Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01136

 

 

 

С.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00717 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Р-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00187 дугаартай шүүгчийн захирамжаар 84,560,964.56 төгрөгийг С.Р-, Г.Т- нараас гаргуулан Худалдаа хөгжлийн банк-д олгохоор шийдвэрлэсэн. С.Р- би 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр 98 байрны 2 тоотод 111,4 м.кв талбайтай орон сууцанд амьдарч байна. С.Р-, Г.Т- нараас дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт 2 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх газар нь С.Р- надад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдээгүй, намайг дуудаагүй. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/05 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор миний амьдарч байгаа байрыг 189,469,100 төгрөгөөр үнэлэгдсэн, түүнчлэн 132,628,370 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулна гэж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Миний орон сууцны зах зээлийн ханш нь 280,000,000 төгрөг байтал үнийн саналыг авалгүй үнэлсэнд гомдолтой байна. Нөхцөл байдлыг судалж үзвэл миний орон сууцанд төлбөр төлөх шаардлагад хамааралтай байхад мэдэгдэлгүйгээр хөрөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудад С.Р- би хамаарч байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1-д хүний эрх эрх чөлөөнд хууль бусаар халдахыг хориглосон байхад надад мэдэгдэхгүйгээр хөрөнгийн үнэлгээ хийж, үнийн санал авч өмчлөх эрхэд шууд халдаж байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлүүлсэн гэх хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18290586, 18290584 дугаар тогтоолуудаар үүсгэн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Т-, С.Р- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн, удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Г.Т-гийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18290586/01 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.Т- нь үнийн санал өгөхөөс татгалзсан учир төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон бөгөөд шинжээч нь хөрөнгийг 189,469,100 төгрөгөөр үнэлсэн. Г.Т- нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах талаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Р-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус тусдаа гарсан 2 гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч С.Р-т огт мэдэгдээгүй, мэдэгдэл хэргүүлээгүй байхад удаа дараа мэдэгдсэн гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр, захирамжид хариуцагч Г.Т-, С.Р- нар байгаа бөгөөд төлбөр төлөгч 2 иргэн байнгын зэрэгцээ нэг төлбөр төлөгч нөгөө төлбөр төлөгчдөө итгэмжлэл болон төлөөлөх эрхийг олгоогүй байхад төлбөр төлөгч Г.Т-д мэдэгдсэн бүх мэдэгдлээ С.Р-т мэдэгдсэн мэтээр дүгнэлт өгсөн. Нэгэнт төлбөр төлөгч С.Р-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдээгүй, мэдэгдэл хэргүүлэлгүй, тайлбар тэмдэглэл аваагүй байхад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үнийн санал өгөх боломжгүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй, мэдэгдээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаа тоолох боломжгүй юм. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00717 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр Г.Т-, С.Р- нараас 85,241,718 төгрөг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 795 дугаар шийдвэрээр 25,654,700 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт хаягаар болон биечлэн 2-3 удаа мэдэгдсэн. Нэхэмжлэгч С.Р-т төлбөр төлөх мэдэгдлийг эх буюу төлбөр төлөгч Г.Т-д дамжуулан өгхөөр удаа дараа мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэж өгсөн бол хүлээлгэж өгснөөр тооцно гэж заасан. Удаа дараа мэдэгдэхэд, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч С.Р- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00187 дугаар захирамжаар төлбөр төлөгч Г.Т-, С.Р- нараас 84,560,964,56 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-98 дугаар байр, 2 тоот, 111,4 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7-р тал/

 

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

 

4.б.Төлбөр төлөгч нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 399 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 23-р тал/

4.в.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч Г.Т-, С.Р- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хураасан байна. /хх-ийн 33, 37, 40, 42, 45-47-р тал/.

 

4.г.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн байна. /хх-ийн 49-р тал/. Гэвч төлбөр төлөгч нар нь үнийн санал ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллага нь төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 54-р тал/

 

4.д.Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь дээрх 3 өрөө орон сууцыг 189,469,100 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлд дурдсан хаягаар төлбөр төлөгч Г.Т-, С.Ренчинжүгдэр нарт хүргүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 дугаар мэдэгдлээр тогтоогдож байна. /хх-ийн 72-р тал/.

 

4.е.Нэхэмжлэгч С.Р- нь үнэлгээний мэдэгдлийг мэдээгүй гэж тайлбарлаж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч болохоор зохицуулсан. /хх-ийн 49, 72-р тал/

 

4.ё.Хариуцагч байгууллага нь үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.Р-ийн ээж Г.Т-д гардуулан өгсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, мөн энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч С.Р- нь эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрсөнд тооцдог журамтай. Иймд үнэлгээний мэдэгдлийг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

Нөгөө талаар, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй болно.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ