Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01102

 

 

 

М.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01556 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э-гийн хариуцагч Ж-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,797,989.4 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн М.Э- намайг хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд би шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон. Гэвч бүтцийн өөрчлөлтөөр ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй тул байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалт-ын бүсийн захиргаанд нягтлан бодогчоор шилжин ажиллаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 569 дугаар шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаар 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх цалинд 19,104,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Иймд миний бие 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийт цалин болох 3,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчин өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу таны албан тушаал цомхотгогдсон гэж тайлбарлах боловч орон тоо бодитой хасагдаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилд эгүүлэн авах харилцаа болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болно. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин хөлс болох 28,797,989.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй болохын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа ажлын байрны үйл ажиллагаанд өөрчлөлт орсон бөгөөд талууд тохиролцсоны үр дүнд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Халх гол сумын үндсэн байгуулалтын газарт ерөнхий нягтлан бодогчоор томилсон байдаг. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ гаргахдаа тохиролцоод орсон гэж тайлбартаа хэлсэн байдаг. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь үндэслэлгүй байна. Анхны гаргасан шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсан байдаг. Учир нь хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хариуцагчаас гаргаж тавьсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж байна. Би тухайн үед гомдол гаргаж байсан гэж тайлбарладаг. Тийм учраас давж заалдах шатны шүүхээс энэхүү хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч талаас 2020 оны 03 дугаар сараас хойш 04, 05, 06 дугаар саруудад нэхэмжлэл гаргаж байсан талаарх баримтыг авахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт хүсэлт гаргаж байсан. Тус хүсэлтийн дагуу хариу ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан үйл баримтыг тогтоосон хариуг ирүүлсэн. Тэгэхээр шүүхийн шийдвэр биелэгдсэн учир 3,750,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэх боломжгүй болж байгаа. Харин өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хэмжээнд авч үзэх юм бол нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгчийн аливаа эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн/ 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газраас 3,251,385 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,546,604.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э- болон ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ж-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,890 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66,972 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.а.Анхны шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох баримт ирээгүй атал шүүхээс захирамжийн биелэлтийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны гол үндэслэл болсон нотлох баримт ирээгүй атал шүүхээс маргаж үйл баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтүүдийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хүсэлтийг бүрэн хангасан болно. Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдсан атал цомхотгогдсон гэж хууран мэхлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх магадлалтай гэж үзэж буй тул тус байгууллагын бүтэц, орон тоог гаргуулах, ажлын байрны тодорхойлолт, татвар, санхүүгийн тайланг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Энэ нь материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх хэргийн гол ач холбогдолтой үйл баримт юм. Гэтэл бүтэц, орон тоо баталсан тушаал ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх нь шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжийг үгүйсгэдэг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн нотлох баримттай танилцуулах, хэргийн оролцогчид эрх, үүрэг таниулан ойлгуулах зэрэг хуульд заасан ажиллагаануудыг дутуу гүйцэтгэсэн гэж үзэж байна.

4.б.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах учиртай. Зохигчдоос гаргаж буй нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангасан байхыг хэргийн оролцогчдод шүүгч тайлбарлан сануулж байвал зохино. Зохигч ямар бичмэл нотлох баримт гаргаж байгаа, тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан хэлбэрээр бэхжигдсэн эсэхийг шүүгч хянана. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан хх-134, 142 дахь талд авагдсан нотлох баримтыг үндэслэх хэсэгт нотлох баримтаар үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Жижиг, дунд үйлдвэрлийг хөгжүүлэх сангийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/203 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Хөдөө аж ахуйн халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б-13 дугаар тушаалаар М.Э-г тус бүсийн Захиргаа, удирдлагын албаны нягтлан бодогчоор томилсон тушаалыг тус тус үндэслэх хэсгийн нотлох баримт болгожээ. Гэтэл дээрх нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэнгийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан атал шүүхээс хүсэлтийг шийдвэрлэхдээ нотлох баримт гаргуулах хугацаа олгохоор шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч хүсэлт гарган шүүхийн бус журмаар тус тушаалыг гаргасан бөгөөд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргасан болно үүнийг шүүх хянаж үзэх учиртай байсан гэж үзэж байна. Мөн тус хүсэлтийн хавсралт болгож, хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж өгсөн баримт болох 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг үнэлсэн нь хуульд нийцэхгүй болно. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.в.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт Энэ хуулийн 103.4 дэх хэсэгт зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан зохицуулалтыг хуульчилсан болно. Аливаа эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ тухайн харилцааг зохицуулж буй органик хуулийг хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэх учиртай. Гэтэл шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт заасан Цомхотгогдсон бол, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан Цомхотгогдсон бол гэдэг нөхцөл нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн зохицуулалт болно. Орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Орон тоо хасагдсан гэх боловч ерөнхий нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогддог. 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хариуцагчийн зүгээс ерөнхий нягтлан бодогч орон тоо хасагдаагүй талаар маргахгүй гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болох ёстой атал шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй, нөгөө талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай зарчим болох хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд ажил санал болгох үед орон тоо цомхотгогдсон эсэхийг шүүхээс зайлшгүй тодруулах шаардлагатай байсан. Энэ нь процессын эрх зүйн хэм хэмжээ болох шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, сайн дураар биелүүлэх зэрэг хэм хэмжээг хэрэглэх бодит нөхцөл байдал болох учиртай байсан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс дээрх бодит үнэнийг тодруулгагүй, тодруулах гэж асуусан боловч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хэлсэн боловч шүүхээс бодит үнэнийг тогтоогоогүй. Өөрийн өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаал болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх туршлага, мэдлэгт тулгуурлан шийдвэр гаргасан буюу логикийн Recency effect буюу argumentum ad judicium гаргасан гэж үзэж байна. Эрх зүйн хэм хэмжээний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт заасан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ боломжтой бол хэрэгжүүлэх буюу алтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг хуулиар зайлшгүй биелэгдэх императив шинжээр тодорхойлогдсон ажилд эгүүлэн тогтоох үүргийн эрх зүйн үр дагавартай адилтган үзэж болохгүй юм. Алтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагавар бус харин импретив шинжтэй үүргийн эрх зүйн хэм хэмжээг адилтан үзэх боломжгүй атал шүүх хуулийг хэрэглэхдээ алтернатив шинжтэй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар сарын 36.2, 103 дугаар сарын 103.5 дахь хэсэгт заасныг хэрэглэжээ. Гэтэл ажилд эгүүлэн тогтоолгох үүргийн эрх зүйн үр дагавар бол зайлшгүй биелэгдэх шинжтэй, нөгөө талаар орон тоо нь байсаар байгаа бол заавал биелүүлэх үүргийг шийдвэрийн шийдвэрийн үндсэн дээр бий болсныг шүүх харгалзан үзээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 101/ШШ2022/01556 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,251,385 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийн газраас гаргуулсан нь үндэслэлгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байсан. Учир нь шүүх хариуцагчийг нэхэмжлэгч М.Э-тай тохиролцож, түүнийг Хөдөө аж ахуйн халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын албаны нягтлан бодогчоор томилсноор шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,797,989.4 төгрөг гаргуулах болгосон. Гэтэл энэхүү шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй талаар шүүх зөв хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн өөрчилсөн бус анх гаргасан шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Нөгөө талаас нь авч үзвэл шүүх ийнхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг тус шүүхийн шуугчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13530 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн шүүхийн шуугчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20236 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна гэжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хэдий ч шүүх нэхэмжлэгч М.Э-г дараагийн нэхэмжлэлээ хэзээ гаргасан хугацааг огт харгалзан үзээгүйд гомдолтой байна. М.Э- нь 3,750,000 төгрөг гаргуулах шаардлагыг хамгийн анх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус тус гаргаж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шүүх нэхэмжлэлийг буцаасан буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс дахин нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасны дагуу шинээр тоологдож эхэлсэн. Гэтэл М.Э- нь хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлснээс хойш 10 сарын дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байгааг огт анхаарч харалгүй зөвхөн нэхэмжлэл гаргасан эсэхэд дүгнэлт хийсэн нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01556 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журам зөрчөөгүй. Нэхэмжлэл гаргасан М.Э- шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Өмнө шийдвэрлэгдсэн шүүх хуралдаанд М.Э- эрх, үүрэгтэйгээ танилцан, ажиллагаанд оролцсон. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан тул шүүгч дахин эрх, үүргийг танилцуулах үүрэг хүлээхгүй. Шүүгч солигдож байгаа тохиолдолд шүүгчид нөлөөлөх нөлөөллийн мэдүүлгийг танилцуулах үүрэгтэй. Захирамжаар гаргуулах зүйтэй гэх нотлох баримтын биелэлт хангагдаагүй тухай гомдолдоо дурьдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан хүсэлтийн дагуу хавтас хэрэгт Жижиг дунд үйлдвэрийн газрын бүтцийг гаргуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд захирамжийн биелэлтийг хангаагүй гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх тайлбарт талууд харилцан тохиролцон нэхэмжлэгч М.Э-д хариуцагч тал санал тавьж, М.Э- саналыг хүлээн авсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу талууд харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх үндэслэлтэй. Иймд гомдол хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга. Нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн үндэслэлийн хувьд тайлбарлахад ажилд эргүүлэн тогтоосон маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үргэлжилж байгаа гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч Ж-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,797,989.4 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2627 дугаар шийдвэрээр М.Э-г урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөд 2,270,809 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч М.Э-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

4.а.Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.Э- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 569 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 895 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх цалин хөлсөд 19,104,900 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч М.Э-д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6-10, 36-40-р тал/

 

4.б.Дээрх байдлаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдсэний дараа Хөдөө аж ахуйн халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирлын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б-13 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Э-г тус бүсийн захиргааны захиргаа удирдлагын албаны нягтлан бодогчоор томилжээ. хх-ийн 160-р тал/. Уг тушаал гарсантай холбоотойгоор ажилтан, ажил олгогч нарын хэн аль нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан талаарх хүсэлтүүд хэрэгт авагдсан бөгөөд эдгээр баримтууд нотолгооны ач холбогдолтой. /хх-ийн 177, 179-р тал/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Э-г Хөдөө аж ахуйн халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захиргаа удирдлагын албаны нягтлан бодогчоор томилсны дараа талуудын хэн алины хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 180-р тал/. Иймд урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаал орон тооны бүтцээс хасагдаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.в.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэгч М.Э-г Хөдөө аж ахуйн халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захиргаа удирдлагын албаны нягтлан бодогчоор томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсөд 3,251,385 төгрөгийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгч М.Э-д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт тус тус нийцсэн байна.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд эрх зөрсөн үйлдэл таслан зогсоогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч М.Э- нь шаардах эрхтэй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдьдаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,684 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ