Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00672

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00672

 

 

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00434 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлтэй, Б.А- болон ДХ-ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, нийт 67 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ДХ-ХХК түүнийг төлөөлж захирал Б.А-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Гоодой зусланд баригдах 125 м.кв амины орон сууц, 39 м.кв террасны ажлыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс нь 86.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Би гэрээнд заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 25.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 3.500.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 15.000.000 төгрөгийг, 2.100.000 төгрөгийг тус тус ДХ-ХХК-ийн захирал Б.А-ын хувийн данс руу шилжүүлсэн. Гүйцэтгэгч ДХ-ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч ажлаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд зөвхөн барилгын суурь хэсэг цутгагдаж, гүний худаг ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй, доголдолтой байсан тул цаашид ДХ-ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 51.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Миний бие урьдчилгаа хөлсөө төлөхдөө өөрийн хадгалсан мөнгө хүрэлцэхгүй байсан тул бусдаас мөнгө хүүтэйгээр зээлж урьдчилгаагаа төлсөн. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Оюунбилэгээс 25.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, амины орон сууцны  урьдчилгаанд төлсөн болно. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компани барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын наад захын стандарт, шаардлага хангаагүй, тус компани гэрээний үүргээ зөрчсөний улмаас миний бие иргэн Д.Оюунбилэгт зээлсэн төлбөрөө бүрэн төлж чадалгүй, өндөр хүүний өрөнд орж энэ хугацаанд нийтдээ 12.900.000 төгрөгийн хүүний өрөнд орж хохирч байна. Мөн миний бие эд хөрөнгөөрөө хохирсон тул хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, шүүхэд эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд хоёр өмгөөлөгчид тус бүр урьдчилгаа 1.500.000 төгрөгийг төлж, нийт 3.000.000 төгрөгийн зардал гарсан болно. Иймд барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 51.600.000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12.900.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, нийт 67.500.000 төгрөгийг Б.А- болон Дриймвүүд хаус ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Н- нь манай компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан учир Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Гоодой зусланд амины орон сууц барьж өгөхөөр болсон юм. А.Н-гийн орон сууц барих газар нь намгархаг хөрстэй байсан тул суурийг бэхжүүлэхийн тулд нилээд хоног хүлээх шаардлага гарч хагас сар хэртэй хугацаа хойшилж ажил эхэлсэн юм. Бид чанарын шаардлага хангасан стандартын бараа материалыг БНХАУ болон ОХУ-аас татдаг. А.Н-гийн байшингийн үндсэн төсөв 97.495.620 төгрөг болсон боловч захиалагчтай харилцан тохиролцож 86.000.000 төгрөгт хийж гүйцэтгэхээр гэрээг хийсэн. Уг байшингийн карказ угсралтын үед бороо маш ихээр орсон тул шалны панер, ОСП хавтан бороонд норж чанарын шаардлага хангахгүй болсон бөгөөд үүнийг захиалагчийн дагуулж ирсэн барилгын инженертэй хэрхэн засварлаж хийхийг харилцан зөвлөлдөж тохиролцсон. Манай компани шалны доод хэсгийг ус чийг тусгаарлагч, өнгөт төмрөөр бүрж өгөхөөр болсон бөгөөд уг ажлыг дотор заслын ажил гүйцэтгэх хүмүүсээр хийлгэхээр болсон. Уг алдаа дутагдал нь гэрээний 7.1-т заагдсан байгалийн давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа болно. А.Н-гийн барилгын карказ болон шалыг канад технологийн стандартаар угсарсан бөгөөд шалны дулаалгыг Монгол базалт ХХК-ийн зөвлөх инженерийн зөвлөснөөр монгол базалтын чулуун хөвөнг хэсэгчлэн жижиглэж чанартай хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үе шатны ажлын төсөв 17.000.000 төгрөг төлөх ёстой. Бид нэхэмжлэхээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн боловч энэ мөнгөө өгөхгүй байгаагаас барилгын ажил хийгдэхгүй. А.Н- нь хэсэгчлэн төлөх 7.000.000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй, компанийг барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах боломжоор хангахгүй улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан явдлыг гүйцэтгэгч барилгыг дуусгаж хүлээлгэж өгөх хугацаа алдсан үүргээ зөрчсөнд буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Н-гийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 61.858.900 төгрөгийн зардал гарсан цаашид дуусгахад шаардлагатай барилгын материал бэлэн байгаа учир А.Н- хэсэгчлэн төлөх төлбөрөө төлж, бид цаг агаарын таатай байгаа цөөхөн хоногт эрчимтэй ажлаа явуулж, барилгыг дуусгаж хүлээлгэж өгөх шаардлагатай байна. Иймд захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч А.Н- нь дангаар Барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа учир А.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ДХ-ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Энхдэлгэрэх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Энхдэлгэрэх 2017 оны 08 дугаар сард Ц.Тайширтай гэр бүлийн виз найдвартай гаргаж зуучилж өгнө гэсний дагуу уулзаж гадаад паспортын урьдчилгаа 2.800.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч утсаа авахгүй байгаад нэг ярихад материалыг чинь найдвартай болгож байж элчинд өгнө гэж цаг хожсоор 2017 оны 11 дүгээр сард Ц.Тайшир хэлэхдээ орлого хангалтгүй байгаа болохоор ДХ-ХХК-ийг миний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлье тэгвэл виз гарах магадлал өндөр гэсэн санал тавихдаа нотариат дээр бичиг баримт бэлдэж, очоод гарын үсэг зураарай гэж очиж зурахад Ц.Тайшир байхгүй байсан. 2018 оны 05 дугаар сард паспорт, мөнгөө авсны дараа Ц.Тайширын хэлсний дагуу гарын үсэг зурсан. Миний бие ДХ-ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг талаар ямар ч ойлголт байхгүй. Миний бие ДХ-ХХК-ийг төлөөлж оролцохгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДХ-ХХК, Б.А- нараас 55.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 435.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үе шатны санхүүжилт 17.000.000 төгрөг өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс санхүүжилтийн мөнгийг өгөлгүй гэрээнээс татгалзах мэдэгдэл өгөлгүй шууд шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Шүүхэд хандсан байгаа тул биднийг барилгын ажил гүйцэтгэх талбай руу орохыг хориглосон. Тухайн ажлыг заасан хугацаандаа гүйцэтгэж чадаагүй шалтгаан нь давагдашгүй хүчин зүйлс байсан бөгөөд тухайн үед байнгын бороотой байсан гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч нар мэдэж байсан бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж барилга барих газрыг хатаах сэврээх хэрэгтэй гэж зөвлөлдөж байсан. Шинжээчийн дүгнэлт нь Сүхбаатар дүүрэг, 15 хороо Гоодойн зусланд баригдаж буюу барилгын хийц бүтээц дутуу 60-70% гүйцэтгэлтэй барилга дээр хийгдсэн бөгөөд шүүхийн зүгээс тэрхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн чанаргүй стандартын шаардлага хангаагүй гэх нь үндэслэлгүй болно. Шинжээчийн дүгнэлтийн ихэнх хэсэг нь зөвхөн баримт бичгийн стандартын шаардлага хангаагүй тэдгээрийн бүрдүүлбэр дутуу гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхийн шатанд тэрхүү барилгыг барьж босгоход нийт 57.000.000 төгрөгийн бараа материал орсон гэсэн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн зүгээс огт авч хэлэлцсэнгүй. Мөн нэхэмжлэгч нь Дриймвүүд хаус ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Зөвхөн мөнгийг нь данс руу шилжүүлж тэрхүү мөнгө барилгын ажилд зарцуулагдсан. Гэтэл шүүхээс намайг хамтран хариуцах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн барилга нь 60-70% гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтанд орсон бол ашиглах боломжтой, биет байдлаар хүлээлгэн өгөх боломжтой, байсаар байтал шүүхийн зүгээс огт үгүйсгэн зөвхөн мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх ёстой гэж үзэн 55.600.000 төгрөг гаргуулан олго гэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж хохироож байна. Иймд дээрх нөхцөл байдал хэргийн үйл баримтыг тал бүрээс нь судлан үзэж үнэн зөв бодит шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч ДХ-ХХК-д болон Б.А-т тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 51 600 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 15 900 000 төгрөг, нийт 67 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

Хариуцагч ДХ-ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Энхдэлгэрэх боловч нэхэмжлэгч ДХ-ХХК болон Б.А-ыг хариуцагчаар тодорхойлсныг шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч ДХ-ХХК-ийн тухайн үеийн захирал Б.А-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 6 сарын 05-ны өдөр байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч  Гоодойн зусланд 125 м.кв талбайтай амины орон сууцыг 39 м.кв талбай бүхий террасын хамт бариулах ажлын хөлсөнд 86 000 000 төгрөг төлөх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд амины орон сууцны барилгын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан захиалагч А.Н- нь гэрээнд заасан урьдчилгаа 51 600 000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч Б.А-ын дансанд 51 600 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Харин талууд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргажээ.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацааг зөрчсөнөөс гадна гүйцэтгэгчийн хийсэн гэх ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан байна.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлтээр .... ажлын гүйцэтгэлийн талаар ил далд ажлын акт, талбайн тэмдэглэл, хавтаст хэргийн бүрдүүлэлтэд байхгүй, тухайн ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан ажлын зураг төсөлгүй, тухайн барилгын үндсэн хийц элементүүдийн хэрхэн яаж угсрах, бэхлэх зэрэг ажлын зураг төсөлд зайлшгүй тусгасан байх шаардлагатай огтлол, хэсэглэл зэрэг ажлын зураг нь иж бүрдэлгүй байгаа нь  Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дах заалтын хэрэгжилтийг хангаагүй, гүйцэтгэгч байгууллагын гаргасан ажлын зургийг ямар компани боловсруулсан нь тодорхойгүй, барилгын ажлын зураг төсөл дутуу, суурийн ажлыг хэрхэн яаж гүйцэтгэх, инженерийн геологийн судалгаа хийгдээгүйгээс намагтай, усанд ханасан хөрсөнд барилгын суурийг ямар аргаар хийх, ус чийгээс хэрхэн яаж хамгаалах талаар барилгын зураг төсөл боловсруулаагүй, ажлын график төлөвлөгөөг гаргасан боловч тухайн төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг гүйцэтгээгүй, хугацаа хоцорсон, батлагдсан ажлын зураг төсөлгүйгээр барилгын төсөв, барилгын материалын орц, материалын түүвэр, тоо хэмжээг тооцсон, тухайн төсөв тооцоог эрх бүхий мэргэжлийн төсөвчин /мэргэшсэн, тэргүүлэх/-өөр тооцоо боловсруулаагүй, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн холбогдох заалтын хэрэгжилт хангагдаагүй, гүйцэтгэгч ДХ-ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, тухайн аж ахуй нэгжийн эрх бүхий тусгай зөвшөөрөлгүйгээр тухайн ажлыг гүйцэтгэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх  заалтын хэрэгжилт хангагдаагүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 12-01-09 дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5.5 дах тавигдах шаардлагыг хангахгүй байна ... гэсэн дүгнэлтийг гаргажээ. /хх-ийн 116-131/

Мөн барилгын техникийн улсын ахлах байцаагчийн үзлэгээр суурийн багануудыг холбосон цутгамал дам нуруу /салхивчны хөндий хэсэг/ хазгай муруй цутгагдсан, геометр хэмжээс алдагдсан, ус тусгаарлагч хийгдээгүй, зарим газарт суурийн баганын орчмоор ус гарсан, тухайн багана усанд суусан, дам нурууны дээд талд ивээс тулгуур хийгдсэн, цутгамал төмөр бетон дам нуруу болон баганын гадаргуу ус, чийгний үйлчлэлд орсон, цагаан цэгэн зураас бий болсон нь Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм БНбД 50-01-16 дүрмийн 10 дугаар зүйл /...багана шон суурь/ тавигдах шаардлага хангахгүй, сууцны 1 дүгээр давхрын шалны хэсэгт хийгдсэн шалны дулаалгыг жигд хийгээгүй, бодит байдалд дулаалгын материалд бутарсан шилэн хөвөн ашигласнаас дулаалгын материалын чанар байдал алдагдсан, дулаалгын үе жигд бус болж материалын чанар технологийн шаардлагыг хангахгүй болсон, 1 дүгээр давхрын шалны доод хэсэгт суурийн хавтан бүхий туслах дам нуруунуудад бэхэлгээ төмөр хийгдээгүй, туслах /модон/ дам нурууг шууд холбож хадсан, дээрх нөхцөл байдал нь шалны ажил БНбД 31-09-05 дүрмийн 1, 2 заалт болон тухайн шалны ажлын үе шатны ажлуудад тавигдах шаардлагыг хангахгүй, даацын болон даацын бус хийцүүдийн төвшин алдагдсанаас тэдгээрийг тэгшлэх зорилгоор ивээс хийсэн, ОСП хавтангийн уулзвар залгаас хэсгээр нэвт гэрэлтсэн, залгаас хэсгийг битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, залгаас хэсэгт банз хадаж бэхэлсэн, 2 дугаар давхар буюу мансардны давхар дундын хучилтанд дэвссэн ОСП хавтан хугарч гэмтсэн, хавтан цөмөрсөн... зэрэг нөхцөл байдал илэрсэн байна. /хх-ийн 116-131/

Дээрх дүгнэлт болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн барилгын зарим ажил чанарын шаардлага хангахгүй болжээ... гэх дүгнэлт /хх-ийн 215/, үзлэгийн тэмдэглэл /249-250/ тэдгээрт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, хариуцагчийн хариу тайлбарт өгсөн нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 89-100/ зэрэг нотлох баримтуудаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын явц дундын ажлын гүйцэтгэл, үр дүн чанарын шаардлага хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад хамаарах Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан зохицуулалтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт зааснаар гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг бөгөөд ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч урьдчилгаа төлбөрийг цаг хугацаандаа өгөөгүйгээс ажил зогссон, цаг агаарын нөхцөл байдал, цаг агаарын буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, ажил гүйцэтгэх, хугацаа алдахад нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбар шинжээчийн дүгнэлт зэргийг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

  Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн,  гэрээ болон хуульд заасны дагуу чанартай ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажил нь бие байдлын доголдолтой байсан, цаашид баригдсан хэсгийг зориулалтаар нь ашиглах боломжтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж хариуцагч нараас ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 51 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт  нийцжээ.

 Түүнчлэн, нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр төлөхийн тулд  бусдаас 25 000 000 төгрөг зээлсэн, түүнд зээлийн хүү төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зээлийн хүүнд төлсөн 4 000.000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тооцож хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтад нийцсэн байна.

Хариуцагч ДХ-ХХК-ийн төлөөлөгч болон Б.А- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй  тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй.

Харин шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсон ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00434 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 439 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ