Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00434

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д ХХК ,

 Хариуцагч: Б.Б нарт холбогдох

 Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, нийт 67,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Д”ХХК түүнийг төлөөлж захирал Б.Б-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Гоодой зусланд баригдах 125 м.кв амины орон сууц, 39 м.кв террасны ажлыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс нь 86,000,000 төгрөг байхаар тохиролцсон.

Би гэрээнд заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 25,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөгийг Голомт банкнаас, 3,500,000 төгрөгийг Хаан банкнаас, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг Хаан банкнаас, 2,100,000 төгрөгийг Голомт банкнаас тус тус “Д”ХХК-ийн захирал Б.Б-ын хувийн данс руу шилжүүлсэн. Гэрээ байгуулагдсан цагаас чанарын доголдолтой гүйцэтгэж, элдэв шалтаг тоочин хугацаа алдаж байсан бөгөөд эдгээр байдлууд нь бидний хооронд харилцсан мессежүүдийн хуулгаас харагдана. Гүйцэтгэгч “Д”ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч ажлаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд зөвхөн барилгын суурь хэсэг цутгагдаж, гүний худаг ухсанаас өөр ямар ч ажил хийгдээгүй байсан. Ийнхүү хариуцагчаас барилгын ажлаа яаралтай хийж дуусгах талаар амаар /утсаар/ болон бичгээр /мессеж/ удаа дараа мэдэгдсэний үр дүнд барилгын карказ хэсэг боссон боловч ашигласан материал нь чанарын шаардлага хангахгүй, хямд материалаар барьсан, барилгын суурь чанарын шаардлага хангахгүй далий баригдсан нь мэргэжлийн бус хүний нүдээр харахад л илт мэдэгдэж шал нь цөмөрч унах гэх мэт хүн амьдрахад эрсдэлтэй байсан тул цаашид “Д”ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 51,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Миний бие урьдчилгаа хөлсөө төлөхдөө өөрийн хадгалсан мөнгө хүрэлцэхгүй байсан тул бусдаас мөнгө хүүтэйгээр зээлж урьдчилгаагаа төлсөн. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.О-ээс 25 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, амины орон сууцны  урьдчилгаанд төлсөн болно. Байшин баригдахаар банкнаас бага хүүтэй орон сууцны зээл авахаар төлөвлөж, иргэн Д.О-с зээлсэн төлбөрөө төлөхөөр тооцож байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компани барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын наад захын стандарт, шаардлага хангаагүй, жирийн иргэний нүдээр харахад ч урьдчилгаа 51,600,000 төгрөгийн өртгөөр барих хэмжээний барилга бариагүй, тус компани гэрээний үүргээ зөрчсөний улмаас миний бие иргэн Д.О-т зээлсэн төлбөрөө бүрэн төлж чадалгүй, өндөр хүүний өрөнд орж энэ хугацаанд нийтдээ 12,900,000 төгрөгийн хүүний өрөнд орж хохирч байна. Үндсэн зээлээс 5,000,000 төгрөг буцаан төлж, хүүнд 4,000,000 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар 8,900,000 төгрөгийн хүүний өр хуримтлагдаад байна. Мөн миний бие эд хөрөнгөөрөө хохирсон тул хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, шүүхэд эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд хоёр өмгөөлөгчид тус бүр урьдчилгаа 1,500,000 төгрөгийг төлж нийт 3,000,000 төгрөгийн зардал гарсан болно.

Иймд барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 51,600,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 12,900,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нийт 67,500,000 төгрөгийг Б.Б- болон “Д”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “Д”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Н.А нь манай компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан учир Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Гоодой зусланд амины орон сууц барьж өгөхөөр болсон юм. Н.Агийн орон сууц барих газар нь намгархаг хөрстэй байсан тул суурийг бэхжүүлэхийн тулд нилээд хоног хүлээх шаардлага гарч хагас сар хэртэй хугацаа хойшилж ажил эхэлсэн юм. Бид чанарын шаардлага хангасан стандартын бараа материалыг БНХАУ болон ОХУ-аас татдаг. Н.Агийн байшингийн үндсэн төсөв 97,495,620 төгрөг болсон боловч захиалагчтай харилцан тохиролцож 86,000,000 төгрөгт хийж гүйцэтгэхээр гэрээг хийсэн. Уг байшингийн карказ угсралтын үед бороо маш ихээр орсон тул шалны панер, ОСП хавтан бороонд норж чанарын шаардлага хангахгүй болсон бөгөөд үүнийг захиалагчийн дагуулж ирсэн барилгын инженертэй хэрхэн засварлаж хийхийг харилцан зөвлөлдөж тохиролцсон. Манай компани шалны доод хэсгийг ус чийг тусгаарлагч, өнгөт төмрөөр бүрж өгөхөөр болсон бөгөөд уг ажлыг дотор заслын ажил гүйцэтгэх хүмүүсээр хийлгэхээр болсон. Уг алдаа дутагдал нь гэрээний 7.1-т заагдсан байгалийн давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа болно.

Н.Агийн барилгын карказ болон шалыг канад технологийн стандартаар угсарсан бөгөөд шалны дулаалгыг Монгол базалт ХХК-ийн зөвлөх инженерийн зөвлөснөөр монгол базалтын чулуун хөвөнг хэсэгчлэн жижиглэж чанартай хийсэн. Н.А нь барилгын талбай дээр барилгын инженер дагуулж ирж, тэр хүн нь барилгын ажлын явцтай танилцаж, бид хэрхэн барилгыг барьж дуусгах талаар зөвлөлдөж, ажлаа яаралтай үргэлжлүүлж хийж дуусгахаар болсон. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үе шатны ажлын төсөв 17,000,000 төгрөг төлөх ёстой. Бид нэхэмжлэхээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн боловч энэ мөнгөө өгөхгүй байгаагаас барилгын ажил хийгдэхгүй байгаа болно. Н.А барилгын талбай дээр инженер дагуулж ирсэн өдрийнхөө орой захирал Б.Б-тай ярьж, би эхний ээлжинд 7,000,000 төгрөг өгье тэгээд танайх ажлаа хийгээрэй гэсэн байсан бөгөөд компаний зүгээс эхний ээлжид 7,000,000 төгрөг өгчихвөл барилгыг хурдан дуусгая гэж тохиролцсон юм. Гэтэл Н.А мөнгөө өгөхгүй улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар чанарын шаардлага хангахгүй хямд материалаар барилгыг барьсан гэдэг нь үндэслэлгүй. Бид барилгыг зураг төсвийн дагуу барилгын стандарт нормд заасан материалаар зохих журмын дагуу барьж одоо 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т талууд дараах тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Үүнд 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн, 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэж заасан. Энэ хуульд заасны дагуу Н.А нь хэсэгчлэн төлөх төлбөрөө төлөхгүй, компанийг барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах боломжоор хангахгүй улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан явдлыг гүйцэтгэгч барилгыг дуусгаж хүлээлгэж өгөх хугацаа алдсан үүргээ зөрчсөнд буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Агийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 61,858,900 төгрөгийн зардал гарсан цаашид дуусгахад шаардлагатай барилгын материал бэлэн байгаа учир Н.А хэсэгчлэн төлөх төлбөрөө төлж, бид цаг агаарын таатай байгаа цөөхөн хоногт эрчимтэй ажлаа явуулж, барилгыг дуусгаж хүлээлгэж өгөх шаардлагатай байна. Иймд захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Н.А нь дангаар Барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа учир Н.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч “Д”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.Энхдэлгэрэх шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие Н.Э 2017 оны 08 дугаар сард Ц.Т-тай гэр бүлийн виз найдвартай гаргаж зуучилж өгнө гэсний дагуу уулзаж гадаад паспортын урьдчилгаа 2,800,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч утсаа авахгүй байгаад нэг ярихад материалыг чинь найдвартай болгож байж элчинд өгнө гэж цаг хожсоор 2017 оны 11 дүгээр сард Ц.Тхэлэхдээ орлого хангалтгүй байгаа болохоор “Д”ХХК-г миний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлье тэгвэл виз гарах магадлал өндөр гэсэн санал тавихдаа нотариат дээр бичиг баримт бэлдэж, очоод гарын үсэг зураарай гэж очиж зурахад Ц.Т байхгүй байсан. Үүнээс хойш араасаа маш их утасдуулж уулзъя гэхэд үнэн худал нь мэдэгдэхгүй шалтаг тоочиж, сүүлдээ мөнгө паспортоо авъя гэхэд одоохон удахгүй бүтнэ гэж явсаар 2018 оны 05 дугаар сард паспорт мөнгөө авсны дараа Ц.Тнь компаниа буцааж нэр дээрээ шилжүүлж авмаар байна, анх очсон нотариат дээр бичиг баримт үлдээсэн байгаа очоод гарын үсэг зураарай гэж хэлсний дагуу гарын үсэг зурсан. Тухайн үед Ц.Т ирээгүй байсан. Миний бие “Д”ХХК-г үйл ажиллагаа явуулдаг талаар ямар ч мэдээлэл, ойлголт байхгүй. Миний бие “Д”ХХК-г төлөөлж оролцохгүй гэжээ.

 

 Хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ барилга маань бүрэн баригдаж дуусаагүй барилга. Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас хойш ямар нэгэн барилгын ажил хийгдээгүй, гадны бригад оруулж ажиллуулаагүй, энэ хоёр жилийн хугацаанд ажил хийгээгүй, үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгаа. Санхүүжилт байхгүйн улмаас барилгын ажил явагдаагүй зогссон. Шинжээчийн дүгнэлтээр дутуу баригдсан барилга гэж гарсан байсан. Энэ дээр ийм ийм баримт бичиг  дутуу бүрдүүлсэн байна гэсэн байсан. Тэрнээс биш шинжээчийн дүгнэлтээр яг албан ёсоор ийм, тийм зүйл хангагдаагүй байна гэдэг нь харагдахгүй байгаа. Барилга нь цутгамал барилга. Энэ барилга дээр 2017 оны 8 дугаар сараас хойш ямар ч ажил хийгдээгүй. Чанарын шаардлага хангаагүй гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн барилга нь биет байдлаар босчихсон. Мэдээж 2 жилийн хугацаанд өнгө зүс алдсан байхыг үгүйсгэхгүй. Уг барилга нь огт чанарын шаардлага  хангахгүй байгаа асуудал байхгүй.

Гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ямар нэгэн хохирол нэхэмжлэх боломж байхгүй. Тухайн барилгыг барихад зарцуулсан 57,000,000 төгрөгний бараа материал орсон тухай дүгнэлт байгаа. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үгүйсгээгүй. Гэхдээ энэ барилга нь дутуу хийгдээд орхисон барилга. Хэрвээ бидний зүгээс барилгыг үргэлжлүүлээд барьсан бол өдийд барилга боссон байхыг үгүйсгэхгүй. Дутуу баригдсан барилга дээр шинжээчийн дүгнэлт гаргуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн барилгыг биет байдлаар хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй. нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “Д”ХХК, Б.Б- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, нийт 67,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...барилгын ажил чанарын доголдолтой, цаашид ашиглах боломжгүй тул гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 51,600,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 12,900,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч талаас ...баригдаж дуусаагүй байгаа барилга учир доголдол яригдахгүй, засаж залруулах талаар ярилцаж байсан, захиалагч цаг хугацаандаа хөрөнгө оруулаагүй буруугаас барилгын ажил зогссон, манай буруу байхгүй учраас хохирол төлөх үндэслэлгүй гэж тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Зохигч буюу нэхэмжлэгч нь ...Б.Б-ын хувийн дансанд урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн тул түүнээс буцаан нэхэмжилж байгаа, мөн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан тул хохирол, төлбөрөө нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр “Д”ХХК, Б.Б- 2-ыг хариуцагчаар тодорхойлсон нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд байх ба “Д”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Нямдаваагийн Энхдэлгэрэх болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 8 сарын 9-ний өдрий 12/970 дугаартай лавлагаагаар /хх 156, 157/ тогтоогддог. 

 

Маргаангүй үйл баримт болох барилгын ажил гүйцэтгэх гэрээг талууд 2017 оны 6 сарын 5-ны өдөр байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч нь Гоодойн зусланд амины орон сууц бариулах, гэрээний төлбөрт 86,000,000 төгрөг төлөх, хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр барилгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн хуульд заасан бичгээр байгуулах хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангаж байгуулсан, тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 Хэрэгт авагдсан барилгын ажил гүйцэтгэх тухай 2017 оны 6 сарын 5-ны өдрийн гэрээнд ...захиалагч Н.А, гүйцэтгэгч “Д”ХХК нар нь Иргэний хуулийн 343-358-р зүйл, Барилгын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулав, 1.1-д гүйцэтгэгч нь 2017 оны 6 сарын 7-ны өдрөөс түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Гоодойн зусланд баригдах 125м2 амины орон сууц, 39м2 террасны ажлыг барилгын техникийн нөхцөл, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч гэрээнд заасан хөлс төлнө, 1.2-т гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацааны дотор хавсралтад заагдсан ажлыг гүйцэтгэх, захиалагч тал гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн гэрээний дагуу төлбөр тооцоог барагдуулна, 2.1-т гэрээт ажлын хугацаа 2017 оны 6 сарын 7-ны өдрөөс 2017 оны 7 сарын 31-ны өдрийг хүртэл байна, 2.3-т гэрээт ажлыг хийж дуусах хугацаа хуанлийн 54 хоног байна, 3.2-т гэрээний нийт дүн 86,000,000 төгрөг, гэрээ хийгдэх үед урьдчилгаа 06/05-нд 30% буюу 25,800,000, үндсэн ажил эхлэх үед 06/12-нд 30% буюу 25,800,000, дотор засал эхлэх үед 07/02-нд 20% буюу 17,200,000, түлхүүр гардуулах үед 7/31-нд 20% буюу 17,200,000 төгрөг төлнө, 6.3-т учирсан хохирол гэдэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан шууд болон шууд бус хохирол, гуравдагч этгээдийн гомдлын шаардлагыг ойлгоно, 6.4-т доголдол гэдэгт чанарын шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэх, ажлыг батлагдсан зураг төслөөс өөр байдлаар хийх, ажлыг дутуу хийх, барилгын улсын стандарт, нормыг зөрчин гүйцэтгэх /хууль тогтоомжид заасан бусад доголдол/-ийг ойлгоно гэж заажээ.

 Дээрх нөхцөлүүдээс үзэхэд нэхэмжлэгч буюу захиалагч Н.А нь гэрээнд заасан урьдчилгаа шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч буюу гүйцэтгэгч Б.Б- компанийн нэрээр гэрээ байгуулж, өөрийн дансандаа 51,600,000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. Харин хариуцагч талаас урьдчилгаа төлбөрийг цаг хугацаандаа өгөөгүйгээс ажил зогссон, цаг агаарын нөхцөл байдал ажил гүйцэтгэх, хугацаа алдахад нөлөөлсөн гэсэн, нэхэмжлэгч талаас барилгын ажлын явцад хийсэн ажлууд нь чанарын шаардлага хангаагүй тул гэрээнээс татгалзаж байгаа гэсэн тайлбаруудыг гаргадаг боловч хариуцагч өөрийн татгалзлаа, цаг агаарын буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талын дээрх тайлбар шинжээчийн дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэг, нэхэмжлэгч талаас гаргасан гэрэл зургуудаар нотлогдож байна.

 

 Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагчаас 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/2018 дугаар бүхий

- 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Гэрээний 5 дугаар зүйл /гүйцэтгэгчийн эрх, үүрэг/-ийн 5.6-д /ажлын гүйцэтгэлийн талаар өдөр тутам тэмдэглэл хөтөлж, захиалагчаар баталгаажуулна/ гэж тусгасан боловч ил далд ажлын акт, талбайн тэмдэглэл, хавтаст хэргийн бүрдүүлэлтэд байхгүй, гэрээний 5.2-д тусгасан эрх, үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

- Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д /хохирол гэдэгт .../, 6.4-д /Доголдол гэдэгт .../ тусгаж өгсөн бөгөөд гуйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгавар болгоогүй, чанарын шаардлага хангахгүй материалаар угсралтын ажил гүйцэтгэснээс дээрх нөхцөл байдал үүссэн, ажлын зураг төслийг холбогдох байгууллагаар хянан баталгаажуулаагүй, бодит байдалд тухайн ажлуудыг дутуу хийж орхисон, барилгын үе шатны ажлуудад хийгдэх хяналт хангалтгүй хийгдсэн нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл /Захиалагчийн чиг үүрэг/, 40 дүгээр зүйл /Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг/-д тавигдах заалтууд хангагдаагүй.

- Гэрээний 9 дүгээр зүйл /Бусад зүйл/-ийн 9.4-д /Гэрээний хавсралтууд, ажил хүлээн авсан акт, ажлын төсөв төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг болно./ -заасны дагуу 9.9-д зааснаар /Амины орон сууцны 3D зураг, План зураг/, гэрээний 9.10-д /Ажил хүлээлгэж өгөх явцад дараах материалууд захиалагчид хүлээлгэн өгнө./, Үүнд: барилгын иж бүрэн зураг, ажлын явцын танилцуулах зураг, ажлын акт, техникийн зааварчилгаа гэж тусгасан байгаа нь тухайн ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан ажлын зураг төсөлгүй, тухайн барилгын үндсэн хийц элементүүдийн хэрхэн яаж угсрах, бэхлэх зэрэг ажлын зураг төсөлд зайлшгүй тусгасан байх шаардлагатай огтлол, хэсэглэл зэрэг ажлын зураг нь иж бүрдэлгүй байгаа нь МУ-ын Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь заалтын хэрэгжилтийг хангахгүй байна. Гүйцэтгэгч байгууллагын гаргасан ажлын зургийг ямар компани боловсруулсан нь тодорхойгүй, барилгын ажлын зураг төсөл дутуу, суурийн ажлыг хэрхэн яаж гүйцэтгэх, инженерийн геологийн судалгаа хийгдээгүйгээс намагтай, усанд ханасан хөрсөнд барилгын суурийг ямар аргаар хийх, ус чийгээс хэрхэн яаж хамгаалах талаар барилгын зураг төсөл боловсруулаагүй, барилгын БА, ББ болон ажлын зургийн иж бүрдэлгүй, зөвхөн технологийн 2 хуудас зургийг хавтаст хэрэгт бүрдүүлсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл /Гүйцэтгэгчийн чиг үүрэг/, 40.2.дахь /Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно./-ын хэрэгжилт хангагдаагүй.

- Гэрээний салшгүй хэсэг болох ажлын график төлөвлөгөөг гаргасан боловч тухайн төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг гүйцэтгээгүй, хугацаа хоцорсон, тухайн компанийн захирал баталсан хэдий ч түүнийг боловсруулсан, хэрэгжүүлж ажиллах албан тушаалтан, захиалагч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь хүчин төгөлдөр гэх үндэслэлгүй байна. Дээр дурдсан нэр бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж батлах үндсэн зарчим алдагдсан байна.

- Батлагдсан ажлын зураг төсөлгүйгээр барилгын төсөв, барилгын материалын орц, материалын түүвэр, тоо хэмжээг тооцсон, тухайн төсөв тооцоог эрх бүхий мэргэжлийн төсөвчин /мэргэшсэн, тэргүүлэх/-өөр тооцоо боловсруулаагүй, гүйцэтгэл гаргасан нягтлан гэж гарын үсэг зуруулж, тамга дарсан, тухайн нягтлангийн гарын үсгийн тайлалгүй, мөн төсвийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн захиалагчийн төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйл /Барилга байгууламжийн төсөв/, 24.1 /Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх,батлах, хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална/, 24.1.1 /батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх/, 24.1.2 /барилга байгууламжийн байршил, байгаль, цаг уурын нөхцөл, газар чөлөөлөх асуудлыг тусгасан байх/, 24.1.3 /барилгын үнэ бүрдэл, төсвийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгосон байх/-ын хэрэгжилт хангагдаагүй. Дээрх нөхцөл байдлаас энэхүү төсөв тооцоо нь гэрээний нэг салшгүй хэсэг гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн гэрээнд захиалагч гарын үсэг зурж баталгаажуулсан байтал гэрээний салшгүй хэсэг болох гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагдаагүйгээс гэрээ, гүйцэтгэл 2 тус тусдаа хийгдсэн болох үндэслэлтэй.

- Гүйцэтгэгч “Д”ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хуулбаргүй, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд компанийн регистрийн дугаар бичигдсэн хэдий ч барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хуулбаргүй, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд компанийн регистрийн дугаар бичигдсэн хэдий ч барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл гэрээнд тусгагдаагүй байгаагаас үзэхэд тухайн аж ахуй нэгжийн эрх бүхий тусгай зөвшөөрөлгүйгээр тухайн ажлыг гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг заалтын хэрэгжилт хангагдаагүй.

- Гэрээнд тусгасан хугацаа хуанлийн 54 хоног, гүйцэтгэгчийн эрх үүргийн хүрээнд тусгагдсан 5.6-д заасан ажлын гүйцэтгэлийн талаар өдөр тутам тэмдэглэл хөтөлж, захиалагчаар баталгаажуулна/ гэсэн боловч гэрээний хэрэгжилтийг хангуулаагүйгээс иргэний хэргийн хавтаст материалд фото зургаар баталгаажуулсан барилгын угсралтын ажлын ил далд ажлын актууд, угсралтын ажилтай холбоотой талбайн тэмдэглэл, барилгад хэрэглэсэн ОСП хавтан, төмөр каркас эдлэлийн гарал үүслийн гэрчилгээ, барилгын материалын шинжилгээ, сорилын дүн зэрэг зайлшгүй шаардлагатай материалууд байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйл. /Барилгын материал бүтээгдэхүүнд тавих шаардлага/, 13.1,/Барилга байгууламжид ашиглах барилгын материал, бүтээгдэхүүн дараах шаардлагыг хангасан байна/ заалт, Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 12-01-09 дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5.5 дахь тавигдах шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаснаар тухайн ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын явц дундын ажлын гүйцэтгэл, үр дүн чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байна.

 

 Барилгын явцын бодит байдал болон бий болсон дуусаагүй барилгын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс үзэхэд барилгын ажил, хэсэгчилсэн үр дүн чанаргүйн улмаас захиалагч буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж урьчилгаанд өгсөн төлбөр мөнгөө шаардаж байгаа нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь, гэрээний дагуу ажил гүйцэтгэгч ”Д”ХХК нь Н.Агийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Гоодойн зусланд амины орон сууц, террасын ажил гүйцэтгэхээр болж, харилцан тохиролцсоны дагуу урьдчилгаанд хөлс 51,600,000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дуусах үед ажил дуусаагүй байсан, захиалагч талын хүсэлтээр чанарын асуудлаар барилгын ажил зогсож ажил гүйцэтгэгчээс ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон, тухайн үеэс гэрээнээс татгалзах буюу цуцлах талаарх саналыг захиалагч талаас гаргаж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 Нэхэмжлэгч, ажлын үр дүн гараагүйд хариуцагч буруутай тул шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон бөгөөд гэрээ цуцлагдсан үндэслэл шалтгааныг хариуцагч цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлаас ажлыг гүйцэтгэх боломжгүй цаг хугацаа алдсан, зарим материал хэв шинжээ алдсан, энэ нь ялимгүй зөрчил тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй, цаашаа үргэлжлүүлээд барьж дуусгах байсан, угаас баригдаж дуусаагүй барилгын асуудал, үр дүн нь гараагүй, бүрэн баригдаж дууссаны дараа чанар болон доголдол яригдана гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж барилгын явц дундын үр дүн хангалтгүй, чанарын шаардлага хангаагүй, чанаргүй материал ашигласнаас шалтгаалж ажлын үр дүн гараагүй гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Нэгэнт нэхэмжлэгч талаас гэрээг гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн ба хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзаж болох эсхүл гэрээний аль нэг талын үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийн улмаас нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болохыг Иргэний хуульд заажээ.

 Дээр дурдсанчлан нэхэмжлэгч буюу захиалагчийн явц дундын төлбөр мөнгөө шилжүүлэх үүргээ зөрчснөөс ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасан. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхийг Иргэний хуулийн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зохицуулсан байдаг.

 Гэрээнд гүйцэтгэгчийн дотоод ажилд хутгалдан оролцохгүйгээр барилгын ажлын явц,  түүний чанар үр дүнд хяналт тавина, ажлын гүйцэтгэлийн талаар өдөр тутам тэмдэглэл хөтөлж захиалагчаар баталгаажуулна, ажил гүйцэтгэхэд гарах бүх зардлыг гүйцэтгэх тал хариуцана гэж талууд тохиролцсон боловч барилгын явцын ажлын чанар, үр дүн доголдолтой болсон гэх маргаан үүссэн. Дээр дурдсанчлан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр явцын ажлын үр дүн биет байдлын доголдолтой болох нь нотлогдсон.

 Иймээс ажлын үр дүн гараагүй, гэрээ болон хуульд заасны дагуу чанартай ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажил нь бие байдлын доголдолтой байсан, цаашид баригдсан хэсгийг зориулалтаар нь ашиглах боломж, нөхцөл тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил захиалагчид ашиг сонирхолтой гэж үзэх боломжгүй учраас урьдчилан төлсөн төлбөр түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй.

 Иймд ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн төлбөрийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж шүүхээс дүгнэв.

 Нэхэмжлэгч талаас барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан “Д”ХХК, уг компанийн захирлаар ажиллаж байсан, гэрээний төлбөр мөнгийг хувийн дансаараа хүлээн авч байсан Б.Б- нарыг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд шүүхээс тухайн хариуцагч нар гэрээний үүргийг хамт хариуцах хуулийн үндэслэлтэй гэж үзээд хариуцагч нараас 51,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгох нь зүйтэй.

 Харин нэхэмжлэгч талын хариуцагч нараас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол болох бусдаас зээлсэн зээл, хүүгийн төлбөрт 12,9 сая төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 сая төгрөг, нийт 15,9 сая төгрөг гаргуулах шаардлагын хувьд барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр шилжүүлсэн цаг хугацаа нь Н.А бусдаас 25 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээ, уг зээлийг шилжүүлэн авсан, шилжүүлсэн цаг хугацаа шалтгаант холбоотой байх тул хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон баримтаар /хх 166/ тогтоогдсон, зээлийн хүүнд төлөгдсөн гэх 4 сая төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тооцов. Баримтаар нотлогдоогүй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүү 8,900,000 төгрөг болон нэхэмжлэгчид зайлшгүй учрах ёстой зардал гэж үзэх боломжгүй өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нийт 11,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэсэн зүйл, заалтад нийцнэ.

 Иймд хариуцагч “Д”ХХК, Б.Б- нараас 55,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримт эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй болон хэрэгт хамааралгүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэхийн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хариуцагч “Д”ХХК-ийн төлөөлөгч болон Б.Б- нарын эзгүйд хэрэгт цугларсан баримт, хариуцагч нарын өмнө өгсөн тайлбарыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д”ХХК, Б.Б- нараас 55,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 435,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.       

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Э.АМИН-ЭРДЭНЭ