Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01243

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01243

 

Г.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01215 дугаар шийдвэртэй

Г.Аийн нэхэмжлэлтэй Нт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ББСБ ХХК

Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоот 180 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 468.052.000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очирын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаартай шийдвэрээр Г.А надаас 527,867,470 төгрөгийг гаргуулж, Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Н нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийг томилон үнэлгээний тайланг гаргуулснаа 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой 4-122/17817 дугаартай мэдэгдэлдээ үнэлгээний тайлангийн 1 хуудас хавсарган шууданд хийсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал аваагүй, өгсөн үнийн саналыг талууд хүлээн зөвшөөрөхгүй бол шинжээчээр үнэлгээ тогтоох хэсгийг зөрчсөний дээр үнийн саналтай танилцуулах хуульд заасан хугацааг хангаж ажиллаагүйд гомдолтой байна. Б ХХК-ийн үнэлгээний тайлан гэх 1 хуудсанд Зүүн чойр ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоотод байрлах 180 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 468,052,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Г.А надад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн он, сартай 4-122/17817 дугаартай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гардуулан өгч байгаа нь нэг талыг барьсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний ямар аргаар, үнэлгээний стандарт баримталсан эсэх нь тодорхойгүй, үнийн дүн үндэслэл болсон эсэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 1 нүүр тайлан гэх бичгээс тодорхой харагдахгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан гарсан гэх хөрөнгийн үнэлгээний тайлан нь үндэслэл муутай гарсан, мөн шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хугацаагаа баримталж ажиллаагүй байх тул Б ХХК-ийн гаргасан орон сууцны үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00202 дугаар тогтоолоор Г.Аээс 525,084,099 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Н ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоотын 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэх, улсын тэмдэгтийн хураамжид 2,783,371 төгрөг, нийт 527,867,470 төгрөгийг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20300908 дугаартай тогтоолоор үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч Г.Аийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоотын 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолоор битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан байна. Тус газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-122/10743 тоот албан бичгээр төлбөр төлөгч Г.Ат, 4-122/10740 тоот албан бичгээр төлбөр авагч Д ББСБ ХХК-нд, 4-122/10741 тоот албан бичгээр өмчлөгч Н ХХК, гүйцэтгэх захирал Г.Сүхбаатарт нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд үнийн санал өгөөгүй. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/108 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон бөгөөд тус компаниас хугацаандаа үнэлгээ гаргах боломжгүй барьцааны байранд оруулахгүй байгаа талаар бичгээр хандсан тул 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/106 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилох тогтоол хүчингүй болгосон тул 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20300908/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг дахин хураах ажиллагаа явуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны 4-122/16290 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Г.А, өмчлөгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар шуудандаж баталгаажуулсан. Мөн үнийн саналыг ирүүлээгүй төлбөр авагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 9/201 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн шинжээч С.Цэвээнроломыг томилж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авсан. Н ХХК -ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоотын 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 468.052.000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4- 122/17818, 4-122/17816, 4-122/17815, 4-122/17817 тоот албан бичгүүдээр мэдэгдэж үнэлгээний тайланг хавсаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга хэмжээг авсан үнэлгээг хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хийлгэсэн. Энэ талаарх баримтыг мөн хуульд заасны дагуу төлбөр төлөгчид танилцуулж мэдэгдсэн ба хуульд заасан хугацааг баримталсан. Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэлд дурдаж байгаа шиг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргаагүй байна. Мөн үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлээд байхад үнийн санал өгдөггүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоот 180 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 468,052,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Аийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 182/ШЗ2021/09888 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очирын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий, түүнчлэн өөрөө олж авах боломжгүй нотлох баримтуудыг гаргуулахаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Б ХХК-ийг дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон, гэтэл үнэлгээний тайланг Л.Цэвээн, н.Одмаа нар нь гаргаж ирүүлсэн байсан бөгөөд дээрх 2 шинжээч нь Б ХХК-д хамааралтай эсэхийг тодруулах агуулгаар хүсэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл Б ХХК-д ажилладаг эсэх нь дүгнэлт гаргах эрхтэй эсэхийг тодруулах зорилготой байсан. Төлбөр төлөгчийн гэрээний үүрэгт барьцаа болгосон өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөн байхад энэ талаарх хүсэлтийг хангаагүй бөгөөд тухайн баримтыг өөрөө олж авах боломжгүй байхад лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаагүй. Энэ нотлох баримтыг Г.А өөрөө олж авах боломжгүй. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үүрэгтэй хамааралтай байсан юмаа. Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан Б ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны баримтлаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтын үндсэн дээр нотлох боломжийг огт олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд Б ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны С.Цэвээнроломд итгэмжлэл олгож, хуулийн дагуу үнэлгээ хийгдсэн. Төлбөр төлөгч Г.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж гомдол гаргасан. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа шүүхэд бүрдүүлж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч дээрх үүргийг хэрэгжүүлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоот 180 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 468,052,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргажээ. /хх.1-7, 37-38/

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Аээс 525,084,099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,303,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Г.А шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Н ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоот 180 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00202 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх.40-55/

5. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, гудамж, 000 дугаар байрны 000 тоотын 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч нь Н ХХК болох нь тогтоогдсон байна. /хх.65/

6. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-122/10743 тоот албан бичгээр төлбөр төлөгч Г.Ат, 4-122/10740 тоот албан бичгээр төлбөр авагч Д ББСБ ХХК-д, 4-122/10741 тоот албан бичгээр өмчлөгч Н ХХК, гүйцэтгэх захирал Г.Сүхбаатарт нарт үнийн санал ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна. /хх.75-79/

7. Н 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/201 тоот тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх.85/

8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4-122/17818, 4-122/17816, 4-122/17815, 4-122/17817 тоот ...барьцааны зүйл болон орон сууцны үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Ат, төлбөр авагч Д ББСБ ХХК, өмчлөгч Н ХХК-уудад Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх.103-108/

9. Б ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...хөрөнгийн байдалтай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өмчлөгчийг байлцуулан танилцаж, хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр тус орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 468,052,000 төгрөгөөр тогтоожээ.

10. Шинжээчээр томилогдсон Б ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Б ХХК-ийг дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон, гэтэл үнэлгээний тайланг Л.Цэвээн, н.Одмаа нар нь гаргаж ирүүлсэн байсан бөгөөд дээрх 2 шинжээч нь Б ХХК-д хамааралтай эсэхийг тодруулах агуулгаар хүсэлтээ гаргасан гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

12. Учир нь, Б ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21-02/39 тоот итгэмжлэлээр С.Цэвээнроломд дуудлага худалдаанд хөндлөнгийн шинжээчээр ажиллан үнэлгээ хийх буюу хөрөнгийн үнэлгээний компанийг тогтоол болон бусад баримт бичигт, хөрөнгийн үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэл олгосон байх бөгөөд Б ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломд Н 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хууль тайлбарласан, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт хэрэгт авагдсан байна. /хх.86-88/

13. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу Г.Аийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО