Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01063

 

 

М- ХХК-ийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00753 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч М- ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй, М- ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,392,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А-гийн, орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.М-ын, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,208,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х- ХХК-ийн, татварын өр төлбөрт 9,821,768.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-, нэхэмжлэгч С.М-, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Далай, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний үндэслэлийн агуулга: М- ХХК нь 2020 онд өөрчлөн байгуулагдсан бөгөөд 2020 оноос Х- ХХК-тай харилцан тохиролцож, Хангарьд сити-2 хотхон төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Х- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хангарьд сити-2 хотхонд баригдаж байгаа 3 блок, зоорь, техник бүхий 13 давхар барилгын дотор заслын иж бүрэн ажил буюу суурийн бэлтгэл ажлаас эхлэн техникийн давхар хүртэлх ажлыг 100 хувь бараа материал болон ажлын хөлсийн хамт гүйцэтгэх, захиалагч буюу Х- ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс болох 3,800,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Энэхүү гэрээгээр ажлын хөлсийг бэлэн бус (бартер) тооцооны хэлбэрээр Хангарьд сити-2 хотхоны 3 блокоос нийт 1,670.32 м.кв талбай бүхий орон сууцуудыг 1 м.кв-ийг 2,275,000 төгрөгөөр тооцож төлөхөөр талууд тохиролцсон байсан боловч уг гэрээ цуцлагдаж, шүүх дээр маргалдан, хувьцаа эзэмшигч Л.Г- хувийн шинж чанартай дарамт шахалтнаас болж өөртөө болон компанид маш их алдагдалтай эвлэрлийн гэрээ байгуулсан ч гэсэн уг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, манай компанийг улам хүнд байдалд оруулсан. Ийнхүү манай компанийн хувьд бараа материалын зардал болон ажлын хөлсөнд гаргасан зардлаа энэ ажлаас олж авч чадаагүйн улмаас маш их алдагдалд орж, ажилчид болон бусад туслан гүйцэтгэгч нартаа ажлын хөлсийг нь өгч чадахгүй болж, мөн Х- ХХК орон сууцнуудыг давхардуулан борлуулснаас манайх өөрийн бартераар авсан орон сууцнуудаа борлуулсан хүмүүстээ байраа хүлээлгэж өгч чадахгүй болсон. Ингээд үйл ажиллагаагаа зогсоосон байгаа бөгөөд одоо бусдад төлөх нийт өр төлбөрийн хэмжээ 2,083,068,185 төгрөгт хүрсэн. Компанид эргэлтийн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй, мөн анх компанийг шилжүүлж байгуулсан хувьцаа эзэмшигч Л.Г- нь 65 нас хүрсэн, бие муутай, цаашид бизнесийн үйл ажиллагаанд оролцож, уг компанийг авч явж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд дахин хөрөнгөжүүлэх нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо, чадвар байхгүй учраас ийнхүү компаниа татан буулгахыг хүсэж байгаа юм. Энэ чигтээ үргэлжилбэл компаний татварын болон санхүүгийн тайлан тооцооны дарамт, татварын өр, ажилчдын цалингийн өр, орон сууц захиалагч нарын өр төлбөрийн дарамт улам ихсэж, компаний эзэн хувьцаа эзэмшигч Л.Г- улам хүнд байдалд орж байна. Дампуурч татан буухгүй байлаа гээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа компани орлого байхгүй, орлогогүй компани, хувьдаа хөрөнгөгүй хувьцаа эзэмшигчийн хувьд дампуурахгүй байх маш хүнд байна. Тиймээс хувьцаа эзэмшигч Л.Г- нь бүх асуудлаа нэг мөр шийдэж, өр төлбөрийн асуудлаа цэгцлээд, цаашид компаниа үргэлжлүүлж, бизнесийн үйл ажиллагаа явуулах нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байхгүй учир манай компанийг Дампуурлын тухай хуулийн дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Г.А-гийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г. Анхтуяа би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, шаврын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Шаврын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100 хувь хийж гүйцэтгэн, ерөнхий инженер Н.Батболд, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд ажлын урьдчилгаа болон нэг ч удаа гүйцэтгэлийн мөнгө одоог хүртэл аваагүй. Иймд ажлын хөлс болох нийт 35,392,500 төгрөгийг М- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М- ХХК-д 54,09 м.кв 2 өрөө орон сууцыг нийт 135,225,000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөрт харилцан тохиролцож, 33 м.кв-ийн диаметрийн амсартай, 80 гр хэмжээтэй улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан ултай, зааны ясан халбагатай, их гарын хаш хөөргийг 120,000,000 төгрөгт, мөн 17 см-ын амсартай, 17 лан мөнгө орсон Дарьганга хийцийн том аяга 1 ширхэг, 13 см-ын амсартай, 13 лан мөнгө орсон Дарьганга хийцийн дунд аяга 3 ширхэг, нийт 4 ширхэг мөнгөн аягыг нийт 15,225,000 төгрөгт тооцон тус тус захирал н.Гантөмөрт хүлээлгэн өгсөн. М- ХХК-ийн барьж байгаа орон сууц нь өнөөдөр ашиглалтанд орсон хэдий ч манай захиалгын гэрээнд заасан Е загварын блок болон барилга, өрөө байдаггүй гэж хэлсэн. Иймд М- ХХК-аас 135,225,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани М- ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, барилгын эргийн хамгаалалтын өрмийн ажлыг нийт 19,008,000 төгрөгөөр хийхээр болсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс нийт 7,800,000 төгрөг төлсөн. Бид гэрээнд заасны дагуу ажлаа дуусгаад, хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөө авах байтал өнөөдрийг хүртэл ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна. Иймд манай компанийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулж, үлдэгдэл 11,208,000 төгрөгийг М- ХХК-аас гаргуулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М- ХХК-ийн татварын өр төлбөр нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар 9,350,130 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь 2016 оноос үүссэн цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 6,047,051 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,862.23 төгрөг, автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 1,785,000 төгрөг, зам ашигласны төлбөр 1,390,000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 126,217 төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна. Мөн автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 2022 оных 471,637.77 төгрөг байгаа бөгөөд нийт 9,821,768.25 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

6.Хариуцагч М- ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, тайлбар байхгүй гэжээ.

 

7.Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн агуулга: М- ХХК нь 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хоёр гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай ХХК хэлбэрээр /Монгол, Хятад хоёр хүний өмч/ гадаад худалдаа, барилгын засвар хийх, худалданы зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 100,000 америк долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан. М- ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2010-2013, 2020-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2010-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 846,518,000 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 1,736.59 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнхцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрйн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус компани нь 2020 оноос өөрийн хөрөнгийн 1356,79 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд үүссэн байх ба 2020 онд 198,774,400 төгрөг, 2021 онд 198,748,400 төгрөгийн тус тус алдангитай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох нэг үндэслэл болжээ. Тус компани нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Х- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын дотоод заслыг иж бүрэн хариуцах, ажлын хөлсөнд 3,800,000,000 төгрөгийг бартераар орон сууцаар авч худалдахаар гэрээ байгуулсан боловч захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаар М- ХХК нь ажлын хөлсөө авч чадаагүйгээр ажил гүйцэтгэхэд гарсан зардал, үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь М- ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь болжээ гэжээ.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан М- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 341 дүгээр зүйлийн 341.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М- ХХК-аас ажлын хөлс 23,595,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-д, байрны төлбөрт төлсөн 135,225,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М-д, ажлын хөлс 11,208,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-нд, татварын өр 9,821,768.25 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст тус тус олгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц М- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А-гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 334,915 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Г.А-д, нэхэмжлэгч С.М-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 834,075 төгрөгийг улсын орлогоос гаргуулан С.М-д, Х- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194,278 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Х- ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

9.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвзрийн үндэслэх нь хэсэгт ... анх компанийг шилжүүлж байгуулсан хувьцаа эзэмшигч Л.Г- нь 65 нас хүрсэн, бие муутай, цаашид бизнесийн үйл ажиллагаанд оролцож, уг компанийг авч явж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд дахин хөрөнгөжүүлэх нас бие, хөрөнгө, мөнгө, боломж бололцоо, чадвар байхгүй учраас ийнхүү компаниа татан буулгахыг хүсэж байгаа юм гэсэн нь өр төлбөрөө төлөхөөс зайлсхийх шалтгаан болсон дүгнэлт гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлснөөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа татварын өртэй компаниудад буруу жишиг тогтохоор байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан. Татвар төлөгчийн татварын өр 2017 оноос үүссэн бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу өрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Тус татвар төлөгч нь 2021 онд үйл ажиллагаа явуулж цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын төрлөөр тайлангаа өгч байсан байна. Энэ нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан болохыг тодорхойлно. Шүүхийн шийдвзрийн тогтоох нь хэсгийн 5-д Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж ... гэсэн нь татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй төрийн байгууллагад хэрэг гүйцэтгэгчийн зардлыг гаргаж өгөх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд тухайн зардал нь төсөвт суудаггүй, боложмгүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

10.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг шаардлагыг 23,595,000 төгрөг болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс татан буулгах хүсэлт өгсөн. Уг хүсэлтэд нэхэмжлэгч нар шүүхийн оролцоотойгоор татан буулгах саналыг 100% мөн хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдоор гүйцэтгүүлэх саналыг тус тус дэмжсэн, хурдан мөнгөө авах шаардлагатай байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

11.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч С.М-ын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартаа санал нэг байна гэжээ.

 

12.Давж заалдах гомдолд гаргасан хэрэг гүйцэтгэгчийн тайлбарын агуулга: Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, хэрэг гүйцэтгэхэд гарсан зардлын талаар гомдол гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дампуурлын хэрэг Дампуурлын тухай хууль болон бусад журамд заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа явагдсан. Хуваарилах эд хөрөнгийн гол авлага бол Х- ХХК-иас 2,000,000,000 төгрөгийн авлага Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй тус хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэг гүйцэтгэгч миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа. Төлбөрийн хувьд маргаан явагдаж байгаа болохоос ажил гүйцэтгэх гэрээний дагуу М- ХХК нь Хос алтай хүчтэн ХХК-аас ажлын хөлс авах эрхтэй. Уг хөлсийг авсны дараа нэхэмжлэл гаргаж оролцоогүй этгээдүүдийн өр төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэжээ.

 

13.Давж заалдах гомдолд гаргасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай компани нь Хос алтайн зам ХХК-тай маргаан гарсны улмаас дампуурсан. 2021 оны эхний хагас жилд тайланг явуулсан түүнээс хойш татвар төлж чадаагүй мөн ажилчдын цалинг тавьж чадаагүй санхүүгийн хүнд байдалд орсон. Хос алтайн зам ХХК-иас өр төлбөр авах бүрэн боломжтой. Төлбөрийн хэмжээний хувьд маргаж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 40,000,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Энэ татвараас суутгуулж татварын өрөө төлөх боломжтой мөн Хос алтайн зам ХХК-иас төлбөрөө нэхэмжилж аваад нэхэмжлэгч нарын төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Хүсэлт гаргагч М- ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргаж, түүнд холбогдуулан нэхэмжлэгч Г.А- нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,392,500 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч С.М- нь орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135,225,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Х- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,208,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь татварын өр, төлбөрт 9,821,768.25 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

3.Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хүсэлтэд хавсаргана гэж заасан. Хүсэлт гаргагч М- ХХК-ийн хүсэлтэд хавсаргасан санхүүгийн тайлан гэх баримтад эрх бүхий этгээд гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, мөн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг хүсэлтдээ хавсаргаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд 2010-2013, 2020-2021 оны буюу сүүлийн хоёр жилийн тайлангийн үзүүлэлтийг тусгаж, хүсэлт гаргагч М- ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг М- ХХК нь Х- ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсөнд 3,800,000,000 төгрөгийг орон сууцаар авахаар тохиролцсон боловч захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гүйцэтгэгч тал ажлын хөлсөө авч чадаагүйгээс санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон байна гэжээ.

 

3.а.Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-т хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19, 20, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулна гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлтийг тусгана гэж тус тус заасан.

 

3.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр хүсэлт гаргагч М- ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны лавлагаа, дансны үлдэгдлийн талаарх тодорхойлолт, мөн тус компанийн эзэмшил, өмчлөл дэх хөрөнгийн талаарх нотлох баримтуудыг бүрдүүлсэн байх боловч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Тодруулбал, хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-т заасан ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчдийн хуралд оруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу хүсэлт гаргагч төлбөрийн чадваргүй болсон эсэх нөхцөл байдал тодорхой бус байхад анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шууд үндэслэл болгон хүсэлт гаргагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон нь Дампуурлын тухай хуулийн агуулга, зорилгод нийцээгүй байна.

 

4.Түүнчлэн, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ, төлөх хугацаа, журмыг нэхэмжлэгчдийн хурлаар тогтоохоор заасан. Анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулан шийдвэрлэсэн боловч аль нэхэмжлэгчээс ямар хэмжээний төлбөр гаргуулах нь тодорхойгүй байх бөгөөд энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Г.ДАВААДОРЖ