Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 356

 

 

Г.П, Н.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар магадлалтай, Г.П, Н.Э нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 159 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 872 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овгийн Г-ийн П,

2. Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Бигэр суманд төрсөн, 57 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Н-ийн Э.

Г.П, Н.Э нар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард аюушийн 1 дүгээр гудамжны З-а тоотод хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.П, Н.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Г.П нарт оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П болон шүүгдэгч Н.Э-ийн өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Г.Тамир гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Г.П нь Н.Э-ийн биед анхнаасаа хохирол учруулаагүй, цохиогүй гэдгээ мэдүүлсэн бөгөөд Г.П-ийн яг ямар идэвхтэй үйлдлийн улмаас Н.Э-ийн биед гэмтэл учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан ямар үйл баримтаар тогтоогдоод байгаа нь тодорхойгүй байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугуй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасан. Гэвч шүүх Г.П-ийг Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож, нотлогдоогүй байхад түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж, гэм буруутайд тооцож, шударга бусаар ял оногдуулж байгаад гомдолтой байна.

Нөгөөтээгүүр шүүх хуралдаанд оролцох эрх бүхий субъектүүдийн гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлалгүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон зарим үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Г.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Н.Э, шүүгдэгч Г.П, гэрч Х.Я нарын мэдүүлгээр Г.П, Э-ийг цохиж, зодсон үйл баримт тогтоогддоггүй, шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүд унахад учирсан, хохирогч Н.Э-ийг эхнэр нь цохиж байсан тул үүнээс гэмтэл үүссэн байх боломжтой гэдгийг мэдүүлдэг.

Мөн гэрч Ц.Энхсайханы мэдүүлгээр хохирогч Н.Э-ийг цохисон үйл баримт тогтоогддог. Гэвч Ц.Энхсайхан өөрийн нөхөр хохирогч Н.Э-ийг зодож цохисон үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр шүүгдэгч Г.П-ийн цохиж зодолдсон зүйл байхгүй, гэрч Х.Янжинлхам “нөхөр хариу үйлдэл үзүүлж чадаагүй” зэргээр мэдүүлж байгаа үйл баримтыг хэрхэн ямар нотлох баримтыг үндэслэн үгүйсгэж байгаагаа шүүх тодорхойлоогүй байна.

Н.Э, Ц.Э нар нь хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд бөгөөд тэдэнд хууль сануулж мэдүүлэг авч байгаа. Гэтэл Н.Э, Ц.Э нарын мэдүүлгийг шүүх дүгнэж шүүгдэгч Г.П-ийг Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.П, гэрч Х.Янжинлхам нарын гэм бурууг үгүйсгэсэн мэдүүлэг, нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, ямар баримтуудад үндэслэж, гэм буруутай гэж үзээд байгаад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Шүүхийн дүгнэлтээс үзвэл хохирогч Н.Э, гэрч Ц.Энхсайхан нарын мэдүүлгийг шүүх үнэлж, үүн дээр үндэслэн дүгнэлт хийж байгаа нь харагдах бөгөөд энэ нь шүүх шүүгдэгч Г.П-ийн эрх зүйн байдлыг дордуулж, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг гажуудуулж байгаа нь харагдаж байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу Г.П нь “би Э-ийг зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж байгаа боловч тэр хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна гэж дүгнэлтдээ тусгажээ.

Угтаа бол шүүгдэгч Г.П нь дээрх эрхийн дагуу бус болсон хэрэг явдлын талаар үнэн зөв мэдүүлж, түүнд үнэхээр Н.Э-ийг цохиж, зодолдсон үйл баримт байдаггүй энэ талаар гэрч Х.Янжинлхам, хохирогч Н.Э нар мэдүүлдэг, мөн Ц.Э нь хохирогч Н.Э-ийг цохисон үйл баримт тогтоогдож, Н.Эрдэнэбилэгт үүссэн гэмтлийг түүний эхнэр Ц.Э учруулсан байж болох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, мөн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хоёр шатны шүүх дээр тайлбарлаж, мэтгэлцсэн боловч гэм бурууг үгүйсгэж байгаа баримтуудад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулж байгаа хирнээ Г.П-ийг гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгааг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.П-ийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Г.П, Н.Э нар харилцан зодолдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүх Г.П, Н.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг брууу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн Г.П, Н.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.П, Н.Э нар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард Аюушийн 1 дүгээр гудамжны З-а тоотод хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.П, Н.Э нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Г.П, Н.Э нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Г.П, Н.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон, тогтоогдоогүй, шүүх хэргийн бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул Г.П-д холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Г.Тамирын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН