Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1176

 

 

 

 

 

 

 

 

 

Г.П, Н.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзориг,

цагаатгагдсан этгээд Г.П, түүний өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/809 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батзоригийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.П, Н.Э нарт холбогдох 1905023730654 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Г-ийн П, 19... оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, .......... хамт .............. дүүргийн ... дүгээр хороо, .......... 12 дугаар байрны ...... тоотод  оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 872 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Б.......... овгийн Н-гийн Э, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр ............ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэрийн хамт ............ дүүргийн .. дугаар хороо, .......... ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ....... дүүргийн ... дүгээр хороо, .......... ......... ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Г.П нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны За тоотод иргэн Н.Э-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь “цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Н.Э нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны За тоотод иргэн Г.Птэй маргалдан гараараа толгой орчим нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Г-ийн П-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Б овгийн Н-гийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-ийг 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.П, Н.Э нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, Н.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.П, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/809 дугаартай шийтгэх тогтоолоор “Г.П-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1-т “...Г.П-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.” гэж тэмдэглэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан, яллах дүгнэлтэд бичигдсэн бичгийн нотлох баримтууд болох хохирогч Н.Эийн “Г.П, эхнэр Янжинлхамын хамтаар орж ирээд шууд “одоо энэ хашаанаас яв” гэхээр нь би “явж болж байна, гэхдээ чи ажлын цалин, энэ гражид 2007 оны 05 дугаар сард тавиад эзэн нь алга болсон тул уг автомашины төлбөрийг өдөр бүрийн тооцоог өөрт чинь өгсөн, мөн энэ хашааны хойд хэсэгт би өөрийн мөнгөөр 2x3 харьцаатай байшин барьсан тул 5.000.000 төгрөг гаргаж өг, эсвэл надад 5 ханатай монгол гэр авч өг, би танай хашаанаас явахад надад амьдрах гэр орон байхгүй, энэ асуудлыг шийдээд өгвөл би танай хашаанаас нүүхэд бэлэн байна” гэхэд хариуд нь П надад “1.000.000 төгрөг өгье” гэхээр нь би 1.000.000 төгрөгөөр ямар гэр авах юм гэж хэлээд би уурлаад босч ирээд, Пийн цамцны энгэрээс баруун гараараа заамдаад авсан чинь, зөрүүлээд миний цамцны энгэрээс заамдаж бооход, би унахдаа хажууд байсан модон шкафыг ор болгоод газар тавьсан байсныг баруун талаараа цохиж баруун гараараа тулахад манай эхнэр хажуугаас та нар одоо боль гээд П бид хоёр, хоёр тийшээ болсон.” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.П-ийн “...өөрийн эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй буусан Э-ийг манай хашаанаас нүүгээч гэж хэлэх гэж очсон. Ингээд очоод хэлтэл ингэж удаан танай гражыг түрээсэлж байхад нүүж чадаагүй гэж хэлэн Э заамдан авсан. Би гарыг нь арагш түлхсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Янжинлхамын “...ингэж байгаад нөхөр гражаа түрээслэхээр болсноо хэлээд урд байгаа айлыг нүүлгэнэ, танайх нүүх боломж байна уу гэж хэлсэн чинь Э, Сайханаа хоёр орилоод эхэлсэн. Э, нөхөр Пийг өмсөж явсан куртикнээс нь заамдаад ална гэсэн, нөхөр яагаад байгаа юм бэ, би чамтай хэрүүл хийх гэж ирээгүй шүү дээ гэж хэлээд гарыг нь арагш нь түлхээд доороо суусан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Энхсайханы “...П “танайх нүү гэж хэлсэн” юу яриад байгаа юм би миний цалинг өгөөдөх гэж хэлсэн. Танайх нүүх шаардлагатай байна, би өөр хүнд түрээсэлнэ гэж хэлсэн. П, Эийн хэвтэж байсан орон дээр очоод чамайг нүү гэж байна гээд заамдаад авсан. Ингээд Э, П хоёр барилцаж аваад зодолдоод байсан, би очоод чи сэхээтэн хүн байж битгий орилоод байгаач гэж хэлсэн. ...Э, П хоёр зууралдаад гадагш гарсан, гадаа гараад мөн нэг нэгийгээ заамдаад зууралдаад байсан. Би Э-ийн мөр рүү нь гараараа нэг удаа цохиод Э-ийг гэрт оруулсан.” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6483 дугаартай “Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тухай” шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П нь, хохирогч Н.Э-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн тохиолдолд шүүгдэгч Н.Э нь хохирогч Г.П-ийн гэрт орж маргаан үүсгэсэн тохиолдол бус, шүүгдэгч Г.П нь хохирогч Н.Эийн гэрт орж “манай хашаанаас нүү” гэдэг шаардлагыг тавьсны улмаас тэдгээрийн хооронд маргаан үүсэж, эхэлж Н.Э нь Г.П-ийн биед халдах оролдлого хийж заамдаж авсны дараа Г.П нь идэвхтэй үйлдэл хийж түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдаг. Энэ нөхцөл байдлыг шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт “довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Г.П-ийн үйлдэл нь” гэж Г.П-ийн, хохирогч Н.Э-ийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж дээрх дүгнэлтийг хийсэн байдаг.

Аргагүй хамгаалалтын үндсэн гол шинж нь “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл” байдаг. Хэргийн нөхцөл байдлыг дээрх тохиолдлуудад холбож үзвэл Г.П-ийн үйлдэл нь “өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоон” гэсэн өгүүлбэрт хамаарч холбох хэдий ч, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг агуулгаар нь авч үзвэл Г.П нь, Н.Э-ийн заамдсан үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус гагцхүү заамдсан гарыг нь тавиулах, мөн түүний эсрэг идэвхтэй үйлдэл хийх санаа зорилгоор Н.Э-ийн эсрэг харилцан заамдаж, хоолойг нь шахаж, боон газар унагасан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв хохирогч Г.П нь өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгосон бол, тулгарсан довтолгооны арилгасны дараа тухайн хэргийн газраас зугтах, орхиж явах үйлдэх хийх боломжтой байтал шүүгдэгч Н.Э-ийг боож газарт унагасны дараа доошоо суусан гэх гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд Г.П-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байгаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийг хоёр этгээд бие, биенийхээ эрүүл мэндэд халдсан үйлдлүүдийг авч үзвэл хэн нэг этгээд нь эхэлж нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж, энэ үйлдлийн эсрэг нөгөө этгээд нь идэвхтэй үйлдэл хийж, нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж хохирол учруулж байдаг. Гагцхүү дээрх үйлдлүүдээс хэнийх нь үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байгааг эхэлж эрүүл мэндэд нь халдсан үйлдлээс дүгнэх бус, гэмт хэрэг үйлдэгдэж буй нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байдаг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.П, Н.Э нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд идэвхтэй, санаатай үйлдлээр хандаж тус, тус хөнгөн хохирол учруулсан байхад Г.П-ийг эхэлж Н.Э-ийг эрүүл мэндэд халдаагүй гэдэг агуулгаар түүнд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй үйлдэл гэж үзэж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, буруу практик тогтоосон шийдвэр болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...”, буюу хохирогч Н.Эийн хууль сануулж өгсөн мэдүүлэг, гэрч нарын хууль сануулж өгсөн мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэж заасан хуулийн шаардлагатай нийцээгүй дүгнэлт хийж хохирогч Н.Э, гэрч Х.Янжинлхам, Ц.Энхсайхан нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг, шийтгэх тогтоолд заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Г.П-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан холбогдох зүйл, хэсгийг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн” гэж нэгж прокурорын газрын нэрийг буруу бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.П, Н.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/809 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Н.Э-ийг нэг ч удаа цохиогүй. Анхнаасаа цагдаагаар явж учраа олно гэж хэлсэн. Намайг Н.Э цохисон. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. ...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Г.П-ийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор эсэргүүцэлдээ Г.П-ийн үйлдэл нь Н.Э-ийн мэдүүлэг, түүний эхнэр Энхсайханы мэдүүлэг, цагаатгагдсан этгээд Г.П-ийн болон түүний эхнэр Янжинлхамын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь гэрч Янжинлхам мэдүүлэгтээ “П Эрдэнбилэгийг цохиогүй. Э түрүүлж заамдаж авсан, заамдаж авсан Г.П-ийн гарыг нь Н.Э тавиулсан” гэдэг. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ хоорондоо бие биенээ заамдаж, зууралдаад газар унасан гэж бичсэн байна. Ийм зүйл болоогүй, энэ талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Г.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж шүүх дүгнэж, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Г.П, Н.Э нар нь харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан байх ба тэдний хэн алины үйлдэлд аргагүй хамгаалалтын амь биед аюултай тулгарсан довтолгооны шинж тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Г.П-эд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэв.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Г.П, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/809 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.П, Н.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Г.П, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ