Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2017/00412

 

“Зөн билгийн академи” ТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06633 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 245 дугаар магадлалтай,

“Зөн билгийн академи” ТББ-ын нэхэмжлэлтэй,

М.Мягмаржавт холбогдох,

Гэрээний үүрэг, хохирол, зардалд нийт 17.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 30.000.000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3.500.000 төгрөг, нийт 33.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Өнөрбаяр, Ч.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Норовжанцан, Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-ын тэргүүн Л.Өнөрбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус академи 2008 онд байгуулагдаж Зөн билгийн тулаан телевизийн цуврал нэвтрүүлгийг зохион байгуулж ирсэн. Энэхүү нэвтрүүлэг нь хуурамч бөө, үзмэрчдийг шүүн харуулж, чадвартайг ялгах зорилготой. Нэвтрүүлгийн эхний 3 байранд шалгарч үлдсэн үзмэрч  цом, батламж гардан авч Зөн билгийн академийн гишүүн болж гэрээ байгуулдаг. Гишүүн болсноороо өөрсдөө хүсвэл академийн байранд байрлаж үзлэг засал хийх боломжтой. Манай академи нь гадаад улсын зөн билгийн тулаан нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг бөгөөд гадаад улсаас манай байгууллагад хандан урилга ирсэн үед гишүүдээсээ шалгаруулалтад оруулж мөн тодорхой төлбөрийг авч гадаад улсад нэвтрүүлэгт оролцох хугацаандаа ямар нэгэн зардал гаргахгүй тийз, буудал, хоолны зардлыг тухайн телевизээр даалгах гэрээг хийж явуулдаг. 2013 оны 6 сард Украйн улсаас манай академид хандан шилдэг зөн билэгчдээсээ нэвтрүүлэгт оролцуулах урилга ирсэний дагуу 3 хүнийг тус бүр 10000000 /арван сая/ төгрөг төлж явуулахаар болсон. Гишүүдээсээ авсан төлбөрөөр манай байгууллага эдгээр зөн билэгчийг даган Украйн улс руу нэвтрүүлэг бэлдэхээр 1 зураглаач, продюсер, менежер нийт 3 дагаж явсан тэдний тухай болон Украйн улсын шашин шүтлэгийн талаар нэвтрүүлгийг бэлтгэн ирсэн. Гурван зөн билэгтний нэг болох лам М.Мягмаржав 2000000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8000000 /найман сая/ төгрөгийг Украйнд нэвтрүүлэгт оролцож байх хугацаандаа болон ирээд манай академийн байранд ард иргэдийг хүлээн авч үзлэг заслыг хийж барагдуулна гэж гэрээ хийсэн боловч 10 сарын сүүлээр Монголд ирээд 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг  төлж үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахгүй утсаар ярихаар өвчтэй байна, эмнэлэгт байна гэсэн хариултыг өгч манай академид хохирол учруулж байна. Тэгээд үнэхээр өвчтэй байна уу гэтэл 2013 оны 12 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дорнод аймагт очин үзлэг засал хийсэн талаар тус  аймгаас олон хүн утасдаж бидэнд хэлсэн. Гэвч энэ үед биднийг залгахад эмнэлэгт байна гэж хэлж байсан. Мөн Дорнод аймгийн Мижи телевизийн ажилтан н.Соёлоо, менежер н.Уянгаа батлан хэлснийг гар утсандаа бичиж,  ярилцлагад орсон нэвтрүүлгийг хуулбарлан авсан байгаа. Энэ бүхэн зөн билгийн академи болон М.Мягмаржав нарын харилцан тохиролцож хийсэн продюсерийн гэрээний 5.4-д заасан Академийн гишүүн Украйн улсад байх хугацаандаа болон Монголд ирээд академийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч сурталчилгаа дур мэдэн явуулахгүй мөн академид мэдэгдэлгүй үзлэг, засал хийхгүй байх гэсэн 2 заалтыг зөрчсөн. Иймд  гэрээ зөрчсөн төлбөр, мөн М.Мягмаржав нь манай байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг /зөн билгийн тулаан нэр нь оюуны өмчийн газраас барааны тэмдэгтийн гэрчилгээ авсан болно/ ашиглан, ашиг олж байгаа тул түүний нөхөн төлбөр болгож 10000000 /арван сая/ төгрөг болон гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг,  хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1.000.000 төгрөг нийт 17.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мягмаржав шүүхэд гаргасан тайлбартаа: Би Монголын зөн билгийн академиас 2009 онд зохион байгуулсан Зөн билгийн тулаан-2 нэвтрүүлэгт оролцож шилдэг 4-т үлдэж байсан. Уг тэмцээнийг академи зохион байгуулах бүх шатанд шилдгээр үлдсэн зөн билэгтэнг академийн зүгээс АНУ-д зохиогдох зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн зар гаргасан боловч хэрэгжээгүй юм. Харин академийн тэргүүн Л.Өнөрбаяр 2013 оны 6 сарын 25-ны үед надад Украйн улсад зохиогдох Олон улсын зөн билгийн тулаанд оролцох урилга ирсэн, явж чадах уу гэж асуусан. Дээрх олон улсын тэмцээнд оролцох нь миний туйлын хүсэл байсан тул даруй зөвшөөрсөн. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр нь Украйн улсад явах нийт зардал 10000000 /арван сая/ төгрөг, түүнийг нэн даруй олж өг гэсэн боловч надад олдохгүй байв. Би мөнгийг олохгүй байна гэдгээ учирлаж хэлэхэд  онгоцны зардлаа ол, хандив цуглуул гээд надад албан бичиг бичиж өгөөд байгууллагуудаар явж өөрөө тараа гэсэн. Тэгээд би Хаан банк, Аэрофлот зэрэг байгууллагад өөрийн биеэр аваачиж өгсөн боловч шийдэгдээгүй. Тэгтэл Л.Өнөрбаяр намайг хугацаа алдаад байна, хүмүүсийг үзэж хараад түүгээрээ онгоцныхоо зардлыг ол гээд Зөн билгийн академийн байранд суулгаж надаар үзлэг хийлгүүлж 2000000 /хоёр сая/ төгрөг авсан. Мөн Украйн явахын тулд хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй, эс тэгвэл явах боломжгүй гэхээр 2013 оны 7 сарын 6-нд Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэгээд 2013 оны 7 сарын 7-ны өдөр Украйн руу нисэх гэж байхад өглөө Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дээр бидэнд (надаас гадна Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр) дээрх тэмцээнд орох урилга гээд нэг бичиг өгсөн. Биднийг очиход  Украйны СТБ телевизийнхэн та бүхнээс ямарч зардал аваагүй, бүх зардлыг бид хариуцаж байгаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр би Украйнаас академийн тэргүүн Л.Өнөрбаяртай утсаар холбогдож зардлыг СТБ телевизийнхэн дааж байгаа гэж байна. Бид гурваас худлаа ярьж мөнгө авсан байна гэхэд та гурвыг зуучилсны хөлс гэж тайлбарласан. Би Украйны СТБ телевизийн эхний шалгаруулалтад тэнцээд цаашид үргэлжлүүлэх болсон тул  2 хоногийн хугацаатай чөлөө авч 2013 оны 9 дүгээр сарын дундуур эх орондоо ирсэн юм. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг ирэхийг мэдэж байсан тул онгоцноос буугаад гэртээ дөнгөж ирэхэд утасдаж надтай уулзах хэрэг байна, нөгөө хийсэн гэрээндээ хавсралт нэмэлт гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн. Би ямар учиртай, яагаад бас гэрээ байгуулах талаар асуухад этгээдийн хийсэн гэрээнд хоёр талын хариуцлагын талаар тусгаагүй байна, бид чамайг ирэхэд чинь сурталчилгаа реклам хийж өгөх үүргээ тусгах хэрэгтэй байна гэсэн,  би тухайн үед сайн ойлгоогүй тул зурахаас татгалзах гэхэд тэгвэл  таныг явуулахгүй гэхээр нь зурсан. Тэгээд тэр  гэрээг тухайн үед надад өгөөгүй. Украйнд зөн билэгтний тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байтал миний төрсөн дүү автомашины аваарт орчихлоо гэсэн мэдээ ирсэн тул 2013 оны 10 сарын 13-нд тэмцээнээ орхиж, Монголдоо буцаж ирсэн. Уг нь би тэмцээндээ их амжилттай оролцож байсан. Ирээд Л.Өнөрбаяртай уулзахад үлдэгдэл төлбөрөө өг гэсэн,  өгөх боломж байхгүй гэж хэлэхэд манай байранд сууж хүн үзэж, харж өрөө төл гэсэн. Ингээд  2013 оны 11 сараас зөн билгийн академид үзлэг хийж 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг олсоноо өгсөн. Украйнаас ирсний дараа Чингэлтэй дүүргийн хэрэг бүртгэгч н.Баттөр гэдэг хүн намайг дуудаж уулзаад  Украйн улс руу таньтай хамт явсан 2 хүн чинь Зөн билгийн академийн талаар гомдол гаргасан гээд болсон зүйлүүдийн талаар байцаалт авч хохирогч болгосон. Тэгж байтал Дорнод аймгаас урьсан,  2013 оны 12 сарын 25-27-нд иргэдийг хүлээн авч байхад академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг шүүхэд өгсөн байсан. Би Зөн билгийн академитай ямар нэг холбоогүй, харин намайг Зөн билгийн академийн зохион байгуулсан тэмцээнд оролцож шалгарч байхад тэндээс надад Монголын хүндэт зөн билэгтэн гэсэн батламж өгч байсан.  Би өөрийгөө Монголын болон  Олон улсын зөн билэгтэн гэж хэлэх эрхтэй гэж бодож байна.

1. Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт Зөн билгийн академи Монгол Улсын иргэн М.Мягмаржав, Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр нарыг оролцуулахдаа тус бүрийг 10000000 /арван сая/ төгрөгийн хөлсөөр зуучлал үзүүлэх гэрээ байгуулаагүй, Зөн билгийн академид ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээгүй тул гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин би хууртагдан 3500000 төгрөг төлчихсөн байгаа болно.

2. Зөн билгийн академи нь  намайг гадаад, дотоодын аль байгууллага, иргэнд ямар нэг байдлаар зуучлах талаар гэрээ, хэлцэл, хүсэлт гаргаж байгаагүй.

3. Зөн билгийн академи төрийн бус байгууллагын дүрэмтэй танилцаж, гишүүнээр элсэж байгаагүй тул түүний өмнө би ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.

4. 3өн билгийн академи, түүний тэргүүн Л.Өнөрбаяр Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт ямар ч зардал гаргаагүй бөгөөд Монголын иргэд бидний оролцох олон улсын зөн билэгтний тэмцээнд Украйн улсад ирэх, гарах ба оршин суух бүх зардлыг Украйн улсын СТБ телевиз даасан тул ямар нэг санхүүгийн хохирол, алдагдал хүлээгээгүй болно.

5. 3өн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаяртай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь нэг талын ашиг сонирхол (Зөн билгийн академийн)-ыг нөгөө талд буюу иргэн надад тулган хүлээлгэсэн, гэрээний нөхцлийг танилцуулж ойлгуулаагүй, мөн Украйны талын урилга, зөн билгийн тулаан зохион байгуулах нөхцлийг танилцуулалгүй биднийг (М.Мягмаржав, Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр) 2013 оны 7 сарын 7-ны өглөө гадаад руу явуулахдаа худлаа хэлж хууран мэхэлж мөнгө гаргуулсан, 2013 оны 9 сарын 21-н өдрийн хамтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтууд гэх бичиг баримтад намайг айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж дарамтлан хийсэн жинхэнэ гэрээ гэж үзэхгүй.

6. Иргэн М.Мягмаржав би хамтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтууд гэх бичиг баримтыг гэрээ гэж үзэхгүй байгаа тул түүний заалтуудыг биелүүлэх үүрэггүй бөгөөд Зөн билгийн академи төрийн бус байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг огт ашиглаагүй тул бусдын нэр барьж олсон ашгийн нөхөн төлбөр гэж 10000000 /арван сая/ төгрөгийг төлөх үндэсгүй гэж гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Зөн билгийн тулаан-2 нэвтрүүлэгт оролцож шилдэг 4-т үлдэж Батламж гардан авч байсан билээ. Гэтэл Зөн билгийн академи төрийн бус байгууллагын тэргүүн Л.Өнөрбаяр нь миний нэр төрд хууль бусаар бүдүүлгээр халдаж нэр төр,  алдар хүндийг минь олон нийтийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тухайлбал Өвөрхангай аймгийн Арвайхээр Телевизээр болон Тайлагдашгүй нууц нэртэй сэтгүүлийн №-003 \21\ дугаарын өнгөт сэтгүүлийн арын хавтасны дотор талд лам хувцастай зургийг минь тавьж луйварчин мэхлэгч мэтээр олон нийтийн өмнө гүтгэн доромжилсон юм. Энэ байдлаас болж миний таних мэдэх, хамаатан садан зэрэг хүмүүс надад таны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг хууран мэхлэгч гэсэн мэдээлэл гаргаад байна. Та энэ талаар мэдсэн үү их эвгүй мэдээлэл цацагдаж байна гэж хүртэл хэлж байсан. Үүнээс болж бусдын өмнө хууран мэхлэгч, луйварчин мэтээр зарлагдан тараагдсандаа сэтгэл санаа минь маш их зовж шаналсан. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэр төрөө гүтгүүлж сэтгэл санааны хүнд байдалд орсоноос болж сэтгэл санааны хувьд өвчин эмгэгтэйгээ тэмцэхэд минь хүртэл нөлөөлж байна. Миний бие хүнд өвчний улмаас 2015 оны турш гэмтэл болон 1 дүгээр эмнэлэг, эмчилдэг сувилдаг гэх улсын болон хувийн эмнэлэг, эмч домчоор явж байгаа боловч өвчин минь эдгэрэхгүй өнөөдрийг хүртэл өвчиндөө шаналахын зэрэгцээ сэтгэл санаа маань давхар шаналж, амьдрах чадвар доройтон эмчилгээ сувилгааны мөнгөө төлж чадахгүй, хамаатан садны халамжинд ороод ч эрүүл мэнд минь дээрдэхгүй хүнд байдалд орж, ажил хөдөлмөр эрхлэх чадвар, боломжгүй болоод байна. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр /хэвлэл мэдээллийн дээрх байгууллагуудаар/ няцаалт хийлгэн сэргээлгэж, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3.500.000 төгрөг, нийт 33.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 2009 онд Зөн билгийн тулаан 2 нэвтрүүлгийг зохион байгуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаа Үндэсний циркт зохион байгуулж, зөвхөн эхний 3 байранд шалгарсан шилдэг оролцогчдод өргөмжлөл, цом гардуулсан болно. Харин М.Мягмаржав лам нь 6 оролцогчоос 4-р байранд орж цом аваагүй зөвхөн нэвтрүүлэгт оролцсоны баталгаа болж батламж олгосон болно. Өөрөөр хэлбэл М.Мягмаржав  нь Монголын зөн билэгтэн гэж үнэлэгдэх, шаардлага хангахгүй гэж үзсэн болно. Мөн уг тэмцээний үеэр шалгарсан зөн билэгтэнг АНУ-д зохиогдох зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн ямар нэгэн зар тавиагүй бөгөөд оролцогчдод ямар нэгэн амлалт өгсөн зүйл огт байхгүй болно. Үүний баталгаа болгож уг тэмцээний бүртгэлийн шторк мөн хаалтын үйл ажиллагааны рекламыг СД-нд буулгаж хавсаргав. Уг тэмцээний ялагч нь 10000000 /арван сая/ төгрөгийн шагнал авах эрхтэй байсан бөгөөд түүнийг Зөн билгийн академи ялагчид нь гардуулсан болно. Өөрөөр хэлбэл шагнал нь зөвхөн 1-р байранд орсон хүнд хамаарах тул хэрвээ АНУ-руу явуулахаар байсан бол 4-р байранд орсон М.Мягмаржав ламд ямар ч хамааралгүй болно. 2010 онд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын зөн билгийн тулаан нэвтрүүлгээс Монголоос оролцогч оролцуулах саналыг ирүүлсэний дагуу Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож байсан оролцогчдоос дахин шалгаруулалт явуулж ялсан оролцогчийг ОХУ явуулахаар болсон бөгөөд энэхүү тэмцээнд Удган н.Түдэв түрүүлж явах болзлыг хангаж, нэвтрүүлгийн багийн зардлыг дааж ОХУ-д тусгай нэвтрүүлэг бэлтгэн ирсэн болно. Харин уг тэмцээнд М.Мягмаржав лам нь сүүлийн байруудад орсон болно. 2013 оны 6 сарын эхээр Украйн улсын зөн билгийн тулаан нэвтрүүлгээс Зөн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаярын хувийн мейл хаяг руу захиа явуулж нэвтрүүлэгтээ Монголоос зөн билэгтэн оролцуулахад туслалцаа хүссэн. Энэхүү захиаг шүүхийн материалд хавсаргасан байгаа. Энэ дагуу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан оролцогчдоо нэвтрүүлэгт оролцох саналыг хүргүүлсэн. М.Мягмаржав лам нь манай академи дээр үзлэг хийдэг байсан тул Украйн явуулах асуудлыг мэдээд Украйн явуулж өгөөч энэ бол миний мөрөөдөл явуулж өгвөл ачийг тань хэзээ ч мартахгүй, бурхны өмнө зургийг тань тавиад өдөр болгон залбирч байгаа гэж удаа дараалан гуйсан. Энэ хүсэлтийг нь хүлээн авч Украйн улс руу явахад 10000000 /арван сая/ төгрөгийн төлбөр төлвөл явж болно гэдгийг хэлсэн. М.Мягмаржав лам мөнгө байхгүй надад албан бичиг бичээд өгөөч би таньдаг байгууллагуудаасаа Зөн билгийн академийн нэрийг бариад мөнгө гуйя гээд албан бичиг авсан болно. Албан бичигт М.Мягмаржав ламд мөнгөн туслалцаа үзүүлнэ үү оронд нь манай байгууллага танай байгууллагын реклам сурталчилгаа явуулж өгье гэсэн утгатай байсан. Өөрөөр хэлбэл манай байгууллага М.Мягмаржав ламыг бүхий л хэлбэрээр дэмжиж байсан. Гэвч М.Мягмаржав ламд ямар ч байгууллага итгээгүй, мөнгө олгоогүй. Ингээд мөнгө олдохгүй байсан тул М.Мягмаржав академийн байранд үзлэг хийдэг байсан цалингаасаа суутгуулж тодорхой хувийг өгөхөөр болж Зөн билгийн академи зар сурталчилгаа явуулсны үндсэн дээр Зөн билгийн мөрдлөг нэвтрүүлгийг байгууллагын зардлаар зохион байгуулсан. М.Мягмаржав ламд харилцагч олж өгч түүнээсээ сая төгрөг суутгаж авсан.

Үлдсэн мөнгөө өгч чадахгүй ирснийхээ дараа баталгаатай өгнө гэж хэлээд гэрээ байгуулаад явсан болно. Гэрээнд заасан үүргийн дагуу М.Мягмаржав ламыг олон түмэнд сурталчлах үүргийг Зөн билгийн академи хүлээж байсан тул 3 хүний бүрэлдэхүүнтэй баг М.Мягмаржав ламыг дагаж Украйн улсад нэвтрүүлэг бэлтгэхээр явсан. Энэ дагуу 4 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн болно. Мөн М.Мягмаржав лам Украйн улсаас ирсний дараа сурталчилгаа явуулж рекламыг /СД-гээр хавсаргасан/ Эрдэнэт, Дархан хотуудад арга хэмжээ зохион байгуулж М.Мягмаржав ламд цалин болгож бэлнээр 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг олгосон. Зөн билгийн академи үүргээ биелүүлж М.Мягмаржав ламыг Украйн улс руу явуулан, энэ талаарх сурталчилгааг явуулж, олон түмэнд таниулж, цалинжуулж байсан. Харин М.Мягмаржав лам нь гэрээнд заасан үүргээсээ зайлсхийж өвчтэй байна гэх мэтээр залилж гэрээгээ зөрчиж өгөх ёстой төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироосон болно. М.Мягмаржав ламын хувьд манай байгууллагад бэлнээр мөнгө төлсөн асуудал байхгүй харин ч манай байгууллагаас тогтмол бэлнээр мөнгө авч байсан тул түүнд хохирсон гэх асуудал байхгүй болно. Тийм ч учраас 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг бид төлөх ямар ч үндэслэл байхгүй юм. Украйн улсаас М.Мягмаржав лам нь утсаар холбогдож байхдаа зуучлалын төлбөрийн талаар ямар нэгэн үл ойлголцол бид 2-н дунд хэзээ ч гарч байгаагүй. Төлбөрийг нэвтрүүлэг бэлтгэхэд зарцуулна гэдгийг М.Мягмаржав лам мэдэж байсан тийм ч учраас нэмэлт гэрээг хийж гарын үсэг зурсан болно.

Нэр төрд халдсан тухайд М.Мягмаржав лам нь гэрээ зөрчиж, эмнэлэгт хэвтэж байна гэж яриад Дорнод аймагт үзлэг хийж явахдаа иргэн О.Сугар гэдэг хүнээс алдсан малыг олж өгнө гэж хэлээд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг авч залилсан тухай гомдол манай байгууллагад бичгээр ирсэн болно. Мөн иргэн П.Чанцалдулам, Т.Оюунтуяа, Б.Дахинбаяр гэсэн иргэдийг засал хийж өгнө гэж мөнгө авч залилсан тул гомдолтой байна гэсэн өргөдөлүүд бичгээр ирсэн. Мөн утсаар олон тооны хүн Дорнод аймгаас М.Мягмаржав ламд мөнгөө залилуулсан гэж гомдол гаргаж утасдсан болно. Энэ дагуу М.Мягмаржав ламтай холбогдож шаардлага тавихад чиний ясыг цайруулна хэмээн заналхийлж байсан. Тун удалгүй Өвөрхангай аймгаас танай нэвтрүүлэгт оролцож байсан М.Мягмаржав лам Дэлхийн болон Монголын зөн билэгтэн хэмээн үзлэг хийх суртачилгаа явуулж байна гэж иргэдээс мэдээлэл ирсэн. Иймд дараах 4 нөхцлийг үндэслэн сэрэмжлүүлэг гаргасан. Үүнд:

1.Мягмаржав лам нь Украйн улсад зохион байгуулсан зөн билгийн тулаан тэмцээнд оролцоод 5-р байранд ороод хасагдаад ирсэн нь түүнийг чадвартай гэж үзээгүй болно. М.Мягмаржав нь ямар нэгэн байр эзлээгүй, Дэлхийн зөн билэгтэн хэмээх цол, батламж аваагүй, мөн Монголын Зөн билгийн тулааны 4 байранд орж байсан /Монголын зөн билэгтэн гэсэн цом, өргөмжлөл аваагүй бөгөөд зөвхөн түрүүлсэн, цом авсан ялагчийг Монголын зөн билэгтэн гэдэг болно/. Гэтэл хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэлгүйг нь далимдуулж хууран мэхэлсэн зар сурталчилгааны мэдээллийг удаа дараалан цацсан.

2.М.Мягмаржав ламд залилуулсан гэж олон тооны иргэдээс бичгээр болон утсаар мэдээлэл ирсэн.

3.Зөн билгийн академийн дүрэмд заасан чадвартай чадваргүйг нь олон түмэнд таниулах үүрэгтэй үүргийн дагуу иргэдийг дахин залилуулахаас сэргийлэх зорилгоор.

4.Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ахмад н.Лхагвасүрэнгээс энэ тухай асуухад иргэдээс ирсэн мэдээллийг баримтжуулж авсны үндсэн дээр хуулийн байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй гэж өгсөн мэдээллийн дагуу сэрэмжлүүлгийг гаргасан. Түүнээс бус М.Мягмаржав ламыг худлаа гүтгэсэн, хийгээгүй зүйлд нь буруутгасан, нэр хүндэд нь санаатайгаар халдах гэсэн мэдээлэл цацаагүй болно. Тухайн үед хөдөө орон нутгаар гэрээ зөрчиж явах үеэр нь иргэдийн гомдол маш ихээр дараалан бидэнд утсаар ирж байсан учраас манай кадемийн зүгээс энэхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээс өөр аргагүй байсан. Сэрэмжлүүлэг тараасны дагуу М.Мягмаржав ламд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын байцаагч н.Өнөболд академийн тэргүүнтэй холбогдож Л.Өнөрбаяраас мэдүүлэг авч байцаасан болно. Ингээд цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагууд энэхүү асуудлыг шалгаж үзээд Л.Өнөрбаяр нь гэм буруугүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тараасан мэдээлэл нь иргэдийг залилуулахаас сэргийлсэн үйлдэл болох тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06633 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч 17.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Зөн билгийн академи” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Зөн билгийн академи” төрийн бус байгууллагаас 3.900.000 төгрөгийг гаргуулж М.Мягмаржавт олгож, нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “Зөн билгийн академи” төрийн бус байгууллагад даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүнд сэргээх, 29.600.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Зөн билгийн академи Төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.950 төгрөгийн 245.450 төгрөгийг, хариуцагч М.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Зөн билгийн академи Төрийн бус байгууллагаас 147.550 төгрөгийг гаргуулж үүнээс 70.200 төгрөгийг М.Мягмаржавт, 77.350 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, Зөн билгийн академи Төрийн бус байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 23.500 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 245 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2...” гэсний дараа “21.5, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 101/шш2016/06633 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 245 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч “Зөн билгийн Академи” ТББ-аас гаргасан 17.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хариуцагч М.Мягмаржав нь 2009 онд зохиогдсон Зөн билгийн тулаан тэмцээнд оролцож 4-р байрт шалгарч байсан бөгөөд түүнтэй 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж хамтран ажилласан. Бидний байгуулсан Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь М.Мягмаржавыг олон түмэнд таниулах, түүний нэр хүндийг өргөх, үйлчлүүлэгчдээр ханган менежмент зохион байгуулах, гадаад улсад зохион байгуулагддаг тэмцээн уралдаанд холбож зуучлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах бүх төрлийн мэдээллийг хариуцан ажиллах, харин М.Мягмаржав нь гэрээний хугацаанд “Зөн билгийн академи” ТББ-н зөвшөөрөлгүй үзлэг засал хийхгүй байх, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй байх, үзлэг заслыг зөвхөн “Зөн билгийн академи" ТББ-н байран дээр хийж төлбөрийн 50%-г академид төлж хамтран ажиллахаар хийсэн гэрээ юм.

Мөн талууд 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Хамтран ажиллах гэрээндээ нэмэлт заалтууд оруулсан бөгөөд уг нэмэлтээр М.Мягмаржавыг Украйн улсад зохиогдох Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцоход зуучилж түүнээс зуучлалын болон түүнийг дагалдан явах багийн санхүүжилтэнд шаардлагатай төлбөр болох 10.000.000 төгрөг авах, мөн талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээг зөрчиж зөвшөөрөлгүй үзлэг засал хийсэн тохиолдолд тодорхой хэмжээний төлбөр төлөх хариуцлагын талаар тусгасан юм. Ингээд М.Мягмаржав нь Украйн улсруу явахаасаа харилцан тохиролцсон 10.000.000 төгрөгнөөсөө 2.000.000 төгрөгний төлбөрийг нь хийсэн ба бид гэрээндээ 8.000.000 төгрөгийг тэмцээний үеэр болон тэмцээн дууссаны дараа үзлэг засал хийж төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурьдсан гэрээ болон нэмэлт гэрээний заалтуудыг харилцан тохиролцож байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа “талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 06, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Украйн улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцоход зуучлах зуучлалын хөлсийг 10.000.000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тэмцээнд оролцоход зуучдын хөлсийг 10.000.000 төгрог байхаар талууд тохиролцсон талаараа ИХШХШТх-н 25.2.2, 38.1-д зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаар шүүх талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээг агуулгын хувьд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээ гэж үзсэн тохиолдолд ч уг гэрээний дагуу талууд харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. “Зөн билгийн академи" ТББ болон М.Мягмаржав нарын байгуулсан нэмэлт гэрээний 5.2-т заасны дагуу М.Мягмаржав нь зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр болох 6.500.000 төгрөг төлөх үүрэгтэй байтал хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр талууд Украйн улсруу явахад өгч авахаар харилцан тохиролцсон 10.000.000 төгрөгийг зуучлалын хөлс гэж гэрээ байгуулсан ч энэхүү мөнгийг тэмцээнд оролцогч М.Мягмарсүрэнг дагалдан явах багийн зардалд хэрэглэсэн юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 5.4-т зааснаар гэрээний энэхүү заалтыг гэрээний тал болох М.Мягмаржав зөрчсөн нь түүний “... тэгээд байж байтал Дорнод аймгийн иргэн н.Ганбаа гэдэг хүн надруу яриад чи манай аймагт ирээч гээд урьсан тэгээд би тус аймагт 2013 оны 12 дугаар сарын 25-27 нд иргэдийг хүлээн авч байхад академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг шүүхэд өгсөн байсан” гэсэн шүүхэд гаргасан тайлбар, мөн түүний Дорнод аймгийн “Мижи” телевизэд “Зөн билгийн академи" ТББ-н зөвшөөрөлгүй өгсөн ярилцлага, явуулсан реклам зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан СД-нд буулгасан бичлэгээр нотлогдсоор байхад  шүүхээс гэрээний хариуцлагатай холбоотой шаардсан 10.000.000 төгрөг болон гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн шүүхэд хандахад хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал болох 1.000.000 төгрөгийг тус тус шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй юм.

2. Сөрөг нэхэмжлэлээс М.Мягмаржавын ажил хэргийн нэр хүндийг сэргээх, эдийн бус гэм хорын хохиролд 3.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Байгууллагын зүгээс М.Мягмаржавын ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй бөгөөд иргэдээс ирсэн гомдол мэдээллийг үндэслэн зөвхөн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд дараах 4 нөхцөлийг үндэслэн сэрэмжлүүлэг хүргэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан процессын ноцтой алдааг зөвтгүүлж хэргийг дахин хэлэлцүүлэх талаар бидний гаргасан гомдлыг хангаагүй нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөн тодотгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэлээр урьд гаргасан 3.500.000 төгрөг, мөн нэр төр сэргээлгэж 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж талуудын байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний нэмэлт заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөрсайхан 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гардаж авсан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хувийг нэхэмжлэгчид гардуулж, улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгтээ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын талаар хэлэлцсэн атлаа шүүхийн шийдвэртээ уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байгаа нь ойлгомжгүй байхаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн атлаа шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр болсон, үүнтэй холбогдуулан нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан талаарх захирамжийг талуудад танилцуулах ёстой бөгөөд хурлаас өмнө гарсан бол зохигчид мэдэх боломжтой байсан юм. Иймд анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 3.900.000 төгрөг гаргуулах шийдвэрийг хүчингүй болгон үндсэн нэхэмжлэлд 17.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, эс бөгөөс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ нь хариуцагч М.Мягмаржаваас 17.500.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “Хамтран ажиллах гэрээ” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, няцаалт хийлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 30.000.000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3.500.000 төгрөг нийт 33.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 06-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-гээр нэхэмжлэгч нь хариуцагч М.Мягмаржавыг олон түмэнд таниулж нэр хүндийг нь өргөх, үйлчлүүлэгчдээр хангах, менежментийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр цацагдах бүх төрлийн мэдээлэл, гадаад оронд сурталчлах ажлыг хариуцах, олон улсын тэмцээнд холбож зуучлах, хариуцагч нь холбож өгсөн үйлчлүүлэгчдээс авсан төлбөрийн 50 хувийг тооцож авах, зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага мэдээлэл өгөхгүй байх, ямар нэг тусгай дугаарт утсаа байршуулахгүй, үйлчлүүлэхээр цаг авсан тохиолдолд академитай цаг тохиролцон үзлэг засал хийж байхаар харилцан тохиролцжээ.

Талууд дээрх гэрээнд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан “...Украйны олон улсын тэмцээнд явахад зуучлалын хөлс болох тийзний зардлаас гадна 8.000.000 төгрөгийг тэмцээний үеэр болон тэмцээний дараа академи дээр үзлэг засал хийж төлж барагдуулах”-аар харилцан тохирчээ /хэргийн 1 дүгээр хавтас 9-10 дугаар тал/.

Дээрх гэрээний дагуу М.Мягмаржав нь Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан тэмцээнд оролцсон, тэмцээнийг зохион байгуулагч тал оролцогчийн тийз болон зардлыг хариуцсан бөгөөд хариуцагч тэмцээний дараа 1.500.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрийн үлдэх 6.500.000 төгрөг болон хохирол 11.000.000 төгрөгийг шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

“Зөн билгийн академи” ТББ нь М.Мягмаржавын ашиг сонирхлын төлөө Украйны СТБ телевизийн зохион байгуулсан тэмцээнд оролцоход холбож өгсөн, тэрээр тэмцээнд оролцсон нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон байна.

Талууд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бөгөөд гэрээний агуулга, зорилгоос үзэхэд зуучлалын гэрээний шинжийг агуулжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан хөлс төлөхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч зуучлалын ажиллагааны үр дүнг хүртэж, зуучлалын хөлсний заримыг төлснөө үгүйсгэж чадаагүй байна.

Нэмэлт гэрээг сайн ойлгоогүй гарын үсэг зурсан, гэрээний хувийг өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, улмаар зуучлалын хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнд зааснаар хариуцагч зуучлалын хөлсөнд 8.000.000 төгрөг төлөхөөс 1.500.000 төгрөг төлсөн байх тул үлдэх 6.500.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 11.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлээс 6.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 245 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийдвэрийн тогтоох хэсгийн” гэсний дараа “1 дэх заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч М.Мягмаржаваас 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-д олгож, нэхэмжлэлээс 11.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дах заалтын “...олгосугай” гэснийг “...олгож, хариуцагч М.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид 118.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-д олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 13-ний өдөр төлсөн 393.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ