Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 69

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй,

            Иргэдийн төлөөлөгч: Р.Баттулга,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: Б.Дэлгэрэх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

       Шүүгдэгч: Б.Баттулга,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овгийн Балаагийн Баттулгад холбогдох 201620000197 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 10-53 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОЭ70031391, Шарайд овгийн Балаагийн Баттулга.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Дэлгэрэхтэй маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04-р тал/,

       2. Хохирогч Б.Дэлгэрэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүхий эд авч борлуулдаг Баянмөнх гэх хүний туслахаар ажилладаг юм. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын 3-р багт байрлах агуулахад  Мөнхөө, Аюуш, Алтангэрэл, Ганаа нарын хамт ноолуур ялгаж ангилаад шуудайлаад сууж байтал Кошка хочит Баттулга ах  орж ирсэн. Баттулга ах ч мөн Баянмөнхийн туслахаар ажиллаж цалин хөлс авдаг юм. Тухайн үед би бага зэрэг архи уучихсан байсан бөгөөд гэрээс авч ирсэн байсан “Тэргүүн” нэртэй архиа агуулахын гадна талд нууж тавьчихаад бага багаар уусан юм. Тэгээд гарч архинаасаа уучихаад агуулахад ороод ирэхэд Баттулга ах надад  “Уут өг” гэж хэлээд миний бэлтгэж тавьсан уутыг авсан тул би түүнээс уутаа булааж аваад ялгаж байгаа ноолуур луугаа шидсэнээс болж бид хоёр маргалдаж, улмаар хоорондоо зодолдож байгаад эргэх үед миний гэдэс, хэвлий орчимд маш хүчтэй өвчин мэдрэгдсэн. Эргээд харахад миний хажуу талд Б.Баттулга ах нарийн төмөр барьчихсан зогсож харагдсан. Тэгээд би өвчиндөө болоод шал дээр унаад жаахан хэвтэж байгаад гэрлүүгээ харихаар агуулахаас гарсан бөгөөд нэг ухаан ороход гэртээ ирчихсэн байсан. Тухайн үед миний гэдэс, хэвлий хэсэгт их өвдөж байсан тул энэ талаар эхнэртээ хэлээд Баттулга ахыг дуудуулахад Баттулга ах Баянмөнхийн хамт ирж нэг бариач эмэгтэйд аваачиж намайг бариулаад буцаж гэрт хүргэж өгсөн. Гэрт хариад байж байтал гэнэт миний бие муудсан тул эмнэлэгт очиж эмчилгээ хийлгээд буцаж харьсан. Тухайн шөнө өвчин нь нэмэгдэж хоносон тул маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай ах, дүү нар бариач Маамуу гэх хүнийг дагуулж ирээд миний биеийг үзүүлэхэд Маамуу бариач намайг барьж үзээд “Зүүн талын нэг хавирга хугарсан байна” гэж хэлсэн. Энэ үед Баттулга ах манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэгт очиж ЭХО-д харуулахад миний хэвлий дотор шингэн агууламжтай байна гэсний дагуу мэс засалд ороход миний дэлүү бяцарсан байсан тул мэс засал хийж миний дэлүүг авсан. Тухайн өдөр би Баттулга ахыг зодсон эсэхээ санахгүй байна. Одоо бодоод байхад би Баттулгад цохиулаад биш уусан архиндаа согтоод ухаан алдсан байна. Учир нь би өмнөх өдөр нь архи уучихсан байсан ба маргааш нь ганцаараа нэг шил архи уусан юм. Би гэрлүүгээ ямар унаагаар харьсан болохоо санахгүй байгаа бөгөөд намайг гэртээ харихад гэрт манай эхнэр Алимаа ганцаараа байсан. Баттулга ахын намайг цохисон төмрийг юунд ашиглаж байсан ямар төмөр болохыг нь мэдэхгүй байна. Сүүлд манай ажилчид Баттулга ахын намайг цохисон төмрийг ноос преслэхэд ашиглаж байсан төмөр гэж хэлсэн. Баттулга ах бид хоёрын дунд өмнө нь өр авлага, өш хонзонгийн зүйл байгаагүй. Бид нар ах, дүүс шиг л явдаг байсан. Миний зүүн 10 дугаар хавирга хугарч, дэлүү бяцарсан ба одоо хугарсан хавирга болон хагалгааны шарх орчмоор өвдөж байгаа. Баттулга ах надаас уучлал гуйж эмнэлгийн төлбөр болох 960.000 төгрөгийг өгсөн. Бид хувиасаа миний эмчилгээ, хагалгаанд 800.000 орчим төгрөг зарцуулсан тул уг мөнгийг Баттулгаас нэхэмжилнэ” гэх  мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

      Хохирогч Б.Дэлгэрэхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Б.Баттулгын сая ярьсан бүх зүйл үнэн. Миний бие одоо сайн болсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Б.Баттулга надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо Б.Баттулгаас нэхэмжлэх хохирол, төлбөр, санал хүсэлт байхгүй. Энэ хүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,    

           3. Гэрч Д.Алимаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Дэлгэрэх эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүхий эд худалдан авч борлуулдаг ченж Баянмөнх гэх хүний туслахаар ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулдаг юм. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Дэлгэрэх ноолуур савлахаар ажилдаа яваад өдрийн 14 цаг өнгөрч байхад гэдсээ дарчихсан гэртээ ирээд “Гэдэс орчмоор өвдөөд байна” гээд хөдөлж чадахгүй байхаар нь юу болсон талаар асуухад тэр “ Баттулга миний гэдэс рүү төмрөөр цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд Б.Дэлгэрэхийг гэртээ хэвтүүлээд жаахан ажигласан боловч өвчин нь нэмэгдсэн тул би Баттулга ахтай утсаар ярьж “Яагаад Дэлгэрэхийг зодож байгаа юм бэ” гэж асуухад Баттулга ах надаас уучлал гуйсан ба 10 орчим минутын дараа манай гэрт ченж Баянмөнхийн хамт ирсэн. Тэгээд Дэлгэрэхтэй уулзаад түүнийг “Бариачид аваачиж бариулна” гэхээр нь би тэд нартай хамт явсан. Бариач гэх нэг танихгүй эмэгтэй дээр очоод Дэлгэрэхийг бариулахад бариач “1 хавирга цуурсан байна” гэж хэлсэн. Тэгээд Баттулга, Баянмөнх хоёр Дэлгэрэх бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ирээд байж байтал Дэлгэрэхийн биенээс хөлс гарч бие нь чичрээд муудаж эхэлсэн тул Дэлгэрэхийг эмнэлэгт аваачиж эмчилгээ хийлгээд буцаж гэртээ ирсэн. Тэгээд тухайн шөнө Дэлгэрэхийн хэвлий орчмын өвдөлт нэмэгдсэн тул өглөө нь буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өглөө манай ах, дүү нар Маамуу гэх бариач хүнийг манай гэрт авч ирж Дэлгэрэхийг бариулж үзүүлэхэд Дэлгэрэхийн нэг хавирга хугарсан байсан. Энэ үед Баттулга манайд ирчихсэн Дэлгэрэхийн хажууд байсан. Тэгээд тухайн шөнөө Дэлгэрэхийн бие муудаж өвчин нь ихдэж хоносон тул маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эмнэлэгт аваачиж эмчид үзүүлж, ЭХО-д харуулахад түүний хэвлий дотор шингэн агууламжтай байна гэсний дагуу хагалгаанд орсон. Хагалгаагаар Дэлгэрэхийн дэлүү бяцарсан байсан тул дэлүүг нь авсан. Баттулга бид нараас уучлал гуйж эмнэлэгийн төлбөр болох 960.000 төгрөгийг төлж өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дэлгэрэх гэртээ ирэхдээ согтуу ирсэн бөгөөд надад хэлэхдээ “Баттулга ноос пресэлдэг төмрөөр миний гэдэсрүү цохьчихлоо” гэж байсан. Дэлгэрэхийг Баттулга цохиж байхад хамт ажилладаг Мөнхөө, Аюуш, Алтангэрэл, Ганаа гэх хүмүүс байсан гэсэн. Баттулга бид нарын хооронд урьд өмнө нь өр авлага, өш хонзонгийн асуудал байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

           4. Гэрч Б.Гэрэлчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд манай аав Баттулга, ээж Долгорсүрэн нар Увс аймагт амьдардаг. 2016 оны 08 дугаар сарын 10-ны орчимд байх манай аав Баттулга надтай утсаар яриад “Би 2016 оны 07 дугаар сарын сүүлээр хамт ажиллаж байсан хүнээ турбогоор цохиод гэмтээчихсэн. Одоо цагдаагийн газарт шалгагдаж байна” гэж хэлсэн. Тэгээд манай ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтсэн тул ээжийгээ асрах, аавд ээждээ тус дэм болохоор Улаангом суманд ирсэн. Аавын холбогдсон хэргийнх нь талаар надад мэдэх зүйл байхгүй. Аав, ээж хоёр 1991 онд гэр бүл болсон бөгөөд би тэдний өргөмөл ганц охин нь юм. Манай ээж Долгорсүрэн бага наснаасаа бие муутай, 16 наснаасаа хөдөлмөрийн чадваргүй болсон хүн байдаг бөгөөд ихэвчлэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байдаг юм. Аав Баттулга жолооч мэргэжилтэй, техникт сонирхолтой, гарын ур дүй сайтай, бусдад тусламтгай, эелдэг даруу зантай, ар гэр амьдарлаа авч явахын төлөө бүхий л ажлыг хийж гэр бүлээ авч явдаг, үнэнч шударга зантай, эхнэр хүүхдээ хайр халамжаар дутаадаггүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Аавын муу зуршил гэвэл хааяа найз нөхдийн хүрээнд бага зэрэг архи уудаг бөгөөд архи уухаараа амархан согтчихдог хүн юм. Аав маань тайван дөлгөөн зантай дандаа л инээмсэглэж явдаг юм. Би аавыгаа төмрөөр хүний биед цохисон гэдэгт одоо болтол итгэхгүй байгаа юм. Манай ээж байнгын эмчийн хяналтанд байдаг бөгөөд хажуудаа заавал нэг хүний хамтаар байж асруулдаг бөгөөд аав маань ээжийг асардаг тул аавд маань хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

           5. Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шиг санагдаж байна, намайг түүхий эд худалдан авч борлуулдаг ченж Баянмөнх гэдэг хүний Улаангом сумын 3-р багт түрээслэн ажиллуулж байсан агуулахад Аюуш, Алтангэрэл, Дэлгэрэх болон танихгүй нэг хүүхдийн хамт ноолуур  савлаж байтал Кошка хочит Баттулга ах ирээд бид нартай юм яриад суусан. Тэгээд байж байтал Дэлгэрэх болон Баттулга нар хаанаас архи уугаад байгаа нь мэдэгдэхгүй согтоод байсан ба нэг мэдэхэд Баттулга ах Дэлгэрэхийг “Чи ажлаа хийгээч” гэж хэлснээс болж тэр 2 хоорондоо маргалдсан. Энэ үед Баянмөнх ах орж ирээд Дэлгэрэхийг “Одоо чи харьж амар” гэж хэлээд явуулчихаад гараад явсан тул бид нар үргэлжлүүлэн ажлаа хийсэн. Тэр үед Баттулга ах ноолуурын агуулахын өмнө талын буюу зүүн талын хаалганы дотор хажуу талд байх баганы хажууд сууж байсан. Тэгж байтал удалгүй гаднаас Дэлгэрэх орж ирээд Баттулга ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиход Баттулга ах босоод цааш эргээд ноос пресэлдэг төхөөрөмж рүү явсан. Тэр үед Дэлгэрэх Баттулга ахын хойноос очсон бөгөөд энэ үед Баттулга ах ноос преслэгчийн хажууд байсан 1 метр орчим урттай, голоороо хөндий трубо төмрөөр Дэлгэрэхийн гэдэс рүү нэг удаа цохиход Дэлгэрэх гэдсээ гараараа дараад доош тонгойгоод суусан. Тэгээд Баттулга ах дахин уг төмрөөрөө Дэлгэрэхийг цохих гэхэд  би дундуур нь орж төмрийг  барьж авсан. Энэ үед Баттулга ахын барьсан төмөр миний зүүн гарын бугуйны орчимд цохисон. Би Баттулга ахыг дагуулаад ноос преслэгчийн цаад талд нь суулгачихаад гараа бариад агуулахаас гарч агуулахын хашаанд байх ээжийнхээ гэр лүү орсон юм. Ээжийн гэрт хэсэг байж байгаад агуулах руу ороход Дэлгэрэх явчихсан байсан бөгөөд тэнд байсан хүмүүс “Дэлгэрэхийг Баянмөнх ах таксинд суулгаад гэрлүү нь явуулчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд намайг “Гар өвдөөд байна” гэж хэлэхэд Баттулга ах Баянмөнхийн хамт машинаар Улаангом сумын 6-р багт байх нэг танихгүй эмэгтэй хүн дээр аваачиж миний гарыг бариулсан. Мөн Дэлгэрэхийг авч ирж тэр эмэгтэйд бариулаад тэндээсээ Дэлгэрэхийг гэрт нь хүргэж буулгачихаад дараа нь намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед Баттулга ах Дэлгэрэхийг 1 метр орчим урттай, голоороо хөндий, гадна хэсгээрээ зэвэнд идэгдсэн, будаггүй төмрөөр цохисон ба агуулах чөлөөлж өгөх үед уг төмөр алга болсон байсан. Хэрэг гараад удаж байгаа тул уг төмөр одоо хаана байгааг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

           6. Гэрч Б.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 07 дугаар сарын 27-ны орой Дэлгэрэх ах надтай утсаар яриад “Миний бие өвдөөд байна” гэхээр нь гэрт нь очиход Дэлгэрэх ахын хамарнаас цус гараад хатчихсан, хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд нь юу болсон талаар асуухад “Түүхий эдийн агуулах дотор ноолуур шуудайлж байгаад Баттулгатай маргалдсан. Тэгтэл Баттулга төмрөөр гэдэс рүү цохьчихлоо” гэж хэлсэн. Тэр үед ахын гэдэс, бүсэлхий орчмоор нь маш хүчтэй өвдөж бие нь муудаад байсан тул эмнэлэгт хүргэж эмчилгээ хийлгэхэд Дэлгэрэх ах “Одоо зүгээр болчихлоо” гэж хэлээд гэрлүүгээ харьсан. Маргааш нь дахин бие нь муудаад байсан тул 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эмнэлэгт аваачиж ЭХО-д үзүүлэхэд ахын хэвлий дотор шингэн агууламжтай байна гэсний дагуу мэс заслын хагалгаанд орсон. Мэс заслаар Дэлгэрэх ахын дэлүү бяцарсан байсан тул дэлүүг нь авсан. Манай ах Дэлгэрэхийн биед учирсан гэмтлийг Улаангом сумын 4-р багт оршин суудаг Балаа овогтой Баттулга гэх хүн төмрөөр цохиж учруулсан ба Баттулга гэх хүн тухайн өдрүүдэд Дэлгэрэх ахын хажууд байж бид нараас уучлал гуйж, эмнэлгийн зардлыг төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

           7. Гэрч Б.Өлзийтэгшийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай ах Дэлгэрэх буюу Домбоо нь хувиараа түүхий эд худалдан авч, борлуулдаг ажил хийдэг юм. 2016 оны 07 дугаар сарын 27-ны орой Дэлгэрэх ах надтай утсаар яриад “Миний бие өвдөөд байна” гэхээр нь тухайн үед би завгүй байсан тул Дэлгэрэх ахын гэрт очиж амжаагүй юм. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дэлгэрэх ахын бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн байна гэж сонсоод эмнэлэг дээр очиход ах мэс засалд орж байсан. Дэлгэрэх ахын дэлүү нь бяцарсан байсан тул уг мэс заслаар ахын дэлүүг нь авсан. Юу болсон талаар асуухад Дэлгэрэх ах манай ах, дүү нарт “Түүхий эд авдаг агуулах дотор ноолуур шуудайлж байгаад Кошка буюу Баттулгатай маргалдсан. Баттулга нь хөндий трубо төмрөөр миний гэдэс рүү цохиж миний биед гэмтэл учруулсан” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

           8. Гэрч Ө.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Баттулга, Дэлгэрэх бид нарын дунд садан төрлийн холбоо байхгүй. Эдгээр хүмүүс надтай олон жил хамтарч ажиллаж байгаа тул сайн мэднэ. ...2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө ажил дээрээ ирээд ажилчиддаа агуулах онгойлгож өгөөд гадуур гарчихаад эргээд ирэхэд Баттулга ажил дээр ирчихсэн, Дэлгэрэх хоёулаа согтуу, нэг нэгэнтэйгээ барьцалдаад агуулах дотор уначихсан байхаар нь би Дэлгэрэхийг “Харьж амар” гэж хэлээд гэрлүү нь явуулсан. Тэгээд ажилчдыг “Та нар ажлаа хийж бай” гэж хэлчихээд гараад түүхий эд худалдан авч надад тушаадаг ченж нартай уулзаад эргээд ирэхэд Дэлгэрэх агуулах дотор гэдсээ дараад сууж байсан ба хажууд нь Баттулга байсан. Тэгээд юу болсон талаар хамт байсан хүмүүсээс нь асуухад Батмөнх надад  “Энэ хоёр хоорондоо зодолдоод Баттулга ах Дэлгэрэхийн гэдэс рүү трубогоор нэг удаа цохичихлоо” гэхээр нь би Дэлгэрэхэд “Чиний бие өвдөөд байвал эмнэлэгт очиж эмчид үзүүлэх үү” гэхэд Дэлгэрэх “Миний бие зүгээр, харилаа” гэж хэлээд агуулахын гадна ирсэн танихгүй жолоочтой таксинд суугаад гэрлүүгээ явчихсан. Тэгээд ажил дээр байж байтал манай агуулах дээр ажиллаж байсан манаачийн хүү Батмөнх “Миний гар луу Баттулга ах төмрөөр цохичихлоо. Гар өвдөөд байна” гэхээр нь түүнийг Баттулгын хамтаар машинаараа Улаангом сумын 6 дугаар багт амьдардаг бариач гэх танихгүй эмэггэй дээр аваачиж Батмөнхийн гарыг бариулж байтал Баттулга надад “Дэлгэрэхийн биеийг бариулчихмаар байна” гэхээр нь Баттулгын хамт Дэлгэрэхийнд очиж Дэлгэрэхийг аваад нөгөө бариачид мөн бариулсан. Тэгээд тэндээсээ Дэлгэрэхийг гэрт нь хүргэж буулгаад дараа нь Батмөнхийг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн хэрэг гарах үед би агуулах дээрээ байгаагүй тул Дэлгэрэх, Баттулга нар нь нэг нэгийгээ яаж, юугаар зодсон болохыг мэдэхгүй байна. Би Дэлгэрэхэд “Эмчид үзүүлэх үү” гэхэд “Үгүй, миний бие зүгээр” гэсэн тул цагдаад хандаагүй юм. Дараа нь Дэлгэрэх өөрөө цагдаад хандсан байх гэж бодож байна. Хэрэг болсны дараа би агуулахаа цэвэрлээд нүүхдээ илүү дутуу хэрэггүй эд зүйлийг хаячихсан. Баттулга нь Дэлгэрэхийг ямар нэгэн зүйлд ашиглах боломжгүй 1 метр орчим урттай зэвтэй төмрөөр цохисон байсан ба уг төмөр нь нүүх үед хаягдсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

           9. Гэрч Л.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө намайг агуулахад хүмүүстэй хамт ноолуур шуудайнд чихэх, ноос преслэх ажил хийж байтал гаднаас Баттулга ирсэн. Тэгээд бид нарыг ажлаа хийж байтал Дэлгэрэх болон Баттулга нар хаанаас архи уугаад байгаа нь мэдэгдэхгүй согтоод байсан бөгөөд нэг мэдэхэд Баттулга ах Дэлгэрэхэд “Чи миний авах гэсэн шуудайг хүнд өгчихлөө. Чи Баянмөнхийг байхгүй үед ажил хийхгүй юм. Битгий хоёр нүүр гаргаж бай” гэж хэлэхэд Дэлгэрэх уурлаж өмнөөс нь “Чамд ямар хамаатай юм” гэснээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд намайг овоолсон ноосны хойд талд байх ноос преслэгч дээр ноос пресэлж байтал хүмүүс зодолдох чимээ гарахаар нь харахад Баттулгын хамарнаас нь цус гарчихсан, Дэлгэрэх гараараа гэдсээ дараад доош нь тонгойгоод суучихсан байсан. Тэр үед гаднаас Баянмөнх орж ирээд Дэлгэрэхийг гэрлүү нь явуулсны дараа хэсэг хугацааны дараа Баттулга ах Баянмөнхтэй хамт Батмөнхийн гарыг бариулахаар бариач руу аваад явсан. Би түүнээс хойш Дэлгэрэх болон Баттулга нартай уулзаагүй. Тухайн өдөр Дэлгэрэх нь Баттулгатай зодолдсон бөгөөд хамгийн сүүлд Баттулга Дэлгэрэхийн гэдэс рүү 1 метр орчим урттай, трубо төрмөөр цохисон байсан ба уг төмөр нь Дэлгэрэхийн хажууд хэвтэж байсан. Уг төмөр агуулахыг суллаж, хүлээлгэн өгөх үед хаягдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

           10. Гэрч М.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “Баттулга нь миний авга ах юм. Баттулга ах хамт ажилладаг Дэлгэрэх гэгчийг зодсон гэх хэрэгт шалгагдаж байгаа гэж сонссон бөгөөд надад Баттулга ахын хийсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Баттулга ах урьд өмнө нь ямар нэгэн байдлаар хэрэг төвөгт холбогдож, шалгагдаж байгаагүй бөгөөд үг дуу цөөтэй, даруухан, ажилсаг, хөдөлмөрч, нэг эхлүүлсэн зүйлээ заавал дуусгаж байж санаа нь амардаг хүн юм. Хааяа нэг архи уудаг боловч архи уусан үедээ илүү дутуу үг хэлж, агсам тавиад байдаггүй, гэр бүлдээ анхаарал халамжтай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

           11. Гэрч Ц.Мягмарцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Баттулга нь миний төрсөн дүү юм. Надад Баттулгын холбогдсон хэргийнх нь талаар мэдэх зүйл байхгүй. Баттулга нь урьд өмнө нь ямар нэгэн байдлаар хэрэгт төвөгт холбогдон шалгагдаж байгаагүй юм. Баттулга нь үг дуу цөөтэй, даруухан, ажилсаг, хөдөлмөрч хүн бөгөөд хааяа нэг архи уучихдаг. Архи уусан үедээ илүү дутуу үг хэлж, агсам согтуу тавиад байдаггүй, гэр бүлдээ анхаарал халамжтай, найз нөхөд ихтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, тусархуу, эелдэг зан харьцаатай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

           12. Гэрч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Дэлгэрэх ах ажилд ирэхдээ архи уучихсан ирсэн бөгөөд Дэлгэрэх ахын хойноос Баттулга ах ирсэн, мөн архи уучихсан бололтой байсан. Баттулга, Дэлгэрэх ах хоёр агуулах дээр ирээд нэмж архи уугаад согтоод байсан бөгөөд бодвол тус тусдаа архи уусан байх. Тэгээд намайг ноос преслээд зогсож байтал тэр хоёр хоорондоо маргалдаад байсан ба хамт ажиллаж байсан хүмүүс “Дэлгэрэх Баттулгыг цохичихлоо” гэж хэлэхээр нь хартал Баттулга ахын хамарнаас цус гарч байсан. Баттулга ах хамраа дарчихсан явж байгаад агуулах дотор байсан 1 метр орчим урттай, гадна хэсгээрээ зэвэнд идэгдсэн трубогоор Дэлгэрэхийн гэдэс рүү нэг удаа цохих үед Батмөнх очиж тэр хоёрыг салгасан. Удалгүй Дэлгэрэх ах гэрлүүгээ явсан бөгөөд араас нь Баттулга ах, Баянмөнх ах хоёр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/             13. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №414 дугаартай, шүүгдэгч Б.Баттулгын биед гэмтэл тогтоогдоогүй талаарх шинжээч эмчийн дүгнэлт/хх-ийн 29-р тал/      

           14. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №416 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Б.Дэлгэрэхийн биед гэмтэл учирсан байна. Дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн талын 10-р хавирганы хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг авснаас хойш дахин хөдөлгөөн хийх боломжтой ба хувь хүний биеийн онцлог, гэмтлийн байдал, шинж чанараас хамаарч харилцан адилгүй байж болно. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

          15.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №439 дугаартай, Ц.Батмөнхийн биед гэмтэл тогтоогдоогүй талаархи шинжээчийн дүгнэлт,      

          16. Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн засаг дарга Д.Уртнасангийн 2004, 2041 тоот Тодорхойлолтууд /хх-ийн 55, 56-р тал/,

           17. Шүүгдэгч Б.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р тал/,

           18. Хохирогч Б.Дэлгэрэхийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэг, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсэн протоколууд, эмнэлэгээс гарах, шилжих үеийн экспириз, амбулаториор эмчлүүлэгчийн карт / хх-ийн 75-124-р тал/,

           19. Шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Баянмөнхийн агуулах дээр очиход хүмүүс ноолуур ялгаж шуудайлж байсан бөгөөд би машины кабинд байсан 0.5 литерийн архины талыг ганцаараа уучихаад тэд нарт туслаад ноолуур ялгаж байтал Дэлгэрэх орж гараад явж байгаад нэлээд согтчихсон. Би Дэлгэрэхийг хаанаас архи уугаад байгааг нь мэдээгүй бөгөөд би Дэлгэрэхэд “Чи Баянмөнхийг харахаараа ажил хийгээд, байхгүй үед нь архи уугаад байж болдог юм уу, ажлаа хийгээч” гэж хэлэхэд Дэлгэрэх  над руу уурлаад “Чамд ямар хамаатай юм бэ” гэснээс болж бид хоёр маргалдсан. Улмаар зодолдохоор барьцалдаж аваад нэг нэгийгээ түлхэж байгаад хоёулаа газарт уначихсан байтал гаднаас Баянмөнх орж ирээд бид хоёрыг загнаад хоёр тийш нь салгасан. Тэгээд Баянмөнх Дэлгэрэхийг уурлаж “Чи архи уучихсан байна, одоо харьж амар. Маргааш ажилдаа ир” гэж хэлээд явуулсан. Дэлгэрэхийг явсны дараа би хүмүүстэй ноолуур ялгаад сууж байтал Дэлгэрэх гаднаас буцаж орж ирээд над руу уурлаж, надтай маргалдаж байгаад миний ам руу гараараа нэг удаа цохиход би хойшоогоо савж унасан. Тэгээд босоход миний хамарнаас цус гарсан тул би хамраа дараад гарах гээд явж байтал миний өмнө талд 1 метр орчим урттай, зэвэнд идэгдсэн, хөндий трубо төмөр хэвтсэн тул уг трубо төмрийг аваад Дэлгэрэхийн гэдэс рүү нь нэг удаа цохиход Дэлгэрэх доош тонгойгоод шалан дээр унасан. Тэгтэл хажуугаас Батмөнх намайг салгаж ноос, ноолуур преслэгчийн хойд талаар оруулсан. Би тэндээ 20-30 орчим минут сууж тайвшраад гараад ирэхэд Дэлгэрэх явчихсан байсан. Тэгтэл Мөнхөө/ Батмөнх/ надад хандан “Та миний гар луу төмрөөр цохьчихлоо. Дэлгэрэхийг цохих үед трубоны үзүүр миний зүүн гарын бугуйны үе дээр цохьчихсон. Миний гар өвдөөд байна” гэхээр нь би Баянмөнхийг гуйж, түүний машинаар бариач гэх настай эмэгтэй дээр очиж Мөнхөөгийн гарыг бариулсан. Тэр үед Дэлгэрэхийн эхнэр надтай утсаар яриад “Та манайд хүрээд ирээч. Дэлгэрэхийн бие өвдөөд байна” гэхээр нь би Баянмөнхийн хамтаар Дэлгэрэхийнд очиход “Хавирга өвдөөд байна” гэсэн тул Дэлгэрэхийг мөн уг бариач хүнд аваачиж бариулсан. Бариач барьж үзчихээд “Хавирга нь давхарлагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд Баянмөнх бид хоёр Дэлгэрэх, Батмөнх нарыг гэрт нь хүргэж өгөөд харьсан ба маргааш өглөө нь Дэлгэрэхтэй утсаар ярихад Дэлгэрэх надад “Та манайд хүрээд ирээч, манайд бариач хүн ирчихсэн байна” гэж хэлэхээр нь тэдний гэрт очиход Дэлгэрэхийн ах, дүү нар нь нэг эрэгтэй бариач аваад ирчихсэн байсан. Бариач Дэлгэрэхийн биеийг барьж үзээд “Энэ хүний нэг хавирга хугарсан байна” гэж хэлсэн тул маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Дэлгэрэхийг эмнэлэгт хүргэж эмчид үзүүлэхээр болоод харьсан. Тэгээд маргааш өглөө нь Дэлгэрэхийг эмнэлэгт аваачиж эмчид үзүүлэхэд Дэлгэрэхийн хавирга хугарсан байна, ЭХО-д харуулах шаардлагатай гэсэн. ЭХО-д үзүүлэхэд ЭХО-д харсан эмч “ Энэ хүний хэвлийд шингэн хуралдаж байна. Мэс заслын хагалгаанд орох шаардлагатай” гээд хагалгаанд оруулсан. Хагалгаа хийхэд Дэлгэрэхийн дэлүү нь бяцарсан байсан тул мэс заслын аргаар дэлүүг нь авсан. Түүнээс хойш Дэлгэрэх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсан. Би энэ хугацаанд эмчилгээнийх нь төлбөр болон ууж хэрэглэх эм, тариаг нь бүгдийг нь авч өгсөн.  Дэлгэрэхийн биед учирсан гэмтлийг би төмрөөр цохиж учруулсан бөгөөд хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би Дэлгэрэх болон түүний эхнэр, ах дүү нараас нь  уучлал гуйж, учирсан хохирлыг төлж барагдуулсан. Б.Дэлгэрэхийн эмнэлгийн төлбөрт 960000 төгрөг,  бэлнээр 500000 төгрөг, 180000 төгрөг тус бүр өгсөн, мөн 1 хонь, 50 кг-ийн 1 уут гурил өгсөн,  Б.Дэлгэрэхийн эрүүл мэндийн даатгалын хураамжид 46800 төгрөг төлж дэвтэр авч өгсөн. Эхнэр бид хоёроос хүүхэд төрөөгүй тул нэг охин үрчилж авсан юм. Охин маань одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа, эхнэр маань 16 наснаасаа эхлэн зүрхний өвчний учир эмчийн хяналтанд орж, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг болсон. Надаас өөр эхнэрийг маань асрах хүн байхгүй . Миний амьдрал байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэж өгнө үү. Би дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.       

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 3дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Дэлгэрэхтэй маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Дэлгэрэх, гэрч Ц.Батмөнх, Л.Аюуш, Н.Гантулга, Ө.Баянмөнх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №416 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Баттулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Гэмт хэргийн сэдэлт болон шалтгаан нөхцлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шинжлэн судалбал: Шүүгдэгч Б.Баттулга, хохирогч Б.Дэлгэрэх нар найз нөхдийн харилцаатай, хамт нэг дор ажилладаг байсан байх ба 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажлын байр болох агуулах дээрээ хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байх үедээ “Ажил хийхгүй байна” гэж хоорондоо маргалдаж Б.Дэлгэрэх нь эхэлж  Б.Баттулгын нүүрэн тус гараараа 1 удаа цохисноос Б.Баттулга нь уурлаж трубо төмөр /1 метр орчим урттай, голдоо хөндий/-өөр Б.Дэлгэрэхийн хэвлий тус газарт цохисон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хохирогч, шүүгдэгчийн хувийн таарамжгүй харьцаанаас гэмт хэрэг санаатай үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

           Хохирогч Б.Дэлгэрэхийн биед дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн талын 10-р хавирганы хугарал гэмтэл учирсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №416 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дэлүүний задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь  “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай, хүнд гэмтэл тул шүүгдэгч Б.Баттулгад бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           Хохирогч Б.Дэлгэрэх нь шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Баттулга нь миний эмчилгээний болон бусад зардлыг төлж, намайг хохиролгүй болгосон. Одоо надад Б.Баттулгаас нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол санал байхгүй” гэж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.640.000 /960.000+500.000+180.000/ төгрөг бэлнээр, мөн 1 хонь, 50 кг-ийн 1 уут гурил, эрүүл мэндийн даатгалын хураамжийн төлбөр 46.800 төгрөг тус тус өгсөн гэж  тус тус мэдүүлсэн  тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж  үзэв.  

           Шүүгдэгч Б.Баттулга нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх үндэслэл боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, түүнчлэн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.                         

            Шүүгдэгч Б.Баттулгаас гаргуулах хохирол, төлбөргүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгө болох Монгол гэр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

            Шүүгдэгч Б.Баттулга энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Шарайд овгийн Балаагийн Баттулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгад 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 3 жил 4 сар 5 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч Б.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгын эзэмшлийн Монгол гэр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Баттулгад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН

         ШҮҮГЧИД                                          С.БОЛОРТУЯА

                                                                 Б.ГАНСҮХ