Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0524

 

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаарh221/МА2018/0524

Улаанбаатар хот

У.Э нарын 13 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч З.А, нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З.А-н гаргасан давж заалдах гомдлоор, У.Э нарын 13 иргэний нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн, 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-н Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан тус газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, уг албан шаардлагуудад дурдагдсан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт 2018 оны 03 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Албан шаардлагад нэр дурдагдсан Айраг сумын хүүхдийн цэцэрлэгийн ажилчид, Айраг сумын Засаг даргын тамгын газрын ажилчдад Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хэлэлцээр, Айраг сумын цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээ, Айраг сумын Засаг даргын Тамгын газрын үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг үндэслэн олгосон, цалингийн нэмэгдэл нь хууль тогтоомжид тусгайлан заагдсан, олгож болохгүй гэх үндэслэл тавигдаагүй, тухайн байгууллагуудын хувьд ч цалингийн сан хэтрэлттэй, алдагдалтай гарсан зүйлгүй байдаг.

“Хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог”, мөн хуульд “хамтын хэлэлцээр гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог гэж хуульд тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа”-ны 18.1, 18.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэмэгдэл олгож болохоор заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт зааснаар “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ” гэж зааснаас харахад ч хамтын гэрээнд тусгагдсан заалтыг хэрэгжүүлсэн нь хууль зөрчигдхөөргүй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсэгт “ ... бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байгаа ба Засгийн газраас тогтоогоогүй тохиолдолд нэмэгдлийг олгож болохгүй гэх хатуу хуулийн зохицуулалт 28.2.4, 28.9 дэх заалтуудаас харагдахгүй байна.

...албан шаардлагуудад нэр дурдагдсан үйлчилгээний ажилтан нар нь хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа ба эдгээр төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлс, цалингийн нэмэгдэл бусад нэмэгдлүүд Хөдөлмөрийн тухай хуультай уялдаа холбоотойг харуулж байна. Иймээс нэмэгдэлтэй холбоотой маргаан бүхий асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд хамаарахгүй гэж үзэж болохгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/, Төрийн албаны тухай хууль /2002 оны/ хуулиудыг батлагдан гарснаар зохицуулалтыг үнэлж дүгнэх нь ойлгомжгүй байна. Аль аль нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа хуулиуд.       

Хариуцагчийн тайлбарт “...Дорноговь аймгийн Айраг сумын хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 20 2001 оны 90 дүгээр тогтоолыг зөрчиж, цалингийн нэмэгдэл олгосон, хамтын гэрээ, хэлэлцээр нь хууль тогтоомжид нийцээгүй, улсын төсөвт нөлөөлөх учир энэ нь хууль тогтоомжоос давсан асуудал гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор цалингийн нэмэгдлийг тодорхой албан тушаал эрхэлж байгаа ажилтнуудад олгохоор заасан байдаг ба Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны, 2017-2018 оны гурван талт хэлэлцээр, Айраг сумын хүүхдийн цэцэрлэгийн хамтын гэрээ, Айраг сумын Засаг даргын тамгын газрын хамтын гэрээндээ “... Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгогддог цалингийн 10%-ийн нэмэгдлийг нийт ажилчдад ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно” гэж заасан нь хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан заалт юм. Эдгээр хамтын хэлэлцээр, гэрээнд тусгагдсан заалтыг хууль тогтоомжид нийцээгүй байна гэж хүчингүй болгосон шийдвэр байхгүй байхад албан ёсны бүртгэлтэй, хүчинтэй дагаж мөрдөгдөж байгаа хамтын гэрээ, хэлэлцээрийг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолыг зөрчин төрийн үйлчилгээний албан хаагчдад олгож буй нэмэгдлийг зогсоож, зөрчлийг арилгуулахаар Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын Тамгын газарт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг, Дорноговь аймгийн Айраг сумын цэцэрлэгт  2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА/2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг тус тус гаргажээ.

Эдгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах, уг албан шаардлагуудад дурдагдсан төрийн үйлчилгээний албан хаагчдад 2018 оны 3 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг олгуулахаар У.Э нарын 13 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянаад хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “нэхэмжлэгч нарт Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 он, 2017-2018 оны хэлэлцээр, Айраг сумын хүүхдийн цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээ, Айраг сумын Засаг даргын Тамгын газрын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2015-2017 оны хамтын гэрээнүүдийн холбогдох заалтуудыг үндэслэн Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын дагуу олгосон цалингийн нэмэгдэл нь хууль тогтоомжид тусгайлан заагдсан, олгож болохгүй гэх үндэслэл тавигдаагүй..., Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл олгох боломжтой” гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нэр бүхий 13 иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг “төрийн үйлчилгээний албан хаагч” тул Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж нарийвчлан зохицуулсны дагуу нэхэмжлэгч нарт нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар, олгох нэмэгдлийг Засгийн газраас тогтоохоор байна.

Түүнчлэн дээр дурдсан хамтын гэрээ, хэлэлцээрийн холбогдох заалтуудад төрийн үйлчилгээний ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгохоор тус тус заасныг үндэслэн Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалуудаар нэхэмжлэгч нарт цалингийн нэмэгдэл олгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан цалингийн нэмэгдэл олгохоор заасан төрийн үйлчилгээний албан тушаалуудад нэхэмжлэгч нэр бүхий 13 төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалууд багтаагүй, энэ талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэжээ.

Иймд маргаан бүхий албан шаардлагуудыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч З.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

    ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

    ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН