Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 213/МА2022/00014

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

Э.*******д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2022/00124 дүгээр шийдвэртэй,a

Нэхэмжлэгч Норовсамбуугийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Энхжаргалын *******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6.210.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч Э.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, хариуцагч Э.*******, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дамбажав нар оролцов.

Нэхэмжлэгч Н.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2020 оны 10 дугаар сарын 27-нд эр ямаа 90 ширхэг, эм ямаа 37 ширхэг зарсан. Мөнгөн дүн нь 5140000 төгрөг болсон, мөнгийг 2020 оны 11 дүгээр сард авахаар тохирсон боловч 1000000 төгрөг авсан үлдсэн 4140000 төгрөгийг өгөөгүй учир 2021 оны 05 дугаар сарын 20-нд гэрээ хийж, 2021 оны 06 дугаар сарын 10-нд өгнө гэсэн боловч өгөөгүй учир гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги бодож үндсэн 4140000+2500000=6640000 төгрөг болсон мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд уулзаж мөнгө авах гэж 6 удаа ирсэн зардал 360000 нэмж 7000000 сая төгрөгийг Э.*******гээс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгөөс урсгал зардал болох 360,000 төгрөгийг хасуулаад ямааны үнэ 4,140,000 төгрөг дээр алдангийн зарим хэсгээс татгалзаж, алдангид 2,070,000 төгрөгийг нэмээд нийт 6,210,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн тодорхойлж байна гэжээ.

Хариуцагч Э.******* нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй байна.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.*******гээс худалдах худалдан авах гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 114310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Э.*******д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 404-25 тоотод суух Э.******* миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 131/ШШ2022/00124 шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Э.******* надад холбогдуулан худалдан худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.210.000 төгрөгийг гаргуулж Н.*******т олгосон шийдвэр гаргасан. Хариуцагч миний бие дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн тайлбар мэдүүлгийг нэг удаа ч гаргаж өгөөгүй бөгөөд өөрөө шүүх хуралдаанд биечлэн орж, тайлбар мэдүүлгийг өгөх нэхэмжлэгч Н.*******тэй эвлэрэн хэлэлцэж, түүнтэй өгч авсан мөнгөний тооцоогоо нийлүүлэх гэх зэрэг санал бодолтой байсан. Шүүхэд хэрэг хэлэлцэж байх хугацаанд миний бие Улаанбаатар хотод ажлаар байсан ба шүүхэд өөрийн биеэр ирэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ талаар шүүхээс утсаар ярихад тайлбарлаж ойлгуулж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч намайг оролцуулалгүйгээр явуулж, мөн шүүх хуралдаанд оролцоно гэж хэлсээр байхад миний эзгүйд шүүх хуралдаан хийж миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж дээрх шийдвэрийг гаргасанд миний бие гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2022/00124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

Хариуцагч Э.******* болон түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Давж заалдах шатны шүүх нь хариуцагч Э.*******гийн давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Н. *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 7000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2022/00124 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Э.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдол хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Э.******* нар нь харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг 5.140.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан, 2020 оны 11 дүгээр сард үнийг нь авахаар тохирч 1.000. 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 4.140.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 20-нд өгөх, хугацаандаа өгөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулан хуулбарын үнэн зөвийг нотариатчаар батлан гэрчлүүлсэн хэргийн үйл баримтын талаар талууд маргаангүй байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тул бичгээр хийж, хуулбарын үнэн зөвийг нотариатчаар батлан гэрчлүүлсэн баримт бичгийг хэлцэл хийсэн гэж үзнэ./ хэргийн 6 дугаар тал/

Дээрх хэлцлийн дагуу хариуцагч Э.******* нь ямааны үнийн 4.140.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******т 2021 оны 5 дугаар сарын 20-нд өгөх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлага буюу алдангийн 2.500.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 360.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянбадрах нь алдангийн үнээс 430.000 төгрөг, хохирлын 360.000 төгрөг, нийт 790.000 төгрөгөөс татгалзжээ.

Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э.*******д 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67 дугаар зүйлийн 1.4, 72 дугаар зүйлийн 2.2, 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8, 86 дугаар зүйлийн 86.2, 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 119 дүгээр зүйлийн 119.4- 119.6-т заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, тэрээр гарын үсгээ зуржээ.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасныг дагуу хариуцагч Э.*******д тайлбарлаж, гарын үсэг зуруулсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хэргийг хэлэлцэх хойшилсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхдээ шүүх хуралдааныг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэх болсныг мэдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хариуцагч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байдлыг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон байна.

Иймд хариуцагч Э.*******гээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6.210.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй, харин нэхэмжлэгч Н.*******ээс хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн мөртлөө хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзсан 790.000 төгрөгийг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 790.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч Э.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангаагүй тул түүний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.310 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасны дагуу төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2022/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт дахь ...*******т гэсний дараа олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь алдангиас 430.000 төгрөг, хохирлын 360.000 төгрөг, нийт 790.000 төгрөгийг татгалзсан болохыг дурдсугай гэж нэмэлт, өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.310 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

В.ЦЭЦЭНБИЛЭГ