Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 135/2016/00466/И |
Дугаар | 001/ХТ2017/00497 |
Огноо | 2017-04-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2017/00497
Дархан-Уул аймгийн Байгаль Орчин,
Аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1446 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 20 дугаар магадлалтай,
Дархан-Уул аймгийн Байгаль Орчин, Аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй,
Ж.Алтанхуягт холбогдох,
Гэм хорын хохиролд 21.672.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүхийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг Байгаль Орчин, Аялал жуулчлалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Алтанхуяг нь 2015 оны 05 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор, ЛХА кабелийн телевизэд “Үндэс авна” гэсэн зар явуулж, үүний дагуу иргэдээс ховор ургамал болох дэвэргэр жиргэрү ургамлын үндсийг 270.9 килограммыг худалдан авч, улмаар Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 6 дугаар хэсэг 10-336 тоот өөрийн хашаандаа “Хараацай” хүнсний дэлгүүрийн байранд хадгалж байсан. Дээрх үйлдлийн улмаас Ж.Алтанхуягийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаж, мөрдөн байцаалтын холбогдох ажиллагааг явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Ж.Алтанхуяг нь гэмт хэрэг үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул 2015 оны 500 тоот тогтоолоор Өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолд Байгаль орчин аялал жуулчлалын газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. Иймд Ж.Алтанхуягаас дээрх гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг 2016 оны 2016/04 дугаартай ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон үнэлгээний дагуу 4.334.400 төгрөг гэж тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан байх тул 4.334.400 төгрөгийг дээрх хуульд заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж, 21.672.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Ашиг олох зорилгоор бусдаас 270.9 кг дэрэвгэр жиргэрү ургамлыг худалдан авсан нь үнэн. Энэ ургамлыг бусдаас худалдаж авах нь хууль бус гэдгийг мэдээгүй. Би байгаль орчинд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1446 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.Алтанхуягаас 4.334.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.337.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Алтанхуягаас улсын тэмдэгтийн хураамж 84.300 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 20 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгож,” гэснийг “Байгаль хамгаалах санд оруулж” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “хэргийн үйл баримт болох Дархан-Уул аймгийн прокурорын 2015.11.06-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Ж.Алтанхуяг нь ховор ургамлыг бусдаас худалдан авсан гэм буруутай болох нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь “гэм буруу нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж иргэн Алтанхуягийн гэм буруу нь нотлогдоогүй зөвхөн түүний шалгагдаж байсан үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосныг нотлогдсон хэмээн урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн алдаа юм.
Мөн хариуцагч талын гомдолд нэхэмжлэгч байгууллага Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш гэсэн гомдол гаргасан үндэслэлгүй байна. Учир нь Дархан-Уул аймгийн БОАЖГазар нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх тул байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэхгүй гэжээ.
Эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас шалгасан бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутгаас хүмүүс түүж ирэн Алтанхуягт худалдсан болох нь тогтоосон. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас түүж ирсэн өөрөөр хэлбэл байгаль орчинд шууд гэм хор учруулсан этгээд нь энэ хохирлыг хариуцах ёстойг шат шатны шүүхэд тавьсаар ирсэн боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон тул хохирлыг төлүүлэх нь зүйтэй хэмээн удаа дараа шийдвэр гаргаж байна. Дээрхи байдлаар юуг харуулж нотлох гээд байна гэвэл анхнаасаа Сэлэнгэ аймгийн нутагт болсон үйл явдал гэмт хэрэг байх тул Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар харъяаллын дагуу хэргийн холбогдох хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байсан. Аймгийн шүүх Дархан-Уул аймгийн БОАЖГазрыг нэхэмжлэгч хэмээн тооцсон нь хэргийн харьяалал зөрчсөн ноцтой алдаа болсон гэж дүгнэж байна.
Иймд иргэний хэргийн харъяалал зөрчин нэхэмжлэл гаргасан талын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэр гаргаж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хариуцагч Ж.Алтанхуягаас 21.283.260 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлөхөөр хуульд заасан” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө байгаль орчинд хохирол учруулаагүй гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.
Ж.Алтанхуяг нь 2015 оны 5 дугаар сард “Лха” телевизэд “үндэс авна” гэсэн зар өгч, улмаар худалдан борлуулах зорилгоор бусдаас дэрэвгэр-жиргэрү гэх ховор ургамлын 270.9 кг үндсийг зохих зөвшөөрөлгүй худалдан авч хадгалж, байгаль орчинд 4.256.652 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн мэдүүлж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Дархан-уул аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 500 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогджээ.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас 4.334.400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгосон нь буруу болжээ.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийг байгаль хамгаалах санд олгохоор шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т нийцжээ.
Дархан-уул аймгийн прокурорын тогтоолд Дархан-уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан байх тул “...нэхэмжлэгч нь хохирлыг нэхэмжлэх эрхгүй” этгээд гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүхийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 85.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ