Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01270

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01269

 

Л.Пын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01385 дугаар шийдвэртэй

Л.Пын нэхэмжлэлтэй Ч.Нд холбогдох

Орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.П, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би 2017 оны зун Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 00 дүгээр байрны 000 тоот хаягтай, 4 өрөө орон сууцыг бусдаас 50,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай гэрээ хийж, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн. Энэ орон сууцыг худалдан авахад зориулж төрсөн ах Л.Пүрэвсүрэнгээс мөнгө зээлж авсан, дан өөрийн хөрөнгөөр худалдаж авсан бөгөөд хариуцагч Ч.Нгаас мөнгө гараагүй. Надтай хамтран амьдарч байсан хариуцагч Ч.Н нь Т.Аийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургуульд оруулах гэтэл тус хороонд амьдардаг гэсэн нотолгоо хэрэгтэй гээд өөрийн нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэмж оруулахыг хүссэн тул би зөвшөөрсөн. Ийнхүү түүний хүссэний дагуу орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авч, түүнийг өмчлөгчөөр нэмж оруулсан. Хариуцагч нь миний орон сууцны хамтран өмчлөгч болсон ч охин Т.Аийгаа дээрх сургуульд суралцуулалгүй, Монгол-Солонгосын сургуульд суралцуулсан. Мөн намайг 2018 онд хорт хавдар өвчин тусч, хагалгаа хийлгэж, бие муудахад намайг хаяж явсан. Намайг хууран мэхэлж, өөрийн нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэмж оруулсан тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.Н, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгчтэй хамтран амьдарч эхлэхээс өмнө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 1-5 тоотод амьдарч байсан. Л.П нь уг хашаа байшинд хамт амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин П.Бь төрж ам бүл 5 болсон. Ингээд бид ярилцаад орон гэрээ сайжруулж, орон сууц авахаар тохиролцож 2017 онд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-161 тоот байрыг худалдан авч улмаар гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. Би Т, Аь гэх хүүхэдтэй бөгөөд Л.Птой гэр бүл болоод охин П.Бийг төрүүлсэн. Намайг Л.Птой гэр бүл болоод нэг гэрт хамт амьдарч эхлэх үед хүү Т 15 настай, охин Аь 12 настай насанд хүрээгүй байсан бөгөөд миний хүүхдүүдийг ч өөрийн хүүхэд шиг хайрлана халамжилна гэж итгүүлж улмаар бүгдээрээ нэг гэр бүл учраас хамт амьдарна гээд тухайн үед ярилцаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-000 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Ингээд хүүхдүүд насанд хүрээгүй байсан тул Л.П бид хоёр өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед Аь нь 10 жилийн 54 дүгээр сургуульд сурч байсан бөгөөд төгсөөд Монгол Солонгосын хамтарсан коллежид элсэн суралцсан учраас заавал уг орон сууцны эзэмшигч байх шаардлага байгаагүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Энэ хүн 2019 онд хавдар туссан. Энэ хүний өвдсөнөөс нь хойш би халамжилсан. Нэхэмжлэгч харин хавдраа эдгээд ирсний дараа ааш зан нь хувирсан, маш олон хүүхнүүд гарч ирсэн. Энэ хөрөнгөнд би өөрийнхөө хувийг оруулсан, би энэ хүнийг өвчин тусахаар нь хаяж яваагүй. Тухайн үед хүү бага байсан учир би үл хөдлөх хөрөнгө өмчлөх ажиллагаанд оролцож чадаагүй Л.П ганцаараа явсан. Хуурч мэхэлсэн зүйлгүй, тухайн үед хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, өвчин зовлон байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Пын хариуцагч Ч.Нд холбогдуулан гаргасан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 000 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын давж заалдах гомдлын агуулга: ... Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, шийдвэрлэж чадаагүй. Нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, бэлэглэгчийг гомдоосон гэх мэтээр зөрүүтэй тайлбар шаардлага гаргасан ба хариуцагч тухайн байрыг авахад хөрөнгө гаргасан дундын өмч гэж маргасан байна. Мөн гэрч С.Энхбаяр гэж хүнийг шүүхэд оролцуулсан боловч түүний мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, няцаасан дүгнэлт шүүхээс хийгээгүй байна. Бэлэглэлийн гэрээг хийсэн нэхэмжлэгч Л.Пыг ноцтой гомдоосон үүнээс үүдэлтэй шүүхэд хандсан гэж үзэж болохоор тайлбар, нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад үүнийг шүүх тодруулж, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагч Ч.Н нь орон сууцыг авахад хөрөнгө оруулсан, дундын өмч гэж марган гэрч оруулан мэдүүлэг авхуулсан боловч түүний мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй. Өөрөө тухайн үедээ зээлтэй байсан байдаг. Мөн дундын өмч гэж үзэж болох нотлох баримт гаргаж өгөөгүй. Тийм учраас Л.П тодорхой шалтгаанаар бэлэглэлийн гэрээ хийснээ түүний хавдар тусаж асрамж, халамж хэрэгтэй байх үед гомдоож хаяж явснаас үүдэн гэрээгээ хүчингүй болгох шаардлага гаргасан байна. Шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх явцад зарим баримтыг дутуу гаргаж, буруу тайлбарласан нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байтал хүсэл зоригийг илэрхийлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхээс огт дүгнээгүй гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч тайлбарлахдаа орон сууцыг 2017 онд худалдаж авсан. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тухайн 2018 онд хорт хавдар тусаж хагалгаа хийлгэсэн байх үед намайг хаяж явсан. Хүүхдээ сургуульд оруулна гэж хуурч мэхлээд бэлэглэлийн гэрээ хийсэн мэтээр тайлбар өгдөг. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд бүх л үйл баримтыг нэг бүрчлэн тайлбарладаг. Л.П нь 2016 онд айл гэр болсон. 2017 онд байшин худалдаж авсан. 2019 оны 10 дугаар сард хагалгаанд орж, 2020 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч асарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар эцэг, эх дээрээ очиж эмчлүүлж байгаад ирэхэд орон сууцыг хоослоод автомашиныг аваад явсан гэж худал тайлбар өгсөн. Харин нэхэмжлэгч нь Ч.Нг сүлжээний бизнесээ эрхлэхээр хөдөө явсан хойгуур хүүхдүүдийг нь хөөж гаргаад, цоожны голыг сольсон талаар үйл баримт байдаг бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Түүнчлэн, хариуцагч өмчийн эзэн гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч худлаа мэдүүлэг өгсөн. 2018 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Бэлэглэлийн гэрээгээр талууд бие биеэ гомдоосон талаар нотлох баримт байхгүй. Гэрээний дагуу шаардах эрх үүссэнээс хойш нэг жил өнгөрсөн бол шаардах эрх дуусгавар болно. Түүнчлэн, 2018-2019 оны хооронд шаардах эрх үүсээд дуусгавар болсон учраас 2021 онд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч Ч.Нд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 00 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Надтай хамтран амьдарч байсан хариуцагч Ч.Н нь өөрийн охин Т.Аийг сургуульд оруулахын тулд өөрийн нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэмж оруулсан. Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би Т, Аь гэх хүүхэдтэй бөгөөд Л.Птой гэр бүл болоод охин П.Бийг төрүүлсэн. Бид Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-000 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Ингээд хүүхдүүд насанд хүрээгүй байсан тул Л.П бид хоёр өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийг өвдсөнөөс нь хойш би халамжилсан. Уг орон сууцанд би өөрийнхөө хувийг оруулсан, би өвчин тусахаар нь хаяж яваагүй гэж тус тус тайлбарласан байна.

4. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин П.Бь төрсөн, одоо тусдаа амьдарч байгаа тухайд маргаагүй.

5. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 000 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Л.П бүртгэгдэж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ч.Н, Л.П нар хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх.4-5/

6. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгүүдэд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулжээ. Бэлэглэлийн гэрээнд бэлэглэгч, бэлэг хүлээн авагч талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн, бэлэглэлийн зүйлийн үнэ 60,000,000 төгрөг, бэлэглэж буй хэсгийн үнэлгээ 30,000,000 төгрөг байхаар гэрээнд заасан байна. /хх.23/

7. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар хариуцагч Ч.Нгийн охин Т.Аь нь 2017 оны 06 дугаар сарын 07-нд Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийг төгссөн, Монгол-Солонгосын Политехник коллежид элсэн суралцаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төгссөн үйл баримт тогтоогджээ. /хх.6, 118-119/

8. Нэхэмжлэгч Л.П ...Ч.Нгийн охин Т.Аийг Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуульд суралцуулахад орон сууцны өмчлөгч байх шаардлагатай, гэтэл өмчлөгчөөр бүртгүүлсний дараа өөр сургуульд орсон гэсэн тайлбарын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч Ч.Нд бэлэглэхдээ хууран мэхлэгдсэн, мөн хариуцагч Ё.Н нэхэмжлэгчийг хууран мэхэлж, бодит нөхцөл байдлыг далдалсан, нуун дарагдуулсан гэх, нэхэмжлэгч хууран мэхлэгдсэнээ хариуцагчийг шүүхэд нэхэмжлэл гаргахад нь л мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хийсэн дүгнэлт буруу биш байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Пын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 000 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО