Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 367

 

Г.Х нарын 15 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч О.Э, Т.А, Б.Т, Б.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 445 дугаар магадлалтай, Г.Х, О.Ц, Д.Т, С.Б, О.Э, Э.Н, Т.А, Б.Т, З.Г, Ж.О, Б.Г, Б.Б, У.Б, Б.Н, С.Х нарт холбогдох 1704001170081 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, З.Г нарын өмгөөлөгч Л.Ганганбарс, шүүгдэгч О.Э, Т.А, Б.Т, Б.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Хуцаагийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 275 дугаартай захирамжаар баривчлах ялаас чөлөөлөгдсөн, Ш овогт Г-ын Х,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод Хангай зах дээр хөрөө рам ажиллуулдаг, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан-Овоо 32 дугаар байрны 01 тоот хашаанд оршин суух,

Төв аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Б овогт О-ийн Ц,

3. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг, 2 дугаар хороо, Хужиртын 4 тоот хашаанд оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөлийн хуулиар ялаас хэтрүүлсэн,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Т овогт Д-ийн Т,

4. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Ихгүний 7 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 34 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр торгуулийн ялаа бүрэн төлж дуусгасан, Б овогт С-ийн Б,

5. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхээр 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Мөн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Ө овогт О-ийн Э,

6. Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд            төрсөн, 29 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Дэрст-Хонхор гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Э-ын Н,

 

7. Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 24 настай бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, 1 удаа ял шийтгэгдэж байсан,

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Х овогт Т-ийн А,

8. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 11 тоотод оршин суух,

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан, А овогт Б-ийн Т,

9. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мандал-Бэл жолооны курсд ажиллуулдаг, Хэнтий аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, Бүрээт гэх газарт оршин суух,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Мөн шүүхээр 2004 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн баривчлах ялаар,

Мөн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ж овогт З-ын Г,

10. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 бурэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Ишгэн толгой гэх газарт оршин суух,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилээр тэнсэн хянан харгалзсан,

2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, С овогт Ж-ын О,

11. Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, Дулаан Бүрд гэх газарт оршин суух ял шийтгүүлж байгаагүй, У овогт Б-ны Г,

12. Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух,

Төв аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилээр тэнсэн хянан харгалзаж байсан, Б овогт Б-ийн Б,

13. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 26 дугаар гудамжны 258 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С овогт У-ийн Б,

14. Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотод Хангай зах дээр хөрөө рам ажиллуулдаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 32 дугаар байрны 01 тоот хашаанд оршин суух , ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ийн Н,

15. Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал малладаг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багг оршин суух , ял шийтгүүлж байгаагүй, У овогт С-ын Х.

Г.Х нь бүлэглэн 2017 оноос 2018 оны хооронд нийт 16 удаагийн үйлдлээр бусдын 28 бод, 195бог малыг хулгайлан авч 46,615,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусдын оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр болон 2018 оны 03 дугаар сард бусдыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж, хулгайн хэрэг үйлдэж олсон нийт 5 тооны адууг авч ашигласан,

Мөн 2018 05 дугаар сард Багануур дүүргийн нутаг дэвсгэртт гэрч Т.Энхтүвшинг зориуд худалд мэдүүлэг өгүүлэх хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэмт хэргүүдэд,

О.Ц нь 2018 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд бүлэглэн нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 11 тооны бод мал, 60 тооны бог малыг хулгайлж, нийт 18,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусдын оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Т нь 2018 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдын 16 тооны бод мал, 150 тооны бог малыг хулгайлж, нийт 30,250,000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусдын оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б нь 2018 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд бүлэглэн 6 удаагийн үйлдлээр 8 тооны бод мал, 64 тооны бог мал хулгайлж, нийт 11,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г нь 2018 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд бүлэглэн 8 удаагийн үйлдлээр 11 тооны бод мал, 150 тооны бог мал хулгайлж, нийт 24,590,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусдын оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.А нь 2018 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд бүлэглэн 6 удаагийн үйлдлээр 6 тооны бод мал, 72 тооны бог мал хулгайлж, нийт 13,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусдыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэдсээр байж, хулгай хийж олсон мөнгөнөөс 40,000 төгрөг авсан,

О.Э нь 2018 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд бүлэглэн 5 удаагийн үйлдлээр 6 тооны бод мал, 79 тооны бог мал хулгайлж, нийт 14,140,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусдын оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т нь 2018 оны 03 дугаар сард бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 66 тооны бог мал хулгайлж, нийт 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусдыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэдсээр байж, хулгай хийж олсон мөнгөнөөс 600,000 төгрөг авсан,

Э.Н нь 2017 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 8 тооны бод мал хулгайлж, нийт 8,225,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-наас 08-ны хооронд бүлэглэн нийт 5 тооны бод мал хулгайлж, 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 03 дугаар сарын эхээр бусдыг бүлэглэн 48 тооны бог малыг хулгайлж, нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг мэдсээр байж уг малаас 8 хонь, 23 ямааг авсан,

Мөн бусдыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэдсээр байж, хулгайн ноолуур зарсан мөнгөнөөс авсан,

З.Г нь 2018 оны 03 дугаар сарын 10-нд бусадтай бүлэглэн 38 тооны бог мал хулгайлж, нийт 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусдыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Ц.А-ийн 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэдсээр байж, хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон малыг авсан,

Ж.О нь 2018 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын 43 тооны бог малыг хулгайлж, нийт 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө бусдын оронд байранд нэвтэрч 208 кг ноолуур хулгайлан авч 20,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Б нь бусдыг бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 6 тооны үхэр хулгайлж, нийт 6,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсээр байж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос авсан,

Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны өрөөнд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр эрх, үүрэг тайлбарлан мэдүүлэг авсан “О.Цэгмидийг 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 09-ны өдрийн хооронд надтай цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн гэрч Д.Доржлхам, Х.Буяндэлгэр нарыг “2018 оны 03 дугаар сарын 07-ноос мөн оны 03 дугаар сарын 09-ны өдрийн хооронд О.Ц-тэй цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан,

С.Х нь бусдыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын дундуур С.Э-ын 24 тооны бог малыг хулгайлан, гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

З.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангиин 21.2 дугаар зүилиин 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,

Мөн прокуророос Б.Т, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож,

Прокуророос Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчилж,

Шүүгдэгч Г.Хыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн,

Шүүгдэгч О.Ц, Д.Т, Ж.О, Б.Г, О.Э нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан,

Шүүгдэгч Т.А, Б.Т, С.Б нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан,

Шүүгдэгч Э.Н-ийг бүлэглэн бусдын малыг хулгайлсан,

Шүүгдэгч У.Б, С.Х нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч У.Б, С.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Г.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч О.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц 1 жил 6 сар хорих ял, Д.Т-д 1 жил, 6 сар хорих ял, Ж.О 1 жил хорих ял, Б.Г 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар О.Ц 1 жил хорих ял, Д.Т 1 жил хорих ял, Ж.О 1 жил хорих ял, Б.Г 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар Т.А 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Т, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил тус бүр хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Нямдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгаар зуйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Э.Н-ийг 2 сарын хугацаанд хохиролын 937,500 төгрөгийг төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х оногдуулсан хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар, шүүгдэгч О.Э оногдуулсан хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц оногдуулсан хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, мөн өмнөх 197 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 324 цаг нийтэд тустай ажил хийгэх ялыг 40 хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил, 6 сар 40 хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т оногдуулсан хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, тэдгээрийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Х оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О.Э, О.Ц, Д.Т, Ж.О, Б.Г, Т.А, Б.Т, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х, О.Ц, Д.Т, С.Б, О.Э, Э.Н, Т.А, Б.Т, З.Г, Ж.О, Б.Г, Б.Б, У.Батням, Б.Н, С.Х нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Багануур дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б, З.Г нарын өмгөөлөгч Л.Ганганбарс гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд прокурор нь эсэргүүцэл гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол эсэргүүцэл гаргах журам хугацааг хэтрүүлэн гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл тус хуулийн зохицуулалтаар шүүх нь шийдвэрийг гардан авах оролцогчид биечлэн өгөх боломжгүй нөхцөлд шуудангийн хаягаар хүргүүлж энэ тухай баталгаажуулах бөгөөд хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногт багтаан тухайн этгээд эсэргүүцэл, гомдлыг бичгээр гарган өгөх үүрэгтэй. Энэ журам Монгол улс даяар мөрдөгдөж хэргийн бүх л оролцогч шууданд хийсэн өдрөөс хугацааг тоолон түүнээс хойш 14 хоногт багтаан гомдол эсэргүүцлээ өгсөөр ирсэн. Гэтэл байнгын үйл ажиллагаа явуулж байдаг прокурор нь тухайн хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан. Энэ хэргийн олон оролцогчид шийтгэх тогтоолыг прокурорт хүргүүлсэн он сарыг мэдэж байсан бөгөөд шүүхээс лавлаж байгаад 14 хоног өнгөрмөгц шийдвэр хүчин төгөлдөр боллоо гэж ойлгосон. Үүний дагуу мөн цагдан хоригдож байсан ялтнууд хорих ангиуд руугаа хүргэгдсэн!!! Шүүхээс мөн шийдвэр хүчин төгөлдөр боллоо гэж бидэнд хэлсэн мөртөө хугацаа хожимдож ирсэн эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Хотын нэг дүүрэгтээ байж байсан мөртөө бүтэн 14 хоногтоо багтаагаад эсэргүүцлээ гаргаагүйн улмаас төр болон хувь хүмүүст маш их эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учирсан гэж болно.

Үүнийг журам зөрчсөн гэж үзэн хэргийг хүлээн авсан давж заалдах шатны шүүхийн шүүгч нь хуулийн дагуу эсэргүүцлийг хүлээн авалгүй буцаасан байдаг. Гэтэл прокурор нь шүүгчийн энэхүү шийдвэрт гомдол гарган Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч прокурорын гомдлыг хүлээн авч шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон. Энэхүү процесс нь хэргийн оролцогч бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд гарч байгаа шийдвэрүүдийн алинд ч гомдол гаргах эрх хаалттай байсан гэхэд болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэлэлцүүлсэн ерөнхий шүүгчийн шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хууль зөрчигдсөн энэхүү процессыг Улсын дээд шүүх зөвтгөн шийдвэрлэх ёстой байх гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлээ дурдахдаа Б.Б Г.Х нарын иргэн Р.Ц-ээс хулгайлсан ноолуурыг зарсан мөнгөнөөс авсан, З.Г-ыг Г.Х нарын иргэн Ц.А-аас хулгайлсан малнаас хулгайн гэж мэдсээр байж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл ангид зааснаар зүйлчилсэн байх боловч тухайн мөнгө малнаас хэр хэмжээтэй авсан нь тодорхой бус гэжээ.

Гэтэл энэ хоёр холбогдогчийн эдгээр үйлдлийг шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болон цагаатгасан бөгөөд энэ тохиолдолд хэдий хэр хэмжээтэй мөнгө, мал авсан бэ гэдэг нь ямар ч ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл угаасаа аваагүй гэж шүүх үзэж байхад түүнийг тогтоох шаардлага ч байхгүй, тогтоох ч боломжгүй зүйл юм.

Мөн магадлалын үндэслэлд Г.Х нарын иргэн Р.Ц-ээс ноолуур хулгайлсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн яллагдагч тус бүрээр бичихдээ Б.Т, Б.Г нарын энэ үйлдэлд “Д.Т”-ийг орхигдуулсан нь хууль зөрчсөн гэжээ.

Гэтэл энэ үйлдэлд Д.Т нь өөрөө яллагдагчаар татагдаад түүнийгээ зөвшөөрчихсөн, бусад холбогдогч нарын үйлдэлд мөн түүний нэр нь орчихсон л байгаа, шүүхээс оногдуулсан ялыг нь ч зөвшөөрчихөөд байгаа. Зөвхөн Б.Т, Б.Г нарын үйлдлийг жагсаан бичихдээ түүний нэрийг орхигдуулсан, яллах дүгнэлт гардуулах үеэс эхлээд анхан шатны шүүх хуралдаан дуустал хэн нь ч анзаараагүй техникийн шинжтэй алдааг шүүхийн шийдвэр хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн... “ гэж заасан нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ч баримтлах ёстой зарчим гэж үзэж байгаа бөгөөд энэхүү яллах дүгнэлтийн алдаа нь шүүхийн шийдвэрт огт нөлөөлөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүхийн магадлалд Г.Х нарын ноолуур хулгайлсан үйлдэлд “Э.О” гэгчийг хамтран оролцсон мэтээр бичсэн, Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй байна гэх зэрэг үндэслэлүүд дурьдсан нь дээрх хуульд зааснаар шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй бөгөөд нэр дурдагдсан этгээд нь хэрэгт татагдан шүүхэд шилжээгүй, 21.2 дугаар зүйлээр ял шийтгэгдсэн ялтан нь тухайн үйлдэлдээ гомдол гаргаагүйн дээр дээд шатны шүүхүүд хэрэв үндэслэлгүйгээр ял оногдуулсан гэж үзвэл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэрэгсэхгүй болгох бүрэн эрхтэй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдийг магадлалд үндэслэл болгон эдгээр нөхцөл байдлууд байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл зөрчсөн, прокурор нь “хэргийн ботид байдлыг тогтоох үүрэгтэй, ... эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрсөн хэмээн дүгнэж, прокурор нь “нотлогдоогүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж тайлбар гаргаж байгааг тэмдэглэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нь гагцхүү эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд хуульд зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн бүрэн эрхийн дагуу тогтоогдоогүй үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгон, тогтоогдож буй үйлдлүүдэд нь ял халдаан шийдвэрлэсэн билээ.

Давж заалдах шатны шүүх нь прокурорын гаргаж буй алдааг дахин гаргуулахгүй байх, хуулийн зөрчлийг арилгуулах үндэслэлээр хэргийг буцаасан гэдэг нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцаас тодорхой байсан хэдий ч дээр дурьдсанаар эдгээр зөрчил нь хэргийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээнд хүрээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй бөгөөд хэргийн олон оролцогчдын эрх зүйн байдал энэхүү үндэслэлүүдээр дордох ёсгүй гэж үзэж байна.

Энэхүү хэргийг шийдвэрлэхэд дээр дурьдсан хуульд харшлахгүй жижиг зөрчлүүдийг эс тооцвол ямар нэгэн ноцтой зөрчил байхгүй бөгөөд энэ шийдвэрийг анхан шатны шүүх гаргаснаараа энэ хэргийн маш олон хохирогч, холбогдогч тэдний ар гэрийнхэн, оролцогч хэн альны хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй болно. Харин давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон олон холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулан цаг хугацаа болон бусад олон зүйлийн хохирол амсахад хүргэж байгааг анхааран үзнэ гэдэгт найдаж байна.

Иймээс эрхэм шүүгч та бүхэн дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч О.Э, Т.А, Б.Т, Б.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоолын зарим хэсэг, магадлалыг эс зөвшөөрч, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх зарим хохирол төлбөрийн асуудлын талаар үндэслэл бүхий байдлаар тогтоогоогүй байна.

Миний үйлчлүүлэгч О.Э, Т.А, Б.Т нар нь шүүхээс оногдуулсан ялыг хорих байгууллагад эдлэж байгаа болно.

Б.Т-ийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийн эдэлсэн тул хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломж бүрдээд байгаа болно. Нөхцөл байдал ийм байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Энэ нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байдалд хүргэж байна.

О.Э-ыг хувьд хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс эхлэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлж ирсэн бөгөөд түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байх ба ял хүндэдсэн гэж үзэж байна.

Т.А-ийн зүгээс гэмт хорын хохиролд тооцон 2019.10.16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхэд хүлээлгэн өгсөн 543,000 төгрөгийг /15хх 53-54 шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгчийн туслах Батцэцэг нь дадлагажигч оюутнаар хохирогч Р.Ц дансанд тушаалгахдаа гүйлгээний утга хэсэгт Т.А-аас төлж байгаа хохирлын мөнгө болох талаар бичилгүй “Б.Батцэцэг” хэмээн бичиж орлогын баримтыг бүрдүүлсэн /ХХ-15 хуудас-133 орлогын баримт/ байдаг. Анхан шатны шүүх Т.А-ийн төлбөл зохих хохирлын талаарх тооцоололдоо 2019.05.30-ны өдөр төлсөн 700,000 төгрөгийг /14хх 163 мөнгөн шилжүүлгийн баримт/ оруулан тооцсон хэдий ч шүүх хуралдааны үеэр шүүхэд хүлээлгэн өгсөн дээр дурдсан 543,000 төгрөгийг хохирогч нарт олгохоор шийдвэрлээгүй, Т.А-ийн төлсөн хохиролд оруулан тооцоогүй байдаг.

Өмгөөлөгч Д.Цолмон би анхан болон давж заалдах шатны шүүхэд энэ талаар санал, хүсэлтээ илэрхийлсэн /15хх 134 өмгөөлөгчийн хүсэлт, хуудас 135-136 өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол, тэмдэглэл/ боловч шийдвэрт залруулга хийгээгүй, магадлалд энэ талаар дурдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д хэсэгт “ ... хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар шүүхийн шийтгэх тигтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасан. Гэтэл дээр дурдсанчлан шийтгэх тогтоолд Т.А-аас гаргуулах хохирол төлбөрийн хэмжээг буруу тооцоолж, төлсөн хохирлыг бүрэн хэмжээгээр дурдаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчмыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дуаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн хувьд хохирогчид төлөх хохирлын хэмжээ болон шүүгдэгчийн төлсөн хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэж тогтоогоогүй, мөн шүүгдэгч О.Э-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дэх заалтад зааснаар “шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын О.Э ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, мөн Т.А-ийн хувьд төлөх хохирол төлбөрийн талаарх заалтад өөрчлөлт оруулж, нийт төлсөн хохирол болох 700,000,  543,000 төгрөг нийт 1,243,000 төгрөгийг зохих журмын дагуу тооцож, хохирлын асуудлыг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Г.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Бусдын 5 тооны бод малыг бүлэглэн хулгайлж 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан Б.Б холбогдох, бусдын 38 тооны бог малыг бүлэглэн хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан З.Г холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслээр хэрэгсэхгүй  болгож, шүүгдэгч нарыг  цагаатгасан нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч  Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүгдэгч Б.Н нь нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны өрөөнд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр эрх, үүрэг тайлбарлан мэдүүлэг авсан “О.Ц-ийг 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 09-ны өдрийн хооронд надтай цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн гэрч Д.Доржлхам, Х.Буяндэлгэр нарыг “2018 оны 03 дугаар сарын 07-ноос мөн оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд О.Ц-тэй цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдээгүй.

Шүүгдэгч нарын холбогдсон  мөнгө угаах гэмт хэрэгт хэн хэдэн төгрөг авсныг тооцох шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь нь зүйтэй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Б, З.Г нарын өмгөөлөгч Л.Ганганбарс, шүүгдэгч О.Э, Т.А, Б.Т, Б.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.Х нарын 15 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл, оролцоо болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөнгө, орлогоос хувьдаа авсан, эзэмшсэн, ашигласан хөрөнгө, мөнгө, орлогын хэр хэмжээг тодорхой бус, ойлгомжгүй байдлаар тусгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохих шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай харшилж байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдлийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлогдоогүй байх тул хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Л.Ганганбарсын гаргасан “...анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх”, өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Э оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Т.А төлөх хохирлыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 445 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, З.Г нарын өмгөөлөгч Л.Ганганбарс, шүүгдэгч О.Э, Т.А, Б.Т, Б.Б нарын өмгөөлөгч Д.Цолмон нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН