Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 372

 

Ю.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 569 дүгээр магадлалтай, Ю.Г холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 86-805 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ю-ийн Г.

Ю.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.А-аас “...банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.А-аас нийт 21,498,500 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ю.Гаанямбууг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ю.Г-аас хохирол 20,498,500 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Б.Г нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Г нар хамтран гаргасан гомдолдоо “... Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял нь гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгазлан үзэж ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заажээ.

Иймд тус хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч Ю.Г нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, энэ гэмт хэргийн бодит хохирол арилсан байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Ю.Г гаргасан гомдолдоо “...Миний бие хуулийн мэдлэггүйн улмаас анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцож, өмгөөлүүлэх эрхээ алдаж, давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцсон боловч техникийн саатлын улмаас өөрийгөө бүрэн ойлгуулж чадаагүй. Би 2020.01.06-наас эхлэн “бизнес класс клуб” нэртэй борлуулалтын шинэ бизнес эхэлсэн.Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Эрдэм центр”-ийн 5 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг, одоогоор 80 хүнийг ажлын байраар хангаж ажилладаг, бизнес маань 03.06-наас эхлэн ашиг, орлогоо өгч эхлэн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан.

Миний ялыг торгох ялаар хөнгөрүүлж өгвөл төлбөрийг цаг хугацаанд нь төлөх бүрэн боломжтой. Би эхнэр, 2 хүү, ээжийн хамт амьдардаг, короно вирусын улмаас эхнэр 2 хүүхдээ гэртээ харж байгаа, ээжийн биеийн байдал муу байгаа тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, гэр бүлийн орлого зогсож, асаргаа сувилгаа хийх хүнгүй болсон, мөн бизнес маань зогсож, 80 хүн хүний ажлын байр хаагдах эрсдэл үүсээд байна. Миний бие 2020.03.07-ны өдрөөс хойш биеийн байдал муудаж “бөөр өвдөж” 2020.05.06-13-ны өдрийн хооронд 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч биеийн байдал дээрдээгүй, эмчийн хяналтанд байна.

Би өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ маргахгүй байгаа бөгөөд учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж торгуулийн ял шийтгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч хохирогч Т.А учруулсан хохирлыг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй гэсэн. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Иймд хорих ялыг 2,500 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү. Ю.Г нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 99 хоног хоригдсон байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Ю.Г холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Түүнд оногдуулсан 1 жилийн хорих ял түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн Ю.Г холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ю.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.А-аас нийт 21,498,500 төгрөгийг авч залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргаж буй хүсэлт зэргийг харгалзан үзэж Ю.Г оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хорих ялыг торгох ялаар сольсон өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ю.Г нэн даруй суллаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын “...оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих” тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 569 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г-ийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 98 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 1,470 нэгж буюу 1,470,000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3,530,000 төгрөгөөр тогтоосугай”, “шийтгэх тогтоолын хорих ял оногдуулсан болон дэглэм тогтоосон заалтыг тус тус хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Г нэн даруй суллаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН