Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Оюунчулуун |
Хэргийн индекс | 106/2016/0014/э |
Дугаар | 737 |
Огноо | 2016-11-22 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 737
Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Эрдэнэчимэг,
ялтан Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа,
ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
ялтан А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир,
хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Амаржаргал, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, ялтан Э.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, ялтан А.Баатар, түүний өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох эрүүгийн 201626020092 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Их Монгол овгийн Лхагважавын Амаржаргал, 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газарт ажиллаж байсан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар” авто угаалгын газарт амьдарч байсан, ял шийтгэлгүй, /РД: ОВ 90072611/,
2. Чонод овгийн Энхболдын Мөнх-Эрдэнэ, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газарт ажиллаж байсан, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 8 дугаар баг, 57 дугаар байр, 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ЖЬ 90012875/,
3. Их Монгол овгийн Аюушийн Баатар, 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газарт угаагч ажилтай байсан, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар” авто угаалгын газарт амьдарч байсан, ял шийтгэлгүй, /РД: ОВ 95122412/,
Ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцонд 74 настай иргэн Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жил хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ялаар, А.Баатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалд оногдуулсан 6 жил хорих ялыг, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт оногдуулсан тус бүрийн 5 жил 1 cap хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын цагдан хоригдсон тус бүрийн 283 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Г.Цэцэглэн болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг болон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Ялтан Л.Амаржаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...би 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн гэм бурууг ухаарч маш их гэмшиж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхнээс уучлалт гуйя. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэрэг 100 хувь миний буруутай үйлдлээс болсон. Надад бусдыг хохироох бодол байгаагүй. Хохирлыг барагдуулсан. Би ээж, дүүгийн хамт Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт амьдардаг. Би амьдралын эрхээр хотод ажил хийхээр ирсэн. Миний ээж настай хүн байдаг. Миний дүү Сийлэгмаа бие муутай, хөдөлмөрийн чадваргүй, хүний асрамжинд байдаг. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Ялтан Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 59А дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
шүүх “... Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн. Тухайн үед хохирогчийн цүнхийг булааж аваад зугтахад хохирогч цүнхнийхээ оосорыг гартаа ороочихсон байсан тул чирэгдэж улмаар биед нь хүндэвтэр гэмтэл учирсан. Энэхүү нөхцөл байдлын талаар хохирогч “...Ямар нэгэн үг дуугарахгүйгээр яах ийхийн зуургүй цүнхийг татсан. Би түүнд нь чирэгдээд шатны уруу унасан, цүнхийг аваад зугтаагаад гараад явсан...” гэж мэдүүлдэг. Тухайн үед хохирогч руу биеийн хүчээр чиглэсэн үйлдэл хийгээгүй ба цүнхийг булаах үедээ алдахгүйн тулд гадагшаа чиглэн зугтах үйлдлээс хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан нь “Бусдын эд зүйлийг булаах”, “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэлд хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.
“Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ энэ хэргийг хамтарч үйлдэхээр урьдаас тохиролцсон болох нь өөрдийнх нь мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр нотлогдохын зэрэгцээ, хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэж бэхжүүлэн авсан СД бичлэгт тусгагджээ” гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 92 дугаар зүйлийн 92.2, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх заалтууд илтэд зөрчигдсөн тул шүүхийн дээрх дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Эд зүйлийг авах зорилгоор хохирогч руу биеийн хүчээр хүч хэрэглээгүй, өөрөөр хэлбэл эд зүйлийг нь авахын тулд дотогшоо хохирогч руу чиглэсэн ямар үйлдэл хийгээгүй харин хохирогчоос зугтах гадагшаа чиглэсэн үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан байдаг.
Шүүх шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь дээрх гэмт хэргийг “бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон үйлдсэн болох нь шинжлэн судалсан гэрч Т.Төгсжаргал, Ч.Энхцэцэг, П.Энхбаяр, Н.Отгонжаргал, Д.Бямбадорж, шинжээчийн 1234, 333 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Цэцэглэнгийн өвчний түүх, зарлагын баримтууд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэжээ.
Дээрх бичгийн баримтууд нь хохирогч хохирсон, түүний бие махбодид гэмтэл учирсан, хаана хэзээ, хууль зөрчсөн үйлдэл гарсан талаар гэрчилж нотолсон баримт болохоос биш “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцон үйлдсэн болохыг нотолсон баримтууд биш гэж үзэж байна. анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Л.Амаржаргалын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Ялтан Э.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн гэм бурууг ухаарч маш их гэмшиж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхнээс гүнээ уучлалт эрье. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед надад гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Нэг хүний сэдэл үйлдлээр хоромхон зуурт болж өнгөрсөн үйлдлийг урьдчилан үгсэн тохиролцсон, амь биед аюултайгаар довтолсон гэж биднийг ижил зүйл ангиар зүйлчилсэнг, шүүх хуралдаан дээр прокурорын цахим сүлжээгээр тархсан гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах ёстой гэсэн утгатай зүйл ярьж байсныг, мөн та нар мянга яриад нэмэргүй урьд өмнө нь тэр гомдол саналаа гаргахгүй яасан юм, бүх зүйл өнгөрсний дараа гомдол гаргалаа гэж байгаа нь ямар учиртай болохыг шалгуулах хүсэлтэй байна. Иймд шинэчилсэн мөрдөн байцаалтад буцааж уг хэргийг үнэн зөвөөр, тус тусын үйлдэлд нь тохируулан зүйлчилж өгнө үү. Боломжгүй бол анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсныг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг Л.Амаржаргал нартай бүлэглэн, урьдчилан үгсэж тохиролцож, амь биед аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Мөнх-Эрдэнэ лифтэнд ороод байж байтал Л.Амаржаргал Г.Цэцэглэнгийн эд зүйл болох цүнхийг булаан авч зугтаасан ба Э.Мөнх-Эрдэнэ энэ үйлдлийг таслан зогсоох боломжгүй байсан. Дээрэмдэх болон булаалтын гэмт үйлдэлд биечлэн оролцоогүй. Гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, гэмт хэрэг төгссөний дараа цүнх болон доторх зүйлийг онгойлгож үзсэн, мөнгийг А.Баатар авсан гэх үйлдлүүд тогтоогдсон. Дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр хэргийн холбогдогч нар тохиролцоогүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд ялтан Э.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Э.Мөнх-Эрдэнэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан. Үүнийг анхаарч ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү. Э.Мөнх-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгч нар хохирогчийн цүнхэнд байсан мөнгө, зарим эд зүйлсийг авч зарим зүйлийг гаргаж хаясан байсан. А.Баатар хохиргочийн гар утсыг авсан. Л.Амаржаргал гэж хүн хамт явсан хоёр хүнд мэдэгдэхгүйгээр, зөвшилцөхгүйгээр бусдын эд зүйлийг авсан. Дээрмийн гэмт хэрэгт буруутай хүн нь Л.Амаржаргал юм...” гэв.
Ялтан А.Баатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...би өөрийн гэм буруугаа ухаарч маш их гэмшиж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхнээс чин санаанаас уучлалт гуйж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед надад гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Нэг хүний сэдэлт үйлдлээр хоромхон зуур болж өнгөрсөн байтал урьдчилан үгсэн тохиролцож амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн гэж бид гурвыг ижил зүйл ангиар зүйлчилсэнийг, шүүх хуралдаан дээр прокурор “интернетээр тархсан гэмт хэрэг болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах ёстой” гэсэн утгатай зүйл ярьсныг, мөн та нар мянга яриад нэмэргүй, өмнө нь гомдол саналаа ярихгүй яасан юм бэ, өнгөрсний дараа гомдол санал ярьлаа гээд байгаа нь ямар учиртай болохыг шалгуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч мөрдөн байцаалтад буцааж, уг хэргийг үнэн зөвөөр тус тусын үйлдэлд нь тохируулан зүйлчилж өгнө үү. Хэрвээ давж заалдах шатны шүүх боломжгүй гэж үзвэл анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүйг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Ялтан А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр урьдаас тохиролцсон болох нь өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь энэ гэмт хэргийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэсэн нь энэ гэмт хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад таамаглалаар дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Хохирогчийн өгсөн мэдүүлэгт “...би цүнхнийхээ оосорыг гартаа ороосон байсан. Нэг залуу үг дуугаралгүй цүнх татаад зугтаасан. Би чирэгдээд шат руу унасан...” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг болох үед шүүгдэгч Амаржаргал нь ямар нэгэн хүч хэрэглээгүй, айлган сүрдүүлж заналхийлээгүй, юу ч дуугаралгүйгээр шууд цүнхийг нь татаж шүүрээд зугтаасан гэдгийг хохирогч мэдүүлдэг. Хохирогч цүнхээ тавилгүй чирэгдэн унаснаас гэмтэл учирсан болох нь тогтоогддог. “Бусдын эд хөрөнгийг булаах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, харин шүүгдэгч А.Баатарын хувьд булаах үйлдэлд нь оролцоогүй, харин /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйл/ гэмт хэргийг үл мэдээлсэн, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. А.Баатарын хувьд хэрэг гарах үед шүүгдэгч Л.Амаржаргалтай хамт байсан боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба гэмт үйлдэлд нь оролцсон оролцоо байхгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Шүүгдэгч нарын орц руу орох болсон шалтгаан нь орцонд орж Э.Мөнх-Эрдэнэд байсан архийг ууж, дулаацахаар орсон болох нь тогтоогддог.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Амаржаргалын гэнэт цүнх булаасан гэмт үйлдлээс болсон нь түүний өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Өмнөх шүүх хуралдаанаар шүүхээс хохирлын мөнгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүн үндэслэлгүй байсан боловч А.Баатар болон түүний ар гэрийн зүгээс сайн дурын үндсэн дээр хохирлыг барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс “...гэм хорыг хэмжээг тодорхойлохдоо гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ...” гэсэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь заалтад нийцээгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжилсний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч А.Баатарын зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.
Хэрэв шүүх шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 буюу “Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эх одоо 74 настай. Хэрэг гардаг өдөр ажиллуулдаг эмийн сангаа хаагаад явж байсан. Эдгээр хүмүүс түүнийг эмийн сангаас эхэлж дагасан байх магадлалтай. Цасыг нь цэвэрлэсэн талбайгаас эхэлж хүмүүс дагахыг мэдсэн байдаг. Шууд орц руугаа оролгүй орцны үүдэнд сандал дээр сууж байгаад хажуугаар нь өнгөрсөн хойно орц руу орсон. Л.Амаржаргал орцны хаалга хаагдахаас өмнө амжиж хойноос нь дагаж ороод, эхэлж шатаар дээш өгсөж, дараа нь буцаж хаалга руу очин нөгөө хоёрыгоо оруулсан. Хүн дагаж байгааг мэдээд айж, цүнхнийхээ оосорыг гартаа ороосон гэдэг. Араас нь дагаж байгаа хүмүүс рүү эргэж харахад нүүрээ гараараа далдлаад байсан гэж хэлдэг. Одоо энэ тухай ярихаар даралт нь ихэсдэг. Уг гэмт хэрэг гарахаас өмнө даралт нь хэвийн байсан хүн одоо даралт нь 200 хүрээд хэцүү байна. Энэ жилийн зун “Хужирт” сувилалд амраах гэж очсон боловч даралт нь ихсээд 3 хоноод буцаад ирсэн. Хяналтын камерын бичлэгээс харахад А.Баатар дөнгөж орцны хаалгаар оронгуутаа ухарч няцаад байгаа нь харагддаг. Харин Л.Амаржаргал түүнийг дээш нь түлхэж гаргасан. Лифт рүү бас түүнийг араас нь түлхэж оруулсан. Лифтэнд орсны дараа Л.Амаржаргал лифтний хаалгыг хаалгалгүй хөлөө хаалганд тээглүүлчихээд байхад хохирогч “лифт гацлаа” гэж хэлэхэд Л.Амаржаргал инээж зогсож байснаа 7 давхарын товчлуурыг дарсан. Тэгээд түүний гарт байсан цүнхийг татахад оосорыг нь гартаа 2 ороосон байсан тул тайлагдахгүй чирэгдсээр шатны уруу унаж хөл нь хугарсан. Одоо хөлөндөө 9 хадаастай, 2 суга таягтай явж байгаа. Үеэрээ нугарчих гээд өөрөө зогсож чадахгүй, хадаастай учраас физик эмчилгээнд явж болохгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдаагүй боловч эдгээр хүмүүс дээрэм хийснийхээ дараа гэртээ харилгүй өөр газарт, өөр байранд явж байсан. Дахин гэмт хэрэг үйлдэх санаа, зорилготой явж байсныг үгүйсэхгүй. Тэд анхнаасаа дээрэм хийж мөнгө олох зорилготой байсан бөгөөд 1 хохирогч нь манай эх. Өөр газарт явж байгаа бичлэгүүд байдаг юм байна лээ. Харин дараа нь хоорондоо зодолдож, муудалцан салж явцгаасан байдаг. Хэргийн зүйлчлэл хөнгөдсөн гэж боддог. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан. Энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтаас хамаардаг. 8 сар хэвтэрт байгаа хүнийг хүндэвтэр гэмтэлтэй гэж байгаад гайхаж байна. Хэрэв ид хөдөлмөрийн насны хүн гэмтсэн бол хүнд гэмтэл гэж үзэхээр гэмтэл гэж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан байдаг ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх хуулийн шаардлагад нийцсэн, хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэсэн. Ялтнууд болон тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон гэдгийг үгүйсгэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Л.Амаржаргал нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон байдаг. Анх өгсөн мэдүүлэгтээ “дээрэм хийж мөнгө олъё гэж шийдсэн” гэсэн байдаг. Анхан шатны шүүх харин ч шүүгдэгч нарт хангалттай доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн. Шүүхээс оногдуулсан ялыг үүнээс илүү хөнгөрүүлэх боломж байхгүй. Л.Амаржаргал нарын үйлдлийг булаалтын гэмт хэрэг үйлдсэн болгох санал гаргаж байна. 74 настай хүнийг хайрлахгүй, ямар ч бодох зүйлгүй гурвуулаа хүч хэрэглэн дээрэмдэж байгаа үйлдлийг булаалт гэж үзэх боломжгүй. Булаалтын гэмт хэрэг хүч хэрэглээгүй байдаг. Тэд хохирогчийг чирч, гулдарч биед нь гэмтэл учруулсан. Энэ бол дээрэм. Энэ бол дээрэмдэх үйлдэл гэдгийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар мэдэж байгаа гэж бодож байна. Хохирол, төлбөр төлсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй. Хохирогч хэвтэрт, бусдын асрамжид байна. Өмнө нь өөрийгөө аваад явчихдаг байсан хүн одоо сэтгэл санаа болон эрүүл мэндийн бүрэн хохирол хүлээсэн. Ийм байдалтай байхад түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцсонгүй гэж зүй бус тайлбар хэлж байна ...” гэв.
Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Ялтан нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Урьдчилан үгсэн тохиролцсон талаараа мэдүүлдэг. Л.Амаржаргал “.. Дагаж орон хаалгыг нь тулж зогссон, Л.Баатар “гурвуулаа хүн дээрэмдэе” гэсэн болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн нь харагдаж байна. Булаах, дээрэмдэх гэмт хэргүүдийн ялгаатай шинж нь дээрэмдэх гэмт хэрэг нь довтолгоон хийж, гэмтэл учруулснаараа ялгаатай. Гэмт хэргийг үйлдэхийн тулд Цэцэглэнгийн эд зүйлийгг авахын тулд хүч хэрэглэсэн үйлдэл нь зогсохгүй үргэлжилж байна. Дээрээс нь гишгээд гараад явчихаж байгаа нь харагддаг. Энэ гэмт хэргийн хувьд харсан үзсэн гэрч байхгүй. Зөвхөн камерын бичлэг байгаа. Энхцэцэг гэж лифтчин тусламж үзүүлж цагдаа дуудсан. Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт Эрүүгийн хуульд заасан зохих зүйл ангиар ял оногдуулсан гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.
Ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцонд 74 настай иргэн Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Цэцэглэнгийн “...Би 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Оточ ганга” эмийн санг 22 цагийн үед хаагаад урд талд нь байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орц руу орох үед миний араас нэг танихгүй залуу орж ирээд дээшээ шат руу гарсан. Би лифт хүлээж 5 орчим минут зогссон ба лифтэнд ороход араас 2 танихгүй залуу орж ирсэн ба дараа нь эхэлж орцонд надтай хамт орсон залуу хаалган дээр зогсоод байхаар нь би “чи орвол орооч” гэж хэлэхэд юу ч дуугарахгүй, яах ийхийн зуургүй цүнх татсан. Би түүнд нь чирэгдээд шатны уруу унасан. Нөгөө хүүхдүүд миний цүнхийг аваад зугтаагаад явсан. Би хэсэг хугацаанд шоконд орсон ба миний бие хөдлөхгүй байсан. Орцны лифтчин манай гэрээс хүн дуудаж намайг гэрт оруулаад түргэн тусламж дуудсан. Миний баруун гарыг хугарсан байж магадгүй, зүүн талын мөр хэсгээр эвгүй болсон, хамар хөхөрсөн байна эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн мөр мултарч, яс нь няцарсан, баруун хөлний дунд чөмөгний яс доод хэсгээрээ хугарсан, хамрын яс цууралттай, тархины гадна нимгэн хальсанд олон тооны цус хуралттай байна гэсэн. Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол Хьюндай” эмнэлэгт хагалгаанд орсон. Миний зүүн мөрний ясанд 5-6 хадаас, баруун хөлний дунд чөмгөнд 9 хадаас хадаж, сүүжний яснаас яс авч нөхсөн хагалгаа хийсэн. Миний цүнхэн дотор хүрэн өнгийн түрийвч, дотроо 45.000 орчим төгрөг, 4 ширхэг түлхүүр, хуванцар сав бүхий эмнүүд, хуванцар сав бүхий хиймэл шүд, жижиг эрээн кошлок, дотор нь барын нүдэн ээмэг, кулон, иргэний цахим үнэмлэх, тэтгэврийн шинэ хуучин дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хар өнгийн гэртээ “Samsung S 2” загварын гар утас, сам зэрэг эд зүйлс байсан...” /1хх-27-29/,
Хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуягийн “... Хэрэг гардаг өдөр би гэртээ амарч байтал манай хүргэн дүү над руу залгаад ээж орцны үүдэнд хөдөлж чадахгүй хэвтэж байна, та хурдан хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход ээжийг 2 хаалганы дунд жижиг сандал дээр суулгасан хүргэн дүү араас нь түшсэн байдалтай байсан. Би “яагаад ингээд байж байгаа юм бэ, эмнэлэг явъя” гэж хэлэхэд хөдөлж огт болохгүй байна. Хөдлөх юм бол өмдөндөө бие засах гээд байна гэж хэлсэн. Миний араас манай охин дүү ирээд орцон дотор өвчин намдаах тариа хийгээд, гэртээ оруулж ирсэн. Тэгээд түргэний эмч ирж үзээд гар, хөл нь хугарсан байна. Гэмтлийн эмнэлэгт очих шаардлагатай гээд дахин өвчин намдаах тариа хийсэн. Тэр хооронд цагдаа ирж мэдүүлэг авсан. Тэгэхэд манай ээж болсон үйл явдлыг маш сайн санаж байсан. Гэмтлийн эмнэлэгт авч очиход баруун хөл нь хугарсан байна гэж хэлээд татлага хийх мэс засал хийх шаардлагатай, харин зүүн талын гар нь няцрал, мултралтай байна гэж хэлсэн. Баруун хөлний мэс заслыг бид нар хийж чадна. Харин баруун талын гаранд мэс засал хийх шаардлагатай боловч манай эмнэлэг хийх боломжгүй гэж хэлсэн. Мөн энэ үйлдлийн улмаас хамрын яс хавдсан байсан учраас томографийн зураг авахуулахад тархины доргилттой байна. Үүний улмаас цус хуралт үүссэн байна. Цочоож болохгүй, тайван байлгах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг мэс засал хийх боломжгүй гэсэн учраас “Монгол Хьюндэй” эмнэлэг дээр очиж хагалгаа хийлгэсэн. Энэ мэс заслаар баруун гар талын хөлөнд 9 хадаас хадсан. Маш олон тооны үүрмэг яс байсан учраас түүнийг нь түүж хаяад дутсан хэсэгт нь баруун талын сүүж хэсгээс яс авч нөхөж хийсэн. Харин зүүн талын гарны мултарсан хэсгийг оруулаад мөн хугарсан хэсэгт байсан жижиг ясыг нь түүж хаяад, зүүн мөр хэсэгт 6 хадаас хадсан. Эмнэлэгт 14 орчим хоног хэвтээд гарсан. Гэртээ гарснаас хойш байнгын асаргаа хэрэгтэй болсон. Өвчин намдаах тариаг олноор хийлгүүлдэг болсон. Түүнээсээ болж орондоо бие засах гээд байдаг болсон. Энэ байдалдаа санаа нь зовоод хоолоо сойж эхэлсэн. Хоол сойсноос болж мэс заслын эдгэрэлт удааширч эхэлсэн. Одоо үсээ самнаж чадахгүй, гар утсаар мессеж бичиж чадахгүй болсон. Сүүлд бичсэн номоо санахгүй болсон. Сэтгэл санааны хувьд маш их өөрчлөгдсөн. Баруун гар талын хөлний эдгэрэл удаан байгаа. Хөл дээрээ явж чадахгүй тэргэнцэртэй явж байгаа. Тэргэнцэрээ өөрөө удирдаж явж чадахгүй, бие засч чадахгүй, хоолоо хүнээр хийлгүүлж идэж байгаа. Бидний зүгээс маш их гомдолтой байна...” /2хх-208/, “...Хэрэг гардаг өдөр манай ээж гэртээ харих гээд явж байтал араас нь хүн дагасан гэж хэлдэг. Хойноос нь дагасан хүмүүсийг эргээд харахад гараараа нүүрээ далдалж байсан. Тэгэхээр нь орцны үүдэнд суусан чинь өнгөрөөд явсан гэж байгаа юм. Тэгэхээр нь орц руугаа орсон чинь араас нь дагаж орсон байдаг. Түүнийг ээж мэдээгүй байсан. Орцонд ороод, лифт рүү ороход араас нь орж ирээд лифтний хаалгыг хөлөөрөө нээгээд байхаар нь “та нар орвол ор, орохгүй бол лифт гацлаа” гэж хэлсэн байдаг. Тэгэхэд 1 залуу нь 7 давхрын товчлуур дарангуутаа манай ээжийн цүнхнээс нь булааж аваад чирээд явсан байдаг. Чирэгдэж явах зуураа ухаан алдсан байдаг... ... Хагалгаа хийлгээд эмнэлгээс 14 хоногийн дараа гарсан. Гэртээ хэвтэрт 7 сар гаруй хугацаанд байсан. Энэ хугацаанд физик эмчилгээнүүд хийлгэсэн. Одоо 8 дугаар сарын дунд үеэс эхлэн таягтай ойр зуур явдаг болсон. Баруун талын хөлийн эдгэрэлт муу байгаа. Хөл дээрээ явахаар хугаралтай хэсгээрээ хавдаж, тэнгэр муухайрахаар хөл гар нь өвддөг болсон. Мөн цөс нь өвдөөд цөсний эм ууж байгаа. Даралт нь үе үе ихэсээд байгаа. Өмнө нь ном бичдэг байсан. Харин одоо компьютер дээрх хадгалсан файлаа ч олохгүй байгаа. Тийм учраас маш их гомдолтой байна...” /3хх-39/,
Гэрч Т.Төгсжаргалын “...Миний ээж Г.Цэцэглэн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн байр болох Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны 1 давхарт гэр рүүгээ орох гэж яваад үл таних 3 залууд эд зүйлээ дээрэмдүүлж, биед нь хүнд гэмтэл болох баруун хөлийн дунд чөмөг хугарсан, зүүн мөр мултарч, яс нь бяцарсан, хамрын яс цуурсан, тархинд олон тооны цус хуралт үүссэн зэрэг гэмтэл учирсан. Одоо 74 настай болохоор эмчилгээний хугацаа удаашралтай, байнгын 2 хүний асаргаанд байгаа ба хэзээ хөл дээрээ босохыг мэдэхгүй байна. Өдөрт 2 удаа өвчин намдаах тарилга тариулж, 6 удаа өвчин намдаах эм ууж, зүрх, бөөр, нойр булчирхай, цөс, хөл, гар нь байнга өвдөнө. Сэтгэл санаа нь байнга хямраад даралт нь ихсэж багасаж, хэзээ хөл дээрээ зогсох нь мэдэгдэхгүй, үүнээс хойш ажил хийнэ гэж байхгүй болсон. Зүрх, даралтын хэм алдагддаг болсон...” /1хх-30-31/,
Гэрч Ч.Энхцэцэгийн “...2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 22 цагийн орчим лифтнийхээ цэвэрлэгээг хийгээд 24 дүгээр байрны 2 дугаар орц руу ороход гадна талын төмөр хаалга, түүний дотор талын хаалга 2-ын голд тус орцны 72 тоотод амьдардаг Г.Цэцэглэн гэдэг эмээ газарт уначихсан дээшээ харсан байдалтай байхаар нь би дээш өргөж өндийлгөж суулгахад эмээ “намайг хүн дээрэмдчихлээ, манай гэрт ороод хэлээд өгөөч” гэхэд нь би гэрийнхэнд нь мэдэгдсэн...” /1хх-32-33/,
Л.Амаржаргалын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн өглөө хамт ажилладаг А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ нарын хамт 5 буудалд байдаг найз Шараагийн гэрт очоод хэсэг байж байгаад орой 20 цагийн үед А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ бид 3 гараад ажил руугаа явсан. Замдаа 28 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гараад явж байхдаа “бид нар хоорондоо мөнгөний хэрэг байна. Мөнгө олъё” гэж ярилцсан. Тэгээд 24 дүгээр байрны тэр хавьд очиход нэг эмээ орц руу орж явсан. Тэгэхээр нь бид 3 араас нь оръё гэж хоорондоо ярилцаад, эмээгийн араас би эхлээд орсон. Тэр үед манай 2 найз миний араас орж ирсэн. Эмээг лифтэнд суухаар нь бид 3 араас нь лифт рүү очоод, би хаалгыг нь тулж зогсож байгаад тэр эмээгийн гарт барьж байсан гар цүнхийг нь аваад зугтаасан. Тэр эмээ цүнхнээсээ чирэгдээд хэсэг явж байгаад цүнхээ тавихаар нь шууд гараад хойшоо гүйсэн. Миний араас манай 2 найз гүйгээд ирсэн. Би гүйж байгаад замдаа нэг төмөр хашааг давуулаад эмээгийн цүнхийг шидсэн. Харин Э.Мөнх-Эрдэнэ тэр цүнхийг аваад, араас хүрээд ирсэн. Тэгээд А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ бид 3 эмээгийн цүнхийг нээж үзтэл дотор нь “Samsung” загварын гар утас 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлс байсан. Хэтэвчин дотор 27.500 төгрөг байсан. Манай найз Э.Мөнх-Эрдэнэ эмээгийн цүнхийг аваад явсан. Харин би эмээгийн гар утсыг аваад А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ нарт явлаа гэж хэлээд салаад Москва рестораны хажууд байрлах нэг баар луу ганцаараа ороод пиво захиалж уусан. Тэндээ сууж байтал А.Баатар над руу залгаад хорооллын “Шөлөндөө” цайны газарт Э.Мөнх-Эрдэнэтэй хамт хоол идэж байна гэхээр нь би тэдэнд надад хоол аваад хүрээд ир гэж хэлсэн. 30 орчим минутын дараа А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ нар ирсэн. Тэгээд тэндээ бид 3 нэг нэг пиво уучихаад ажил руугаа очоод унтсан...” /1хх-143-145/,
Э.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн“... “...Хэрэг болдог өдөр ажил дээрээ байж байтал Л.Амаржаргал, А.Баатар нар залгаад, дуудаад байхаар нь би очсон. Тэр 2 намайг “пиво уух уу” гэхээр нь “би ажилтай байна” гэхэд “чөлөө авчих” гэсэн. Тэгээд бид 3 автобусны буудлын урд талд байрлах орцонд орж 2,5 литрийн “Боргио” пиво хувааж уусан. Дараа нь би ажил руу буцаж ороод бид нарыг хариуцан ажилладаг Одбаяр гэдэг залууд хэлээд чөлөө аваад гарсан. Тэгээд бид 3 Баянгол их дэлгүүрээс дахин пиво авч байрны орцонд орж уусан. Л.Амаржаргал “7 буудал явъя. Тэнд манай найзынх байдаг. Тэднийд очъё” гэхээр нь найзынд нь очиж дахин пиво авч уугаад тэндээ юм ярьж сууж байгаад 19 цагийн орчим гараад Ахуйн үйлчилгээ орсон. Тэгээд Ахуйн үйлчилгээний хойд талын байрны дунд байдаг дэлгүүр орчихоод гараад хойш алхаж явтал нэг танихгүй эмээ хажуугаар зөрсөн. Л.Амаржаргал эмээг орц руугаа орох үед хамт дотогш орсон. Бид 2 орцны үүдэнд хүлээгээд зогсож байтал Л.Амаржаргал хаалга онгойлгоод “ороод ир” гэсэн. Тухайн үед А.Баатар бид 2 орцонд ороод лифтэнд суухад эмээ лифтэнд орчихсон байсан. Би эмээгээс “хэдэн давхарт гарах вэ” гэж асуухад эмээ “7 давхарт гарна” гэж хэлсэн. Би 7 давхарын товчлуур дээр дараад зогсож байхад Л.Амаржаргал лифтэнд орохгүй буцаж гарахаар нь эмээ бид 2 “суухгүй юм уу, хаалга хаагдлаа” гэхэд Л.Амаржаргал миний өөдөөс хараад инээж байснаа эмээгийн цүнхнээс татаад эмээг чирээд гүйхээр нь А.Баатар бид 2 араас нь гүйгээд гарсан. Тэгэхэд эмээ шалан дээр хэвтэж байсан. Би тухайн үед Л.Амаржаргалыг цэцэрлэгийн хашаан дундуур гүйгээд явахаар нь хойноос нь гүйгээд юу болов гэхэд Л.Амаржаргал “одоо нэгэнт өнгөрсөн, зүгээр гэхээр нь бид 3 хамт граж дунд орж байгаад цүнхийг нь би барьж дотор нь байсан эд зүйлийг гаргахад олон оосортой 3, 4 түлхүүр, хиймэл шүд, эмнүүд, бичиг баримтууд, “Samsung S2” загварын гар утас, хүрэн өнгийн түрийвч дотор 25,000 орчим төгрөг зэрэг эд зүйлс байхаар нь Л.Амаржаргал бичиг баримт, утас 2-г нь халаасандаа хийгээд А.Баатар мөнгийг нь авч байсан. Бусад эд зүйлийг нь хажуугийн граж дээр шидээд, зогсож байхад нэг танихгүй ах гараад ирэхээр нь цүнхийг нь хаяад зугтаасан. ..” /1хх-154-155/,
А.Баатарын сэжигтнээр өгсөн “... Би 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Чанар” авто угаалгын газарт ажиллаж байгаад өглөөний 10 цагийн үед нэгж авах гээд хамт ажилладаг Л.Амаржаргалтай гараад Баянгол дэлгүүрээс 1 савтай Боргио пиво авч хажуу талын хөндлөн байрны орцонд орж ууж байхдаа хамт ажилладаг Э.Мөнх-Эрдэнийг хүрээд ир гэж дуудсан. Бид 3 дахин 1 пиво авч уусан. Дараа нь дэлгүүр хэсэж байгаад “Өргөө” кино театрын урд талаас автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 5-н буудал гэх газарт буугаад Э.Мөнх-Эрдэнийн найз Дээгий гэдэг хүний гэрт очсон. Тэгээд дахин 2 литрийн пиво хоёрыг авч тухайн айлдаа орж уугаад, орой 20 цагийн үед гараад 3, 4 дүгээр хорооллын автобусны буудал дээр буугаад Э.Мөнх-Эрдэнэ “3-уулаа хүн дээрэмдэж мөнгө олж, архи авч ууя” гэхээр нь Л.Амаржаргал бид 2 зөвшөөрөөд, 1000 нэрийн барааны дэлгүүрийн ар талын байрны дунд явж байгаад нэг байрны орцны үүдэнд зогсож байтал нэг эмээ орц руу ороход нь Л.Амаржаргал дагаад орохоор нь Э.Мөнх-Эрдэнэ бид 2 араас нь орсон. Бид хоёрыг лифтэнд ороход эмээ араас орж ирсэн. Э.Мөнх-Эрдэнэ лифтний хаалга дарж зогсоход эмээ “чи орвол ор” гэхэд Л.Амаржаргал эмээгийн цүнхийг татаад цаашаагаа чирээд гүйсэн. Тэр үед эмээ газарт унаад орцны хаалга хүртэл чирэгдсэн. Хойноос нь гарч явахдаа Э.Мөнх-Эрдэнэ эмээ дээр гишгээд гараад явсан. Тэгээд бид 3 зугтаад байрны дунд байсан гражны дунд орж Э.Мөнх-Эрдэнэ цүнхийг нь онгойлгоход бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр, хар өнгийн гэртээ “Samsung S2” загварын гар утас, цагаан өнгийн төмөр оосортой цаг, үзгэн бал, хайрцагтай эм зэрэг эд зүйл байснаас Л.Амаржаргал гар утсыг аваад хиймэл шүд, эмнүүд, түлхүүрүүд, бал, тэмдэглэлийн дэвтэр зэргийг гражны дээвэр дээр салгаж шидээд, хүрэн өнгийн кошлокыг үзэхэд дотор нь чулуун хар өнгийн зүүлт байсныг замдаа хогийн саванд хийсэн. Тэгээд бид 3 “Шөлөндөө” зоогийн газарт орж хоол авч идсэн ...” /1хх-157-158/,
А.Баатарын яллагдагчаар өгсөн “... Л.Амаржаргалын найзынх гэх 5 буудлын ойролцоо байдаг нийтийн байранд очиход танихгүй эмэгтэй байсан. Тэндээ 2 савтай пиво уугаад оройны 20 цагийн орчимд 3, 4 дүгээр хороолол орохоор гарсан. Тэгээд бид 3 Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр буугаад хойд талын 9 давхар байранд дулаацахаар орох гэтэл цоожтой байсан учраас орцны хажуугаар гарч явтал нэг танихгүй эмээ зөрөөд орц руу орсон. Л.Амаржаргал эмээгийн хойноос дагаад орсон. Э.Мөнх-Эрдэнэ бид 2 орцны үүдэнд хүлээж байхад Л.Амаржаргал хаалга онгойлгож “ороод ир” гээд оруулсан. Орцонд ороход эмээ лифтний үүдэнд зогсож байсан ба лифтэнд суухад Э.Мөнх-Эрдэнэ бид 2 орсон ба Л.Амаржаргал орохгүй лифтний үүдэнд зогсоод байхаар нь “орооч” гэхэд Л.Амаржаргал эмээгийн цүнхээс татаад чирээд гаргасан. Намайг хойноос нь гарахад эмээг орцны хаалга хүртэл чирсэн байсан. Би эмээгийн хажуугаар гараад явсан. Тэгээд бид 3 зугтаад гүйж байгаад гражны дунд орж зогсоод Э.Мөнх-Эрдэнэ эмээгийн цүнхийг ухаж байгаад дотроос нь 27.500 төгрөг надад өгөхөд би түүнийг нь авсан. Л.Амаржаргал гар утас, цагийг нь авсан. Харин Э.Мөнх-Эрдэнэ чулуу гэхээр зүйл аваад халаасандаа хийсэн. Үлдсэн эд зүйлийг гражны дээд тал руу шидсэн...” /1хх-161-162/ гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээчийн “... Г.Цэцэглэнгийн биед зүүн атгаал, зүүн дунд чөмөгний булуу хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархины субарахнойдальд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /1хх-51/ гэх 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1234 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан “... Шүүх эмнэлгийн №1234 тоот дүгнэлтийн 1 дүгээр заалтын зүүн дунд чөмөгний хугарал гэснээс бусадтай санал нэг байна. ... Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой /1хх-53-54/ гэх 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай дүгнэлт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-10-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-22-23/, хохирогчийн өвчний түүх /1хх-62-89/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-238-240/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан, хэргийг шалгах явцад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх ба энэ нотлох баримтуудыг үндэслэн хэргийн байдлыг дүгнэхэд ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүхээс ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэлийг оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, ялтан Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа “... Л.Амаржаргалын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98, 146 дугаар зүйлд зааснаар, ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин “... Э.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд зааснаар ...”, ялтан А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир “...А.Баатарын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 246, 155 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү..” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 5-н буудалд байдаг Л.Амаржаргалын найзынд очиж пиво ууж байгаад 20 цагийн орчимд гарч яваад, 3, 4 дүгээр хорооллын Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр буусан. Буугаад зам хөндлөн гарч байхдаа “мөнгө төгрөгний хэрэг байна, мөнгө олоё” гэж хоорондоо ярилцаад буудлын хойд талын 9 давхар буюу 24 дүгээр байрны гадна 22 цагт очсон, энэ үед хохирогч Г.Цэцэглэн орц руу орж явсан ба ялтан Л.Амаржаргал араас нь орж шатаар дээд давхар руу гарснаа буцаж буугаад орцны хаалгыг тайлж өгч А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ нарыг оруулж ирсэн. Хохирогчийг лифтэнд суухад араас нь Л.Амаржаргал орж хаалгыг тулж зогссон, мөн А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ нар араас нь орж, удалгүй Л.Амаржаргал нь хохирогчийн барьж явсан цүнхийг нь аваад зугтахад хохирогч цүнхнээсээ чирэгдсээр лифтнээс гарч ирэн шатаар орцны үүд хүртэл чирэгдэн явсаар хүчинд автан шалан дээр унаж, цүнхээ тавихад нь Л.Амаржаргал, А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ нар нь цүнхийг авч зугтаж, байрнууд дунд байрлах грашийн ард очиж цүнхэн дотор байсан эд зүйлийг хуваан авч, заримыг нь грашийн дээр хаясан хэргийн үйл баримт камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт, ялтан нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрхи үйлдэл нь ялтан нар гэмт хэрэг үйлдэхдээ “үгсэн тохироогүй” гэснийг үгүйсгэж байна.
Өөрөөр хэлбэл, ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын үйлдэл нь мөнгө олох зорилгоор санаа зорилго нэгдсэн, хохирогчийн цүнхийг дээрэмдэн авах зорилгоор хүч хэрэглэсэн гэмт үйлдэл байх тул “...тэднийг үгсэн тохиролцож бүлэглэн амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдыг дээрэмдсэн...” гэж хэргийг зүйлчилсэн нь хуулийн үндэслэлтэй.
Дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хүч хэрэглэн довтолгоон эхэлснээр төгсгөл болдог бөгөөд тухайн хэрэгт хохирогч Ц.Цэцэглэнгийн цүнхэнд хүрч, татсанаар дээрмийн гэмт хэргийн довтолгоон эхэлж цүнхийг нь салгаж авах санаа зорилгоо хэрэгжүүлэхээр хүч хэрэглэснээр хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан байна.
Харин өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо дурьдсан “…хохирогч руу биеийн хүчээр чиглэсэн үйлдэл хийгээгүй, цүнхийг булаан авах үед хохирогч цүнхээ алдахгүйн тулд гадагшаа чиглэх зугтаах үйлдлээс хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан..” гэсэн нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 98, 146 дугаар зүйлүүдээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн ялтан А.Баатар, Э.Мөнх-Эрдэнэ Л.Амаржаргал нар нь үгсэн тохиролцож бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг авсан, гэмт хэргийн талаар үл мэдээлсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийн үр дагавар буюу гэм хор арилаагүй байгаа тул ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй юм.
Харин анхан шатны шүүхээс ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг эдлэх дэглэмийг хуульд зааснаас хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар, тэдгээрийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Г.Энхтүвшин, Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар, тэдгээрийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Г.Энхтүвшин, Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУУЛ
Д.ОЮУНЧУЛУУН