Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00480

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00480

 

 

ЕШ  ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00051 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч ЕШ  ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ОК  ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 422 426 913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг, нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч ЕШ  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчид 15.000 тонн цемент нийлүүлэх, хариуцагч хариуд нь гэрээний үнийн дүн болох 2.110.200.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай талаас 29 удаагийн нийлүүлэлтээр нийт 1.950.75 тонн буюу 262.110.442 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж үүн дээр тээврийн хөлс 14.565.700 төгрөг, таталт тавилт 3.261.800 төгрөг, вагон ашиглалт 1.680.000 төгрөг, нийт 281.617.942 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн байдаг. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгч талыг хохироосон үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 281.617.942 төгрөг, алданги 140.808.971 төгрөг,  нийт 422.426.913 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОК ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 422.426.913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЕШ  ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЕШ  ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 2.270.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОК  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.270.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ОК  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаан болсон өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж, миний бие баяр зохион байгуулах комиссын гишүүнээр ажиллаж тухайн өдөр зарлагдсан шүүх хуралдаанд энэхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь "ОК " ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Цемент зээлээр худалдах, худалдан авах" гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд хүлээж авсан цементийн талаар маргаангүй. Гэрээний үүргийн биднээс хамаарч хугацаандаа төлөөлгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн бөгөөд тогтоосон нэмэлт хугацаа дуустал алданги тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал 50 хоногийн алданги 70.404.450 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 50 хоногийн алданги 70.404.450 гөгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ЕШ  ХК нь хариуцагч ОК ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт цементний үнэ 281 617 942 төгрөг, алданги 140 808 971 төгрөг, нийт 422 426 913 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХХАГ/2016/232 дугаар цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ЕШ  ХК нь МNS 974:2008 стандартын шаардлага хангасан OPC 42.5 маркийн 15 000 тонн задгай цементийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд худалдан авагч ОК ХХК-д нийлүүлэх, худалдан авагч ОК ХХК нь задгай цементийн үнэ тээврийн зардлын хамт 2 110 200 000 төгрөгийг улирал бүрийн эцэст тооцоо нийлсний дараа төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиролдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч ЕШ  ХК-иас 2017 оны 7, 8, 10, 11, 2018 оны 3 дугаар сарын задгай цементийн төлбөрийн мэдэгдлүүдийг хариуцагч ОК ХХК-д хүргүүлж байсан /хх-ийн 10-12, 14-15/, гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацааны талуудын тооцоо нийлсэн актаар 281 617 942 төгрөг төлөхийг /хх-ийн 9/ хариуцагч хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17/41 тоот албан бичгээр төлбөр барагдуулахаа илэрхийлж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд хариуцагч ОК ХХК нь худалдан авсан задгай цементийн төлбөрөө улирал бүрийн эцэст тооцоо нийлж, дараа сарын эхний 10 хоногийн дотор төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Нэхэмжлэгч ЕШ  ХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар цементийн үнэ 281 617 942 төгрөг, алданги 140 808 971 төгрөг төлөхийг ОК ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан задгай цемент нийлүүлэх тухай цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7.3-т заасан алдангийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Хариуцагч ОК ХХК нь хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт тус тус зааснаар тогтоосон хугацаанд тайлбар гаргах, татгалзаж байгаа бол үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцсэн, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хариуцагч нь анхан шатны шүүхэд алдангийн талаар тайлбар гаргаж мэтгэлцэж байгаагүй, шүүхээс алдангийн хэмжээг илт их байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах заалтыг шүүхээс хэрэглэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 510 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ