Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01226

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01226

 

Ш.оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00723 дугаар шийдвэртэй

Ш.оын нэхэмжлэлтэй д ХХК-д холбогдох

хохирол 55,158,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчид давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амар, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн төлөөлөгч М.Буянчуулган, түүний өмгөөлөгч Б.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.о, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би 2011 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хороо, хандгайтын 22 дугаар гудамж 94а тоотод 646.15 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. 2017 онд өөрийн өмчлөлийн газар дээрээ суурийн давхартайгаа 3 давхар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс барилгын хойно байрлах д ХХК-ийн Хүсэл төвийн бохир усны цооног буюу ёмкосийг албаар цоолж бохир нь манай барилга болон газар луу орж ирж их хэмжээний хохирол учруулаад байна. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бохир усны цооног буюу ёмкосны 2 ширхэг зуугийн бочкины хэмжээтэй цоорсон байсан нүхийг хариуцагч д ХХК-ийн захирал М.Буянчуулган, нэхэмжлэгч Ш.оын нөхөр Т.Энх-Амар болон түүний туслахаар ажиллаж байсан Ч.М нар нийлж нөхсөн. Үүнээс 10 хоногийн дараа хашаа руу урсаж орж байсан бохир ус илт багассан ... д ХХК нь бохирын усны ёмкосны нүхийг нөхөөгүй байхад 7 хоногт нэг удаа соруулдаг байсан. Учир нь нүх бөглөгдөөгүй байхад бохир ус нь манай хашааруу урсаж байсан тул бохир усны цооног буюу ёмкос нь дүүрдэггүй байсан бол 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нүхийг бөглөснөөс хойш 7 хоногт 3-4 удаа соруулдаг болсон. Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №02-03-354/59 тоот дүгнэлтээр тухайн хөрс нь их бохирдолттой байна гэсэн хариу гарсан. Мөн бохир усны үзүүлэлтүүд нь ерөнхий шаардлага, стандартаас их байна гэсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр д ХХК-ийн Хүсэл төвийн барилгын бохир усны цооног ашиглалт хэвийн нөхцөлийг хангаж байгаа эсэх талаар шалгуулахаар хүсэлт өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр талуудыг байлцуулан хяналт шалтгалт хийж, хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн. Хариуцагч өөрийн барилгын бохир усны цооногоос бохир ус алдаж байгааг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйн улмаас хууль зөрчиж, бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна. Иймд хариуцагч д ХХК-аас өөрийн барилгын бохирын усны цооногын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс бохирын ус нэтврэн орж эд хөрөнгөнд хохирол учруулсан буюу барилгын шалыг хуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 4,400,000 төгрөг зарцуулсан, ажлын байр, гараажийн зоорийн давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг 50,658,127 төгрөг болж байна. Тиймээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох нийт 55,158,127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч М.Буянчуулган, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: ... Манай компани Хүсэл төвийн барилгаа 2000 онд барьж, 2016 онд өргөтгөсөн бөгөөд үүнээс хойшхи хугацаанд ямар нэгэн байдлаар хөрш зэргэлдээ айлууд руу ус урсан орж байгаа гэх гомдлыг гаргаж байгаагүй. Харин Ш.о нь 2017 онд манай барилгаас 2 айлын хашааны цаана байрлах хашааг худалдан авч 3 давхар барилга барьж эхэлсэн. Ингээд 2019 оны 2 дугаар сард өөрийн хашаа, барилгын доороос ус тунаж эхэлснийг манайхаас гарсан гэж хэл ам гаргаж эхэлсэн бөгөөд манайхтай яг зэрэгцээ хашааны айлууд ийм асуудал гаргаагүй атал хоёр хашааны цаадах нэхэмжлэгч манайх руу ийнхүү шударга бусаар хандаж эхэлсэн юм. Манай үлдсэн бохирын ус хуримтлуулах сав нь ямар нэг цоорхойгүй тус бохир ус тэдний барилга руу урсаагүй болох нь тодорхой болсон. Үүнийг дахин нягталж шалгах зорилгоор Ш.оын хамт манай тал байлцаж түүний хашаан дотор ус гарч байгаа газрыг трактороор ухаж үзэхэд газрын гүний 4 метр орчмоос гүний усны судал урсаж байсныг манай тал зургаар баримтжуулж авсан. Манай барилгын бохир усны сав газрын гүний 2-3 метрт булагдсан тул 2-6 метрийн түвшинд ус газрын хөрсөнд нэлэнхүйдээ тархсан байх ёстой байсан. Газрын хөрсөнд судал үүсгэж урсгах боломжгүй гэдэг нь энгийн хэнд ч ойлгомжтой баримт. Иймд манай барилгын бохир ус алдагдаж нэхэмжлэгчийн газрын хөрсийг бохирдуулсан гэх тайлбар нь илтэд үндэслэлгүй юм. Манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаа 15 тн ёмкос бүхий машинаар бохирын цооногоос усыг соруулж цэвэрлүүлдэг. Хоногт 4-6 тонн ус хэрэглээд түүнийгээ бүрэн соруулж авдаг. Нэхэмжлэгчийн барилгын доороос гарсан ус нь 1 тонны даац бүхий портер машинаар 4-6 удаа соруулж асгаж байгаагаас үзвэл өдөрт 6 тонн ус гарч байсан, соруулж гаргаж байгаа ус нь манай хэрэглэж байгаа уснаас их ус гарсан нь харагдсан. Сүхбаатар дүүргийн 14-р хороо буюу нэхэмжлэгчийн барилга байршиж байгаа 7 буудал орчмын хөрс хөрсний бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой байдаг. Нөгөө талаас манай эзэмшлийн Хүсэл төвийн бохирын цооногоос бохир ус урсаж нэхэмжлэгчийн барилга руу орсон гэх нотлох баримт байхгүй, мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага нь манай бохир ус нэхэмжлэгчийн барилга руу орсныг тогтоосон баримт биш юм. Нэхэмжлэгч барилгыг бариулахдаа Барилгын тухай хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хөрсний шинжилгээ хийлгээгүй, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн. Түүнчлэн 2019 он бороо хур ихтэй жил байсан бөгөөд үүний улмаас хөрсний ус ихээр тунаж барилгын суурь руу нэвчиж байгааг холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн зуны турш ярьсаар ирсэн, энэ нь нийтэд илэрхий баримт юм. Ш.оын барилгын эвдэрсэн гэх хэсэг нь ойролцоогоор 100 м.кв орчим талбай байхад их хэмжээний талбай засах мэтээр төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч д ХХК-аас 14,763,524 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.од олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,394,603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,740 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч д ХХК-аас 231,767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.од олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад төсөвт өртгийг тодорхойлох зорилгоор нэхэмжлэгч талаас Хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гаргаж Хүсэл төвийн нэвчин орж буй бохирын ус нь нэхэмжлэгч талд 25,126,850 төгрөг, ажлын хөлс 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нийт 29,526,850 төгрөгийн хохирлоос тавин хувийг ханган 14,763,425 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн барилга нь 21x9 харьцаатай, 2 давхар, нийт 378 м.кв, талбайтай бөгөөд зоорийн давхрын талбайг оруулан тооцох боломжгүй юм. Хариуцагч талбайн хэмжээг хэрхэн хэмжиж гаргасан, ямар үндэслэлээр 1080 м.кв талбайтай гэж үзсэн нь тодорхойгүй байхад шүүх уг барилгын хэмжээг зөвхөн хариуцагчийн тайлбараар нотлогдсон гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №218 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулалтыг хүчин чадлаар тогтоох дүрэм-ийн дагуу барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж юм. Тухайн газарт барилгын ажлын зөвшөөрөл шаардах барилга барьж, зөвшөөрөлтэй барилгын ажлыг эхлүүлсэн ч барилгын ард байрлах худалдааны төвийн бохир урсаж орж ирэхийг тооцоолох, зориулалтын бусаар ашиглахыг таамаглах боломжгүй юм. Хариуцагчийн хувьд бохир усны байгууламжийг хууль тогтоомж стандартын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд энэхүү нөхцөл байдлаас хамаарсан хохирлыг нэхэмжлэгч талын хэтэрхий болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх хохирол нь нэхэмжлэгчийн барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө мэдэж болох байсан байгалиас гарч байгаа хөрсний ус бус харин хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирол юм. Тиймээс анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 25,126,850 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч М.Буянчуулган, түүний өмгөөлөгч Б.Оюунсүрэн нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хувийн орон сууцад байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийх шаардлаггүй гэсэн тайлбар хэлж байна. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл 378 метр квадрат бүхий үйлдвэрийн зориулалттай барилга байдаг. Иймд байгаль орчны үнэлгээ болон хөрсний нарийвчилсан шинжилгээг хийлгэх зүйтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад нэг удаагийн шинжилгээгээр шинжилсэн үзүүлэлтүүд нь хүрээлэн байгаль орчны усны чанар хаягдал ус, чанарын шаардлагын стандартаас их байна гэж дүгнэсэн. Мөн Хүсэл төвийн бохир усны цоонгийн ашиглалтын болон Ш.оын шинээр барь буй барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн атлаа усны стандартнаас их байна гэх дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Геодиоз усны барилга байгууламжийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн хэд хэд төрийн байгууллагад хандсан боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь чиг үүрэгт хамаарахгүй, мөн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул дүгнэлт гаргахгүй гэж хариу өгсөн. Харин Геодиоз усны барилга байгууламжийн газар нь барилгын сууриас гарч байгаа усны чанарыг тодорхойлох эс үүсвэрийг олоход инженер, геологийн судалгааг хийлгэх шаардлагатай гэх албан бичиг өгсөн. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх д ХХК-ийг гэм буруутай гэж дүгнэсэн. Энэ талаар нотлох баримтад үндэслэсэн шийдвэр гаргах зүйтэй. Хэрэгт д ХХК-ийг гэм буруутай гэсэн нотлох баримт байхгүй. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2019 оны 10 дугаар сард дүгнэлт, мөн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны гүйцэтгэлийн шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар цоонгоос ус гараагүй болохыг тогтоосон. Анхан шатны шүүх цоонгоос гарсан усны бохирдолтой холбоотойгоор барилга байгууламжинд хохирол учруулах гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн барилга хот байгуулалтын сайдын 2018 оны тушаалд барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар тогтоох дүрмийн дагуу тухайн барилга нь төввөгшилтэй барилга гэж тогтоогдсон. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхгүй шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. М.Буянчуулган нь буруугүй болохоо баримтаар тогтоосон атал шүүх шинжлэн судлаж, дүнэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дүгнэлт гаргах зүйтэй. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, төрийн зохих байгуулагуудаас шинжээч томилж, дүгнэлт гаргахгүйгээр д ХХК-ийг гэм буруутайд тооцож, гэм хорын хохирол гаргуулах тухай шийдвэрийг эс зөшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгч М.Буянчуулганы давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх шийдвэртээ ... хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн барилгын бохирын усны савд нүх гарснаас бохирын ус хөрсөнд нэвчин нэхэмжлэгчийн барилга руу нэвтрэн орсон нь тогтоогдсон гэж дүгнэлт хийсэн нь илт нэг талыг барьсан шийдвэр байна. Нэхэмжлэгч 2017 оноос барилга барьж эхэлсэн, тэр үед нь манай компанийн барилгын ус түүний барилга барих газар руу урсаж байсан бол барилгын суурийн газрыг ухах, суурь цутгах барилга барьж эхлэхэд нь ус гарч ирж мэдэгдэх байсан. Хамгийн ноцтой нь Ш.о нь өөрөө барилгын норм, дүрэм, стандарт зөрчиж барилгаа барьсан. Барилгын норм, дүрэмд зааснаар ийм хэмжээний барилгыг барихад эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах, зураг төслөө батлуулах, геологи хайгуулын ажил хийлгэж, уг барилгын газрын хөрс нь хөрсний устай байсан эсэх, ямар технологоор барилгын ажлыг явуулах зэргийг мэргэжлийн болон шинжлэх ухаанчаар тогтоолгох ёстой ч тогтоолгоогүй тул Ш.од хууль ёсны зөрчигдсөн эрх гэж үүсээгүй, шаардах эрхгүй болно. Нэхэмжлэгч Ш.о нь өөрийн барилга барих газарт геологи хайгуулын ажил хийлгэсэн байх ёстой ба энэ нь барилга барихад хөрс нь ямар шинж чанартай, ямар технологоор барих шаардлагатай гэдгийг тогтоож өгөх шинжлэх ухаанч үйл ажиллагаа юм. Энэ нь Ш.оын заавал хийх ёстой ажил нь байсан ба уг үүргээ биелүүлээгүй барилгаа барьсан. Хэрэв уг шинжилгээг хийлгэж, шинжилгээгээр барилга барьж эхлэхэд уг газрын хөрсөнд ус байгаагүй гэдгээ шүүхэд нотлох ёстой байхад нотолж чадаагүй. Хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар д ХХК-ийн өмчлөлийн барилгад өдөрт худалдан авч хэрэглэдэг цэвэр ус 3,5 тонн болох нотлох баримт, бохирын савнаас зөөж зайлуулах бохир усны хэмжээ 4,0 тонн болох нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг худалдан авч хэрэглэдэг цэвэр усыг уг хэмжээгээр соруулж зөөлгөдөг болох нотлох баримтыг гаргасан өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд дуудан ирүүлсэн гэрч нь Ш.оыг барилга барьж байх үедээ өдөрт 3,0 тонн орчим усыг соруулж зөөдөг байсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нь манай компанийн шүүхэд гаргаж өгсөн 6-9 сарын хоорондох цэвэр ус худалдан авсан, бохир ус зөөвөрлөсөн нотлох баримтыг цооног бөглөсний дараах үйл баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Уг ус нь бохирын ус юм бол манай бохирын ус гэдгийг цооногийн жижиг цоорхой нүх-ээр тогтоох боломжгүй. Учир нь Ш.о болон манай компанийн барилгын хооронд 2 айл байгаа бөгөөд тэд жорлон ашигладаг, жорлонгийн бохир нь хөрсөнд шууд шингэдэг тул Ш.оын барилга руу орсон ус манай бохирын ус гэж нотлогдохгүй байгаа. Ш.о нь барилгын суурийг ухаж суваг гаргахдаа хэн нэг мэргэжлийн байгууллагыг, хөндлөнгийн гэрчийг байлцуулахгүй ухсан байсан тул уг суурийг ухсан шалтгаан юунаас үүдсэнийг би мэдэхгүй, зөвшөөрөөгүй, харин суурийг ухсан хойноо намайг дуудахад нь очиход ус гарсан байсантай нь би маргаагүй. Энэ 2 зарчмын хувьд огт өөр асуудал юм. Учир нь Ш.о барилгын суурь нь ямар болсон болоод уг суурийг ухсан талаар надад мэдэгдээгүй, мэргэжилтэн болон хөндлөнгийн гэрч байлгаагүй тул ус суурийг гэмтээснээс болж суурийг ухсан гэдгийг огт зөвшөөрөхгүй, харин ухсан суурийн дороос ус гарсан байсан гэдгийг харснаа зөвшөөрсөн болохоос миний барилгын бохир ус энд урсаж ирсэн гэдгийг ч зөвшөөрсөн явдал огт биш байхад анхан шатны шүүх илтэд буруу дүгнэлт хийсэн. Манай бохирын цооногоос гарсан гэх ус ямар хэмжээтэй гарч, ямар хэмжээтэй нь газрын хөрсөндөө таралгүй шууд Ш.оын барилга руу урссан гэдгийг нэхэмжлэгч өөрөө шүүхэд нотолж чадаагүй, ер нь шүүх нь манай цооногоос гарсан ус ямар хэмжээтэй нь Ш.оын барилга руу урсан очиж, яаж хохирол учруулсан гэдгийг нотлох баримтгүйгээр манай компанийг шууд буруутгасан дүгнэлт өгч байгаа нь илт хууль бус юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаар уг газрын орчмын хөрс маш их устай, засмал зам тавихдаа хөрсний усыг зайлуулах систем тавьснаар хөрсний ус багассан гэдэг нотлох баримтуудыг хариуцагч би гаргаж өгөхийн хамтаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй атлаа ийм дүгнэлт өгч байгаа нь шүүх нотлох баримт тулгуурлаж хэрэг маргааныг шийдвэрлэх зарчим, нөгөө нийтэд зарлаад байдаг шударга ёс чинь хаана байна. Дахин хэлэхэд өөрөө ямар хөрсөнд барилга барьснаа нотолж чадаагүй, хариуцагч нь уг хөрс нь угаасаа хөрсний ус ихтэй гэдгийг нотлоод байгааг шүүх анхаарсангүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч Ш.о, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Давж заалдах гомдлын үндсэн агуулга нь нэгдүгээрт энэ зөрчилтэй гэх асуудалд мэргэжлийн хяналтын байцаагч зөвхөн усанд шинжилгээ хийгээд зөрчил гэж үзсэн асуудал биш. Харин тухайн цооног доороо цоорхой байсан асуудлыг нотлоод энэ нь зөрчил тул битүүллээ гэх албан шаардлага өгсөн. Иймд 40 гаруй тонны цооног доогуураа цоорхой байхад ус гарахгүй байх нөхцөл байдал байхгүй. Хариуцагчийн гомдолд лаг шавар ихтэй, болохлоор усан нэвчихгүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт барилгын метр квадратыг хариуцагч өөрөө очиж хэмжээд 1080 метр квадрат гэж тогтоосон талаар шүүх хуралдаанд тайлбар хэлдэг. Хариуцагчийн гаргасан 1080 метр квадрат талбайтай барилга барих боломж байхгүй. Иймд боломжгүй хэмжилт өөрөөр хэлбэл таамаглалын зүйлд үндэслээд энэ барилгын журам дүрэмд хамаарахгүй дүгнэлт хийх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зохигчдын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч Ш.о нь хариуцагч л ХХК-д холбогдуулан хохирол 55,158,127 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....хариуцагч д ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас манай барилга руу бохирын ус нэвтэрч орсонтой холбоотойгоор эд хөрөнгөд хохирол учирсан гэж, хариуцагч ...бохиродолтой гүний ус нэвчдэг хөрсөнд өөрсдөө судалгаагүйгээр хууль зөрчиж барилга барьсан. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж маргажээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид гэм буруугийн асуудлаар маргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...тунаж байгаа ус нь бохирын цооногийн ус, эсхүл хөрсний ус, уг ус нь хариуцагчийн барилгаас нэхэмжлэгчийн барилгаас урсаж орсон эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/09514 дугаар шүүүгчийн захирамжаар хангаж, Газар зохион байгуулалт, геодизи зурагзүйн газрыг, мөн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/12176 дугаар шүүгчийн захирамжаар Геодизи, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ыг тус тус томилсон байна. /1хх.96-97/

6. Газар зохион байгуулалт, геодизи зурагзүйн газар нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/2348 тоот албан бичгээр ...Захирамжид дурдсан шинжээчээс асуусан асуулт нь тус байгууллагын эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй тул шинжээчээр ажиллах боломжгүй гэж, Геодизи, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/544 тоот албан бичгээр ...барилгын сууриас ус гарч байгаа, усны чанарыг тодорхойлох эх үүсвэрийг олоход инженер геологийн судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн байгууллагад хандана уу гэж тус тус хариу хүргүүлсэн байна. /1хх.100/

7. Мөн хариуцагч л ХХК-ийн төлөөлөгч ...Ш.оын барилгын суурьт гарсан байгаа хагархай нь байгалийн хүчин зүйлээс болсон, эсхүл хүний хүчин зүйлээс болсон эсэхийг тодорхойлох, барилгын суурьт байгалийн хүчин зүйлээс болж гарсан гэх цууралт ямар хэмжээтэйг тогтоох, барилгын суурьт цутгасан бетон нь тухайн газрын хөрсний төрөл, хөлдөлтийн гүн, усны нэвчилт зэрэгт тохирсон стандартыг хангасан эсэх, барилгын хананд хөрсний усыг зайлуулахаар 20-30 см-т нүх ухсан гэсэн тул уг нүх байгаа эсэх зэргийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/05764 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /1хх.170, 186-189/

8. Дээрх захирамжуудыг биелэлт хангагдаагүй, гэм буруутай эсэх асуудал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу гаргасан дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулснаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 231,800 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 232,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО