Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00915

 

ЦШ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00051 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар магадлалтай, 

ЦШ ХК-ийн нэхэмжлэлтэй

СК ХХК-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 422.426.913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ЦШ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчид 15.000 тонн цемент нийлүүлэх, хариуцагч хариуд нь гэрээний үнийн дүн болох 2.110.200.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай талаас 29 удаагийн нийлүүлэлтээр нийт 1.950.75 тонн буюу 262.110.442 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж үүн дээр тээврийн хөлс 14.565.700 төгрөг, таталт тавилт 3.261.800 төгрөг, вагон ашиглалт 1.680.000 төгрөг, нийт 281.617.942 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн байдаг. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгч талыг хохироосон үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 281.617.942 төгрөг, алданги 140.808.971 төгрөг,  нийт 422.426.913 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00051 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Соёмбоконстракшн ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 422.426.913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цементшохой ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цементшохой ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 2.270.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Соёмбоконстракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.270.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 510 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хуралдаан болсон өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж миний бие баяр зохион байгуулах комиссын гишүүнээр ажиллаж тухайн өдөр зарлагдсан шүүх хуралдаанд энэхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. Гэтэл 422.426.913 төгрөгийн их хэмжээний мөнгөний маргаантай хэрэгт хариуцагчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжийг хязгаарлаж эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь “СК” ХК-тай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Цемент зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд хүлээж авсан цементийн талаар маргаангүй. Гэрээний үүргийг биднээс хамаарч хугацаандаа төлөөгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн бөгөөд тогтоосон нэмэлт хугацаа дуустал алданги тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал 50 хоногийн алданги 70.404.450 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 50 хоногийн алданги 70.404.450 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

ЦШ ХК, СК ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 281.617.942 төгрөг, алданги 140.808.971 төгрөг, нийт 422.426.913 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Энэ нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд ирээгүй байна.

Иймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн  100.3-т заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талууд үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Зохигчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “цемент зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ЦШ” ХК нь 15.000 тн цемент нийлүүлэх, хариуцагч СК ХХК 2.110.200.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч нийт 29 удаагийн нийлүүлэлтээр 1.950.75 тн буюу 262.110.442 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлснээс гадна хоёр талын тооцоо нийлсэн актаар хариуцагч нь тээврийн зардал, таталт тавилт, вагон ашиглалтад нийт 281.617.942 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч төлбөр төлөөгүй  хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон байна.

Шүүх цементийн үнэ, алданги гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа гэрээний зохицуулалт болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч алдангийн хэмжээг гэрээний 4.2-т “улирал бүрийн эцэст тооцоо нийлж дараа сарын эхний 10 хоногийн дотор төлж барагдуулна”, 7.3-т “худалдан авагч тал нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тус тус заасныг эрх зүйн үндэслэл болгожээ. Нэхэмжлэгчийн үүргээ биелүүлэхийг шаардсан  албан бичигт хариуцагч 2018 оны эхний улиралд төлбөрийг багтаан төлөхөө илэрхийлсэн, уг хугацаанаас тооцоход алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт  хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...50 хоногийн алданги буюу 70.404.450 төгрөгийг хасч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00051 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ