Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 743

 

          П.Баярсайханд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан П.Баярсайханы өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Сугарням, ялтны өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Баярсайханд холбогдох 201501070333 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Пүрэв-Очирын Баярсайхан, 1978 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам хороолол,  59 Г байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЧ78030217/, 

П.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьерийн орчим 08-03УББ улсын дугаартай, “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Х.Жигжидсүрэнгийн жолоодож явсан ногоон өнгийн пад тракторын чиргүүлийн араас мөргөж, уг тракторыг жолоодож явсан Х.Жигжидсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, түүний эд хөрөнгөд 3.390.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Сугарнямын эд хөрөнгөд 10.040.000 төгрөг, нийт 13.430.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: П.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Баярсайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Баярсайхан 3.000.000 төгрөгийг хохирогч Х.Жигжидсүрэнд сайн дураар төлснийг дурьдаж, түүний нэхэмжлэлээс үлдэх 4.881.490. төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс үлдэх 3.060.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П.Баярсайханд холбогдох Замын цагдаагийн газрын лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар зэргийг нэмэгдэл ялыг биелүүлэх гүйцэтгэх бичиг баримтад хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, П.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Хохирогч П.Сугарням давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт ажилтай байсны улмаас Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан тул П.Баярсайхан нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй тухай тайлбарыг урьдчилан гаргаж тус шүүхэд хүргүүлсэн. Гэтэл тус шүүхээс намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбарт гарын үсэг зурсан нотариатаар батлагдаагүй тул хохирлыг бүрэн төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд хохирогчийн тайлбар дахь гарын үсгийг заавал нотариатаар баталгаажуулах шаардлага тавигдаагүй байхад миний гаргасан хохирол барагдуулсан тухай тайлбарыг нотлох баримт гэж үнэлээгүйг зөвшөөрөхгүй байна. Мөн энэхүү хохирол барагдуулсан эсэх асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд шууд сөргөөр нөлөөлж байгаа тул энэ асуудлыг тодруулах үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломж байсан. Осол гарах үед машинд нэг шил 500 граммын архи байсныг би уусан талаар, П.Баярсайхан элэг ходоодны хүнд хагалгаанд орсон байсан тул осол болсны дараа архинаас нэг балгасан гэх миний мэдүүлгийг үнэлж үзээгүй байна.  П.Баярсайхан нь хохирлыг бүрэн барагдуулсан талаарх миний тайлбарыг үнэлж үзээгүй нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаар тогтоолыг хянаж, зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл согтуугаар зам тээврийн осол гаргасан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 27 дугаар тогтоолоор 15-д “Согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмж болон бусад шинжилгээгээр заавал тогтоосон байвал зохино” гэжээ. Хавтаст хэрэгт П.Баярсайханы согтуурлыг тогтоосон баримт байдаггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд “... хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан П.Баярсайханд ашигтайгаар шийдвэрлэж болох байсан.

2. П.Сугарнямын шүүхэд гаргаж өгсөн тайлбарт зурагдсан гарын үсэг нотариатаар батлагдаагүй тул хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй гэж үзэн 7.140.000 төгрөг гаргуулж, 9.792.000 төгрөгөөр торгож байгаа нь П.Баярсайханы эрх зүйн байдлыг дордуулсан, үндэслэлгүй шийдвэр болсон. Мөн үлдэх 3.060.000 төгрөгийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна.

Хэргийг шалгаж байх явцад прокурор “эмнэлгийн болон цагдаагийн ажилтнуудаас П.Баярсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг асууж тодруул” гэсэн даалгавар бичсэн байдаг. Нэгдүгээрт зам тээврийн осол болохоос өмнө ямар нөхцөл байдал байсан, хоёрдугаарт зам тээврийн осол болсны дараа мэдүүлж байгаа гэрчүүд юуг үндэслэн мэдүүлэг өгч байгааг шүүх анхаарч үзэх шаардлагатай. П.Баярсайхан нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлээгүй зорчиж байсан. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Мөн зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, шаардлагагүй гэж эрх бүхий байгууллагаас шийдэх хүртэл согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байхыг хориглоно гэсэн жолоочийн үүргийг зөрчсөн гэж П.Баярсайханг буруутгаж байгаа. Согтуурлын зэргийг шалгуулаагүй нь зам тээврийн осол гарсантай шалтгаант холбоотой эсэхийг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал, нотлох баримтад бодит дүгнэлт хийж чадаагүй байх тул 67 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

   ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, П.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

П.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Чулуун карьерийн орчмын автозамд зүүнээс баруун чиглэлд 08-03УББ улсын дугаартай, “Toyota harrier” загварын, П.Сугарнямын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж, Х.Жигжидсүрэнгийн жолоодож явсан чиргүүлтэй тракторын араас мөргөж, хохирогч Х.Жигжидсүрэнгийн биед зулайд мэс заслын оёдол бүхий шарх, ууц ясны S5 нугаламын зөрүүтэй хугаралт /ахар сүүл/, тархины доргилт, баруун өвдөгний үе зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар зөөлөн эдийн няцралт, ахар сүүлний ойролцоо болон баруун өвдгөнд цус хуралтууд бүхий хүндэвтэр гэмтэл, түүний эд хөрөнгөд буюу ачиж явсан эд зүйлд 830.000 төгрөг, тракторт 2.560.000 төгрөгийн, нийт 3.390.000 төгрөгийн хохирол, мөн хохирогч П.Сугарнямын эд хөрөнгөд буюу жолоодон явсан 08-03УББ улсын дугаартай автомашинд 10.040.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 13.430.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь:

 

Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой хэсэгт гарсан зам тээврийн ослын талаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 05 минутаас 21 цаг 30 минутын хооронд цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүний хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн осол хэрэг, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1 дүгээр хавтас 5-13/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 227 дугаар тал/,

“...өөрийн пад пад жижиг оврын трактороор ардаа чиргүүл чирээд гэрийн тооно, хаалга, гэрийн эд зүйлээ ачаад Багануур дүүрэг рүү явж явж байгаад 19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо “Нарны зам” цайны газрын наахан талд бетон гүүрний орчим явж байтал араас гэнэт машин мөргөөд түрсэн. Тэр үед би замын баруун тал руу унаж, нэг хэсэг ухаан алдсан байсан” тухай мэдүүлсэн хохирогч Х.Жигжидсүрэн /1 дүгээр хавтас 39 дүгээр тал/,

  “...Баярсайхан миний эзэмшлийн 08-03 УББ улсын дугаартай “Toyota harrier” машиныг жолоодоод Хэрлэнгийн гүүрнээс Багануур дүүрэг орох гээд довцог өнгөрөөд Багануурын хөндий ороод явж байтал зам дээр цагаан өнгийн юмаар бүтээсэн чиргүүл гэнэт гэрэлд гарч ирсэн. Ингээд Баярсайхан унаж явсан автомашинаа тоормозлоход чиргүүлийн араас нь очиж мөргөсөн” тухай гэрчилсэн П.Сугарнямын гэрчийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 50 дугаар тал/,

“...Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу 80-55 УБХ улсын дугаартай “Тоёота хайс” загварын микро автобусаар 19 цаг 30 минутын үед Багануур өнгөрөөд Багануурын зоогийн газрын цаана өгсөөд явж байтал урдаас том оврын автомашин ирж байхаар нь ойрын гэрлээ шилжүүлээд явж байтал зам дээр эвдэрсэн чиргүүл миний зорчих хэсэг дээр байсан. Тэгэхээр нь тоормос гишгээд чиргүүлийг баруун талд шороон хөвөө хэсгийн хажууд жалгатай байсан учраас зүүн хэсгээр мөргөөд зогссон” тухай гэрчилсэн Ю.Отгонжаргалын гэрчийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 53 дугаар тал/, 

ослын дараа очсон Х.Жигжидсүрэнгийн хүргэн Н.Ганбаяр, охин Ж.Хандсүрэн, цагдаагийн алба хаагч Л.Батболд, яаралтай түргэн тусламжийн жолооч Н.Нарандорж нарын ослын талаарх үйл явдлыг гэрчилсэн гэрчийн мэдүүлгүүд /1 дүгээр хавтас 55-59, 63 дугаар тал/,

“Х.Жигжидсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан”-ыг тогтоосон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 368 дугаар актын дүгнэлт /1 дүгээр хавтас 87 дугаар тал/,

“...жолооч П.Баярсайхан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ...” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын техникийн шинжээч нарын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 139 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас 234-237 дугаар тал/,

хохирогч Х.Жигжидсүрэнгийн эд хөрөнгөд 830.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /1 дүгээр хавтас 102 дугаар тал/, түүний эзэмшлийн пад гэх бага оврын трактор бүрэн ажиллагаагүй болж 2.560.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ /2 дугаар хавтас 37 дугаар тал/,

хохирогч П.Сугарнямын эзэмшлийн 08-03 УББ улсын дугаартай “Toyota harrier” загварын автомашинд ослын улмаас 10.040.000 төгрөгийн шууд хохирол учирсныг тогтоосон “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2 дугаар хавтас 3 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

П.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс П.Баярсайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Хохирогч П.Сугарням “миний бие П.Баярсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр урьдчилан шүүхэд явуулсан боловч гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлээгүй, өөрөө шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хохирлыг бүрэн төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн, мөн ослын дараа П.Баярсайхан нь архинаас нэг балгасан гэсэн миний мэдүүлгийг үнэлээгүй нь П.Баярсайханы эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэх” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Сугарнямын эзэмшлийн 08-03УББ улсын дугаартай “Toyota harrier” загварын автомашинд 10.040.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх П.Сугарнямын нэхэмжилж байсан 10.200.000 төгрөгийн 70 хувийг буюу 7.140.000 төгрөгийг гэм буруутай этгээд П.Баярсайханаас гаргуулж, үлдэх хэсгийг гэмт хэрэг гарахад П.Сугарням өөрөө согтуурсны улмаас автомашинаа бусдад шилжүүлэн жолоодуулсныг харгалзан, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Мөн шүүх хохирогч П.Сугарнямд учирсан хохирлыг П.Баярсайхан нөхөн төлж барагдуулсан талаар нотлох баримт байхгүй гэж дээрх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхэд ч ийм баримт ирүүлээгүй тул хохирогч П.Сугарнямын давж заалдах гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Ялтны өмгөөлөгч Ж.Тэгшмандал “Улсын Дээд шүүхийн 2006 оны 27 дугаар тогтоолд согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмж болон бусад шинжилгээгээр заавал тогтоосон байх заалтыг хангаагүй байхад согтуугаар зам тээврийн осол гаргасан гэж шийдвэрлэсэн нь П.Баярсайханы эрх зүйн байдлыг дордуулсан тул зүйлчлэлийг зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн байцаалтын шатанд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын техникийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 139 дүгээр дүгнэлтүүдээр “П.Баярсайханыг ...Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн жолоочийн хориглох зүйлийн /в/-д заасан “Зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсхүл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх”, мөн дүрмийн 2.3-ийн жолоочийн үүргийн /г/-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах”-ийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн, хохирогч Х.Жигжидсүрэн “...хэргийн газарт хар өнгийн жийпийг жолоодож явсан өндөр, нам нуруутай хоёр намайг босч ирээд зам дээр зогсож байхад ирээд намхан нуруутай залуу нь толгойгоо дараад үг хэлээгүй, харин өндөр нуруутай залуу нь би хагалгаанд орсон хүн, архи ууж явахгүй бол үхэх гээд байдаг юм. Та согтуу, би ч согтуу гэж хэлж байсан” /1 дүгээр хавтас 40 дүгээр тал/, гэрч Ю.Отгонжаргал “...Би хажуунаас нь харахад тэр өндөр нуруутай залуугийн хэл ам нь ээдрээд согтуу байсан. Цагдаа тэр залуугийн согтолтын зэргийг нь шалгах гэхэд шалгуулахгүй, би наадахыг чинь үлээхгүй гэж татгалзсан” /1 дүгээр хавтас 54 дүгээр тал/, гэрч Н.Ганбаяр “...зам дээр өндөр нам нуруутай хоёр залуу зогсож байсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Хоёр залуугийн өндөр нь хүмүүс рүү “бие муутай хүн, тэгээд архи уусан юм” гэж хэлээд байсан. Ингээд удаагүй байж байтал цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн. Цагдаагийн хүмүүс ирээд хар өнгийн жийпийг барьж байсан гэх өндөр биетэй жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэхэд тэр залуу шалгуулахгүй урдаас нь эсэргүүцээд байсан. ...Тэр хоёр залуу хоёулаа согтуу байсан. Намхан нуруутай нь юу ч ярихгүй байсан. Харин өндөр нуруутай нь хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан” /1 дүгээр хавтас 55 дугаар тал/, гэрч Ж.Хандсүрэн “...тухайн үед манай аав Жигжидсүрэн, бас нэг жижигхэн биетэй цагдаа, бас өндөр нам хоёр согтуу залуу байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд аавыг авч явахад хажууд нь би суугаад нөгөө өндөр, нам хоёр согтуу залуу цуг сууж явсан. Өндөр залуу нь намхан залуугаа чи тоормозоо гишгээч ээ гэж надад хэлээд байсан биз дээ энэ хоёр хүнд хэлээд гээд нудраад байсан. Тэгээд бас нөгөө залуу нь гэдсээ гаргаад би ийм хагархай гэдэстэй хүн би архи уухгүй бол болохгүй гэж орилоод байсан. Бас эмнэлэг дотор ирчихээд түргэний тэрэгний жолоочийг чи энэ бүхнийг зохион байгуулсан биз дээ зайл чи гээд агсарч дайраад байсан. Бас дахиж гэдсээ гаргаад би ийм хагархай гэдэстэй хүн архи уухгүй бол болохгүй гэж орилоод байсан” /1 дүгээр хавтас 57 дугаар тал/, гэрч Л.Батболд “...намайг ослын газар очиход Харьер маркийн машины жолооны ард сууж байсан залуу нилээд согтсон хэл ам нь ээдэрсэн байсан. Ууж байсан архи улаан шошготой архи байсан хэмжээг нь мэдэхгүй байна бараг дуусаад 20 хувь орчим нь үлдсэн байсан” /1 дүгээр хавтас 59 дүгээр тал/, гэрч Н.Нарандорж “...би түргэн тусламжийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед цагдаа нар Харьер машиныг жолоодож явсан гэх өндөр, нам нуруутай хоёр залууг дагуулж ирсэн байсан ба өндөр нуруутай залуу нь жолоодож явж байсан бололтой байсан. Тэр нилээд согтуу байсан бөгөөд дуудлагаар ирсэн эмчид үзүүлэхгүй, хүн болгон руу агсараад, үсчээд байсан. Мөн согтолтын зэргээ шалгуулахгүй, та нар хуйвалдсан байгаа гээд агсам тавиад байсан” /1 дүгээр хавтас 63 дугаар тал/, мөн П.Баярсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан талаар сувилагч Н.Долгоррагчаа, эмч Л.Чимэдлхам, Д.Оюунгэрэл, цагдаа Н.Ариунболд, шинжээч З.Өнөрбуян нарын гэрчийн мэдүүлгүүд /1 дүгээр хавтас 64- 72 дугаар тал/-ээр П.Баярсайхан нь согтуу байсан болох нь хангалттай тогтоогдсон ба ялтан П.Баярсайхан, түүнтэй хамт явсан П.Сугарням нарын “ослын дараа П.Баярсайхан нь архинаас нэг удаа уусан” гэх мэдүүлэг нь П.Баярсайханы согтуугаар үйлдсэн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг цагаатгах баримт болохгүй юм.

Хэдийгээр техникийн шинжээч нар П.Баярсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай гэж дүгнээгүй боловч шинжээч нь хэргийн үйл баримтыг нотлох үүрэггүй, тийм боломжгүй, харин уг асуудалд шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийх бүрэн боломжтой, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр үндэслэлээр ялтны өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хохирогч П.Сугарням нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.