Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01296

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01296

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/01410 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох

тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Б.Дайриймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: "Н" ХХК нь 2017 оны 09 сарын 13-нд "Э" ХХК болон түүний захирал Ц.Бд 60,000,000 төгрөгийн үнэтэй газар тариалангийн тоног төхөөрөмж зарсан юм. Үүнээс 39,500,000 төгрөг өгсөн боловч үлдэгдэл 20,500,000 төгрөг алданги 10,000,000 төгрөг нийт 30,500,000 төгрөгийг "Э" ХХК-аас гаргуулах хүсэлтэй гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч М.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Э ХХК-г үүсгэн байгуулагч Ц.Б 2016 онд Төв аймгийн Угтаал сумын иргэн Д.Батхуягаас Foton үйлдвэрийн трактор 1 ширхэг /40,000,000/, ангилангийн хадагч 1 ширхэг /20,000,000/, нийт 60,000,000 төгрөгийн техник худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч энэ хоёр техник нь ажлын шаардлага хангахгүй, эвдэрхий байсан учир, маш олон удаа энэ техникээ ирээд ажиллуулж өгөө гэж хэлсэн боловч ирээгүй, сүүлдээ утсаа салгаад алга болсон. Тийм учраас ажлаа энэ хоёр техникээр нь хийж чадаагүй. Түрээсийн хадлангийн салаа оруулж өөрийн ажлаа хийж дуусгасан. Гэтэл намар гэнэт ирээд мөнгө нэхсэн. Техникээ буцааж ав, эвдэрхий юм байна би энэ техникээр чинь 1 га газарч ажил хийгээгүй шаардлага хангахгүй техник өглөө гэсэн боловч Батхуяг өөрөө тэгвэл оронд нь өөр техник өг гэсэн. Тэгэхээр нь өөрт байсан техникийг буюу ОХУ-д үйлдвэрлэсэн 150 трактор /20 сая/, ОХУ-д үйлдвэрлэсэн хаман боогч /15 сая/, Түлшний запруушик машин /20 сая/, Ландровер маркийн бага оврын суудлын машин /5,5 сая/, Эвдэрхий 2.1 силк 3 ширхэг /9 сая/, Реминин подпоршик 2 ширхэг /1 сая/, Ангилангийн рам /1 сая/, нийт дүн нь 71.5 сая төгрөг болсон. Энэ техникүүдийг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч байнгын мөнгө нэхэж намайг дарамталдаг. Надаас авсан түлшний запруушик машинаа банкны өр өгөх мөнгө хэрэгтэй байна зарж өгөөч гээд гуйгаад байхаар нь худалдан авах хүнийг нь олж өгсөн бөгөөд өөрийнх нь хүсэлтээр 15 сая төгрөгөөр зарж өгсөн. Шударга шүүх үнэн зөвийг олж тогтоон, нэр төрийг минь цэвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Нотлох баримтыг Монгол шуудангаар явуулсан боловч замдаа үрэгдсэн байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1, 232 дугаар зүйлийн 232,1 232,4-д зааснаар Н ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Э ХХК-с 30,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,000 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас 312,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжпэгч Н ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд худалдах, худалдан авах гэрээний өр төлбөр гаргуулах өргөдөл гаргасан байдаг бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ц.Б уг өр төлбөрийг төлж барагдуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгч, өр төлбөрийг бүрэн барагдуулсан талаарх холбогдох материалаа аваачиж өгөх гэтэл шүүхэд ковид гарсантай холбогдуулан шүүхийн байранд нэвтрүүлэхгүй" гэсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шуудангаар илгээсэн байдаг. Энэхүү баримт нь Э ХХК -д нэг хувь байсан бөгөөд өөрт байсан нэг хувийг шүүхэд гарган өгсөн нь шүүхэд очсон шуудангийн баримтаар нотлогдож байгаа атлаа шүүхэд ирээд хаачсан нь тодорхой бус болсон. Энэ нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох гол баримт болно. Энэ талаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс шууданд илгээсэн баримтыг ирсний дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг хангаж тус өдрийн 184/Ш32022/06127 дугаар шүүгчийн захирамж гаргасан. Гэвч дээрх шүүхийн шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад анхан шатны шүүх угаасаа ач холбогдолгүй гэж өнгөц шийдвэрлэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариуцагчийн хүсэлтийг хэлэлцээгүй. Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/Ш32022/06127 дугар шүүгчийн захирамжаар шүүгч эрүүл мэндийн шалтгаантай учраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт товлон өөрчилжээ. Гэтэл дээрх өөрчилсөн хурлын товыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө түүний утсаар мэдэгдсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч газар тариалангийн ажил эрхэлдэг, байнга хөдөө, орон нутагт явдаг ажлын онцлогтой. Тухайн үед шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүгчийн туслахын зөвлөснөөр мэйлээр хүсэлтээ явуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэж дурьдсан нь хариуцагчийн хүсэлтийг хангасан гэж харагдаж байгаа боловч шүүхийн шийдвэрт хариуцагчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар, шүүх хуралдаанд хэрхэн оролцуулаагүй талаар огт дурьдаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Анх хариуцагч талтай холбогдоод эвлэрье гээд ярилцаад мөнгөө өгнө гэж тохиролцож, эвлэрүүлэн зуучлалд материал өгсөн. Хариуцагч тал эвлэрүүлэн зуучлах шатанд хариуцагч эвлэрэхгүй гэх асуудал гарсан. Худалдах, худалдан авах гэрээний төлбөр дээр бол маргадаггүй. Дараагийн асуудал нь хойшлуулсан гэж сарын хугацаа өгсөн. Шүүх хуралдаанд байнга орж байсан. 03 дугаар сарын 19-өөс, 04 дүгээр сарын 27-ны хооронд шуудангаар баримт явуулсан эсэх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг нь мэдэхгүй нөхцөл байдалд өөрөө баримтаа бүрдүүлэх байсан. 1 сарын хугацаанд нэг ч баримтаа өөрөө авч ирээгүй. Энэ асуудлаа өөрөө зохицуулж, тодорхой болгоогүй. Мөн шүүх хурлын товыг мэдсэн атлаа 2, 3 удаа хойшлуулж ирээгүй. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд ирж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нь үндэслэлгүй. Хэрэгт нотлох баримтаар байгаа бөгөөд хугацааг нь хангалттай олгосон. Гэвч баримтаа авчирч өгөөгүй, мөн шууданд байгаа баримтыг хэрэгт ач холбогдолтой баримт байсан гэдгийг бид нар мэдэхгүй. Тухайн баримтыг баримт явуулсан эсэх нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд эргэлзээгүй гарсан гэх баримт, тооцоо нийлсэн акт бүгд тодорхой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхэд шинээр гаргаж өгөх баримтуудыг Монгол шуудангаар явуулсан боловч одоог хүртэл ирээгүй байна. Дугтуйнд 4 хуудас баримтыг хийж явуулсан тиймээс нотлох баримт ирсний дараа шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2022/05291 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байх бөгөөд уг шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад талууд гарын үсэг зуржээ. /хх.109-110/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Иймд дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

6. Зохигчдын хооронд 60,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үлдэгдэл 39,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 20,500,000 төгрөг болон алдангийг нэхэмжилж маргаж байна. Хариуцагч нь 20,500,000 төгрөгийн гэрээний үнийн үлдэгдлийг төлсөн 4 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн гэж тайлбарлаж байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ...хэргийн нотлох баримт нь зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт, тайлбарыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

8. Харин хариуцагчийн төлөөлөгчийн ...Өөрчилсөн хурлын товыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө түүний утсаар мэдэгдсэн байна. Тухайн үед шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2022/06593 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн төлөөлөгч М.Бд хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/01410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгчөөс төлсөн 312,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО