Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/1016/З |
Дугаар | 221/МА2018/0517 |
Огноо | 2018-09-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0517
2018 оны 09 сарын 20 өдөр | Дугаарh221/МА2018/0517 | Улаанбаатар хот |
Ж.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Б-ы нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга буюу Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 7 сар 14 хоногийн цалин 10,321,452 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т "Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ", 263 дугаар зүйлийн 263.2-т "Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна' гэж заасан бөгөөд мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.4-т "Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байна" гэж тус тус тодорхой заасан.
Харин нэхэмжлэгч Ж.Б-н хувьд сонгон шалгаруулалтад орж байгаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эрхгүй тул Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд тэнцэхгүй болох нь хуулиас харагдаж байхад зөвхөн ажлын байрны тодорхойлолтод заасан үзүүлэлтийг Ж.Б хангасан тул үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Хуулийн дээрх шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь мэргэжлийн удирдлагаар хангагдсанаар хүний эрх, эрх чөлөө, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж ажиллах зарчимдаа нийцжээ.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна” гэж заасан тул Дэд даргаар ажиллах этгээд ч энэ шаардлагыг хангасан байхаар байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т 'Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрхтэй байна" гэж заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь иргэн, захиргаа, зөрчлийн болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, энэ чиг үүргийг биечлэн гүйцэтгэх, хуулийн 271.1, 271.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн хуульд нийцээгүй шийдвэр, гүйцэтгэсэн ажиллагааг хүчингүй болгох зэргээр процесс ажиллагаанд биечлэн оролцох эрх, үүргийг хэрэгжүүлэхээр болсон.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь өмнөх бүтцэд байсан нэхэмжлэгч Ж.Бы хэрэгжүүлж байсан ажил үүргээс ялгаатай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул албан тушаалын хувьд түүний ажиллаж байсан Дэд даргын орон тоо байхгүй болсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Ж.Б шийдвэр гүйцэтгэгчийн эрхгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох боломжгүй байсан байна. Ингэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга болон шийдвэр гүйцэтгэх албаны даргын орон тоог нэгтгэж, албан тушаалын давхардлыг арилгасан байна.
Мөн хуулийн 268 дугаар зүйлд заасан "хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба"-ны чиг үүрэг бүхэлдээ Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын ажлын чиг үүрэгт хамаарч байхад дэд даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж буруу шийдвэрлэсэн.
Дээрх байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нь нийцүүлснийг шүүхээс буруутгах боломжгүй юм.
Шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг зөрчсөн.
Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд "...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ" гэж заасан тул шууд шүүхэд гаргах эрхтэй гэж үзэхээр байна" гэсэн зөрчилтэй дүгнэлт хийхдээ ямар хуульд өөрөөр заасан байгааг ч тайлбарлаагүй.
Шүүх өөрөө өргөдлийг шийдвэрлэх боломжийг хариуцагчид олгоогүй, Төрийн албаны төв зөвлөлөөс хуваарилагдан очихоос өмнө урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хууль зөрчин, шууд хүлээн авсан төдийгүй давж заалдах шатны шүүхийн тогтоолд заасныг биелүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Иймээс анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б нар давж заалдах гомдолдоо: “...Иргэн Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/51 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөлд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Өргөдөл шилжүүлэх тухай" 1440 тоот албан бичгээр ирүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Комисс байгуулах тухай" 01 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байсан Ж.Баас ирүүлсэн гомдлын дагуу маргаан хянан шалгах Комиссыг байгуулсан.
Маргаан хянан шалгах Комисс нь иргэн Ж.Б-н гомдлыг хянан шийдвэрлэхээр ажиллаж байтал тэрээр шүүхэд гомдол гаргасны улмаас хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасан үндэслэл тогтоогдсон байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь иргэн Ж.Б-н гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжтой байсаар атал анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд боломж олголгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь иргэн Ж.Б-н гомдлыг шийдвэрлэх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Ж.Б Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.Б Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/51 дүгээр тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Өргөдөл шилжүүлэх тухай” 1440 дүгээр албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлсний дагуу тус зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан хянан шалгах Комиссыг байгуулсан байна.
Улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1-4/3050 дугаар албан бичгээр “Маргаан хянан шийдвэрлэх Комисс нь Ж.Быг хүрэлцэн ирэхийг удаа дараа түүний эзэмшдэг үүрэн телефоны 99118522 дугаарын гар утас руу залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс үүдэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна” гэх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчаас давж заалдах гомдлын үндэслэлээ “Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Ж.Б-н гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжтой байсаар атал анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд боломж олголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж тайлбарлажээ.
Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 14-ийн 1 дэх заалтад Комисс нь “маргааныг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан хугацааны дотор, шударга, шуурхай шалган шийдвэрлэх” чиг үүргийг хэрэгжүүлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-т “гомдол гаргагч... этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах”-аар, 95.2-т “Энэ хуулийн 95.1.3-т заасан этгээд хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр гомдлыг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Хууль болон журмын дээрх зохицуулалтаар Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн байгуулсан Комисс нь Ж.Б-г өөрийн хүсэлтээр нь гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бөгөөд хүрэлцэн ирээгүй тохиолдолд хууль тогтоомжид заасан хугацааны дотор буюу 30 хоногийн дотор түүнийг оролцуулахгүйгээр гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй тул Ж.Б-н нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны Б/51 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар хангагдахаар заасныг зөрчсөн тул уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, маргаан бүхий тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байна/, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөн хариуцагчаас “хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байх” хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн атлаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар мөн уг заалтыг үндэслэн Д.Д-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.2-т “... энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасныг зөрчсөн байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т “Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна”, 270 дугаар зүйлийн 270.4-д “Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Бы хувьд сонгон шалгаруулалтад орж байгаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эрхгүй тул Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд тэнцэхгүй” гэх гомдлын тухайд:
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/78 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн Дэд даргаар томилсон бөгөөд маргаан бүхий тушаал хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсноор дээрх А/78 дугаар тушаалын үйлчлэл сэргэхээр байх тул нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан Дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Учир нь маргаан бүхий тушаал гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц орон тоо, ажлын байрны тодорхойлолтууд шинэчлэн батлагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/303 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргын ажлын байрны тодорхойлолтод “шийдвэр гүйцэтгэгч” байх шаардлага тавигдаагүй тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдана.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-д заасан уг шаардлагад нийцүүлэх эсэх асуудалд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй.
Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН