Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баттулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, ялтан Б.Баттулга, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Баттулгад холбогдох эрүүгийн 201620000197 дугаартай хэргийг ялтан Б.Баттулгын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 13-нд төрсөн, 46 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр багт оршин суудаг,  ял шийтгэлгүй, Шарайд овогт Балаагийн Баттулга нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр иргэн Б.Дэлгэрэхтэй маргалдаж, түүнийг  зодож, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарайд овгийн Балаагийн Баттулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгад 3 жил, 4 сар, 5 хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 3 жил 4 сар 5 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Б.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгын эзэмшлийн Монгол гэр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ... Би хийсэн  хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд тухайн үед хохирогчийг бариач болон эмнэлэгт үзүүлж, эмчилгээний зардал, хохирлыг барагдуулсан. Хохирогч Б.Дэлгэрэх нь гомдол тэмцэлгүй гэж шүүх хуралдаанд хэлсэн. Миний эхнэр Д.Долгорсүрэн нь эмнэлэгийн хяналтад байдаг. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр түүний бие эрс муудаж Улаанбаатарт зүрх, судасны хагалгаанд орж 3 сар эмчилгээ хийлгэсэн. Одоо  манай эхнэрийн бие сайнгүй байгаа бөгөөд хүний асаргаанд байгаа. Эхнэрийг минь надаас өөр асрах хүн байхгүй. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Баттулгыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Дэлгэрэхийг зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.Учир нь:

Б.Баттулгын  үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Б.Дэлгэрэхийн “...Баттулга ах надад “Уут өг” гэж хэлээд миний бэлтгэж тавьсан уутыг авсан тул би түүнээс уутаа булааж аваад ялгаж байгаа ноолуур луугаа шидсэнээс болж бид хоёр маргалдаж, улмаар хоорондоо зодолдож байгаад эргэх үед миний гэдэс , хэвлий орчимд маш хүчтэй өвчин мэдрэгдсэн. Эргээд харахад миний хажуу талд Б.Баттулга ах нарийн төмөр барьчихсан зогсож харагдсан “ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Батмөнхийн “...Дэлгэрэх орж ирээд Баттулга ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиход Баттулга ах босоод цааш эргээд ноос пресэлдэг төхөөрөмж рүү явсан.Тэр үед Дэлгэрэх Баттулга ахын хойноос очсон бөгөөд энэ үед Баттулга ах ноос преслэгчийн хажууд байсан 1 метр орчим урттай, голоороо хөндий трубо төмрөөр Дэлгэрэхийн  гэдэс рүү нэг удаа цохиход Дэлгэрэх гэдсээ гараараа дараад доош тонгойгоод суусан “гэх мэдүүлэг,

Гэрч Л.Аюушийн “...Баттулга ах Дэлгэрэхэд “Чи миний авах гэсэн шуудайг хүнд өгчихлөө. Чи Баянмөнхийг байхгүй үед ажил хийхгүй юм.Битгий хоёр нүүр гаргаж бай” гэж хэлэхэд Дэлгэрэх уурлаж өмнөөс нь “Чамд ямар хамаатай юм” гэснээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд намайг овоолсон ноосны хойд талд байх ноос преслэгч дээр ноос пресэлж байтал хүмүүс зодолдох чимээ гарахаар нь харахад Баттулгын хамарнаас нь цус гарчихсан, Дэлгэрэх гараараа гэдсээ дараад доош нь тонгойгоод суучихсан байсан “гэх мэдүүлэг,

Гэрч Н.Гантулгын “...Баттулга ах хамраа дарчихсан явж байгаад агуулах дотор байсан 1 метр орчим урттай, гадна хэсгээрээ зэвэнд идэгдсэн трубогоор Дэлгэрэхийн гэдэс рүү нэг удаа цохих үед Батмөнх очиж тэр хоёрыг салгасан “ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Б.Баттулгад  холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй  байна.

Шүүгдэгч Б.Баттулгын  “ ар гэрийн амьдралыг харгалзан  шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү “ гэх  гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Баттулгад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дугаар зүйлийн 551.1дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байх тул ялыг дахин хөнгөрүүлэх хуульзүйн боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баттулгын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баттулгын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулахдаа, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эррүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөхий прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.