баримтлаагүй. Мөн түүний 2 нас 3 сартай хүүхэдтэйгээ хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэж давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Мөрдөн байцаалтын шатанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2015 оны 793 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Н.Шинэбаатарын “Б.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасныг зөрчиж, гэрэл дохион дээр зогсохдоо хөдөлгөөний чиг өөрчилж зогссон учраас осол гарахад нөлөөлсөн” гэснийг үндэслэлтэй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, тухайн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан хорих ялын төрлийг сонгож, доод хэмжээгээр ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд хохирол бүрэн төлөгдөөгүй тул хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн ялтан Б.Эрхэмбаярыг гурав хүртэлх насны хүүхдийг асран халамжилдаг ганц бие эцэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин анхан шатны шүүх гэм хорын хохирлыг буруу тооцоолсныг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь, хэрэгт баримтаар тогтоогдсон 12.146.336 төгрөгийн нэхэмжлэлийн хэмжээнээс шүүх хохирол тооцох байтал хохирогчийн “урьд өгсөн 5.0 сая төгрөгийг хасч, үлдэх 9.0 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэснийг нийт нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэж, түүнээс дахин 5.0 сая төгрөгийг хасч, 4.415.213 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олговол зохих мөнгөний хэмжээг “7.146.336 төгрөг” гэж өөрчлөх үндэслэлтэй.
Мөн шийтгэх тогтоолд ялтны мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд цагдан хоригдсон эсэх талаар дурдаагүй орхигдуулсан тул “цагдан хоригдсон хоноггүй” гэж нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.