Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0020/З |
Дугаар | 221/МА2018/0509 |
Огноо | 2018-09-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0509
2018 оны 09 сарын 13 өдөр | Дугаарh221/МА2018/0509 | Улаанбаатар хот |
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0385 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0385 шийдвэрээр:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333 болон 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Ж” ХХК татгалзсаныг баталж,
2. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын ашиглалтын MV-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй 106.76 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-012806 тоот тусгай зөвшөөрөл 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Ж" ХХК-д олгогдсон байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийнI 4.3-д "Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно" заалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг гаргасан. Дээрх тогтоолыг бүртгэж үзэхэд ашигт малтмал ашиглалтын MV-012806 тоот тусгай зөвшөөрлийн талбайн нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмын 5.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөн олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 албан тоот, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль, болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.
Сүүлд гаргасан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын МV-012806 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгт хамаарахгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “MV-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 гектар талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд уг нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын хавсралтуудаар ашигт малтмал ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицлуудыг баталсан байна.
Улмаар Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрүүдээр “Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон хилийн заагийн солбицолтой хэсэгчлэн давхцалтай” гэсэн үндэслэлээр “Ж” ХХК-ийн MV-12806А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 204.37 гектар талбайгаас 97.62 гектар талбайг цуцалж, солбицолд өөрчлөлт оруулсан боловч Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар дээрх Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгожээ.
Иймд нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдэд дурдсан үндэслэл арилсан байх тул “Ж” ХХК нь хариуцагчид хандаж өргөдөл гаргаснаар тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэхээр байна.
Тодруулбал, “Ж” ХХК нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “...хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан ... хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор ...өргөдөл гаргана” гэж заасны дагуу гурван сарын дотор тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 гектар талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр өргөдөл гаргасан нь холбогдох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагчаас энэхүү үйл баримттай маргаагүй байна.
Иймээс хариуцагчийн “... Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор ... хилийн заагийн солбицолд оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-2012806 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2018/0385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН