Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 155

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Батсайхан

Хохирогч: О.Ө

Шүүгдэгч: Ч.У нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ч У-т холбогдох 1812001840145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овгийн Ч-н У /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Ч.У нь 2018 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун усны ам” гэх газраас иргэн О.Ө-н өмчлөлийн 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч О.Ө-н өгсөн: Би Уаас хохиролд тооцож 6.300.000 төгрөг авсан байгаа, одоо алдсан азарганыхаа хохиролд тооцож 3.700.000 төгрөг, адуугаа эрж хайхад гарсан зардал болон шинжээчид төлсөн зардал болох 530.000 төгрөг  нийт 4.230.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй гэсэн мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч О.Ө-н өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай 4 тооны адуу Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг халуун усны ам гэх газар байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр адуугаа авах гээд халуун усны амаар хайгаад олоогүй юм... миний хулгайд алдсан адуу нас нийлсэн улаан хээр зүсмийн азарга, зөв гуян дээрээ нэмэх тамгатай, ташаан дээрээ эрдэнэ тамгатай, имгүй, хүрэн зээрд зүсмийн гүү, бүдэг дэгээ тамгатай тамга нь бараг мэдэгдэхгүй, имгүй, хонгор зүсмийн гүү, им тамгагүй зээрд зүсмийн ногооны шүдлэн үрээ им тамгагүй эдгээр 4 адуу алга болсон юм. Хээр зүсмийн азаргаа 10 сая төгрөгөөр, хонгор гүүгээ 500.000, хүрэн зээрд гүүгээ 700.000, зээрд шүдлэн үрээгээ 500.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...адуугаа хайхад гаргасан шатахууны зардал 500.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуу/

Гэрч Б.О-н...Ч.У гэх хүн надаас 2017 оны 12 дугаар сард 300.000 төгрөг зээлж авсан надад өртэй байсан юм. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын сарын 18-ны өдөр Ч.У луу утсаар яриад мөнгөө авъя гэж хэлсэн чинь У надад 4 тооны адуу өгье гэсэн тэгэхлээр нь би маргааш нь буюу 3 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг халуун усны ам гэх газар луу найз Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хамт тээвэрт явдаг Б нарын хамт гурвуулаа  Уын гэр лүү явсан...Бид нарыг очиход У адуугаа хашчихсан 4 тооны адуу барьж аваад уясан байсныг нь машин дээрээ ачаад буцаад аймгийн төв рүү явсан. Би тэр 4 тооны адууг нэгийг нь 300.000 төгрөгөөр бодож нийт 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад У надаас зээлсэн 300.000 төгрөгийг суутгаад 900.000 төгрөг Ут өгөхөөр ярьж тохирсон. У аймгийн төв орохоороо надаас адуу зарсан мөнгөө авахаар болсон юм...би хулгайн адуу гэж мэдээгүй...би тэр 4 тооны адууг Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын нутаг Наранбулаг хороололд хамт явсан Б гэдэг айлын хашаанд янзалсан. Тэгээд махыг нь аймгийн махны ченж В гэх хүнд зарсан мөнгийг нь бэлнээр нь аваад банкны зээлэнд хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Гэрч Э.З-н...манай найз О намайг дуудаад Цэнхэр сум яваад хүнээс адуу аваад ирье гэхээр нь би хамт явсан. О бид хоёртой хамт Б гээд нэг хүн хамт явсан бид 3 Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг халуун усны ам гэх газар Уын зуслангийн хашаан дээр очиж Уаас адуу аваад машин дээрээ ачаад буцаад аймгийн төв рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

Гэрч Ж.Д-н...хээр азарга нь хурдны удамтай Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас худалдаж авсан, Ө худалдаж аваад сумын наадамд 2-3 удаа айрагдуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Гэрч Ц.Б-н... 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би гэртэй байж байсан чинь намайг тээвэрт авч явдаг О гэх залуу том ачааны машинтайгаа хүрч ирээд намайг Цэнхэр сумын Халуун усны амаад өгсөөд 4 тооны адуу ачаад аваад ирье гэсэн тэгээд О, З бид 3 хамт явсан. Орой 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг халуун усны ам гэх газар У гэх хүнтэй хээр зуслангийн хашаан дээр очиж уулзсан У бид нарыг хүлээгээд хашаан дотроо 4 тооны адуу барьж аваад уячихсан ганцаараа хүлээгээд байж байсан тэр адууг машин дээрээ ачаад буцаад аймгийн төв явсан...хээр зүсмийн азарга, хонгор зүсмийн гүү, хүрэн зээрд зүсмийн гүү, хүрэн зээрд зүсмийн шүдлэн үрээ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

Яллагдагч Ч.Уын...би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг халуун усны ам гэх газраас хээр азарга, зээрд гүү, зээрд үрээ, хонгор гүү зэрэг 4 тооны адуу хулгайлсан ба уг адууг Озарсан...Б,  Б, О нарт тухайн үед адуу мал хулгайлсан талаараа хэлээгүй сүүлд нь бол мэдэцгээсэн байх...би О 300.000 төгрөгийг 2017 оны 12 сард зээлсэн юм О нь уг мөнгө төгрөгөө нэхээд байхаар нь өр төлбөрөө төлөх зорилгоор л дээрх 4 адууг хулгайлсан...би ганцаараа хулгай хийсэн юм урьдчилан үгсэн тохиролцож хулгай хийсэн асуудал байхгүй. Би уг 4 адууг өөрийнхөө адуутай нийлүүлж Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Халуун усны аманд байх өөрийнхөө зуслангийн хашаан дээр хашчихсан байсан юм. О, З нарт зуслангийн хашаан дээрээ байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны  өдрийн 94 дүгээр дүгнэлтээр: хурдан удмын нас нийлсэн азаргыг 4.500.000 төгрөгөөр, нас нийлсэн гүү 2 ширхэгийг тус тус 650.000 төгрөгөөр, шүдлэн үрээг 500.000 төгрөгөөр  үнэлсэн дүгнэлт /хх-ийн 30 хуу/

 

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.О-н жолоодож явсан 7569 арх улсын дугаартай автомашинаар тээвэрлэж байсан  4 ширхэг адууны ширэнд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 3-4 хуу/

Хохирогч О.Ө-с гаргаж өгсөн хурдан морины өргөмжлөлийн хуулбар 2 ширхэг, иргэн Э.Э гэх хүний бичсэн “2016 оны 6 сард О.Ө-т гуяндаа туухай тамгатай, ташаан дээрээ эрдэнэ тамгатай, таван медальтай хээр зүсмийн азаргаа 10.000.000 төгрөөр худалдсан” тухай тодорхойлолт, гэрэл зураг зэргийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52-53 хуу/

Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.У нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Халуун усны ам гэх газраас иргэн О.Ө4 тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ч.У нь өөрийн үйлдэл болон хулгайлан авсан малын тооны хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч О.Ө, гэрч Ц.Б, Э.З, Б.О  нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.У нь иргэн О.Ө 4 тооны адууг хулгайлж авсан үйлдлийн улмаас 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

Хохирогч О.Ө нь алдагдсан азаргаа хурдан удмын азарга, бусдаас арван сая төгрөгөөр худалдаж авч байсан тул 10.000.000 төгрөгөөр үнэлж, шүүгдэгчээс хохиролд тооцож хүлээн авсан 6.300.000 төгрөгөөс гадна 3.700.000 төгрөг нэхэмжилсэн.

Гэвч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж, дүгнэлт гаргуулан тогтоохоор заасан тул хохирогчийн мэдүүлгийг үндэслэн эд зүйлийн үнэлгээг тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн хохирогч нь алдсан малаа эрж хайхад гарсан зардалд 500.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн гэх 30.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт тусгагдаагүй байна.

Хохирогч  О.Ө нь  хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн авсан” гэж дурдсан, /хх-ийн 58 хуу/   шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхдөө шүүгдэгчээс 6.300.000 төгрөг авсан гэх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв. 

Иймд хохирогчийн шүүх хуралдааны үед шүүгдэгчээс нэхэмжилсэн гэмт хэргийн хохиролд тооцож нэхэмжилсэн 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, алдсан малаа эрж хайхад гарсан зардал болон  шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн гэх нийт 530.000 төгрөгөө баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Уыг бусдын 4 тооны адууг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Уыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ш овгийн Ч –н Уыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

4. Хохирогч О.Ө нэхэмжилсэн нийт 4.230.000 төгрөгийн нэхэмжлэл нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  алдсан малаа эрж хайх болон шинжээчид төлсөн зардалд тооцож нэхэмжилсэн 530.000 төгрөгөө холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ